| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
2024 07 09 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б.А холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Дэвшилтэд эрин” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, хуучин хорооллын 21-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.А /Регистрийн дугаар: ********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг нээх тухай тогтоол, хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Номин-Эрдэнийн “...тэгээд 23 цагийн үед би Хонгорзулын хамт бие засахаар 00 өрөө явсан. Тэгсэн 00 орсон чинь эмэгтэй 00-ийн үүдэн дээр улаан цамцтай ах зогсож байсан. Эмэгтэй 00-ийн хаалга хаалттай байсан. Тэгээд Хонгорзул эмэгтэй 00-ийн хаалга онгойлгох гээд татсан чинь нэг танихгүй эгч танихгүй залууг эмэгтэй 00-ийн өрөөнөөс түлхээд гаргаж байсан. Тэгээд би тэр түлхүүлээд унасан эрэгтэй хүний хажуугаар нь өнгөрөөд 00 орох гэсэн чинь хоёр өрөө нь хоёулаа хүнтэй байсан. Тэгээд хүнтэй байхаар эргээд хаалгаар гаргах гэсэн чинь үүдэнд зогсож байсан улаан цамцтай ах миний нүүрэн тус газар гараараа шууд цохисон....намайг шууд ирээд өшиглөөд, дахиад нүүрэн тус газар цохиод үснээс зулгаагаад газар унагаасан. Тэгээд миний шанаа тус газар өшиглөхөөр нь би гараараа хориод нүүрээ хамгаалсан чинь миний зүүн гар тал руу өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
Үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Хонгорзулын “...тэгээд би хэд бүжгийн талбайд бүжиглэж байгаад 23 цагийн үед Номин-Эрдэнэ бид хоёр бие засахаар 00-ийн өрөө рүү явсан. Тэгээд эмэгтэй 00-ийн өрөө хаалттай байсан болохоор би хаалгыг нь татах гэсэн чинь өөдөөс нэг танихгүй залуу унасан. Тэгээд би хараад зогсож байсан чинь хажуу талд нь манай найзыг зодсон эрэгтэй зогсож байсан. Тэхээр нь би зөөгчид нь хэлэх гээд цаашаа гүйгээд явсан. Тэгээд зөөгчид нь тэнд зодоон болох гээд байна гэж хэлчхээд цаашаа яваад ширээн дээрээ очоод Ууганцэцэгт болсон явдлын талаар хэлээд байж байсан чинь Номин-Эрдэнэ ирээд би сая 00-ийн өрөөнд хүнд зодуулчихлаа гэсэн... Ууганцэцэг бид хоёр 00-ийн өрөө рүү очиход тэр зодсон залууг нэг залуу бариад зогсож байсан. Тэгээд би тэр залуугаас нь энэ манай найзыг зодсон юм уу гэж асуусан чинь тиймээ эмэгтэй хүн зодоод байж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 403 дугаартай “1. А.Номин-Эрдэнийн биед тархины доргилт, дээд уруулын цус хуралт, салстын язрал, зүүн сарвууны цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Амарбаясгалангийн “…тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул юу болсон талаар санахгүй байгаа. Тухайн хэрэг болсны дараа би Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гранд Кастел баарны бичлэгийг үзсэн бөгөөд танихгүй эмэгтэйн биед гэмтэл учруулсан байсан. Би тухайн үед танихгүй эмэгтэйн биед гэмтэл учруулсан хүлээн зөвшөөрч байна. Тухайн эмэгтэй ямар эмэгтэй байсныг одоо би мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 122 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ахохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөсөн үйлдэл болон хохирогч А.Н биед тархины доргилт, дээд уруулын цус хуралт, салстын язрал, зүүн сарвууны цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.А өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Н бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ан нь хохирогч А.Н эмчилгээний хохирол төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Хохирогч А.Н нь гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 77 дахь тал/
Иймд, шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь хохирогч А.Н 1,500,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ