Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­103

 

 

 

 

        

 

 

 

    2024              07                   03                                             2024/ШЦТ/­­­­103                                               

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,    

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Д.Бө холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хапи өлзийт зам” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 7-95 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д.Б /РД:******************/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Д.Б нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Гашуун сухайт хилийн боомтын замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 71-29 ХӨВ улсын дугаартай Dayun маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14, 10 дахь тал/,

2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /2024.03.22-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт эрх хасагдсан/ /хавтаст хэргийн 27 дахь тал/,  

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Давагдоржийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 9 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Б “…би 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-д ганц мод гэх газрын андууд гэх газарт орой буудалд амарч байхдаа 2 ширхэг пийжүү уусан тэгээд тэндээ хоночхоод 2024 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед БНХАУ-с гашуун сухайт боомтоор Монгол улсын хилээр гарч ирсэн хилээр гарч ирээд триминалын уулзвар дээр хамгаалалтын ажилчид намайг архи уусан байна гээд цагдаа дуудаад намайг шалгуулсан тэгээд цагдаа ирээд драгер багаж үлээлгэн шалгахад 0.60% согтолттой гарсан. ...5-6 километр газар л жолоодсон байх...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.             

           Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 27 дахь тал/

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдэл гэж заажээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлжээ.  

Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Гашуун сухайт хилийн боомтын замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0.60 хувийн согтолттой үедээ 71-29 ХӨВ улсын дугаартай Dayun маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон эрүүгийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг хангажээ.

              

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 25 дахь тал/  

   Иймд, шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ