Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/00604

 

2017 оны 02 сарын 24 өдөр

    Дугаар 102/ШШ2017/00604

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, .... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, З овогт Л-ын Б /РД: .../-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... гудамжинд байрлах В.С ХХК /РД: .../

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбартМиний бие 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн 03-90 УНТ улсын дугаартай чирэгч автомашиныг В.С ХХК-д 22,000,000 төгрөгөөр худалдахаар болж тухайн өдрөө 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус компанийн захирал Э.Бд машинаа хүлээлгэж өгсөн. Хариуцагч талаас одоо үлдэгдэл 9,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай тал төлбөрийн 9,000,000 төгрөгийн биш 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ төлбөрийг нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгсөн даруйд шилжүүлэх болно. Мөн тээврийн хэрэгслийн үнийн 60 хувийг төлчихөөд байхад Л.Б тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан авч явсны улмаас бид ашиглах боломжгүй 5 сар гаруй болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч В.С ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан байна.

 

Нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бт 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан, хариу тайлбараа 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдааны товыг 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баримт /№6/-ыг хэрэгт хавсаргасан болно.

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч В.С ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулжээ.

 

Талуудын байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний нөхцөлөөс үзэхэд машины үнийг тохирч, худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хүүгүйгээр төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” гэрээний шинжийг агуулсан байна.

 

Гэрээнд худалдан авагч нь 2016 оны 5 дугаар сарын 26-нд 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж, худалдан авагч автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Хариуцагч тал төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөг гэж маргаж байгаа боловч баримтаар нотлоогүй. Харин нэхэмжлэгч Л.Б нь 2016 оны 5 дугаар сарын 26-нд 9,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 8-нд 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 11-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 13-нд 1,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг авсан болох нь түүний эзэмшлийн ХААН банкин дахь ... тоот дансны хуулбараар тогтоогдож байх тул үлдэгдэл 9,000,000 төгрөгийг хариуцагч В.С ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Л.Бт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн “...хариуцагч 9,000,000 төгрөг төлөөгүй тул би уг мөнгийг шаардах эрхтэй” гэх тайлбар, хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн  гэрээ, Хаан банкинд Л.Бын эзэмшдэг дансны хуулга зэрэг баримтыг хариуцагч ямар нэг байдлаар үгүйсгээгүй тул дурдсан мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч В.С ХХК-иас 9,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХТӨР