Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар  2024/ШЦТ/­­­­107 

 

 

 

 

 

 

    

    

     2024             07                   08                                               2024/ШЦТ/­­­­107                                              

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Шүүгдэгч: Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ц.Э холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,
“Хонгор бээст транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, шинэ хотхоны 504 тоотод
оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Сум дундын 15-р шүүхийн
2015 оны 01 сарын 27-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ч овгийн Ц.Э /Регистрийн дугаар: *********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Ц.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р
багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ноёд караокед 2024 оны 03 дугаар
сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
С.Э үл ялих зүйлээс маргалдан С.Э бие эрх чөлөөнд
халдаж, зодсоны улмаас тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал,
цээжний зүүн өмнө болон ар хэсэг, зүүн шуу, 2 талын өвдөг дэх цус хуралт, зүүн
өгзөгний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э нь мэдүүлэхдээ: ‘’Хохирогч Ч.Эрдэнэчулуунаас уучлалт гуйж, учраа олсон байгаа, шалихгүй асуудал гаргасандаа маш их харамсаж байна.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Т нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.Энхмөнхөд холбогдох эрүүгийн 2429001000080 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ц.Энхмөнх нь 2024 оны 3  дугаар сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  ноёд караоке бааранд үл ялих зүйлээр буюу энэ Дорноговийн хүн гэдэг ийм шалтгаанаар бусдын эрх чөлөөнд халдаж, зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна тийм учраас түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид 112,300 төгрөгийн хохирол учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан учраас бусдад төлөх төлбөргүй байна гэсэн ийм дүгнэлтийг гаргаж байна.’’ гэв.

           Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Э "...намайг 2024 оны 03 сарын 11-ний шөнө 23 цагийн үед миний гар утас руу Өлзийбаяр залгаад Чи ноёд караокед хүрээд ир гээд нэлээн согтуу залгасан намайг ноёд караокед очоод нэлээн сууж байхад Энхмөнх гэх залуу намайг Чи Дорноговь аймгийн хүн үү гэж асуухад нь би Дорноговь аймгийг биш ээ гэсэн. Тэгсэн Энхмөнх гэх залуу энэ муу Дорноговийнхон яах гээд байна аа гэж хэлснээ намайг гар зайл гэсэн тэгэхээр нь одоо би явлаа гэж хэлээд байж байхад гар зайл гичий минь гээд ширээн дээр байсан ундааны лааз над руу шидсэн. Тэгээд намайг босоход намайг цамцнаас заамдаад миний үснээс зулгаагаад газар дараад энэ тэнд өшиглөөд байсан. Тухайн үед Өлзийбаяр намайг тэр залуугаас салгасан. Тэгээд би цагдаагийн байгуулагд хандсан... биед үүссэн гэмтэлтэй холбоотой 112,300 нэхэмжлэх хүсэлтэй байна...." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61, 63 дахь тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Отгончимэгийн Би 2024 оны 03 сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед найз Энхмөнх, Шагдар, Өлзийбаяр нарын хамт Ноёд караокед ороод 1 литрийн Эдин нэртэй архи, 4 ширхэг лаазтай ундаа, 4 ширхэг ус захиалсан. Бид нар тэндээ байж байгаад 23 цагийн үед Ноёд караокеноос гарах гэж байхад Эрдэнэчулуун гэх эмэгтэй Ноёд караокены 02 тоот өрөөнд орж ирж суусан. Тэгээд Энхмөнх чи яах гэж яваа юм бэ, чи зайл би найзуудтайгаа байчий гээд Эрдэнэчулуун гэх эмэгтэйн
өөдөөс уурласан байдалтай хэлсэн гэтэл Эрдэнэчулуун чамд хамаагүй гэж хэлээд
хоорондоо маргалдаад байсан бөгөөд би тухайн үед Эрдэнэчулуун гэх эмэгтэйд
хандаж Энхмөнх согтуу байна битгий согтуу хүнтэй хэрэлдээд бай гэж хэлээд
нойлын өрөөнд ороод эргээд Ноёд караокены 02 тоот өрөөнд ороод ирэхэд Энхмөнх Эрдэнэчулуун хоёр биеийнхээ үснээс зулгаагаад газар хэвтээд байж байхад Өлзийбаяр Шагдар нар салгаж байсан. Тэгээд Энхмөнхийг Өлзийбаяр хоёр гараас нь бариад байж байхад Эрдэнэчулуун гэх эмэгтэй Энхмөнхийн нүүр хэсэгт
өшиглөөд чи гараад ир хоёулаа зодолдъё гээд гараад явсан. Тэгээд араас нь
Энхмөнх гараад текний тэнд Энхмөнх Эрдэнэчулууныг өшиглөхөд Эрдэнэчулуун
Ноёд караокеноос гараад гүйсэн удалгүй гаднаас цагдаа нартай орж ирсэн..." гэх
мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Өлзийбаярын "... би 2024 оны 03 сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед найз Энхмөнх болон түүний найз Шагдар, Отгончимэг нарын хамт Ноёд караокед ороод 1 литрийн Эдин нэртэй архи, 4 ширхэг лаазтай ундаа, 4 ширхэг ус захиалсан. Бид нар тэндээ байж байгаад 23 цагийн үед Ноёд караокеноос гарах гэж байсан бөгөөд би тухайн үед нэлээн согтсон байсан тул найз Эрдэнэчулууныг дуудаж намайг ирээд аваач би нэлээн согтсон байна гэхэд удалгүй Эрдэнэчулуун Ноёд караокены 02 тоот өрөөнд ороод ирсэн. Тэгээд би зөрөөд нойлын өрөө орчоод эргээд Ноёд караокены 02 тоот өрөөнд ороод ирэхэд Энхмөнх Эрдэнэчулууныг чи Дорноговийнх гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд Энхмөнх Эрдэнэчулууны үснээс зулгаагаад газар дарчихсан байсныг тул тэр хоёрыг
салгахад Энхмөнхийг Отгончимэг аваад гарсан. Тэгээд араас нь Эрдэнэчулуун
цагдаа дуудна гээд гарсан бөгөөд удалгүй цагдаа нартай ирсэн..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай "Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. С.Эрдэнэчулууны биед тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн өмнө болон ар хэсэг, зүүн шуу, 2 талын өвдөг дэх цус хуралт, зүүн өгзөгний зулгаралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.Энхмөнхийн “... 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед ноёд караокед найз Өлзийбаяр, Отгончимэг нарын хамт байсан. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж Эрдэнэчулуун гэх эмэгтэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар Эрдэнэчулууны биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

  Шүүгдэгч Ц.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Ц.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р
багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ноёд караокед 2024 оны 03 дугаар
сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
С.Э үл ялих зүйлээс маргалдан түүний бие эрх чөлөөнд
халдаж, зодсоны улмаас тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал,
цээжний зүүн өмнө болон ар хэсэг, зүүн шуу, 2 талын өвдөг дэх цус хуралт, зүүн
өгзөгний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

           Шүүгдэгч Ц.Э хохирогч руу ундааны лааз шидсэн, хөлөөрөө өшиглөсөн үйлдэл болон хохирогч С.Эрдэнэчулууны биед тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн өмнө болон ар хэсэг, зүүн шуу, 2 талын өвдөг дэх цус хуралт, зүүн өгзөгний зулгаралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Ц.Э хохирогч С.Эрдэнэчулууны бие, эрх чөлөөнд
халдаж, өшиглөж зодсоны улмаас тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн өмнө болон ар хэсэг, зүүн шуу, 2 талын өвдөг дэх цус хуралт, зүүн өгзөгний зулгаралт
гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд, шүүгдэгч Ц.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Э бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч С.Э эмчилгээний хохирол төлбөрт 112,300 /нэг зуун арван хоёр мянга гурван зуу/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 131 дэх тал/,

Иймд, шүүгдэгч Ц.Э хохирогч С.Э эмчилгээний хохирол төлбөрт 112.300 /нэг зуун арван хоёр мянга гурван зуу/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Ц.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Ц.Э “...хохирогч Ч.Эрдэнэчулуунаас уучлалт гуйж, учраа олсон байгаа, шалихгүй асуудал гаргасандаа маш их харамсаж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ц.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж байна гэж үзлээ.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Э нь хохирогч С.Э эмчилгээний хохирол төлбөрт 112,300 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ