| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0119/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
2024 07 18 2024/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Тө
Шүүгдэгч: Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуул1994
ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Т.Л холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Намнандоржийн “...миний ажилладаг байсан компани нь 2 тусдаа кемптэй байсан юм. Тэгээд би наад талд байдаг кемпэд ажилладаг байсан бөгөөд замын техник хэрэгслээ ачаад цаана байдаг кемп дээрээ ажиллахаар очсон юм. Тэгээд кемп дээр очихдоо нэг шил архи авч очсон байсан юм. Тэгээд кемп дээр Хатнаа, Бат-Эрдэнэ болон танихгүй 4-5 хүний хамт миний авчирсан байсан 0.75 литрийн Агар нэртэй архийг хувааж уугаад байж байсан чинь Лхамжав төвөөс 1 шил 0.75 литрийн архи, 2 литрийн пивоноос 2-ыг авчирсан юм. Тэгээд Лхамжав уухгүй байж байгаад трейлерийн жолоочтой 1 том пивыг аваад гараад явчихсан байсан юм. Тэгээд Лхамжав, трейлерийн жолооч 2 том тэрэгнийхээ кабинд уугаад сууж байхаар нь би тэр 2 дээр очоод хамт пивоноос нь уусан юм. Тэгээд ууж байгаад дуудлагын архи дуудаад 0.75 литрийн архийг, 2 литрийн пивоны хамт хамт аваад бид 3 хувааж уусан юм. Тэгээд би Лхамжав нь огт архи уухгүй, пиво уугаад байсан. Тэгээд би тасарчихсан байсан бөгөөд юу болсныг сайн санахгүй байгаа юм. Тэгээд өглөө нь ухаан орсон чинь хамраас цус гараад хатчихсан дэвсгэр даавуу цус болчихсон, баруун нүд хавдаад хөхөрчихсөн, хамар хавдчихсан зодуулчихсан байдалтай сэрсэн юм. Тэгээд би ажилдаа гараад явсан чинь эхнэртэйгээ дүрстэй дуудлага хийж ярихад миний царайг харсан бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-70 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай “1. Б.Намнандоржийн биед хамар ясны хугарал, баруун ухархай ясны дотор, доод ханын, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Б.Намнандоржийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Б.Намнандоржийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Лхамжавын “…би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэргээ хялбаршуулах хүсэлтэй байна. …” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.Лхамжавын хохирогчийг цохисон үйлдэл болон хохирогч Б.Намнандоржийн биед хамар ясны хугарал, баруун ухархай ясны дотор, доод ханын, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.Лхамжав өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээртэй шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Намнандоржийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Лхамжав нь хохирогч Б.Намнандоржийн эмчилгээний хохирол төлбөрт 1,093,040 /нэг сая ерэн гурван мянга дөч/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Шүүгдэгч Т.Лхамжав нь хохирогч Б.Намнандоржид 1,093,040 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл”-ийг тогтоож, танилцуулсныг хохирогч Б.Намнандорж нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хавтаст хэргийн 81 дэх тал/,
Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, учирсан өвдөлт, шаналал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлээр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660,000 x 5=3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоов.
Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхамжаваас 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Намнандоржид олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Л эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 85 дахь тал/
Иймд, шүүгдэгч Т.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Т.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н олгосугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Л нь хохирогч Б.Н 1,093,040 /нэг сая ерэн гурван мянга дөч/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ