Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/39

 

П.Б, М.М нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран

Прокурор                                                      Д.Ганчимэг

Өмгөөлөгч                                                   З.Нямсүрэн

Өмгөөлөгч                                                    Д.Галтогтох

Шүүгдэгч                                                       П.Б, М.М нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Б, М.М нарт холбогдох эрүүгийн _______ дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Б овогт П.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1979 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Ж овогт М.М, урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан.

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.Мэзэмшлийн малыг маллахаар итгэмжлэн хариуцан авч, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд Дорнод аймгийн Матад суманд 4 тооны үхрийг, мөн тухайн цаг хугацаанд Мтай бүлэглэн 10 тооны үхрийг завшиж бусдад 15 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.М нь иргэн П.Мөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр П.Бт итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд бүлэглэн Дорнод аймгийн Матад суманд 10 тооны үхрийг завшиж бусдад 9 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч П.Б, М.М нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт П.Б, Ж овогт М.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт П.Б, Ж овогт М.М нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар М.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Мт 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Мт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Бт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус  тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч П.Боос 5 700 000 төгрөг, шүүгдэгч М.Маас 9 700 000 төгрөг нийт 15 400 000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг _____ тоотод оршин суух Д.Т /_____/-д олгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлаагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б, М.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Прокурор болон шүүхээс намайг Д.Бтой бүлэглэн иргэн П.М эзэмшлийн 14 тооны үхрийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг Хилийн _____ дугаар ангид малын суурийн ахлагчаар ажиллаж байхад 2018 оны 11 сард П.Б нь 200 гаран тооны үхэртэй нүүж ирсэн. Тэр үеэс эхлэн бид танилцаж, нэг нэгээрээ орж гардаг болсон. Үүнээс хойш 1 жил орчмын дараагаас надад мөнгөний хэрэг гарсан байсан тул хүмүүсээс мөнгө зээлж оронд нь үхэр өгөхөөр тохиролцсон юм. Ингээд 2019 оны 10 дугаар сараас эхлээд надаас үхэр авах авлагатай хүмүүс ирцгээсэн. Тухайн үед миний өөрийн хувийн мал Халхгол суманд байсан. Албаны малд хувийн мал байлгахыг зөвшөөрдөггүй байсан. Хувийн хэдэн үхэр маань хол байсан учраас П.Бт хандаж үхэр хэрэглүүлээч хүнд өглөгтэй юм аа дараа нь үхрийг чинь үхрээр өгнө гэж хэлээд Б ч надад туслая гээд намайг гуйх бүрт үхэр өгдөг байсан. Тэгээд Б нь “та ирэх хавар гэхэд надаас авсан юм аа найдвартай эргүүлж өгнө шүү” гэж хэлээд өгдөг байсан. Намайг буруутгасан эрүүгийн хуулийн зүйл анги нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэсэн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Миний Боос авсан 10 тооны үхрийг П.М гэх хүн надад хариуцуулж үлдээгээгүй. Б ч надад хандаж энэ 10 үхэр нь П.Мүхэрнүүд юм аа хоёулаа энэ үхэрнүүдийг зарж борлуулж ашиглая ч гэж хэлээгүй. Бын хувьд надад тус болоё, эргүүлээд авах юм чинь гээд л намайг гуйх болгонд зөвшөөрсөн байх. Тухайн үед үхэрний хэрэг гараад Боос гуйж нийт 10 тооны үхрийг дараа нь буцааж өгөхөөр ярилцаж авсан нь үнэн. Миний хувьд Боос 10 тооны үхрийг үхрээр нь юм уу мөнгөөр нь тооцож заавал буцааж өгнө. Хэрэгт шалгагдаж явцад Боос авсан үхэрнүүд П.М гэдэг хүнийх болохыг мэдсэн. Тийм учраас би П.Мийг хохиролгүй болгоно. Би уг нь Боос авсан үхэрнүүдээ өөрийн үхэрнээс өгөөд дутууг нь амралтын мөнгө болон цалингийн зээл аваад үхэр худалдан авч өгнө гэж бодож байсан. Би он гараад өвөл Бт мөнгө өгье гэсэн боловч Б нь мөнгө авахгүй, үхрээ авна гэж хэлсэн учраас хараахан үхрийг нь авч өгч амжаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй. П.Б, М.М нарт холбогдох хэргийн зүйлчлэл буруу, хууль буруу хэрэглэсэн, илт хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад хэргийг шийдвэрлэж болохгүй гэдгийг анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгч прокурортой мэтгэлцсэн боловч шүүх хуулиар заасан үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл энэ хэрэг нь эргэлзээтэй М.Мтай иргэн П.М болон А.. ХХК аль нь ч мал маллах гэрээ байгуулаагүй. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна. Энэ хэрэг нь анхнаасаа  л хуульд заасан нотолбол зохих зүйлийг нотолж чадаагүй. Анхан шатны шүүх хурал дээр ч өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нар энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналуудыг тавьж байсан.Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтыг дутуу хийсэн талаар өмгөөлөгч анхан шатны хурал дээр ярьсан тул бусад асуудлыг давж заалдах хуралд санал тавих болно. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М гаргасан тайлбартаа: Прокурор болон шүүхээс намайг Бтой бүлэглэн М гэж хүний 14 тооны үхрийг завшсан гэмт хэрэгт буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг 2018 онд Хилийн цэргийн _____ ангид малын суурийн ахлагчаар ажиллаж байхад Бынх нүүж ирсэн. Түүнээс хойш бид бие биенийхээрээ орж гараад явдаг байсан. Би “...оронд нь үхэр өгнө...” гээд хүнээс мөнгө зээлсэн байсан. 2019 оны 10 сараас хүмүүс “...үхэр малаа авъя...” гэж ирсэн. Тухайн үед нь миний үхэр хол байсан учир би Боос “...ахдаа үхэр мал хэрэглүүлээч. Буцаагаад үхрийг үхрээр нь өгье...” гэж гуйсан. Гуйх болгонд Б зөвшөөрөөд өгч байсан. Б “...Хоёулаа Мийн үхрийг зарж борлуулъя...” гэж надад хэлээгүй. Би ч “...хоёулаа үхэр малыг нь зараад борлуулчихъя...” гэж Быг ятгаагүй. Б надад итгэж найдаад, туслая гэдэг үүднээс өгч байсан байх. Боос авсан 10 тооны үхрийг үхрээр нь, эсхүл мөнгөөр нь ямар ч байсан өгнө. Хэрэг шалгагдаж байх явцад энэ үхрийг Мийн үхэр гэдгийг мэдсэн. Иймд би Мийг хохиролгүй болгоно. 2020 оны 05 сарын дундуур буцааж өгөхөөр ярилцсан байсан. Хэрэгт татагдаад өгч чадаагүй байгаа. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б гаргасан тайлбартаа: Би үхрийг завшъя гэж бодоогүй. Мт үхэр өгсөн нь үнэн. Хариуцуулсан хөрөнгийг үрэгдүүлснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбартаа: Миний бие энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. ...Ингээд хэргийн материалтай танилцахад хулгай гэсэн зүйл ангийг өөрчилж хөрөнгө завших болгож, энэ талаараа хохирогч болон өмгөөлөгч надад танилцуулаагүй. Шүүх хуулийг илт буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул хулгайн зүйл ангиар нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ...Мын хувьд Мийн өмчлөлийн үхрийг өөрөө хариуцан маллаж байгаагүй. Бүлэглэсэн гэдгээр орж байгаа. Гэмт хэрэгт бүлэглэсэн байх шинж нь тухайн гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэж оролцсон байхыг шаарддаг. Гэтэл хэргийн бодит байдлыг харахад М, Б нарт “...Мийн 10 тооны үхрийг завшъя, үрэгдүүлье, ашиг олъё, өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор бусдад худалдъя...” гэсэн санаа зорилго байгаагүй гэдэг нь хэрэгт цугларсан баримтаас харагддаг. ...Харин бусдад эд хөрөнгө зээлүүлж байгаа иргэний харилцаа байна гэж харж байгаа. Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн биш гэдгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад авч, зарж борлуулаад, мөнгийг нь өөртөө завшиж, ашиг олох зорилготой байдаг. ...Мыг мөн энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүний үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Иймд Мын гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: Б хариуцан маллаж байгаа малаасаа завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Мын хувьд Быг бусдын малыг маллаж байгаа гэдгийг бүрэн дүүрэн ухамсарлаж мэдсээр байж малаас нь авсан. ...Нямсүрэн өмгөөлөгч “...зүйлчлэлийн хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдээд байна...” гэж тайлбарладаг. Гэтэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцаж байгаа этгээд болох Б тухайн малаа харилцан тохиролцож Мт өгөөд байгаа асуудал нь яагаад хулгайн гэмт хэрэг болдог юм бэ. ...Бтой мал маллах тухай гэрээ байгуулснаар тухайн мал түүний эзэмшилд түр шилжсэн бөгөөд Б нь энэ байдлыг ашиглаж бусадтай бүлэглэн завших гэмт хэргийг үйлдсэн... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны болсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм бурууд нь тохирсон шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.М, П.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч М.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.М эзэмшлийн малыг маллахаар итгэмжлэн хариуцан авч, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд Дорнод аймгийн Матад суманд 4 тооны үхрийг, мөн тухайн цаг хугацаанд Мтай бүлэглэн 10 тооны үхрийг завшиж бусдад 15 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.М нь иргэн П.Мөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр П.Бт итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд бүлэглэн Дорнод аймгийн Матад суманд 10 тооны үхрийг завшиж бусдад 9 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, иргэний нэхэмжлэгч Н.Г, гэрч О.Г, Б.Г, М.Б, Д.Г, Б.Н, Х.М, Ц.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, “А..” ХХК-ний хөдөлмөрийн гэрээ, мал маллуулах гэрээ, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.М нь давж заалдах гомдолдоо “...Намайг буруутгасан эрүүгийн хуулийн зүйл анги нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэсэн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Миний Боос авсан 10 тооны үхрийг П.М гэх хүн надад хариуцуулж үлдээгээгүй. ...Тухайн үед үхэрний хэрэг гараад Боос гуйж нийт 10 тооны үхрийг дараа нь буцааж өгөхөөр ярилцаж авсан нь үнэн. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч П.Б нь “А..” ХХК-тай хөдөлмөрийн болон мал маллуулах гэрээ байгуулж малыг нь маллах үүрэг хүлээсэн атлаа итгэмжлэн өгсөн малыг өөрийн өмчийн адил дур мэдэж М.Мт 10 тооны үхэр өгсөн, шүүгдэгч М.М нь П.Быг 2018 оны 11 сард 200 гаран тооны үхэртэй нүүж ирсэн, уг мал нь бусдын мал гэдгийг мэдсээр байж 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд 6 удаагийн үйлдлээр 10 тооны үхэр авч үнэ хөлсийг нь төлөлгүй, өөрөө идшинд хэрэглэх, бусдад өрөндөө өгөх зэргээр өөрийн өмчийн адил захиран зарцуулж, хохирлыг одоо хүртэл төлж барагдуулаагүй талаар хэн аль нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба энэ нь гэрч Н.Г, Б.Г, М.Б Ц.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч П.Б, М.М нарын дээрх үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарагдахгүй бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч П.Б нь “А..” ХХК-тай хөдөлмөрийн /хх-ийн 66-67/ болон мал маллуулах гэрээ /хх-ийн 68-70/ байгуулан маллаж байсан болох нь тогтоогдож байх тул хулгайн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Мын “...Тухайн үед үхэрний хэрэг гараад Боос гуйж нийт 10 тооны үхрийг дараа нь буцааж өгөхөөр ярилцаж авсан нь үнэн. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан  “...П.Б, М.М нарт холбогдох хэргийн зүйлчлэл буруу, хууль буруу хэрэглэсэн, илт хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад хэргийг шийдвэрлэж болохгүй. ... Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна.” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, П.Б нарын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.НАРАНБАЯР

                           ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                              Ж.ДОЛГОРМАА