| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0107/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-07-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
2024 07 04 2024/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,
Шүүгдэгч: Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Ц.Т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 28-р хороо, 51-1-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ц.Т /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-7 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Жавхлангийн “...манай байгууллагын North Benz маркийн 18-53 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцаж байсан жолооч Б.Мягмарсүрэнгийн найз Ц.Түвшинбат гэх залуу 2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цаг орчмын үед согтуу ирээд 18-53 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, зүүн талын хаалганы шил, зүүн талын хаалганы гадна толь хагалсан гэсэн... North Benz маркийн 18-53 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа.” /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мягмарсүрэнгийн “...2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 18 цаг өнгөрч байх үед нүүрс тээврийн 2 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс хүнсээ аваад дэлгүүрээс гараад ирэхэд Ц.Түвшинбат дэлгүүрийн гадаа байсан тэгээд сайн уу найз гэхэд Ц.Түвшинбат согтуу миний өөдөөс алан шүү гөлөг минь гээд хэл амаар доромжлоод байсан тул би Шанх Майнинг ХХК-ийн хашаанд байрлуулж тавьсан Beiben North Benz маркийн 18-53 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүүгээ зугтаагаад яваад өгсөн. Гэтэл 19 цаг өнгөрч байхад миний машин дээр Ц.Түвшинбат ирээд чи муу буугаад ир гээд намайг хэл амаар доромжлоод байсан тул би согтуу хүнтэй маргалдаад төвөг гэж бодоод Beiben North Benz маркийн 18-53 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор талаас нь түгжээд дотор нь сууж байж байхад миний машин руу Ц.Түвшинбат чулуу шидэж урд талын салхины шил болон тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы салхины шилийг хагалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 652/ДД№30511029 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.Түвшинбатын “…би ганцаараа уусан байсан бөгөөд найз Б.Мягмарсүрэнтэй нүүрс тээврийн 2 дахь километрт байрлах дэлгүүрийн гадаа таарсан тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийн талаар санахгүй байна. Тухайн үед би нэлээн согтуу байсан харин Б.Мягмарсүрэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан… Beiben North Benz маркийн 18-53 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, зүүн хаалганы салхины шил болон толийг бүрэн бүтэн болгож өгсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ц.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Т гэмт үйлдлийн улмаас хохирогч “Аранзал-Алаг” ХХК-ийн эзэмшлийн 1853 ӨМЭ улсын дугаартай Beiben North Benz маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Тт нь хохирогч “А” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрт 730,363 /долоон зуун гучин мянга гурван зуун жаран гурав/ төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 68, 73 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж нь гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Т хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Т урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 69 дэх тал/
Иймд, шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Т нь хохирогч “А” ХХК-ийн хохирол төлбөрт 730,363 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан нь гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ