| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/02390/И |
| Дугаар | 102/ШШ2019/03092 |
| Огноо | 2019-11-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/03092
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... т холбогдох,
...-ийн Зорчигчийн вагон депогийн даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-477 тоот Ц....д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Биеийн тамирын арга зүйч-бариа засалч ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:
Би ...д 2013-2015 онд ...эд вагон угаагч, 2015-2016 онд ... д тоног төхөөрөмжийн засварчин, 2017 оноос 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Биеийн тамирын арга зүйч, бариа засалчаар ажилласан. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс миний бие өвдөж, 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн хуудсаар, 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эмчийн магадлагаагаар өвдсөн боловч ажил олгогч хуурамч магадлагаа авсан гэх үндэслэлээр шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалсан гэж дүгнэн ажлаас үндэслэлгүй халсан. Тус магадлагааг Төмөр замын төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Д....аас авсан байдаг. Уг магадлагааг хуурамч эсэхийг тодруулахаар Зорчигчийн вагон депогийн орлогч даргын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 30/929 тоот албан бичгээр Төмөр замын төв эмнэлэгт хандсан байдаг бөгөөд, тус эмнэлгээс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 19/670 тоот албан бичгээр ...эмнэлгийн магадлагааг олгосон нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн хариуг ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэж заасан бөгөөд, энэ тохиолдолд ажил олгогч ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Гэтэл ажил олгогч шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалсан гэж хууль бусаар дүгнэж, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгуулан, эрхэлж байсан Биеийн тамирын арга зүйч-бариа засалчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 112 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 6,005,328 төгрөг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна.
... өвдсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 5.46 дахь заалт бол бусад үндэслэлээр чөлөө авах асуудал юм. Ажилтан өвдөхдөө удирдлагаас би өвдөж байна. Надад чөлөө олгоно уу гэж хандахыг тодорхойлсон ямар ч баримт бичиг байхгүй. ...г чөлөө авалгүй ажил тасалсан гэж байгаа нь үндэслэлгүй. 5 дугаар сарын 13-ны өдөр эмчийн үзсэн тэмдэглэлд үзлэгээр шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх гэж заасан байгаа. Эмнэлэгт хэвтэх хэмжээний өвчин байсан. Улмаар 5 дугаар сарын 20-ны өдөр бас дахиж үзсэн байдаг. Энэ үзлэгийг хийсэн эмч шүүхэд гаргасан тодорхойлолт дээрээ ийм өвчтэй байсан, ийм үйлчилгээ хийсэн, магадлагаа олгосон гэсэн байгаа. Эмэгтэй хүн гэдэг биологийн хувьд байгаа өвчний талаарх мэдээллийг ажил олгогчид өгөх үүрэг байхгүй. Энэ хувийн нууц. Эмнэлгийн магадлагааг ажил олгогчид өгсөн. 6 дугаар сарын 03-ны өдөр бол магадлагааг хуурамч эсэх талаарх лавлагаа ирээгүй байсан. ... эмнэлгийн цахим бүртгэлээр 3 сараас хойш дандаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж байсан. Өмнө нь листтэй байж байгаад, үргэлжлүүлээд өвдсөн. Ажилтан бие нь муудаад эмнэлэгт үзүүлэх гээд чөлөө хүсэхэд ажид олгогч чөлөө олгохгүй гэвэл яах вэ? Энэ өвчин ноцтой гэдгийг эмч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж бичсэнээр нотлогдоно. Ц.... одоо ажилгүй байна. Вагоны техникчийн хувьд өөр байгууллагад ажил олох хэцүү. Өвдөөгүй байж байгаад ажил тасалсан бол өөр хэрэг. Гэтэл ажлаас халахын тулд араас нь баримтаа бүрдүүлж явж байгааг харж үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.
Хариуцагч ...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.... нь ..д 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Биеийн тамирын арга зүйч-бариа засалчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Тэрээр 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ердийн өвчний улмаас эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байсан бөгөөд, уг эмнэлгийн хуудасны дуусах хугацаа 5 дугаар сарын 12-ны өдөр байсан тул 13-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Тэрээр 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага болон ажил олгогчоосоо ажлын 10 хоногоор тооцуулан авсан байдаг. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлын 5 хоног ажилдаа ирээгүй бөгөөд, хүний нөөцийн тасгаас утсаар залгахад утсаа авдаггүй байсан. Хожим ажилдаа ирэхэд нь хүний нөөцийн тасаг ажилтнаас энэ талаар тодруулахад өвчтэй байсан гэсэн тайлбар хэлж, 2 хоногийн дараа Төмөр замын төв эмнэлгийн эмчийн нэртэй эмнэлгийн магадлагаа гэх баримтыг Зорчигчийн вагон депод ирүүлсэн. Уг баримтыг Төмөр замын төв эмнэлгийн бүртгэлийн системийн лавлагаанаас шүүлгэж үзэхэд Ц.... 5 дугаар сарын 13-ны өдрөөс 20-ны өдрүүдийн хооронд эмчийн үзлэг, эмчилгээ хийлгэсэн тухай цахим системд бүртгэгдээгүй байдаг ба, тус эмнэлгийн эмч н.... гэх ажилтнаас хувийн харилцаагаа ашиглан хуурамчаар магадлагаа бичүүлж авсан нь тогтоогдсон. Энэ талаар Зорчигийн вагон депогийн удирдлагын хэмжээнд авч хэлэлцсэн хурлын үеэр Ц.... өөрөө албан ёсоор чөлөө аваагүй, эмнэлгийн магадлагааг хуурамчаар бичүүлж авсан, бодит байдал дээр өвчтэй байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээсэн байдаг. Ц.... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юмо. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.... нь 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд өвчтэй байсан гэж байгаа ч, хэрвээ үнэн байсан бол энэ тухайгаа ажил олгогчид мэдэгдэж, хууль журамд заасны дагуу эрхээ эдлэх ёстой байсан. Байгууллагын дотоод журмыг ажилтан мөрдөхгүй бол ажил олгогчоос мөрдүүлж, шаардлага тавих хэрэг байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүн өвдсөн л бол хэнд ч хэлэхгүй ажлаа таслаад яваад байж болох юм шиг яриад байна. Өвчтэй гэдэг тайлбараар ажлаа хаяад явдаг байж болохгүй. Эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн эмч гэрчээр сая хэллээ. Ц....г ажлаа таслаад явж байна гээд гуйхаар нь хүн чанар гаргаад бичээд өгсөн гэж байна. Түүнээс болоод өөрөө буруудууд явж байна гэсэн. Эмнэлгийн магадлагаа албан ёсоор авсан, зохих журмын дагуу бүртгэгдсэн байх ёстой. Ойлгомжтой тодорхой бичсэн байх ёстой. Гэтэл магадлагаанд эмчид үзүүлсэн талаар л тэмдэглэсэн байгаа. Ажлаас чөлөөлсөн магадлагаа өгөөгүй гэдгээ эмч нь өөрөө гэрчилж байна. 5 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийлгэсэн гээд байна. Үйлдвэр дотроо үйлдвэрийн эмчээр листээ хаалгасан. Ингэхдээ цаашид яах талаар зөвлөгөө зааврыг картад тэмдэглээд, хаав гэж картад тэмдэглэсэн байгаа. Эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай гэсэн зөвлөгөө байхгүй. Нэхэмжлэгч нь эмнэлгийн магадлагааг хуурамч гэдгийг хурал дээр өөрөө хэлсэн. Энэ талаар хурлын тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа. Өөрөө эмчээс магадлагааг гуйгаад авсан гэдгээ зөвшөөрсөн. Гэрч ч үүнийг нь нотоллоо. 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 сарын 20-ны өдрийг хүртэл ажлын 5 хоног ажил олгогчид огт мэдэгдэлгүй ажлаа тасалсан. 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд бол өөрөө байгууллагадаа хүсэлт гаргаж, Эмнэлгийн хуудсыг үндэслэж ажил олгогч чөлөө өгсөн. 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хэрвээ өвчтэй байсан бол энэ талаараа утсаар ч юм уу? хамт ажилладаг хүнээрээ дамжуулж ч юм уу? мэдэгдэх боломжтой байсан. Ийм арга хэмжээ аваагүй алга болсон. Ажил олгогчийн зүгээс хуульд нийцсэн шийдвэр гаргаж Ц....г үндэслэлтэйгээр ажлаас халсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.... нь хариуцагч ...-т холбогдуулан, З...гийн даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-477 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Биеийн тамирын арга зүйч-бариа засалчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,005,328 төгрөг гаргуулах, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц....г шалтгаангүйгээр ажлын 5 хоног ажил таслан Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гаргасан хэмээн тайлбарлаж маргасан.
Нэхэмжлэгч Ц.... нь 2013 онд ...-ийн ....эд вагон угаагчаар ажилд орж, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс Тоног төхөөрөмжийн засварчнаар томилогдон, улмаар 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс Биеийн тамирын арга зүйч-бариа засалчаар томилогдон ажиллаж байгаад, түүнийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-477 тоот ...гийн даргын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх 4, 5, 17-20/
Ажил олгогчоос гаргасан дээрх Ц....д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, ...шалтгаангүйгээр 5 хоног ажил таслан хөдөлмөрийн гэрээний 5.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 9.64-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан... гэж үзжээ.
Нэхэмжлэгч Ц.... ажил олгогчийн гаргасан уг шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргахаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, ...шалтгаангүйгээр ажил тасалсан гэх хугацаанд Ц.... өвчтэй байсан болох нь хүчин төгөлдөр эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон, магадлагаа хүчингүй байх нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй тухай ...-ын төв эмнэлгээс тодорхойлсон, 5 дугаар сарын 13-ны өдөр эмчид үзүүлэхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай талаар эмчлүүлэгчийн картанд бичсэн байсан, мөн нэхэмжлэгч ямар ч шалтгаангүйгээр ажил таслаагүй, харин өвчтэй байсан учир эмчилгээ хийлгээд ажилдаа явж чадаагүй... гэж тайлбарласан бол,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлын 5 хоног ажилдаа ирээгүй, ажил олгогчид өвдсөн талаар мэдэгдээгүй, уг хугацаанд эмчилгээ хийлгэсэн тухай баримтгүй, Зорчигчийн вагон депогийн удирдлагын хуралд эмнэлгийн магадлагааг хуурамчаар бичүүлж авсан, бодит байдал дээр өвчтэй байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч буруугаа хүлээсэн... хэмээн тайлбарлаж, зохигчид өөр өөрийн үндэслэл, тайлбарыг гаргаж мэтгэлцлээ.
Ц.... нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ердийн өвчний улмаас эмнэлгийн хуудсаар чөлөө авч, энэ хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг 10 хоногоор тооцуулан авсан байна. Улмаар чөлөөний хугацаа дуусч, 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан болох нь зохигчдын тайлбар, №.... дугаар бүхий Эмнэлгийн хуудас, Тэтгэмж олголтын баримт,...-ын Төв эмнэлэг Ц....гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд, зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 15, 39 дүгээр талын арын хуудаст/
Харин ажил олгогчоос авсан чөлөөний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ц.... ажилдаа орох ёстой байсан боловч ажилдаа очилгүй, тэр өдөртөө УБТЗ-ын Төв эмнэлэгт очин, эмчийн зүгээс эмчлүүлэгчийг цаашид: ...ЭХО-д харуулах, цус тогтоох эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай гэж зөвлөн, эмчлүүлэгчийн картад ...4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 13-ныг хүртэл актыг хаав... гэсэн бичилт хийсэн байна. /хх-40 дүгээр талын арын хуудаст/
Улмаар нэхэмжлэгч Ц.... нь 5 дугаар сарын 20-ны өдөр ...-ын Төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Д....д үзүүлэн, ...хэвлийгээр өвдөнө, гуя дагаж хатгаж доош цуслаг ялгадас гараад намдахгүй байна гэх зовиур хэлж тэмдэглүүлсэн байх ба, эмчийн үзлэгээс ...5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 20-ныг хүртэл эмнэлгийн магадлагааг олгов, ...хяналтыг үргэлжлүүлье, ...зөвлөгөө өгөв... хэмээн тэмдэглэж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Эмнэлгийн магадлагаа бичүүлэн, түүнийг ажил олгогчдоо өгчээ.
Дээрх эмнэлгийн магадлагаанд ...гийн ...г ...эмчид үзүүлсэн... болохыг магадласан байх бөгөөд, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл чөлөөлснийг мөн магадласан байх ба, ...-ын Төв эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 39/858 тоот албан бичигт дээрх магадлагааг эмч Д.... нөхөж олгосон тухай хүлээн зөвшөөрсөн, магадлагаанд эмчид үзүүлсэн тухай тэмдэглэсэн боловч ажлаас чөлөөлсөн тухай зурж тэмдэглээгүй зэргээс уг магадлагаа үндэслэлгүй олгогдсон, ...эмнэлгийн бичиг баримтыг буруу олгосон эмнэлгийн мэргэжилтнүүдэд хариуцлага тооцсон талаар тодорхойлсон байна. 2019 /хх-14, 51/
Маргаан бүхий эмнэлгийн магадлагааг бичсэн ...-ын Төв эмнэлгийн эмч Д.... шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ: ...Ц.... 5 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгийн үзлэг хийлгэсэн. Эмэгтэйчүүдийн өвчний зовиуртай ирсэн. Доошоо ялгадас ихээр гарч хэвлийгээр өвдөж байна гэсэн. Магадлагааг бичиж өгөхдөө эмчид үзүүлсэн гэж өгсөн. Ажлаас чөлөөлсөн гэж өгөөгүй. Энэ нь 5 дугаар сарын 20-нд эмчид үзүүлсэн гэсэн магадлагаа юм. Энэ магадлагаагаар ажлаас чөлөөлөгдөхгүй. Магадлагаа буруу хийснээс болж би цалингаа хасуулсан. Би ...гийн биеийн байдлыг мэдэж байсан. Архаг үрэвсэлтэй байсан. Эмэгтэйчүүдийн дайврын үрэвсэл. Бөөрний болон ходоодны үрэвсэл гэдэгтэй адилхан үрэвсэл. Эмчлүүлэх шаардлагатай. Эмнэлгийн магадлагаа нь зүгээр л магадлагаа болохоос ямар нэг юмнаас чөлөөлөх бичиг баримт болохгүй. Үзүүлээд гараад явсан гээд тодорхойлж байгаа. Ц.... гуйсан болохоор би магадлагааг 5 дугаар сарын 13-20 гэж бичиж өгсөн... гэж тайлбарласан.
Дээрхийг дүгнэвэл нэхэмжлэгч Ц.... нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажил олгогчоос авсан чөлөөний хугацаа дууссанаас хойш ажилдаа яваагүй бөгөөд, өвчтэй байсны улмаас эмчилгээ хийлгэж ажилдаа яваагүй гэж тайлбарлана. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй уг тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Эмнэлгийн магадлагааг Ц....гийн гуйлтаар бичиж өгсөн талаар эмч Д.... шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн нь түүний тайлбарыг няцааж байна.
Ажил олгогчийн зүгээс ажилтныг шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Учир нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.2 дахь хэсэгт: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр буюу нийлбэр дүнгээрээ 6 сард 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан тохиолдолд Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.
Мөн Зорчигчийн вагон депогийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.47 дахь хэсэгт Хэрвээ ямар нэг шалтгаанаар ажилд гарч чадахгүй бол тухайн өдөрт нь хүний нөөцийн тасагт мэдэгдэнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.... өвчтэй байсан талаараа ажил олгогчид буюу Хүний нөөцийн тасагт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь анх ажил олгогчоос чөлөө авахдаа ижил өвчний улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай тухайгаа бичгээр өргөдөл гарган ажил олгогчид өгснөөр, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөө авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар буюу өвчний улмаас эмчилгээ хийлгэн ажилдаа яваагүй болох нь нотлогдоогүй, энэ тухайгаа Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт нийцсэн байх тул Ц....гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...-ийн Зорчигчийн вагон депогийн даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б-477 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Биеийн тамирын арга зүйч-бариа засалчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,005,328 төгрөг гаргуулж, ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц....гий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА