Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­60

 

 

 

 

        

 

 

        2024              05              13                                                        2024/ШЦТ/­­­­60                                               

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,   

Шүүгдэгч: Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э.Ө холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Моннис майнинг” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын 3-р баг, Чигэстэйн хаа хэсэг 11-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Завхан аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Э.Ө /Регистрийн дугаар: ********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зураг /хавтаст хэргийн 3-10 дахь тал/, хохирогч У.Баярт-Одын “...тэгээд бид нар гэрийнх нь гадаа ирээд машинаас буулгасан чинь нөгөө ах “гадаа ирсэн юм чинь орчоод явахгүй юу” гэхээр нь би “за тэгье” гээд гэр рүү нь ганцаараа орсон гэрт нь ороод нөгөө ах гэрлээ асаагаад гэрээ тойроод гэрийнхээ баруун талаас нэг юм авах шиг болсон тэгсэн гараараа савах шиг болохоор нь би нэг юмаар цохиод авчихлаа гэж бодсон тэгсэн хүзүү халуу дүүгээд явчихаар нь гараараа үзсэн чинь цус гарч байсан тэгэхээр нь би гэрийн үүдэнд гараад орилсон чинь Оюунбаатар яваад ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оюунбаатарын “...тэгээд Баярт-Од тухайн хүнтэй хамт гэр рүү нь орсон тэгсэн төд удалгүй орилох чимээ сонсогдоод байхаар нь яваад очсон чинь Баярт-Од тухайн айлын гэрийн гадаа хүзүүгээ дараад зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь намайг энэ хүн заазуураар зүсчихлээ гэж хэлсэн. Тэгээд би хүзүүг нь харсан чинь цус гарчихсан байсан. Тэгээд би багийн дарга руу залгаад Баярт-Од хүзүүгээ зүсүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа болон эмнэлэг хоёр удалгүй ирсэн. Тухайн үед гадаа үүр цайгаад үүрийн 04 цаг 30 минут болж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ганцэцэгийн “...тэгсэн Өнөрөө би гэр рүүгээ явмаар байна намайг хүргээд өг гэхээр нь би хүргээд өгье гэсэн чинь манай нөхөр бөөндөө хүргэж өгье гээд Баярт-Одын найзынх нь машинтай хамт Өнөрөөг ажилладаг газрынх нь гадаа буулгасан чинь Баярт-Од араас нь буугаад гэр рүү оруулж өгсөн. Тэгсэн төд удалгүй чимээ гараад орилоод байхаар нь Оюунбаатар бид хоёр машинаас буугаад түрүүлээд Оюунбаатар очоод би араас нь яваад ортол Өнөрөө гэнэт миний дух руу нэг зүйлээр цохиод авсан тэгсэн миний духнаас цус гараад унасан тэгээд Өнөрөө миний цусыг тогтоож өгөөд би гэрээс гараад гэрийн үүдэн дээр зогсож байсан чинь цус тогтоох гээд гэрийн хажуугаас холдоогүй юм. Тэгээд цагдаа эмнэлэг эд нар ирсэн би хэн дуудсан талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дугаартай “1. У.Баярт-Одын биед хүзүүнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. У.Баярт-Одын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. У.Баярт-Одын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Ө “...би тухайн үед нэлээн тасарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Шүүгдэгч Э.Өн нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Э.Ө үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч У.Баярт-Одын бие эрүүл мэндэд учирсан хүзүүнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Э.Ө өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Б бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч У.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын газарт “... миний бие гомдол санал байхгүй” гэж хүсэлт гаргасан тул хохирогч У.Б гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Э.Ө эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

   Иймд, шүүгдэгч Э.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг заазуурыг шүүгдэгч Э.Ө нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар уг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Б овогт Э.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Б гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ