| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/08084/И |
| Дугаар | 102/ШШ2017/00569 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00569
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00569 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Р.Алтантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... байр, ... тоотод оршин суух, Б овогт Э М/РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Д овогт Ц-ийн Г /РД: .../-т холбогдох,
Гэм хорын хохиролд 11,840,194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Ц.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.М миний бие 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц.Гийн хамт Дархан явах замд осолд орж хүзүүний 5 дугаар нугалааны их биеийн хугарал, мултрал, нугас дарагдал, нугасны гэмтэл, 4-н мөчний саа, саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал гэсэн оноштойгоор хагалгаанд орсон бөгөөд одоог хүртэл хэвтэрт эмчлүүлж байна. Ц.Г нь 2015 оны 11 дүгээр сар хүртэл намайг асарсан, үүнээс хойш асарч чадахгүй, ажил хийж мөнгө төлнө гээд явсан боловч хохирол төлөөгүй. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын дагуу Ц.Гоос эмчилгээний зардал болох 4,840
,194 төгрөг, асрагчийн цалин 5,000,000 төгрөг, өмнөх өгнө гэж нотариатаар батлуулсан төлбөрөөс үлдсэн 2,000,000 төгрөг, нийт 11,840,194 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Агийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ц.Г 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан явах замд машин барьж яваад өөрийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч Э.Мд хүнд гэмтэл учруулсан. Шүүхээс гэм хорын хохиролд 11,500,000 төгрөгийг Ц.Гоос гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс Ц.Г 9,500,000 бэлнээр өгсөн гэж ярьдаг боловч тийм мөнгийг Ц.Гоос аваагүй. 11,500,000 төгрөгөөс Ганзориг нь Э.Мтай тохиролцоод 9,500,000 төгрөгийг авахаар болсон. Түүнээс 4,000,000 төгрөгийг бэлнээр аваад 3,500,000 төгрөгийг зөөврийн сууцны төлбөрт суутгасан. Үлдсэн 2,000,000 өгөхөөр тохиролцсон. Ц.Г нь Э.Мг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл сахиж байсан бөгөөд үүнээс хойш “сахиж чадахгүй асрагчийн мөнгийг ажил хийж байгаад өгнө” гэж хэлээд явсан. Иймд эмчилгээний зардал, асрагчийн зардал, тохиролцооноос үлдсэн төлбөрт нийт 11,840,194 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Н-ийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: Нэхэмжлэгч Э.М гэмтэл авснаас хойш нэг ч удаа босоогүй бөгөөд 9 настай хүүхэдтэйгээ хөлсний байранд амьдардаг. Эрүүгийн хэргийн шүүх хурал хүртэл Ц.Г асарсан бөгөөд шүүх хурлаас хойш асрагч авах зайлшгүй шаардлага гарсны улмаас сарын 500,000 төгрөгөөр асрагч цалинжуулж ажиллуулсан. Тухайн шүүх хурлаас өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд эмчилгээний зардалд эм тариа, шингэний гэх мэт зардлууд орсон. Эрүүгийн хэргийн шүүх хурлын өмнө бүх зардал 11,400,000 төгрөг байсан. Үүнээс Ганзоригтой тохиролцоод 4,000,000 төгрөгийг бэлнээр авсан. “Цаашид би харж чадахгүй асаргааны зардлыг төлнө” гэж Ганзориг хэлж байсан. Эдгээр зардлуудыг төлснөөр үлдэгдэл 2,000,000 төгрөг үлдсэн. Үүнийг нэхэмжилж байна. Энэ дээр хоол хүнсний зардал ороогүй. Өнөөдөр Э.М осолд ороогүй байсан бол хөлсний байранд амьдрах байсан ч юм уу, ажлаа хийгээд хүүхдээ тэжээгээд аваад явах чадвартай байсан. Одоо байнгын хэвтэрт байгаа бөгөөд асаргааны зардлаа өгөхгүй байна. Мөн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахад гэм хорын нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлдөггүй бөгөөд нэхэмжлэгч хууль эрх зүйн мэдлэг тааруугаас болж улсын тэмдэгтийн хураамжид 200,400 төгрөг төлсөн байна лээ, үүнийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Гийн шүүхэд гаргасан тайлбарт: Осол гарснаас хойш Э.М эмнэлэг дээр би өөрийн биеэр сахиж, асарч байсан, Бид түүний эмчилгээний зардлын талаар ярилцаж тохиролцоод 11,500,000 төгрөгийг би төлөхөөр болоод 9,500,000 төгрөг түүнд 2016 оны 1 дүгээр сард төлсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг Э.Мгийн гэрт нь 2016 оны 7 дугаар сард очиж өгсөн. Эмчилгээний болон асрагчийн зардалд 11,840,194 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ц.Гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний амьдрал хэцүү байна. Ганц өрхийн орлого олж байсан машинаа зараад мөнгө өгсөн. Ажил хийж чадахгүй бие өвдөөд машин барьж чадахгүй байна. Мөнгөтэй бол хохирлыг барагдуулж өгнө гэсэн бодол байна. Ээжийнхээ тэтгэврээр амьдарч байна. Мөнгөгүй боломжгүй байна. Санаатай осол хийгээгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ц.Гт холбогдуулж гэм хорын хохиролд 11,840,194 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ц.Г 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 55 минутын орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг “У” гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай буюу асфальтан зам дээр 44-70 УНИ улсын дугаартай, “Тоёота королла” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчин хурд хэтрүүлсний улмаас тээврийн хэрэгслийг онхолдуулж, дотор нь зорчиж явсан Э.Мгийн биед “хүзүүний 5 дугаар нугаламын их биеийн хугарал, мултрал, нугас дарагдал, нугасны гэмтэл, 4-н мөчний саа, саажил, аарцгийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал” бүхий хүнд гэмтэл учруулсан нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 0007 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ц.Гоос гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Э.М нь “би 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц.Гийн хамт Дархан явах замд осолд орж хүнд гэмтэл авсан бөгөөд одоог хүртэл хэвтэрт эмчлүүлж байна. Ц.Г нь 2015 оны 11 дүгээр сар хүртэл намайг асарсан, үүнээс хойш асарч чадахгүй, ажил хийж мөнгө төлнө гээд явсан боловч хохирол төлөөгүй. Ц.Гийн буруутай үйлдлээс надад эмчилгээний зардал болох 4,840,194 төгрөг, асрагчийн цалин 5,000,000 төгрөг, өмнөх өгнө гэж нотариатаар батлуулсан төлбөрөөс үлдсэн 2,000,000 төгрөг, нийт 11,840,194 төгрөгийн хохирол учраад байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч Ц.Г шүүхэд “... Осол гарснаас хойш Э.Мд хохирлыг төлсөн. Эмчилгээний болон асрагчийн зардалд 11,840,194 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан боловч шүүх хуралдаан дээр ”Миний амьдрал хэцүү байна. Ганц өрхийн орлого олж байсан машинаа зараад мөнгө өгсөн. Мөнгөтэй бол хохирлыг барагдуулж өгнө гэсэн бодол байгаа, гэвч мөнгөний боломжгүй байна, санаатай осол хийгээгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн, эм тариа болон асаргааны бусад бүтээгдэхүүн худалдаж авсан гэх баримтуудаас огноо, тэмдэггүй, бараа бүтээгдэхүүний нэр, үнийн дүн байхгүй, арилсан, буцаагдсан гүйлгээ 3 ширхэг баримт, мөн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Хохирол барагдуулах тухай /2,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний дотор төлнө гэх/ хэлцэл нь хуулбар буюу нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Харин Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн буюу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 0007 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө худалдан авалт хийсэн 16 ширхэг баримтыг үнэлэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь эмчилгээ хийлгэсэн, эм тариа болон асаргааны бусад бүтээгдэхүүн худалдан авсан, асрагч цалинжуулж ажиллуулсан нийт 5,897,464 төгрөгийн зардал нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ц.Гоос гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгож, үлдэх 5,942,726 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 204,400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Гоос гэм хорын хохиролд 5,897,464 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгож, үлдэх 5,942,726 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,400 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгосугай.
3.Хариуцагч Ц.Гоос улсын тэмдэгтийн хураамж 109,310 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
Х.ЭНХЗАЯА