| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
2024 05 29 2024/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,
Хохирогч: Х.Т /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б /цахимаар/,
Шүүгдэгч: М.М,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М.М, Б овогт Б.Б нарт холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, автын механик
мэргэжилтэй, “Дугант” зочид буудлын менежер ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Дугант зочид буудлын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн М.М /РД:*****/
Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Дугант” зочид буудлын рестораны менежер ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Дугант зочид буудлын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б.Б /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б М.М нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар
сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн байранд хохирогч Х.Түвшинжаргалын нүүр хэсэгт цохиж зодсоны улмаас тархины доргилт, дээд уруулын зулгаралт, цус хуралт, зүүн чихний хэнгэргийн цоорол бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: ‘’Тухайн үед манай найз охин найзтайгаа бааранд сууж байгаад Түвшинжаргал гэх хүнтэй тааралдсан. Тэгээд бүжиглээд байж байхад нь хүрч ирээд цуг архи уу гэж хэлсэн гэсэн. Тэгсэн манай найз охин цуг сууж архи ууж чадахгүй гэсэн чинь хоёуланг нь алгадсан байсан. Дөнгөж 18 нас хүрч байгаа хүүхэд байгаа. Эмэгтэй хүүхдийг цуг архи уугаагүй гэснээс болоод алгадаж цохиод байдаг. Түүн дээр их дургүйцэл хүрсэн. Тэгээд цагдаа Х.Түвшинжаргалыг баривчлаад явсан. Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс дээр очоод уулзаарай гэж хэлсэн. Тэгээд хэлтэс дээр очоод уулзсан чинь эхлээд урдаас хэл амаар доромжилсон. Хошин шогийнхон чинь хүрээд ирлээ гээд шал согтуу өөрийн ухаангүй байсан. Тэгээд бид хоёрыг нэлээн хараасан. Бид хэд юм яриад зогсож байсан чинь хүрч ирээд эхлээд Батсэргэлэн төмсөг рүү өшиглөсөн, доошоо тонгойгоод байж байхад нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Батсэргэлэн нэг алгадсан юм. Цагдаа нар салгаад Түвшинжаргалыг сандал дээр суулгаад бид хэдийг хол аваачаад тэгсэн хана тойрч явангуутаа намайг өшиглөсөн. Би зөрүүлээд нэг алгадсан. Цагдаа нар тэнд байсан. Бид хэдийг салгаад өөр өрөөнд оруулаад Түвшинжаргалыг аймаг руу ажлын газрын хүмүүстэй нь эрүүлжүүлэхээр аваад явсан. Тухайн үеийн процесс ийм зүйл болсон. Түрүүн улсын яллагч хэлсэн. Цагдаагийн байгууллага байран дотор сууж байхад Түвшинжаргал тэгээд урдаас хүрч ирээд түшиглэгч байхад нь ингээд юу тавиагүй гээд юу билээ хэлээгүй гэж байна боль гэдэг нь 2-оос 3 удаа тэр хүн нь цагдаа нарт бол хэлсэн байгаа. Энэ хүн чинь ингээд байна гээд тэгээд хажууд нь өөр нэг цагдаа гарч ирээд зогсоход тэр цагдааг тоолгүй хүрч ирээд бид 2-ыг өшгилсөн байгаа. Тэгээд энэ хүнийг драгераар үлээлгэсэн. Нэг бүхэлтэй 80 хэдтэй гарсан бид нарыг бүгдийнх нь нүдэн дээр цагдаа нар драгердсан. Тэгээд тэрийг санахгүй байна гэдэг чинь энэ хүн тухайн үедээ өөрийн ухаангүй тасарчихсан л байсан л гэнэ гэж дүгнэгдэж байна. Тэгээд тухайн үедээ өөрийг нь драгердсан үгүйг санахгүй байгаа хүн одоо бид нарыг яаж цохисноо санаад байгааг бас эргэлзээд байна.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ‘’12 сарын 17-ны өдөр би Дугант ресторан дээрээ Цогтцэций сумын цагдаагийн байгууллагын хүлээн авалт болчхоод 12 цаг 30 минутын үед би дүүгээсээ мессеж авсан. Аврора бааранд Энхзул бид хоёр хоёулаа зүгээр байж байгаад хүнд алгадууллаа гэсэн. 10-20 минутын дараа очихдоо та хэдийг гэр лүү чинь хүргэж өгье гээд Аврора буудлын гадаа очиход цагдаа нар үүдэн дээр нь байсан манай 2 дүү гараад ирсэн байсан. Алив машиндаа суу гэр лүү хүргээд өгье гээд гэр лүү нь хүргэж өгчхөөд байж байтал цагдаагийн жижүүрээс над руу залгаад хүрч ирээд тайлбар мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гээд очоод 2 дүүгээ аваад гэр лүү нь хүргэж өгчхөөд байж байсан гэдгээ хэлсэн. Тэгээд тэр 2 охиныг буцаагаад цагдаагийн хэлтэс дээр аваад ир гээд буцаад ирэхдээ Мөнхбаяр би Номинтэнгэр, Энхзул 2 дүүг аваад ирсэн. Тэгээд орж ирэхэд хэл амаар доромжилсон, дайрсан давшилсан байдалтай байсан. Манай 2 дүүг жижүүрийн өрөө рүү байцаагч нь аваад орсон. Бид 2 жижүүрийн өрөөний гадна байж байхад Түвшинжаргал гэх залуу төмсөг рүү өөдөөс харж зогсож байгаад өшиглөсөн, би гавтай гэдгийг нь мэдээгүй, сандал дээр орж ирэхэд сууж байсан. Тэгээд төмсөгдүүлээд унаад босож ирээд тухайн үедээ сандарснаас болоод аль гараараа алгадсаныг мэдэхгүй ямар ч байсан алгадах шиг болсон. Тэгээд цагдаагийн жижүүр орж ирээд гавтай байгаа хүн ингэж болдоггүй гэдэг хуулийн зөвлөгөө өгөөд тэгээд тусдаа тэр цаана нь зогсож байтал дахиад тойрч ирэнгүүтээ манай найз Мөнхбаярыг бас өшиглөсөн зөрүүлээд Мөнхбаяр алгадсан. Тэгээд энэ хүмүүс зүгээр болохгүй, жижүүрийн өрөөнд байцаалт өгөх гээд байж байхад орж ирээд хэл амаар доромжлох, дайрах давших тийм асуудлыг байнгын тогтмол хийж байсан. Тэгээд мэдүүлгээ өгчхөөд тэгээд л явсан. Энэ хүмүүсийг түр саатуулах байр луу авч явна гээд хэлж байсан. Тиймэрхүү зүйл болсон. Ерөнхийдөө мэдээж энэ хүнд гэмтэл учирсанд бол угаасаа өөрсдийнхөө хувьд бол харамсаж байгаа. Тэгэхдээ яг юунаас болж ийм зүйл үүсэв гэдэг дээр бол өөрийн хайрлаж хүндэлдэг, хамгаалж тэгж ирсэн хүмүүсээ яг л нөгөө түрүүний хэлснээр хүний амьд явах эрх дураараа байх эрх чөлөөнд нь халдчихаад хажууд нь сууж архи уугаагүйн төлөө 2-ын өөрөөс нь бараг хоёр туранхай 2 жоохон охин өөрөө бол бараг 120кг жинтэй 180-аад метр өндөртэй залуу харагдсан. Тэр 2 ийм тэгж хайрлахгүй алгадчихаад иймэрхүү зүйл ярьж байгаа нь бас л сонин. Тэгээд ирээд тухайн үед би эгчтэйгээ очсон ээжтэй нь гэсэн үг 3-ын 3 эмэгтэй хүн байхад тэгээд тэнд цагдаагийн албан хаагч нар байхад ердөөсөө тоогоогүй, тэр хажууд нь байсан ажлын залуучууд нь ч тэр нэгнийх нь эхнэр гээд байсан хүмүүс байнгын тэр байцаалт мэдүүлэг авч байсан жижүүрийн өрөө рүү орж ирж ээлжилж дарамталж байсан. Тэгээд угаасаа биднүүс тухайн үед эрүүл байсан. Тийм болохоор яг анх өгсөн мэдүүлэгтээ бол бат итгэлтэй байгаа, ямар ч өөр юм өөрчилсөн юм байхгүй. Энэ хохирол барагдуулдаг зүйл дээр бол ерөнхийдөө яллах дүгнэлтээ аваад шүүх дээр ирэхдээ утасных нь дугаарыг авч залгаж үзсэн. Угаасаа утсаа аваагүй тийм одоо тэгээд яг тухайн үедээ ажлаас халагдлаа, өргөдөл авчхаач дүү нараа болиулаад өгчхөөч аятайхан байдалтай амжилттай яг манай ажлын яг хажууд байдаг Спесиал майнинг өдөр болгон биднүүс оргилуун гээд ус хүргэж өгдөг энэ хүнийг асуухад байхгүй гэдэг биднүүсийн буруугаас болж ажлаас халагдсан юм шиг юм ярьж байна. Ялгаа байхгүй. Тэгээд л дүү нар маань 2 3 хоног хоол унд идэж чадаагүй тухайн үед байсан за хүний муу үзээд яах вэ, хэзээ ч энэ зүйл сайн төрөхгүй одоо ингээд больчих энээ тэрээ гэж байж болиулсан. Түвшинжаргал ч өөрөө сайн мэдэж байх ёстой. Тэрний хажууд Батсайхан гэдэг Баторгил гэдэг байцаагч байж байсан жижүүрийн өрөөнд э адилхан эр хүн байж байж чи яах гэж тийшээ өшиглөж байгаа юм бэ? Энэ маш эвгүй санагдсан. Тэгэхдээ би энийг ингээд өнгөрөөчихье өө ингээд чи үнэхээр ажил төрөлтэй бол гэж хэлж байсан. Тэгээд тэр согтолтын түвшний нэг бүхэл 85 байсан тэгэнгүүтээ хийсэн үйлдлээ санахгүй байна, санахгүй байна гэчхэнгүүтээ яг алгадаж байгаа, тэгж өшиглөсөн, барьсан гэдэг зүйлийг бол санаад байгаа дээр бас жоохон гайхаад байна. Биднүүс бас яг цагдаагийн байгууллагаас энэ камерын бичлэгийг биднүүс гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг бас тавьсан байсан. Даанч камерын бичлэг ажиллахгүй гэж тэгж хэлсэн. Тэр байвал угаасаа бүх юм тодорхой харагдана. Бусдаар бол Түвшинбатыг тэгж зүгээр байж байхад нь цохиж зодоод байсан юм. Ямар нэгэн шалтгаанаас болж энэ чинь эх хүн, эмэгтэй хүн дагуулаад очсон байхад үнэхээр ёс бусын асуудал зөндөө гаргаж байсан болохоос тэрний үүдэн дээр тэгээд өөртөө ч гэсэн хохирол авсан учраас л алгадаж маргалдсан тийм юм болсон. Өөр хэлэх юм байхгүй.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Түвшинжаргал мэдүүлэхдээ: ‘’2023 оны 12 сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн үүдэнд гавтай сууж байхад гаднаас 2 залуу орж ирээд одоо жинхэнэ хачин болгоно гөлөг болгоод чамайг жинхэнэ ална гээд дайрсан байгаа. Дайрах болсон шалтгаан гэвэл 2 эмэгтэй гэж яриад байгаа. Тухайн өдөр ажлынхантайгаа би Аврора бааранд ороод сууж байхад 2 эмэгтэй хажуу талын ширээн дээр байсан бид нар зэрэгцээ ширээн дээр сууж байхад манай ажлын залуу 2 эмэгтэйтэй танилцъя гэж очсон. Тэгэхэд манай ажлын залууг очиход нөгөө 2 эмэгтэй нь халтайсан гөлөг минь яв гээд хэл амаар доромжилсон. Тэгээд би хажуугаас нь ямар сүртэй юм бэ гэж хэлээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд хэрэлдэж маргалдсаны улмаас 2 эмэгтэйн нэг нь пивоны шилээр миний толгойг оносон байгаа. Тэгээд би босож очоод та 2 яахаараа ингэдэг юм гээд 2 эмэгтэйг алгадсан. Тэгээд цагдаа хүрч ирээд баарнаас намайг гавлаад цагдаагийн үүдэнд аваачсан. Тэгээд сууж байхад энэ 2 залуу орж ирээд нөгөө пизда чинь энэ байна. Чамайг жинхэнэ гөлөг болгоно гээд хэл амаар доромжилж дайрсан байгаа. Тэгсэн чи яахаараа хэл амаар доромжилдог юм бэ гээд очоод өшиглөх гэсэн боловч зүүн гуянд өшиглөх гээд оноогүй. Тэгээд энэ 2 залуу хоёулаа бүлэглэн толгойн тус газар цохиж миний биед халдсанаар би газар ойчиж байхдаа маш хүчтэй цохиулчихлаа даа гээд манараад ойчсон. Тэгээд хэсэг байж байгаад манараад ухаан алдсан. Эргээд сэрэхэд цагдаагийн машины ард талд ажлын залуугийн хамт Өмнөговийн эрүүлжүүлэх рүү явж байна гээд машины ард талд суучихсан явж байсан болсон процесс нь ерөөсөө ийм. М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нар мэдүүлэг өгөхдөө худлаа яриад байна. Маргааш нь цагдаагийн үүдний камерын бичлэгийг надад гаргаж өгөөч гэж цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж хүсэлт өгсөн байгаа. Мөн өмгөөлөгчтэй энэ хэрэгт холбогдуулан байцаалт өгнө гэж хүсэлтээ цагдаагийн газар өгсөн. Дараагийн асуудал гэвэл Мөнхбаяр нь тойрч ирээд намайг өшиглөсөн гэж худлаа ярьж байна. Бааранд цуг архи ууя, бүжиглэе гэж дуудаж тэр 2 хүүхнийг дуудаж уурласан гэж худлаа ярьж байна. Цагдаагийн газрын үүдэнд намайг тойрч ирж өшиглөсөн гэж худлаа яриад байна. Бүлэглэн зодож гэмтэл учруулчхаад алгадсан гэж өөрсдийгөө зөөлрүүлж худлаа яриад байна. Батсэргэлэн нь бас мөн адил алгадсан. Цагдаагийн үүдэнд гавтай сууж байхад хачин болгоно гээд хүрээд ирэхээр нь Батсэргэлэнг өшиглөх гэсэн боловч хүрээгүй байгаа. Тухайн зодуулснаас болоод миний чихний хэнгэрэг цоорсон, уруул язралт үүссэн, үүдэн шүд хөдөлсөн байгаа. Үүнийгээ би 2023 оны 12 сарын 19-ний өдөр Өмнөговийн шүүх эмнэлгээр очиж үзүүлж дүгнэлт гаргуулсан байгаа. Хохирол авснаас хойш Цогтцэций сум дээр шүд болон чихний эмчилгээ хийлгэсэн. Холбогдох бичиг баримтыг би хэргийн материалд хавсаргасан байгаа. Цогтцэций сумд шүдний эмнэлэгт очиж эмчид үзүүлсэн бичиг хэрэгт хавсаргасан байгаа. Чих хамар хоолойн эмнэлэгт очиж үзүүлсэн магадалгаа хэрэгт хавсаргасан байгаа. 2023 оны 12 сарын 18-нд 15 цаг 52 минут гээд эмчид үзүүлж байсан зураг гэж хэнгэрэг цоорхой эмчийн магадалгаагаар хадгалагдсан байгаа. Үүнээс үүдэлтэй тухайн үед нь арга хэмжээ аваад сонсгол үйлдвэрлэлийн эрхтэн хөдөлмөрийн чадварт маш их нөлөөлдөг учраас эхний ээлжид сонсголын эмчилгээ хийлгэсэн байгаа. Мөн Өмнөговийн эмчээр наалт тавиад хийгээд эмнэлгийн төлбөр 155,000 төгрөгийг төлөөд Улаанбаатар хот руу эмчид хэлээд явуулъя. Очоод энэ дээр наалт наалтгаараа сонсголын хэнгэрэг цоорсон бол наалт тавиад эдгэх магадлал байдаг. Тэгээд наалт тавиад сар ажиглая гэсэн наалт тавиад сарын дараа үзүүлэхэд хэнгэрэг цоорсон хэвээрээ байсан. 1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн эмчийн карт дээр бичсэн зүйлс хэрэгт авагдсан байгаа. Тэгэхэд хамар битүү учраас чих чинь эдгэхгүй байна, хамрын хагалгаанд орж чихээ эдгээх хэрэгтэй гээд би хүүхэд байхдаа унаганд өшиглүүлж байсан. Нэг талын хамар битүү тэр бас их нөлөөлсөн байсан. Тэгээд хамрын хагалгаанд орчихоод 2 сар ажиглана гээд хамрын хагалгаанаас хойш 2 сарын дараа чихний хэнгэргээ үзүүлэхэд сонсгол алдагдалтай хэвээрээ байсан. Дахиад хэнгэрэг нөхөгдөхгүй гэсэн. Одоо яах вэ гэсэн хэнгэрэг нөхөх хагалгаанд ороод энэ асуудал зүгээр болно гэсэн. Тухайн үедээ чихний сонсгол улам муудаад байсан. Тэгээд холбогдох баримтыг гаргаж өгсөн байгаа. Гэмтлийн улмаас гарсан хохирлын мөнгөн төгрөг болоод хэргийн материалтай танилцахаар явсан зардлыг би жагсаагаад нэгтгээд хүргэсэн байгаа. Энэ хэргээс холбоотой би ажилгүй болсон, ажилгүй болсныг өр зээл, өрхийн амьжиргаа маш их хохиролтой байгаа учраас гомдолтой байна. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш гарч байгаа төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулах хүсэлтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмгөөлөгчийн зүгээс нэг хавтас бүхий эрүүгийн хэргийн хүрээнд Б.Батсэргэлэн, М.Мөнхбаяр нарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, энэ цаг хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуулийн хүрээнд цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд хангалттай байна гэж үзэж байна. Энэ хэргийн хүрээнд цугларсан бичгийн нотлох баримтууд нь мөн хуулийн хүрээнд авагдсан шүүхээс үнэлэх боломжтой нотлох баримтууд байна гэж мөн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч болох хохирогч Түвшинжаргалд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Б.Батсэргэлэн, М.Мөнхбаяр нарын үйлдэл холбогдлын шалтгаант холбоо байна. Энэ үйлдэл холбогдол нь бусдын эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчид буюу Түвшинжаргалд хөнгөн зэргийн гэмтэл учирсныг шүүх эмнэлгийн 28 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоож өгсөн. Сум дундын прокурорын газраас хэргийн зүйлчлэлийн хувьд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Хэргийн зүйлчлэл зөв ирсэн байна. Гэм буруутай үйлдэл Б.Батсэргэлэн болон М.Мөнхбаяр нарт хоёуланд нь байна гэж дүгнэлт гаргая. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг дараах байдлаар би тайлбарлаж хэлье. Түвшинжаргалын зүгээс хэргийн хүрээнд 13,755,128 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Энэ хохирлыг яагаад нэхээд байгаа юм гэдгийг шалтгаант холбоо байна гэж үзэж байгаа. Түвшинжаргалын нэхэмжилж байгаа мөнгөн хохирол, төлбөр дүнгүүд хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн өөрийнхөө хэмжээнд эрүүл мэндээ хамгаалах, эмчлүүлэх, мэс засал хийлгэх гээд хэд хэдэн нөхцөл байдлын хүрээнд цуглуулж бэхжүүлсэн байдаг. Хэргийн хүрээнд авагдсан баримтуудын тооцооллыг гаргая гэж бодож байна. Энэ тооцооллын хувьд шатахууны баримт байдаг. Шатахууны баримтыг ямар байдлаар гаргаж өгөөд байна вэ гэхээр мөрдөн шалгах ажиллагаа бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст явагдсан байдаг. Х.Түвшинжаргалын хувьд оршин суугаа газар хаягийн хувьд Улаанбаатар хотод оршин суудаг. 700км-ийн цаанаас цагдаагийн эрх бүхий байгууллагын дуудсан цагт нь хүрэлцэн ирж мэдүүлэг өгөх шинжээчийн дүгнэлт Өмнөговь аймаг руу очиж өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд өөрийн биеийг үзүүлсэн байдаг. Дээрээс нь хавтаст хэргийн материалыг Өмнөговь аймгийн Ханбогд сум руу очиж танилцсан нөхцөл байдал байгаа хавтаст хэргийн материалтай танилцахаас өмнө Х.Түвшинжаргалаас байцаалт мэдүүлэг авч, бичгийн нотлох баримтуудыг гаргуулж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийтдээ 737,742 төгрөгийн бензин шатахууны баримт гарсан гэж тооцоолж харж байгаа. Үүнийг гэм буруутай этгээдээс буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж харж байна. Мэдээж өөрийн машин тэргээр наашаа цаашаа явж байхад замын хураамжийн 4 төрлийн хураамж байдаг, энэ нь 22,000 төгрөгийн замын хураамж байдаг. Энэ нь нэг очих явцад өгсөн замын хураамжийн 22,000 төгрөг байдаг. Бензин шатахуун болон ирж, явсантай холбогдуулан замын хураамж гарсан байгаа учраас үүнийг гэм буруутай хүмүүсээс нэхэмжлэх эрх зүйн үндэслэлтэй гэж хэлмээр байна. Эмчилгээтэй холбоотой шүүх шинжилгээний төлбөртэй холбоотой баримтууд байдаг. Эмчилгээтэй холбоотой баримтыг нэгтгэхэд 1,745,000 төгрөгийн баримт байгаа. Эмчилгээ хохирол төлбөрийг хариуцах уу, хариуцахгүй юу гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зөв байх. Шүдний үзлэг хийлгээд шүдэндээ зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай болсон. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн шинжээчийн дүгнэлт нэмэлтээр гаргаад өгөөч шүдийг эмзэглэлтэй, 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй байна гээд тогтоогоод өгчихсөн юм чинь шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод өгөөч гэхээр хангасан зүйл байдаггүй. Шууд шүүх рүү аваачаад хэргийг шилжүүлдэг. Энэ нь нэг талдаа шүүгдэгч нарын ял завшуулах, хохирол төлбөр төлүүлэхгүй байх, хохирогчийн эрх ашгийн эсрэг үйлдэл хэргийн хүрээнд харагдаж байгааг шүүх анхааран үзээсэй гэж бодож байна. Шүдний эмчилгээтэй холбоотой төлбөр чихний хэнгэрэг цоорсон чихний хэнгэргийг үзүүлсэн, зураг авхуулсан, чихнийхээ хэнгэргийг нөхүүлсэн гээд баримтууд байгаа. Хамрын төлбөр ямар хамаатай юм бэ? Хэрвээ чихний хэнгэрэг цоолоогүй бол миний үйлчлүүлэгч өөрөөсөө мөнгө гаргаад хамрыг эмчлүүлэх шаардлага угаасаа байгаагүй. Хамар жоохон битүүрдэг, гэхдээ энэ хүний амьсгал болон өөр бусад эрхтэнд нөлөөлөөд эрүүл мэндэд нь нөлөөлөөд ужиг өвчин бий болгоод өвдөөд байсан зүйл байхгүй. Аль багаасаа үүссэн гэмтэл байгаа. Үүн дээр шинжээчийн дүгнэлтээр гаргуулах шаардлага байхгүй. Гагцхүү тухайн чихний хэнгэргийг эдгээх талтай холбогдуулаад хамартаа тодорхой хэмжээний хагалгаа, эмчилгээ хий, хийсний дараагаас чихний хэнгэрэг нөхөх ажиллагаа хийгдэнэ гэсэн учраас Б.Батсэргэлэн болон М.Мөнхбаяр нарын хууль бус үйлдлийн улмаас хор уршиг учруулсан гэж үзэх эрх зүйн үндэслэл байгаа учраас энэ мөнгийг нэхэх хэрэгтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 1,745,000 төгрөгийг гаргуулах эрх зүйн үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлт гаргахад шинжилгээний төлбөр гээд үзлэгийн буюу шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад 8000 төгрөгийг төлүүлдэг. Энэ шинжилгээний төлбөр төлсөн баримт хэргийн хүрээнд 8000 төгрөг авсан байгаа. Гэм буруутай этгээдүүдээс мөрдөн шалгах ажиллагааны явцад авдаг боловч мөрдөгчийн зүгээс мөн аваагүй, Х.Түвшинжаргалыг төл гээд төлүүлсэн. Би шүүгдэгч нараас гаргуулах ёстой гээд байсан боловч шинжээчийн дүгнэлт гарч ирдэггүй, энэ хүмүүс төлдөггүй хүнд сурталтай үйлдэл болоод байсан учраас яах аргагүй миний үйлчлүүлэгч Түвшинжаргал төлсөн нөхцөл байдал байгаа учраас гэм буруутай этгээдүүд миний үйлчлүүлэгчээс гарсан энэ зардлыг төлөх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоолны мөнгө 49,460 төгрөг байдаг. Мэдээж гадуур хүн өдөр болгон хоол идээд байдаггүй, монголчууд бол гадуур хоол идээд байдаггүй хүмүүс. Тэгэхээр зам зуурт наашаа цаашаа явахад зайлшгүй өөрөөс мөнгө гаргах замдаа өөрсдийгөө хооллох зайлшгүй шаардлага болсон. Энэ нь нэг талдаа хор уршиг гэж үзэж байгаа, энэ хүн гэртээ байсан бол юу гэж замаасаа хоол аваад идээд яваад байх вэ. Тэгэхээр гэмт хэргийн улмаас нөлөөлсөн хор уршгийг нөхөн төлөх ёстой гэж үзэж байна. Имплант шүдний 3,500,000 төгрөгийг нэхсэн байгаа. Энэ бол гараагүй төлбөр, шүүхийн зүгээс гаргахгүй гэж үзвэл нээлттэй байдлаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч. Яагаад гэвэл энэ хүний сүүн шүд бүгд унаад ясан шүд ургаад эргээд сэргээгдэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа учраас энэ шүдийг зайлшгүй авах, ахиад авсан шүдний оронд сүүлийн үед хийгдэж байгаа инфлант шүдний судалгаа хийгээд 3,500,000 төгрөгийг урьдчилаад гаргуулжээ гэсэн байдлаар Х.Түвшинжаргалын зүгээс нэхэмжилсэн байгаа. Сэтгэл санааны хохирол гэдэг бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дээр энэ төрлийн гэмт хэргийн улмаас буюу 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан, хохирогч нарт сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоохоор хуульчилсан. Үүний дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр байдлаар хэрэгжиж тухайн өдрөөс хойш бий болсон үйлдэгдсэн гэмт хэрэгт энэ хохирлыг гаргуулах эрх зүйн зохицуулалт бий болсон. Энэ гэмт хэрэг хэзээ гарч миний үйлчлүүлэгч хэдэн сарын хэдний өдөр хохирсон гэхээр 2023 оны 12 сарын 17-ны өдөр хохирсон авсан байгаа. Улсын яллагчийг ямар дүгнэлт гаргаад байгааг ер нь ойлгохоо болилоо. Өнөөдөр төрийг төлөөлж хохирогчийн эрх ашгийг нэг талдаа хамгаалах субъект байдаг. Прокурор гэдэг бол онцгой субъект. Өнөөдөр шүүгдэгч нарыг яллах гэж орж байгаа юм уу, хохирогчийнхоо хохирол төлбөрийг та учраагүй байна гэж яллах гээд байгаа юм уу? Үүнийг би ерөөсөө ойлгохгүй байна. Энэ мөрдөн шалгах ажиллагаа буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн дагуу явагдаж байна уу, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн үү, хохирогчийн эрх ашиг бүрэн дүүрэн хамгаалагдаж уу гэдэг хэрэгт хяналт тавиад сууж байгаа хүн өөрөө хяналтаа сул тависнаас болоод өнөөдөр ийм нөхцөл байдал бий болоод байгааг яагаад ухаарахгүй, ойлгохгүй байгаа юм бэ. Хэрвээ өнөөдөр гомдол гаргаагүй, гомдол гаргах боломжтой, шалгуулж болно гэдэг байдлаас 1 2 3 үг өгүүлбэрээ ингэж хохирлоо өөрөөсөө хамгаалах ёстой байтал бүүр хамгаалахгүй эсрэг байдлаар ялын шүүмждээ дурдаж яваад байх юм. 497 дугаар зүйлийн 497.1 дээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө нь гэм буруутай этгээд хохирол учруулсан бол гэм буруутай этгээдүүд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг. Энэ хуулийн үндэслэлээр энэ мөнгөнүүдийг нэхэж байна. Дараагийн дугаарт Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан хуулийн үндэслэлээр энэ мөнгөнүүд нь нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрүүдийг нэхэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг мөн үндэслэл болгон нэхэж байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар батлагдсан зэрэглэлийн 2 дугаар зэрэглэл дээр Х.Түвшинжаргалын сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоож өгсөн байдаг. Энэ зэрэглэлийг дүгнэлт болон хэргийн материалтай танилцаад яллагдагч буюу өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Тухайн хэргийн хүрээнд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна гэсэн байдлаар тэмдэглэгээ хийгдсэн байгааг дурдаж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дээр сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон бусад хуулийн зохицуулалтын 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж байгаа. Тэгэхээр гэмт хэрэг гарах болсон цаг хугацааны хувьд 2023 оны 12 сарын 17-ны өдөр энэ гэмт хэрэг гардаг. Үүнээс үзэхэд энэ хуулийн үйлчлэл болоод шинээр мөрдөгдөж байгаа сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах эрх байна. Сэтгэцэд учирсан хохирлыг 6,100,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан өгнө үү гэж хүсэж байна. Тэгээд прокурор хоолны мөнгө гаргахгүй, энэ чинь байгалийн жамаараа тухайн хүн өөрөө хоолоо олоод идэх ёстой гэсэн тайлбар ярьж байна. Үүн дээр би санал нэгдэнэ. Хамгийн түрүүнд бид нар наашаа цаашаа ирж яваагүй бол Түвшинжаргал замдаа хоол идэхгүй. Энэ хүн чинь гэртээ хоолоо иднэ, ийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон хор уршиг гэж энэ мөнгийг бид гаргуулна. Гэртээ сууж байсан бол 49,460 төгрөгөөр энэ хүн хохирохгүй байсан. Гэртээ байгаа хоолоо идээд өөрийгөө тэжээгээд байгалийнхаа жамаар амьдраад хоолоо идэх боломжтой байсан. Ийм учраас үүнийг би гаргуулна гэж бодож байна. Ийм учраас нийт хохирлыг мөнгөн дүнгээр нэмээд явахад 13,755,128 төгрөг болдог. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн дүгнэлт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар нийгэмд аюултай үйлдлийн улмаас буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг миний үйлчлүүлэгч Түвшинжаргалд учирсан байна гэж үзэж байгаа эрх зүйн дүгнэлтийг гаргаж байна. Энэ учирсан хохирол 1,555,128 төгрөгийг гэм буруутай Б.Батсэргэлэн, М.Мөнхбаяр нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулахад Б.Батсэргэлэнгээс 6,877,564 төгрөг, Мөнхбаяраас 6,877,550 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Х.Түвшинжаргалыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтийг эцсийн байдлаар гаргая.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхбаяр, Б.Бат-Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна.
Б.Батсэргэлэн, М.Мөнхбаяр нар нь 2023 оны 12 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн байранд хохирогч Х.Түвшинжаргалын эрүүл мэндэд халдсаны улмаас хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Бид бүхэн нотлох баримтуудаа шинжлэн судаллаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Нөгөө талаар хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөлтэй холбоотой дараах зүйлүүдийг хэлмээр байна. Үүнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа хэрэгт харагддаг. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах, хэрүүл маргаан үүсгэх зэргээс үүдээд цагдаагийн хэлтсийн байранд шалгагдаж байхдаа мөн бусадтай хэрүүл маргаан үүсгэж, бусдад зодуулж байгаа үйлдэл харагдаж байгаа. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр Зөрчлийн тухай хуулиар хохирогчид арга хэмжээ авагдсан байж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болохоор эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн байгаа. Согтууруулах ундааны зүйлтэй холбоо хамааралтайгаар энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь бий болжээ гэж дараах дүгнэлтийг хэлж байгаа юм. Нөгөө талаар шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ хэдий маргахгүй байгаа ч гэлээ цагдаагийн байр, цагдаа гэдэг албан байгууллага чинь тусгай байгууллага, энд бусдын эрх чөлөөнд бүлэглэж халдаж байгаа юм. Нэгэнтээ болохгүй байгаа бол цагдаад хэлээд энэ хүн чинь болохгүй байна, ам хэл нь болохгүй байна гэдэг асуудлыг хэлж ярих боломж байсан. Гэтэл заавал бусдын эрх чөлөөнд халдах шаардлага энэ 2 хүнд байгаагүй гэж харж байна. Тийм учраас бусдын эрх чөлөөнд шууд санаатай үйлдлээр халдсан байна гэж дүгнэж байгаа юм. Ийм учраас энэ гэмт хэрэг бусдын эрүүл мэндэд бүлэглэж санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлт хийж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирол төлбөр дээрээ маргадаг, маргаж болно, санал нийлэхгүй байж болно гэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд яллах дүгнэлт гардуулснаас хойш энэ 2 хүнд хэлсэн байгаа. Нотлох баримтаар 574,198 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийгээ ядаж хохирол болгож төлөх ёстой баримтаар тогтоогдсон хэмжээний хохирлыг төлөх ёстой гэдэг шаардлагыг прокурорын зүгээс тавьсан. Гэтэл өнөөдрийн хүртэл төлөгдөж орж ирээгүй. Ийм нөхцөл байгаа учраас миний хувьд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэргийн зүйлчлэл болоод гэм буруу дээр маргаагүй учраас олон зүйл ярихгүй. Хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр ярих гээд байна. Шүүхийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулаад хүсэлт гаргаад хэрвээ цагдаагийн алба хаагч, мөрдөгч гаргасан хүсэлтийг нь шийдвэрлээгүй тохиолдолд прокурорт гомдол гаргах эрх нь байсан. Прокурорт гомдол гаргаагүй, надад хүсэлт өгөөгүй, хүсэлтийг шийдвэрлэхгүй байна гээд гомдол гаргаагүй. Үүн дээр ямар нэгэн байдлаар прокурорын зүгээс, цагдаагийн албан хаагчийн зүгээс хэн нэгний эрхийг хязгаарлаад, боогоод байгаа зүйл байхгүй, нэг талыг барьсан зүйл байхгүй. Хэрвээ тийм байсан бол бид нарт гомдол гаргаж болох байсан. Хүсвэл хяналт тавьж байгаа байгууллага болоод шалгаж байгаа мөрдөх байгууллагыг солих хүсэлт гаргах эрх нь хүртэл байсан. Энэ эрхээ эдлээгүй, ямар ч гомдол гаргаагүй. Хэрэг шийдвэрлэгдээд шүүх дээр ирсний дараа ийм асуудал ярих нь зохимжгүй байна гэж би харж байна. Яагаад бид нарт гомдол гаргаагүй юм, яагаад Ерөнхий прокурорт гомдол гаргаагүй юм, хүсэлтийг хангаагүй гэдэг асуудлыг шүүх дээр ярьж байгаа нь хэр зөв юм бэ гэдэг дүгнэлтийг хийж байна. Хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр сэтгэцтэй холбоотой хохирлыг журмаараа шүүгч мэднэ. Миний хувьд шүүхийн эрх хэмжээнд халдаж, тэдийг төлүүлнө гэж зүйл хэлэх надад тийм эрх байхгүй. Хохирогчийн эрүүл мэндэд хэнгэрэг цоолсон нь үнэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнтэй холбоотой мэс засал хийгдээд хэнгэрэг нөхөх хагалгаа хийгдсэн байна, тэр төлбөрийг төлөх ёстой, түүнтэй уялдаа холбоотой гарч байгаа зардлуудыг төлөх ёстой. Харин хамар бол шинжээчийн дүгнэлтэд байхгүй зүйл. Тэгэхээр миний хувьд харахад шинжээчийн дүгнэлтээр ямар гэмтэл учирсан бэ гэдгийг шинжээч нэгэнтээ тогтоогоод дүгнэлтээ гаргасан. Энэ гаргасан дүгнэлтийн хэмжээнд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж харж байгаа юм. Бусдаар хүн зайлшгүй шаардлагаар идэх ёстой. Биологийн шаардлагыг бусдаар төлүүлэх боломжгүй. Өөрөөр нэмж ярих зүйл алга байна.’’ гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Түвшинжаргалын “...би 2023 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн үүдэнд гавлуулчихсан сууж байсан юм. Гаднаас цагдаагийн хэсэг рүү 2 залуу орж ирээд чамайг ална аа, чамайг жинхэнэ гөлөг болгоно, чи яасан овоо гар вэ гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан юм. Тэгэхээр нь би чи яахаараа хүнийг гөлөг болгодог юм гээд босож очоод зүүн талын гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөх гэсэн боловч хөлд нь миний хөл хүрээгүй юм. Тэгтэл надтай маргалдаж байсан 2 залуу 2-лаа зэрэг толгойн тус газар 2-3 удаа цохисон бөгөөд би манараад газарт уначихсан юм. Тэгээд уруул язарчихсан байсан учраас цус гарч эхэлсэн юм. Танихгүй 2 залуу намайг зодож байхад цагдаагийн алба хаагч нар байсан. Ухаан санаа балартсан хэвээр байсан бөгөөд нэг ухаан ороход Өмнөговь аймгийн төв рүү эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулагдахаар автомашин дотор ажлынхаа 2 залуугийн хамт 3-лаа явж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Х.Түвшинжаргалын биед тархины доргилт, дээд уруулын зулгаралт, цус хуралт, зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна, бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Мөнхбаярын “...Х.Түвшинжаргал босож ирээд хана тойрч явж байгаад миний зүүн гуя хэсэг газар өшиглөхөөр нь би зөрүүлээд Түвшинжаргалын зүүн хацар тус газар баруун гараараа алгадсан тэгсэн чинь Түвшинжаргал газар унасан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Батсэргэлэнгийн “...надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144 дэх тал/
Шүүгдэгч М.Мөнхбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 91-92, 94-99 дэх тал/,
Шүүгдэгч Б.Батсэргэлэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 101-106, 108-109, 112-121 дэх тал/,
Хохирогч Х.Түвшинжаргалын хохирлын талаарх болон бусад баримтууд /хавтаст хэргийн 175-199 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нарыг прокуророос бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нар бүлэглэж 2023 оны 12 дугаар
сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн цагдаагийн газрын
Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн байранд хохирогч
Х.Түвшинжаргалын нүүр хэсэгт цохиж зодсоны улмаас тархины доргилт, дээд
уруулын зулгаралт, цус хуралт, зүүн чихний хэнгэргийн цоорол бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулиар бүлэглэн гэдэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг ойлгодог.
Шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нарын бүлэглэж зодсон гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Х.Түвшинжаргалын бие, эрүүл мэндэд учирсан тархины доргилт, дээд уруулын зулгаралт, цус хуралт, зүүн чихний хэнгэргийн цоорол бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нар бүлэглэж 2023 оны 12 дугаар
сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн байранд хохирогч Х.Түвшинжаргалын нүүр хэсэгт цохиж зодсоны улмаас тархины доргилт, дээд уруулын зулгаралт, цус хуралт, зүүн чихний хэнгэргийн цоорол бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Түвшинжаргалын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Х.Түвшинжаргалын биед тархины доргилт, дээд уруулын зулгаралт, цус хуралт, зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна, бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан хохирогчоос гаргасан хохиролтой холбоотой холбогдох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаяраас 4,475,679.5 /дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, шүүгдэгч Б.Батсэргэлэнгээс 4,475,679.5 /дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Түвшинжаргалд олгож, баримтаар нотлогдоогүй тул хохирогчийн иргэний нэхэмжлэлээс 1,432,843 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Түвшинжаргалын цаашид шүдний имплант хийлгэх зардалд нэхэмжилсэн 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч М.Мөнхбаяр, Б.Батсэргэлэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 92 дахь тал/
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Батсэргэлэнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б “... нийтэд тустай ажил хийлгэх буюу тус бүрт нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах.” гэх саналыг,
Хохирогч Х.Т “...би бол гавтай, эрхээ хязгаарлуулсан сууж байгаа хүнийг орж ирж хэл амаар доромжилж, энэ хэргийг анх үгүйсгээд чи буруутай гээд яриад байгаа дээр би жоохон эргэлзээтэй байна.” гэх тайлбарыг, Шүүгдэгч М.Мөнхбаяраас “...гарсан төлбөр зардлыг төлөхийн тулд ажлаа хийж байх ёстой учраас улсын яллагчийн гаргасан шийдвэрийг харгалзан үзэж шийдэж өгнө үү.” гэх саналыг,
Шүүгдэгч М.М “... тэгэхээр гарсан төлбөр зардлыг төлөхийн тулд ажлаа хийж байх ёстой учраас улсын яллагчийн гаргасан шийдвэрийг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх тайлбарыг,
Шүүгдэгч Б.Б “...улсын яллагчтай санал нэг байна.” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.М, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Б.Б нарыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Б.Б нарт оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.М, Б.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Б.Б нарт оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.М, Б.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М 4,475,679.5 /дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, шүүгдэгч Б.Б 4,475,679.5 /дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун далан есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Т олгож, хохирогчийн иргэний нэхэмжлэлээс 1,432,843 /нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Т цаашид шүдний имплант хийлгэх зардалд нэхэмжилсэн 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ