| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/00867/И |
| Дугаар | 102/ШШ2019/02457 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2019/02457
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, З.Доржнамжин, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Б.Х
Нэхэмжлэгч Г.Г
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч БЖ.Ц-д холбогдох ажил хэргийн нэр хүнд, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гүтгэлийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах, нэр хүндэд халдсаны хохирол 150.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б........, Г.Г..........., Б.Х.......... нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Н.........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц............., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б.............., иргэдийн төлөөлөгч Ц.Ал........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б........, Г.Г..........., Б.Х.......... нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.А.......-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ц.......... С1 телевизорын Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Б........, Г.Г..........., Б.Х.......... нар ажлаас халагдсан.
Яагаад гэвэл, эд нар 19 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан. Тэр явагдсан тендерүүд дандаа хэл амтай. Үүнээс болж энэ сургуулийн эм эмнэлгийн ажил хойшлогдсон. Сонгон шалгаруулалт явагдсан компаниудад давуу эрх олгосон.
Төрийн өмчийн хорооноос акт тавигдсан. Банкны баталгаа хуурамчаар гаргасан ийм л хүмүүс. Дээрээс нь ёс зүйгүй авирыг удаа дараа гаргаж, Ерөнхий сайд албан газар архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн байхад тэр хүмүүс согтууруулах ундааг хэрэглэж орж ирээд агсам согтуу тавьж байсан гэж худал мэдээдэл тарааж доромжилсон. Бид хэзээ ч 19 тэрбум төгрөгийн зөрчил гаргаагүй, хууль ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн.
Иймд ажил хэргийн нэр хүнд, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гүтгэлэгийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан уучлал гуйх, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах, нэр хүндэд халдсаны хохирол 150.000.000 төгрөгийг Б.Х.........., Г.Г..........., Ц.Б........ нарт хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ж.Ц.......... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ц.Б........, Г.Г..........., Б.Х....... нар А......-д ажиллаж байгаад ажлаасаа хууль болон зохих журмын дагуу чөлөөлөгдсөн.
Миний бие С1 телевизорын Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо хэн нэгний ажил хэргийн нэр хүнд, нэр төрд халдаж, гүтгэлэг явуулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч телевизорын нэвтрүүлэгт оролцохдоо миний нэр, ажил хэргийн нэр хүнд халдсанд гомдолтой байна.
Тухайн үед тендерийн хорооны дарга байсан нь үнэн боловч ямар нэгэн хууль зөрчсөн үйлдлийг гаргаагүй. Тиймээс өнөөдөр Анагаахын их сургуулийн эмнэлэг баригдаад, ашиглалтанд ороод явж байна.
Намайг банкны бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэсэн. Энэ бол тендерт оролцсон компани банкны баталгааг хуурамчаар бүрдүүлсэн асуудал. Тамга, тэмдэг, гарын үсэгтэй эх хувиар нь баримт авчирч өгөхөд, наад бичиг чинь хуурамч байна гэж хэлэх эрх надад байхгүй. Энэ асуудлаар би өөрөө Авлигатай тэмцэх газар өргөдөл гаргаж шалгуулахад надад хамааралгүй болох нь тогтоогдож, тус компанид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.
Мөн 19 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан гэж хэлсэн. Энэ мөнгө А......-ийн нэг жилийн төсөв. Ямар ч үндэслэл, баримтгүйгээр хүнийг ингэж хэлж болдог юмуу. Ажил дээр ирж агсам согтуу тавьсан гэлээ. Ийм асуудал болоогүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч Б.Х.......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад гаргасан алдаа зөрчил байхгүй. Миний нэр хүндэд халдсанд гомдолтой байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч Г.Г........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ц.Б........тай санал нэг байна. Хүнийг дураараа доромжилж болохгүй. Энэ мэдээлэлийг гэр бүл, ах дүүс, найз нөхөд, аав, ээж, анагаахын сургуулийн 1500 гаруй оюутан, багш ажилчид сонсож, мэдсэн байгаа.
Бүтэн нэг жил ажилгүй байна. Ажилд орохоор очиход энэ асуудлын талаар асууж байна. Яаж өөр ажилд орохын. Хүнийг гүтгэчихээд, Ж.Ц.......... Улсын их хуралд нэр дэвшинэ гэж мөрөөдөөд байж байгаа биз. Гомдолтой байна. Нэхэмжлэлээ дэмжинэ, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь:
Нэхэмжлэгч нар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хяналт шалгалт, Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр зөрчил гаргасан нь нотлогдсон. Энэ шалгалт явагдах үед эдгээр ажилчид тендерийн хороонд ажиллаж, нэхэмжлэгч Ц.Б........ дарга нь байсан. Шалгалтаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, тендер шалгаруулахдаа хууль зөрчсөн нь тогтоогдсон. Сургуулийн эмнэлэгийн ажил хойшлогдсон. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Ажлаас халагдсан талаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй. Хариуцагч нэвтрүүлэгт орохдоо нэр зааж хэлээгүй, тэд гэж ярьсан. Энэ бүхнийг тендерийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Б........ мэдэж байгаа. Ямар зөрчил гаргасан талаар тайлан, актуудад тусгагдсан.
Иймээс нэгдүгээрт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага хангаагүй.
Хёрдугаарт: Нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон баримт байхгүй. Цэнзургүй яриа нэвтрүүлэгт үзлэг хийсэн. Нэвтрүүллэгт А......-ын захирал доктор Ж.Ц.......... гэж орсон байдаг. Иргэн, хуулийн этгээд хоёр нь ялгаатай.
Гуравдугаарт: 150.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах гэсэн нь үндэслэлгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 онд А......-д шалгалт явуулсан. Шалгалтын зорилго 2017 оны Улсын хөрөнгийг захиран зарцуулах, ашиглалтын талаар. Энэ шалгалтаар тус сургуулийн худалдан авах ажиллагааг бүхэлд нь шалгасан. Нээлттэй явуулсан тендерийн үйл ажиллагаа журмын дагуу явагдаагүй. Тендерт хуурамчаар баримт бүрдүүлж, барилга угсралтын туршлагагүй компанийг шалгаруулж, улсын төсөвт 19 тэрбум 79 сая төгрөгийн хохирол учруулсаныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо баталсан.
Нэхэмжлэгч Ц.Б........ 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А......-ын хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар, Б.Х.......... 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хангамж үйлчилгээний хэлтэст түр оронтоогоор нэгтгэлийн инженерээр, Г.Г........... 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тендер худалдан авалт ажиллагааны хэлтэст томилогдон ажилласан.
Ингэхдээ Тендерийн бүрэлдэхүүнээс болж улсад хохирол учирсан гэсэн.
Цэнзургүй яриа нэвтрүүлэгт хариуцагч алдаа дутагдалын талаар нотлох баримттай зүйл ярьсан. Түүнээс биш хэн нэгнийг гүтгэсэн, нэр хүндэд халдсан, худлаа мэдээлэл тараасан зүйлгүй. Энэ нь Төрийн өмчийн бодлого зохион байгуулалтын хорооноос гаргасан тогтоолоор үндэслэлгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х.........., Г.Г..........., Ц.Б........ нар, хариуцагч Ж.Ц..........д холбогдуулан ажил хэргийн нэр хүнд, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гүтгэлийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх, нэр хүндэд халдахгүй байхыг даалгах, нэр хүндэд халдсаны хохирол 150.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Иргэний нэр, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гүтгэлийг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх шаардлагын тухайд:
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлахад,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тогтоол, Шалгалтын тайлан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн .................... дугаартай актуудад дурдсан зөрчлийг А......-ийн захирлаар ажиллаж байсан А.Б..........аар нөхөн төлүүлж, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нарт хамааралгүй, ямар хохирол учруулсаныг тогтоогоогүй, нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэхгүйгээр бусдын нэр хүндэд хариуцагч халдсан нь тогтоогдож байна.
Иймээс Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дугаар заалтад хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх,
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар шүүх хэлэлцүүлгийн явцад хариуцагч Ж.Ц.......... С1 телевизорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг 00 минутанд эфирт цацагдсан Цэнзургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо биднийг 19 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан, Төрийн өмчийн хорооноос акт тавигдсан, банкны баталгаа хуурамчаар гаргасан, албан газар согтууруулах ундаа хэрэглэн, агсам согтуу тавьсан гэж худал мэдээлэл тарааж, нэр хүндийг бүдүүлэгээр, гүтгэн доромжилсон гэх тайлбарыг гарган маргаж, уг нэвтрүүлэг ард иргэдэд хүрч, бичлэг цааш YouTube-ээр түгээгдэж, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэлээ бодит үнэнд нийцэж байгаа, үнэн зөв гэдгийг нотлох үүрэгтэй боловч нотлож чадаагүй тул иргэн Б.Х.........., Г.Г..........., Ц.Б........ нарын нэр, нэр төр, алдар хүндийг сэргээж, мэдээ тарсан хүрээ, хэлбэр зэргийг харгалзан, мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээрээ дамжуулан няцаалт хийж, уучлалт гуйхыг эрх зөрчигчид даалгах нь зүйтэй байна.
2. Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагын тухайд:
Хариуцагч С1 телевизорын Цэнзургүй яриа нэвтрүүлэгт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр оролцож, нэхэмжлэгч нарыг ажлаас халсан гэж ярьсан нь А......-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Ц.Б........, Г.Г..........., Б.Х.......... нарыг Ажлаас халсан тушаалаар нотлогдож, нэхэмжлэгч нар шийдвэрийг эс зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй ба цаг хугацааны хувьд дээрх тушаал, хариуцагчийг нэвтрүүлэгт оролцохоос өмнө гарсан болох нь тогтоогдож, ташаа мэдээлэл өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3.Нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах шаардлагыг нэхэмжлэгч нар гаргасан боловч иргэний нэр төрийг сэргээж, хариуцагчид тараасан хэлбэрээр няцаахыг үүрэг болгосон тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Нэр хүндэд халдсаны хохирол 150.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ мэдээ тараасан цар хүрээ, арга хэрэгслийг харгалзан үзэж, нэр хүндэд халдсаны хохирол 150.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан боловч хариуцагч тухайн нэвтрүүлэгт оролцон, мэдээлэл хүмүүст хүрсэнээс хойш ямар бодит хохирол учруулсан, сэтгэл санаа, бие сэтгэлийн хөдөлгөөн, бие махбодид ямар үр дагавар үүсэж, нөлөөлсөн нь тогтоогдохгүй байх тул 150.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.048.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 596.700 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 210.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х.........., Г.Г..........., Ц.Б........ нарын нэр, нэр төр, алдар хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан арга хэрэгсэлээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Жадамба овогтой Ц..........д үүрэг болгож, үлдсэн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр хүндэд дахин халдахгүй байхыг даалгах, хохирол 150.000.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.048.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 596.700 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 210.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
А.САРАНТУЯА