Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­108

 

 

 

 

 

 

   

 

    2024             07                   08                                                2024/ШЦТ/­­­­108                                              

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Шүүгдэгч: У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт У.С холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, жаргалантын 1-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овгийн У.С /Регистрийн дугаар: ***********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч У.С нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэнэс таван
толгойн “Цанхи” хотхоны гал тогооны өрөөнд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ө үл ялих зүйлээс маргалдан Б.Ө бие эрх чөлөөнд халдаж, Жанчивлан нэртэй ус шидсэний улмаас тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.С нь мэдүүлэхдээ: ‘’Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байгаа  цаашдаа өөрөө өөрийнхөө  уур уцаарыг хянах, өөрөө өөрийгөө захирч сурах  тал дээр анхаарах болно  гэж хэлье.’’ гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Т нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би  Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  шилжүүлсэн У.Саруулд холбогдох 2429000620081 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. У.Саруул нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэнэс таван  толгойн Цанхи хотхоны гал тогооны өрөөнд  2024 оны 1  дүгээр сарын 26-ний өдөр Өнөрсайхантай үл ялих зүйлээр маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж Жанчивлан  нэртэй ус шидсэний улмаас тархины доргилт, хоёр нүдний зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирлыг нь санаатай  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол  гал тогоонд болж байгаа үл ялих зүйлээс хоорондоо маргалдаж,  үл ойлголцсон ийм зүйлээс болсон гэж үзэж байгаа аль  аль нь  биеэ хянах, тэсвэр тэвчээртэй байх, ийм асуудалд хүлээцтэй хандах чадваргүйгээс хэрүүл,  маргаан үүсэж, улмаар бусдын эрх чөлөөнд халдсан ийм гэмт хэрэг үйлдэгдсэн  шалтгаан нөхцөлийг хэлж байгаа юм  тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд У.Саруулыг тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд  хохирогчийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд болоод прокурорын хяналтын шат, шүүх хуралдааны шатанд биеэр ярилцаж хүрэлцэн ирж оролцоогүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа учраас У.Саруулыг бусдад төлөх төлбөргүй байна  гэж  үзэж байна.’’ гэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Өнөрсайханы 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өгсөн "....Саруул нь ууртай орж ирээд бид хэдтэй хэрэлдэж байх зуураа гартаа барьж байсан "Жанчивлан" нэртэй тал усаа над руу шидэхэд миний зүүн нүдний дээд хэсэгт оночихсон юм. Маргааш нь миний зүүн нүдний тэр чигтээ хавдаж улайгаад надад ажлаа хийхэд хэцүү байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон..., надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, надад ямар нэгэн гомдол, санал байхгүй." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56, 60-61 дэх тал/,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Мөнхбаярын: “...тэгээд хэрүүл нь даамжраад Өнөрсайхан Саруул рүү 10 орчим бичгийн цаас, бас нэг дэвтэр шидсэн чинь Саруул Өнөрсайхан руу ууж байсан Жанчивлан нэртэй устай сав шидсэн чинь “түк” гэх чимээ гараад Өнөрсайхан “би чамд байтугай нөхөртөө ч ингэж зодуулж үзээгүй шүү гээд орилоод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гэрэлтуяагийн: “....Тухайн үед Саруул хүн үг хэлүүлэхгүй уурлаад тэр нь Өнөрсайхан, Саруул нар хоорондоо хэрэлдээд нэгнийгээ харааж байгаад Өнөрсайхан дэвтэр бичгийн цааснуудыг Саруул руу шидсэн чинь Саруул Жанчивлан нэртэй ууж байсан дундуур рашааныг Өнөрсайхан руу шидсэн тухайн үед Өнөрсайхан миний баруун ард талд зогсож байсан. тэгээд Саруулын шидсэн рашаан миний баруун гарыг оноод Өнөрсайханыг онох шиг болоход Өнөрсайхан Саруул руу орилоод “чи муу яаж байна аа гээд Саруул руу дайрах гэхэд нь би Өнөрсайханыг тэврээд болиулсан, Саруул Өнөрсайхан руу дайрахад нь Буянт- Эрдэнэ, Батдэлгэр нар Саруулыг хориглож болиулсан тэгээд Саруул гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Буянт-Эрдэнийн: “....тэгээд Өнөрсайхан Саруул хоорондоо ажил албан тушаалаасаа болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд Өнөрсайхан бичгийн цааснууд ХАБ-ын улаан дэвтэр хоёрыг Саруул руу шидчихсэн чинь Саруул ширээн дээр байсан Жанчивлан нэртэй рашааныг Өнөрсайхан руу шидсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 88 дугаартай "Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Б.Өнөрсайханы биед тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч У.Саруулын “...би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Эрдэнэс таван толгой Цанхи хотхонд түр ажиллаж байрласан. Тухайн үед буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд хотхоны гал тогооны арын өрөөнд би болон Батгэрэл, Буянт-Эрдэнэ, Өнөрсайхан, Мөнхбаяр, Гэрэлтуяа нарын хамтаар хог хаях асуудлаас эхлээд маргаан үүсээд байж байсан. Тэгэхэд Өнөрсайхан над руу ХАБЭА-н улаан өнгийн дэвтэр, бичгийн цаас зэрэг зүйлс шидсэн. Би бага зэрэг уур хүрээд Өнөрсайхантай хэрэлдээд гал тогооноос гарахаар явсан, би гал тогооноос гарах үед ширээн дээр байсан тал савтай усыг аваад Өнөрсайханы нүүр хэсэгт шидсэн, тэгэхэд шидсэн усны сав Өнөрсайханы зүүн нүд, духны орчимд оносон. Тэгээд би тэр чигтээ гараад явсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор цагдаагаас намайг дуудаж шалгаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч У.С прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч У.С нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэнэс таван
толгойн “Цанхи” хотхоны гал тогооны өрөөнд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Ө үл ялих зүйлээс маргалдан түүний бие эрх чөлөөнд халдаж, Жанчивлан нэртэй ус шидсэний улмаас тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч У.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

           Шүүгдэгч У.С хохирогч руу Жанчивлан нэртэй ус шидсэн үйлдэл болон хохирогч Б.Ө биед тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч У.С нь хохирогч Б.Ө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрдэнэс таван толгойн “Цанхи” хотхоны гал тогооны өрөөнд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Өнөрсайхантай үл ялих зүйлээс маргалдан Б.Өнөрсайханы бие эрх чөлөөнд халдаж, Жанчивлан нэртэй ус шидсэний улмаас тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд, шүүгдэгч У.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Өнөрсайханы бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ө нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгч У.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Саруулд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч У.С “...хийсэн зүйлдээ маш их гэмшиж байгаа цаашдаа өөрөө өөрийнхөө уур уцаарыг хянах, өөрөө өөрийгөө захирч сурах тал дээр анхаарах болно  гэж хэлье.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч У.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч У.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 66 дахь тал/  

  Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж байна гэж үзлээ.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.  

 Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

             Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт У.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ө нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ