Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­83

 

 

 

 

        

 

 

 

 

      2024            06                      17                                              2024/ШЦТ/­­­­83                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,   

Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт С.Б холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “Галбын зам” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р баг, Бага булаг, 5-1 тоотод оршин суух, шагайн харвааны төрлөөр Монгол Улсын гарамгай мэргэн цолтой, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн С.Б /Регистрийн дугаар: **********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Цэвээнравданы “...С.Бат-Эрдэнэ яасан овоо юм бэ гэж хэлээд машинаас гараад явсан би машинаас буухгүй сууж байсан газраа сууж л байсан миний сууж байсан талын хаалга нээгдээд С.Бат-Эрдэнэ миний баруун мөрнөөс барьсан тэгэхээр би зүүн гараараа зайгаа барих санаатай түлхсэн чинь надтай зууралдаж байгаад С.Бат-Эрдэнэ больсон Жамбаа машинаасаа буугаад алхаад гараад ирсэн чинь Жамбаа та М.Цэвээнравданг хутгалцан байна ш дээ гэсэн тэгээд би зүүн суга руугаа гараа явуулаад үзсэн чинь цус гарсан байсан тэгээд би шоконд ороод байж байсан чинь С.Бат-Эрдэнэ машины гадна зогсож байсан би та намайг хутгалцан юм бишүү гээд цустай гараа үзүүлээд машинаас буусан тэгээд бүгд сандралдаад би та намайг зүссэн байна гэж харуулаад тэгээд эмнэлэг орж шархаа эмч олоод оёулъя гээд Жамбаагийн машинд суугаад хөдөлсөн эмийн сангийн зогсоолоос хөдлөөд Жамбаагийн хашаанд очоод юмаар боосон оёдол тавьдаг эмч байна уу гээд Наранцэцэг эмчийн хашаанд очоод эмчид үзүүлсэн Наранцэцэг эмчийг С.Бат-Эрдэнэ дуудаж гаргаж ирсэн Наранцэцэг эмч миний шархыг хараад ер нь бол оёдол тавихаар юм байна гадуур оёдол хийдэг эмч байхгүй эмнэлэг дээр оч гэсэн Наранцэцэг эмчийнхээс гараад Жамбаагаар гэртээ хариад С.Бат-Эрдэнэ ах руу залгаад өнөөдөр ямар ч байсан оёдол тавиулаад амармаар байна гэсэн чинь С.Бат-Эрдэнэ эмнэлэг дээр хүрээд ир мэсийн эмч нь байна гэсэн тэгээд би эмнэлэг дээр очсон намайг эмнэлэг дээр очиход Зулбаяр Амарсанаа эмч нар байсан тэгээд тэмдэглэл бичээд 2 оёдол тавьж өгсөн тэгээд эмнэлгээс гараад харьж амарсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Төрмөнхийн “...Э.Жамбалсанжидын машин ард ноцолдоод байх шиг байхаар харж байсан чинь Э.Жамбалсанжид буугаад салгасан тэгсэн чинь эхнэр хүүе Бат-Эрдэнэ хутга барьсан байна гэсэн би тэгэхээр нь цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гээд залгасан залгаж байх хооронд С.Бат-Эрдэнэ, Э.Жамбалсанжидын машин хөдлөөд явсан тэгэхээр Б.Алтангэрэл буугаад жолоочийн суудал дээр суугаад машиныг асаах гэсэн чинь чип байхгүй байсан тэгэхээр нь Б.Алтангэрэл эхнэр лүүгээ залгаад машинаа аваад ир гээд Б.Алтангэрэлийн эхнэр машин авчрахаар нь бид нар суугаад С.Бат-Эрдэнэ Э.Жамбалсанжид 2-ын машин хөдөлсөн зүгт хөдөлсөн. ...Э.Жамбалсанжидын гэрийн гадаа очоод цамцыг нь сөхөж үзэх үед М.Цэвээнравданы зүүн суганы нь доод талд зүсэгдсэн байсан С.Бат-Эрдэнэтэй тулж уулзаагүй болохоор мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтангэрэлийн “...тэгээд эмийн сан дээр очоод зогсоход М.Цэвээнравдан машинаас буугаад Э.Жамбалсанжидын машины арын хаалгыг онгойлгоод ар талд нь суусан. Тухайн үед эмийн сангийн зогсоол дээр хар өнгийн Ланд круйзер 200 маркийн машин байсан. Наад талд нь 2 залуу тамхи татаад зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн чинь Б.Жавзмаа наадах чинь хутга барьчихсан явж байна гэхээр нь харсан чинь машиных нь хойд хаалгыг онгойлгоод хоорондоо зууралдаад байх шиг байсан. Харанхуй болохоор сайн мэдэгдээгүй. Тэгээд М.Цэвээнравдан машинаас буугаад ирсэн тэгээд нөгөө хутга барьсан хүн нь С.Бат-Эрдэнэ байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би машин дотор байсан болохоор юуны талаар маргаад байгаа нь сонсогдоогүй. Тэр үед Жавзмаа цагдаа руу залгасан. Тэгээд Э.Жамбалсанжидын машинд М.Цэвээнравдан, С.Бат-Эрдэнэ нар суугаад тэр 3 хөдлөөд явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Жавзмаагийн “...Э.Жамбалсанжид Анар эмийн сангийн гадаа зогсож байсан М.Цэвээнравдан машинаасаа буугаад Э.Жамбалсанжидын зөв талын хойд хаалгаар ороод суусан М.Цэвээнравданы машинд манай нөхөр Б.Төрмөнх Б.Алтангэрэл бид гурав юм яриад сууж байсан би арын суудалд сууж байгаад Э.Жамбалсанжидын машин руу харсан чинь нэг танихгүй эрэгтэй хүн Э.Жамбалсанжидын машины урд суудлаас буугаад машин руу алхсан тэгээд машин очоод буцаад Э.Жамбалсанжидын машин руу алхахдаа хутга барьсан юм шиг харагдсан тэгэхээр нь нөхөртэй хэлсэн чинь манай нөхөр цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гээд залгасан залгаж байх хооронд танихгүй эрэгтэй болон Э.Жамбалсанжидын машин хөдлөөд явсан тэгэхээр Б.Алтангэрэл буугаад жолоочийн суудал дээр суугаад машиныг асаах гэсэн чинь чип байхгүй байсан тэгэхээр нь Б.Алтангэрэл эхнэр лүүгээ залгаад машинаа аваад ир гээд Б.Алтангэрэлийн эхнэр машин авчрахаар нь бид нар суугаад С.Бат-Эрдэнэ Жамбалсанжид 2-ын машин хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5926 дугаартай “1. М.Цэвээнравдангийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Бат-Эрдэнийн “…бид хоёр хоорондоо маргалдсан, нэгийгээ заамдсан тэгээд би Э.Жамбалсанжидын машинаас буугаад өөрийнхөө **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор кабинд байх багажийн хайрцгаас М.Цэвээнравдан, Э.Жамбалсанжид нарыг айлгая гэж бодоод хутга авсан, тэгээд би М.Цэвээнравданыг Э.Жамбалсанжидын машины хойд талын суудалд сууж байхад нь зүүн хойд талын хаалгаар ороод М.Цэвээнравдантай зууралдаж өмсөж байсан пиджакийн зүүн талын хэсэг рүү нь нэг удаа хатгасан тэгээд би машинаас буугаад яваад өгсөн …” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн хохирогчийг хутгаар хатгасан үйлдэл болон хохирогч М.Цэвээнравдангийн биед цээжинд шарх гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч С.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5926 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Ц бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Ц нь “...надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв. Хохирогч М.Цэвээнравдан нь санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 83 дахь тал/  

   Иймд, шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 20 см урттай, ажлын хэсгийн урт 10 см, бор өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шүүгдэгч С.Бат-Эрдэнэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Мөн хохирогчийн өмсөж явсан хар хөх өнгийн фиджак, хар хөх өнгийн даавуун цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Г овогт С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, нийт 20 см урттай, ажлын хэсгийн урт 10 см, бор өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг хутга, хар хөх өнгийн фиджак, хар хөх өнгийн даавуун цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

  6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ц нь санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ