| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
2024 05 31 2024/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Я.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я овогт Я.М холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил хээр суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа засвар хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Түмэн сүйх” ХХК-ийн 01 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Я овогт Я.М /РД:***********.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Я.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** УБК улсын дугаартай тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Төмөрбатын “... би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 00 минутын үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсийн ертөнцийн зүгээр арын нүүрс тээврийн авто замын 205 дахь километрт буюу Хонгорын даваан дээр хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад 94-14 УБК улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ядамын Мөнхбаатар нь суудлын бүс хэрэглээгүй хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгээд драйгер багаж үлээлгэн шалгахад 0,56% согтолттой байсан тэгээд эрхийн үнэмлэхийг регистрийн дугаараар нь бэлэн бус торгуулийн багажаар шалгахад 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст жолоодох эрхээ хасуулсан байсан. …” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Я.Мөнхбаатарын “... би 2024 оны 01 дүгээр сарын 09-ны орой Цагаанхад суурьшлын бүсэд Соёлбаатар гэх хүний тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж өгсөн чинь тухайн хүн надад баярлалаа гээд 00 цагийн орчимд 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй нэг шил архи задалж өгснийг бид хоёр хувааж уусан хувааж уухдаа би ихэнхийг нь уусан тэгээд ууж дуусгасан маргааш нь Улаанбаатар явах ажилтай байсан тул Улаанбаатар явах унаатай яриад явахаар болсон байсан тэр унаа 2024 оны 01 дүгээр сарын 10-ны 11 цагийн үед хөдөлнө гэж тохирсон манай ангийн найз Батбаяр над руу залгаад манай кемп дээр үнэгүй унаа байна миний хөгшин нэг жолооч олж ирээд бариулаад Улаанбаатар хот руу бензин хийгээд явчих гэж хэлсэн тэгэхээр нь би Хүрлээ гэдэг залуу надтай хамт явна гэж байсан болохоор Хүрлээд хэлсэн чинь Хүрлээ би хүний машиныг нүүрс буулгадаг талбай оруулж тавьчхаад цуг хот руу явъя гэсэн тэгэхээр нь би Хүрлээ дээр таксигаар хүргүүлээд очиж уулзаж байж байгаад Хүрлээгийн барьж явсан том тэргийг нь таксигаар дагаад явж байсан Энержи ХХК-ийн зүүн талын уулзвар дээр Хүрлээ эргэх үйлдэл хийж байсан чинь өөр нэг том тэрэг шахсан тэгээд шахсан машины жолооч тэр хоёр хоорондоо муудалцаад зодолдоод Хүрлээгийн зүүн нүд рүү цохисон юм шиг байгаа юм би тэр үйл явдлыг хараагүй юм тэгээд Хүрлээгийн зүүн нүд хавдсан байсан тэгээд Хүрлээ машинаа байрлуулаад нөгөө муудалцсан жолоочтойгоо эмчилгээний мөнгө өгч авахаар болоод тохиролцсон байсан тэгээд би Хүрлээг аваад Улаанбаатар явах машин дээрээ хүргүүлсэн тэр Улаанбаатар хот явах машины эзэн нь өвчтэй байсан тэгээд машинаа аваад Хүрлээ машины эзэн бид гурав Улаанбаатар хот руу гарсан нүүрс тээврийн замаар Хүрлээ эвгүй яваад байсан чинь машины эзэн надад хандан ахаа наад хүн чинь машин тэрэг рүү орчих гээд байхын та машиныг түр бариад жаахан явчих гэж хэлсэн тэгэхээр би тээврийн хэрэгслийг нь жолоодоод нүүрс тээврийн зам болох “Фижут” гэх газрын ойролцоо явж байхад цагдаагийн алба хаагчид зогсоож шалгаад согтуурал шалгах багажаар миний согтуурлын зэргийг шалгахад үлээсэн 0,56% согтолттой гарсан…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Я.М нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 38 дахь тал/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдэл байна гэж заажээ.
Шүүгдэгч Я.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлсон байна.
Шүүгдэгч Я.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0,56 хувийн согтолттой үедээ Toyota Prius-XW30 маркийн 9414 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон эрүүгийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.М өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг хангажээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Я.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Я овогт Я.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.М оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ