| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
2024 06 03 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ч.Э холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,
“Ажнай зам гүүр” ХХК-ийн кемпэд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 55-34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Ч.Э /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Э нь Өмнөговь аймгийн Манлай сум Өехий багт байрлах “Ажнай зам гүүр” ХХК-ийн кемпийн гадаа 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Батзоригтой үл ялих зүйлээр маргалдаж, нүүр хэсэгт нь цохисны улмаас зүүн нүдний алимын нэвтэрсэн шарх, шилэнцрийн гоожилт, хараагүйдэл гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ч.Э нь Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багт байрлах “Ажнай зам гүүр” ХХК-ийн кемпийн гадаа 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Б үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт нь тохой хэсгээрээ цохисны улмаас зүүн нүдний алимын нэвтэрсэн шарх, шилэнцрийн гоожилт, хараагүйдэл гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ‘’Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгнө. 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө би усанд явж замаараа хонь авсан. Тухайн үед нэг шил архи уусан. Батзориг ахыг машинаа унаад явчих байх гэж бодоод машины түлхүүрийг нь авах гэхэд миний хойноос зуураад байсан. Би тавиач гээд тохойгоороо буулгаад явсан удалгүй ийм зүйл боллоо гэж хэлсэн.’’ гэсэн мэдүүлэг,
Улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Батзоригийн “...би Өмнөговь аймгийн Ханбогд суманд 09 сарын 10-нд худгийн мотор ажиллуулах ажил хийх гэж очсон. 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Энх-Амгалан бид 2 айлаас хонь аваад ажлынхаа байранд ирээд хонио төхөөрсөн. Тэгж байх үедээ бид 2 Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Дахиж архинд явна гээд машин барьж явна, үгүй гээд маргалдсан. 20, 21 цагийн үед нүд өвдөөд байсан. Маргалдаж байхдаа зүүн нүдээ гэмтээчихсэн юм шиг байгаа юм. Би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна. Тэгээд машинаар Ханбогдын эмнэлэг рүү Рэнцэн гэх манай ажлын менежер, Энх-Амгалан нар намайг хүргэж өгсөн...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/
Хохирогчийн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дахин өгсөн “...өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тулгамдаж сандраад буруу ярьсан байж магадгүй. Ажнай Зам ХХК шиг санаж байна Цогтцэций сумаас Ханги мандал чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэж байгууллагад худгийн мотор ажиллуулж байсан, 2023 оны 11 сарын 25-ны өдөр манай байгууллагын ажил үндсэн зогссон бөгөөд манай байгууллагын ажилчид ажил багатай кемп дээр байж байсан тэгээд 2023 оны 11 сарын 27-ны өдөр хамт ажиллаж байсан Ч.Энх-Амгалан нь худаг руу ус авах гээд явах гэж байхад надтай хамт явсан. Ч.-Энх-Амгалан нь надтай усанд явахын далимд нь хөдөө айлаас хонь худалдаж авна гэж ярьж байсан Ч.Энх-Амгалан нь хөдөө айлаас 1 тооны хонь худалдаж авсан, тэгээд Ч.Энх-Амгалан бид хоёр усаа аваад мөн айлаас авсан хонио амьдаар нь аваад кемп дээр ирсэн. Кемп дээр ирээд би хонийг янзалж өгсөн, тэгсэн Ч.Энх-Амгалан нь 0.75 граммын Хараа гаргаж надад өгсөн уг архийг Ч. Энх-Амгалан бид хоёр хувааж уусан, хонины махыг янзалж өгч дууссан бөгөөд Ч.Энх-Амгалан нь хонь төхөөрч өгсөн гээд дайлж нэг шил хараа архи задалж хамт хувааж уусан. Архи дуусаад Ч. Энх-Амгалан кемп дээр миний амьдардаг гэрт байхдаа дахиад архинд явъя гэсэн тэгээд бид хоёр миний амьдардаг ажилчдын кемпийн гэрээс гараад миний өөрийн жолоодож байсан 58-28 УБИ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн кемпээс гарч яваагүй, тэгээд бид хоёр миний машинаас буусан тэгээд хоорондоо архинд явах явахгүй, архи уух, уухгүй гэдэг асуудал дээрээс болж маргалдсан тэгээд гадаа кемпийн гэр дунд маргалдсан байдаг тухайн үед цаг оройн 20 цаг болж байсан. Тэгээд бид хоёр хороондоо гадаа кемпийн ажилчдын гэрийн дунд барилцаж авсан тэгсэн Ч.Энх-Амгалан нь намайг тохой хэсгээрээ цохих шиг болсон тэгсэн миний зүүн нүдний цөцгий гарах шиг болсон тэгээд үүнийг мэдээд би кемпийн гэрт очиж ажилчдад хэлсэн /ажилчид Ренчин, кемпийн инженер Дөлгөөн/ нарын хамт Ханбогд сумын эмнэлэг рүү яаралтайгаар очсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-38 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Болдсайханы “...Би 19 цагийн үед кемпийн түлээ хагалаад байж байсан чинь манай компанийн кемп менежер Энх-Амгалан намайг дуудаад яваад очсон чинь намайг машинд суучих гэсэн би ажил хийх гэж байгаан байх гэж бодоод машинд нь суусан чинь намайг аваад айл руу явсан тэгээд нэг айлд очоод архи авсан тэгээд тэр архиа кемп рүү буцах замдаа Энх-амгалан, Батзориг ах 2-той 3-уулаа хувааж уусан тэгээд кемп дээр ирээд зогсоод хоорондоо машины түлхүүр булаацалдаад байх шиг байсан би тэг үед машинаас буугаад гэртээ ороод амарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ренчинбадамын “...2023 оны 11 дүгээр сарын 27-аас 28-ны шилжих шөнө 21 цаг 30 минутын орчимд "Ажнай зам гүүр ХХК"-ний кемп дээр гэртээ амарч байхад Батзориг гаднаас орж ирээд нүд сонин болчихлоо гээд байхаар нь яасан гэж асуухад Энх-Амгалан гэх хүнтэй муудалцаж миний нүдийг цохисон эмнэлэг оръё гэхээр нь хамт Энххүслэн, Батзориг, Дөлгөөн бид 4 Ханбогд сумын эмнэлэг рүү явсан. Ханбогд сумын эмнэлэг дээр үзүүлэхэд Ханбогд сумын эмч нь Батзоригийн нүдийг үзээд нүдний алим гэмтсэн байна. Батзориг нь 2 нүдэндээ болортой байсан юм байна Ханбогд суман дээр нүдний эмч, тасаг байхгүй яаралтай Улаанбаатар хот үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Улаанбаатар хот руу явах унаа олоод Батзоригийг явуулсан...Энэ 2 яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би хажууд нь байгаагүй...Өөр хэн нэгэн зодсон гэж хэлээгүй...2-уулаа биеэ авч явах чадвартай байсан...Батзоригийн зүүн нүднээс шингэн зүйл гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Энххүслэнгийн “...2023 оны 11 дүгээр сарын 27-аас 28-ны шилжих шөнө 21 цагийн орчимд “Ажнай зам гүүр ХХК"-ний кемп дээр гэртээ амрах гэж байхад Батзориг гаднаас орж ирээд нүд өвдөөд байна гэж орж ирсэн яасан гэж асуухад Амгаа цохисон гэж хэлсэн нүдийг нь харахад нүднээс нь нулимс гарч байгаа юм шиг шингэн зүйлс гарсан байсан. Эмнэлэгт үзүүлэх гээд Ренчинбадам, Батзориг, Дөлгөөн бид 4 Ханбогд сумын эмнэлэг рүү явсан. Ханбогд сумын эмнэлэг дээр үзүүлэхэд нүдний нарийн эмч байхгүй Улаанбаатар хот явж үзүүл гэсэн Батзоригийн нүдний алим гэмтсэн байна. Батзориг нь 2 нүдэндээ болортой байсан юм байна гэж хэлсэн....Д.Батзориг ах хэлэхдээ Ч.Энх-Амгалан нүд рүү цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 147 дугаартай “... “Д.Батзориг ЧК65030310” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 2033 дугаартай “1. Д.Батзоригийн биед зүүн нүдний алимын нэвтэрсэн шарх, шилэнцрийн гоожилт, хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 4. Дээрх гэмтлийг хүн өөрөө өөртөө буюу өөрийнхөө гараар үүсгэх боломжгүй. 5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.3, 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Энх-Амгалангийн “... би Ханбогд сумаас Улаанбаатар хот хүргэх Альпарт маркийн тээврийн хэрэгслийн зардалд 800.000 эмчилгээний зардал, эм тарианы зардалд 5.250.000 төгрөг тэгээд ажил зогссон түр хугацаанд ажилгүй байсан болохоор өөрийн эзэмшлийн Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Д.Батзоригт өгсөн гэхдээ би цаашдаа чадлынхаа хэрээр хохирогчид хохирлыг төлж барагдуулна. Маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хөдөлбөргүйгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлахаар тооцуулсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, тодруулсан байх тул шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Э гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судлахаар тооцуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ч.Э хохирогчийг тохой хэсгээрээ цохисон үйлдэл болон хохирогч Д.Б зүүн нүдний алимын нэвтэрсэн шарх, шилэнцрийн гоожилт, хараагүйдэл гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд, дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ч.Э “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2033 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Э нь хохирогч Д.Б эмчилгээний зардалд 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон байна гэж үзлээ. /хавтаст хэргийн 143 дахь тал/
Хохирогч Д.Б нь шүүгдэгчээс 2610 УЕК улсын дугаартай AQUA маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцож авсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд баримтаар нотлоогүй байна. Мөн шүүгдэгчээс хохирогчийн унааны зардалд 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн гэх боловч шүүгдэгч нь хохирол төлснөө баримтаар нотлоогүй болно.
Хохирогч Д.Б нь гомдол санал байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч: “...эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Ч.Эн “... ахиж ийм алдаа гаргахгүй хичээж амьдрах болно.” гэв
Шүүгдэгч Ч.Э нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 109 дэх тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 112 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хавтаст хэргийн 114 дэх тал/, автотээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 116 дахь тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 120-130 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэрэг хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.
Шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай болон ам бүлийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ч.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Э нь хохирогч Д.Б эмчилгээний зардалд 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ