Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/01205

 

2022 оны 04 сарын 22 өдөр                                  Дугаар 183/ШШ2022/01205                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Эмээлт дэнжийн 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, У онход овогт С А /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, 34 дүгээр байр, 28 тоотод байрлах, Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /РД:8155291/-д холбогдох,

 

 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 00000 дугаар тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээнээс татгалзаж, 5.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

                          

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хятадын боловсрол соёлын төвтэй БНХАУ-ын Тян Жин мужийн уламжлалт ангаах ухааны их сургуульд магистрын хөтөлбөрт хамрагдах “Тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээ”-г байгуулж 5.000.000 төгрөг бэлнээр төлсөн. Гэрээний 2.2 дах хэсэгт суралцагчид оюутны Засгийн газрын албан ёсны урилгыг 2020 оны 8-р сарын 20-ноос өмнө өгнө, 2.4 дэх хэсэгт Хятадын боловсролын төвөөс шалтгаалан БНХАУ-д суралцах ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны урилга ирээгүй тохиолдолд зуучлалын төлбөрийг 100% буцаан олгоно гэж тусгасан. Урилга ирээгүй, гэрээ биелэгдээгүй. Энэ хугацаанд гэрээгээ цуцалж мөнгөө авах талаар удаа дараа шаардсан боловч өөрийнхөө оронд өөр хүн заавал олж өгч мөнгөө олж ав, мөнгийг чинь БНХАУ-руу шилжүүлсэн, өгөх мөнгө байхгүй, гэрээг цуцлах боломжгүй, явдаг хуулийн байгууллагаараа яваад мөнгөө олж ав гээд гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хариуцагч биелүүлээгүй тул гэрээг цаашид биелүүлэх боломжгүй, хүчингүй гэж үзэж шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирсон хохирлоо хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.А нь БНХАУ-ын засгийн газрын магистрын тэтгэлэгт өөрийн хүсэлтээр өргөдөл өгсөн бөгөөд манай байгууллага нь гэрээнд зааснаар тухай оюутны материалыг сургуульд танилцуулж сургууль зөвшөөрсний үндсэн дээр зохих оюутнаас гэрээний дагуу авсан төлбөрийг сургуулийн хариуцсан ажилтанд вичат-апликэйшны төлбөр тооцоо ашиглан шилжүүлсэн болно. 2020 оны 1-р сараас БНХАУ-д корона вирусын цар тахал гарч Монгол улс болон БНХАУ хил гаалиа хааж БНХАУ-д суралцах оюутан хүлээж авах боломжгүй болж БНХАУ-ын их сургуулиуд 2020 оноос одоог хүртэл Дэлхий дахинаас нэг ч оюутан хүлээж аваагүй байна. БНХАУ-ын сургуулиуд болон БНХАУ-ын Тэтгэлгийн хорооноос суралцах өргөдөл өгсөн оюутнуудыг суралцах хугацаагаа хил гааль нээтэл хойшлуулах шаардлага тавьсан бөгөөд тухайн оюутан өөрийн хүсэлтээр явахаа больсон нөхцөлд гэрээний дагуу төлбөр буцаах үүрэг хүлээхгүй. С.Алтангэрэлтэй байгуулсан тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээний 2.3-д заасны дагуу оюутан өөрийн хүсэлтээр хувийн шалтгааны улмаас БНХАУ-д суралцахаас татгалзсан нөхцөлд Хятадын Боловсролын төв зуучлалын төлбөрийг буцаан олгох үүрэг хүлээхгүй. Энэхүү хил гааль хаагдсанаас БНХАУ-д суралцах албан ёсны урилга ирээгүй шалтгаан нь Хятадын Боловсролын төвөөс шалтгаалаагүй бөгөөд БНХАУ болон Монгол улсын хил гаалийн шийдвэр, корона вирус цар тахлаас шалтгаалсан учир гэрээний дагуу Хятадын боловсролын төв гэрээний төлбөр буцаах үүрэг хүлээхгүй. Харин 2022 оны 9 сард хил гааль албан ёсоор нээгдэхээр тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-д суралцах боломжтой. Манай байгууллага гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж С.Алтангэрэлд холбогдох сургуулийн материалыг бүрдүүлэн, тэтгэлэг гэрээний хураамжийн хамт Алтангэрэлийн суралцахаар шийдвэрлэсэн сургуулийн захиргаанд албан ёсоор хүргүүлж сургуулийн захиргаанаас Алтангэрэлийг суралцуулахаар хүлээн авснаар миний гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар,

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БНХАУ-ын тэтгэлгийн хорооны зөвлөлийн захидал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. С.А нь Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 011926 дугаар Тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээнээс татгалзаж, 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. 2020 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 0 дугаар тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээг талууд байгуулж, С.Алтангэрэл 2020 оны хичээлийн жилийн БНХАУ-ын магистрын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт суралцахаар, гэрээний хугацаа 2020.02.12-ноос 2020.12.01 хүртэл хүчинтэй байхаар тохиролцож, С.Алтангэрэл гэрээний дагуу Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад 0000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн байна.

 

5. Зохигч тэтгэлэгт хөтөлбөрийн гэх гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Иргэний хуульд зааснаар зуучлалын гэрээний харилцаа байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

6. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болох бөгөөд С.А Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нарын хооронд хийгдсэн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 01 хүртэл хүчинтэй байна.

 

7. Хариуцагч Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дарга Г.Б Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирсэн байна.  

 

8. Шүүх 2022.03.29-ний өдөр шүүх хуралдаан товлон зарласан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг оролцуулж хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу мөн өдөр хариуцагч Хятадын боловсрол, соёлын төв НҮТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.Б шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.

 

9. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2022.00.19-ний өдрийн тодорхойлолтоор Г.Б тус хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудас зэрэг баримтаар Г.Болд-Эрдэнэ оршин суугаа хаягаа өөрчилсөн тухайгаа шүүхэд мэдэгдээгүй байна.

Өөрөөр хэлбэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “...хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй” заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

11. Хариуцагч Хятадын боловсрол соёлын төв НҮТББ-ын БНХАУ-ын тэтгэлгийн хорооны захидал гэх баримтаар 5.000.000 төгрөгийг С.А төлөхгүй байх үндэслэл тогтоогдсонгүй.

 

12. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т суралцагч оюутны хүсэлт болон хувийн асуудлын улмаас оюутан БНХАУ-д суралцахаас татгалзсан тохиолдолд зуучлалын төлбөрийг буцаан олгох үүрэг хүлээхгүй, 2.4-т Хятадын боловсролын төв талаас шалтгаалан БНХАУ-д суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны урилга ирээгүй тохиолдолд зуучлалын төлбөрийн 100 хувь буцаан олгоно гэжээ.

 

13. Гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан, БНХАУ-д суралцах албан ёсны урилга одоо хүртэл ирээгүй байх тул Хятадын боловсрол соёлын төв НҮТББ зуучлалын төлбөрийн 100 хувь буцаан олгох үүрэгтэй байна.

 

14. Иймд Хятадын боловсрол соёлын төв НҮТББ-аас 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  С.А олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хятадын боловсрол соёлын төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас 94.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО