| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0270/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2017-05-19 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
Иргэдийн төлөөлөгч Д.Баялагмаа,
Улсын яллагч А.Баясгалан,
Шүүгдэгч Б.Батхангай, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далх гарьд овгийн Бадамдоржийн Батхангайд холбогдох эрүүгийн 201626022352 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12-11 тоотод оршин суух, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдсан,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял оногдуулж,
Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн, ФБ66113051 регистрийн дугаартай, Далх гарьд овгийн Бадамдоржийн Батхангай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Батхангай нь урьд энэ хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр иргэн Ч.Түвшинжаргалыг “Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний дарга болгож өгнө, холбогдох хүмүүстэй ярьсан байгаа” гэж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар 25,715,000 төгрөгийг нь залилан мэхэлж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Батхангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хохирогч Түвшинжаргал бид хоёр нэгнийгээ сайн таньдаг хүмүүс юм. Тэгээд Түвшинжаргал надаас Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний даргын албан тушаалд томилуулж өгөөч гэсэн хүсэлтийг өөрөө гаргасан. Би хэд хэдэн хүнтэй тэр талаар ярьж байсан боловч төр, засаг өөрчлөгдөөд ажилд томилохоор ярьж байсан хүмүүс маань албан тушаалаа өөрчилсөн. Хэрвээ засаг, төр өөрчлөгдөөгүй бол энэ ажил шийдэгдээд явах байсан. Надад бусдыг хохироох бодол байгаагүй. Авсан мөнгөө өөртөө зарцуулаад явж байсан. Би 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө Улсын Их Хурлын тамгын газар гишүүний зөвлөхийн ажил хийдэг байсан. Надад бусдыг Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний даргаар томилох эрх хэмжээ байхгүй. Тухайн үед таньдаг хүнтэйгээ яриад тус болъё гэж бодож байсан. Түвшинжаргалын хувьд мөн Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний газар инженер хийдэг байсан юм. Тэгээд надад хүсэлт тавьсан бөгөөд би холбогдох хүмүүстэй нь ярихад болох байх гэж бодсон. Би хохирогчоос авсан мөнгөө тооцоолж үзсэн. Дансны хуулгаар нотлогдож байгаа. Хохирлоо төлж барагдуулсан. Өөрийн гэнэн байдлаас болоод энэ гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэв.
Мөн хавтаст хэргээс :
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Түвшинжаргалын өгсөн:
“ ... 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Батхангайтай Баянзүрх дүүргийн ойролцоо уулзахад Батхангай нь ажил төрөлд оруулж өгөх талаар надад хэлээд удаагүй 3 хоногийн дараа Батхангай над руу яриад бичиг баримтаа 10.000.000 төгрөгийн хамт аваад ир, Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний салбарын даргын албан тушаалд ажилд оруулж өгнө, холбогдох хүмүүстэй ярьчихлаа, эрчим хүчний яам болон бусад хүмүүстэй уулзсан байгаа гэхээр нь би 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Баруун хүрээ салбарт ороод, өөрийнхөө Хаан банкны 5135113211 тоот данснаас 10.000.000 төгрөгийг аваад, уг банкнаас гараад, хажууд нь байсан “Скай” хоолны газарт бэлнээр Батхангайд өгсөн. Удаагүй Батхангай нь эрчим хүчний сайд Сономпилийн зөвлөхөд чиний бичиг баримт мөнгийг өгсөн гэж хэлсэн. Тун удахгүй болохоор хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгээд л 2-3 сар өнгөрсөн. Хэсэг хугацааа өнгөрлөө би Батхангайруу одоо яах юм гээд л хэсэг ярьсан. Түүнээс хойш 2013 оны 07 дугаар сарын 08-ны үеэр би Батхангайруу яриад одоо болъё бүтэхгүй бол мөнгөө буцаагаад авмаар байна гэж хэлэхэд Батхангай нь эрчим хүчний газрын даргад хэлсэн байгаа, түр хүлээж бай гэж хэлээд бас хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд дараа жил нь буюу 2014 онд Батхангай нь надад ажил хөөцөлдөөд яваад байна мөнгө төгрөгийн хэрэг байна гэж хэлээд надаас мөнгө авч эхэлсэн. Тухайн үедээ Батхангай нь хүнтэй уулзмаар байна яаж хоосон уулзахуу гэж хэлдэг. Мөн мөнгөгүй юм чинь яаж ажил бүтэх бэ гэж хэлдэг. ... би өөрийнхөө Хаан банкны 5135113211 тоот данснаас Батхангайгийн Хаан банкны 5041071738 тоот дансруу нийт 23 удаа 8.411.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн би өөрийнхөө Хаан банкны 5135342683 тоот данснаас Батхангайгийн Хаан банкны 5041071738 тоот данс руу нийт 28 удаа 3.110.000 төгрөгийг шилжүүлсэн ... мөн 2014 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 44 дүгээр байрны хоолны газарт Батхангайд бэлнээр 3.000.000 төгрөгийг өгсөн. Тэр үед Батхангай нь одоо ажлыг нь хурдан бүтээж өгнө гэж хэлээд л авсан. Ингээд нийтдээ Батхангай нь намайг ажилд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр 13.000.000 төгрөг, банкны дансаар 11.521.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн би Батхангайгийн 5041071738 тоот данс руу бэлнээр 2.290.000 төгрөгийг хийсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ......... дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.Очирбатын өгсөн:
“... Батхангай надад Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын хөдөө орон нутаг хариуцсан зөвлөхийн ажлыг хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гэнэт Түвшинжаргалын хэлж байсан нь санаанд ороод би Батхангайд манай нэг дүү Архангай аймаг руу нутаг руугаа ажилд орох гэсэн юм, чамд туслах боломж байна уу гэж асуухад ... тэр болох байх, дүүгээ надтай уулзуул гэж хэлсэн ... Батхангай нь Түвшинжаргалаас мөнгөний хэрэг байна гэж хэлээд эхлээд 10.000.000 төгрөгийг зээлүүл гэсэн юм байна лээ. Түвшинжаргал хүүхдүүддээ зарцуулахаар хурааж байсан мөнгөө Батхангайд өгсөн юм байна лээ. Тэгээд сүүлд нь Батхангай нь Түвшинжаргал руу залгаад чиний ажил яг бүтэх гэж байна өнөө маргаашгүй бүтнэ гэж хэлээд 2-3 удаа мөнгө авсан гэсэн. Мөн Батхангай нь өөрөө Эрдэнэт хотод очиж ажиллахаар болсон гишүүн намайг Эрдэнэт хотод ажиллуулах гэж байгаа өөрөө тэндээ очоод энэхүү Түвшинжаргалыг ажилд оруулах асуудлыг өөрөө шийдэж өгнө гэж хэлээд л 2-3 жил дамнуулаад мөнгө авсаар байгаад их мөнгө авсан гэсэн. Би Батхангайд манай дүү Түвшинжаргалын хэдэн төгрөгийг өгчихөөч гэж хэлэхэд Батхангай нь өгнө л гээд байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
- Хаан банкны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 29/10149 тоот Б.Батхангай нь 5041071738 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг гэх албан бичиг /хавтаст хэргийн 146-р хуудас/
- Б.Батхангайгийн Хаан банкны 5041071738 тоот төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 155-181-р хуудас/
- Б.Батхангайгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 183-184-р хуудас/
- Б.Батхангайгийн Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа /хавтаст хэргийн 185-187, 220-р хуудас/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 221-223 дугаар хуудас/
- Хохирогч Ч.Түвшинжаргалын Хаан банкны 5135352683, 5135113211 тоот данс дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 10-61 дүгээр хуудас/ зэрэг болон,
шүүгдэгч Б.Батхангайгийн хувийн байдалтай холбоотой:
Мөрдөн байцаалтад гэрч Д.Мартбаярын өгсөн:
“... Миний нөхөр Б.Батхангай нь их хурдан түргэн зантай, цагаандуу, 30 орчим жил төрийн байгууллагад ажиллаж байна. Өөрөө орон нутаг хариуцсан ажил хийдэг байсан болохоор бусадтай нийтэч. Би нөхөртэйгээ суугаад 28 жил болж байна. Найз нөхөд олонтой ..., гэх мэдүүлэг, /хх-ийн 77-р хуудас/
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 131-р хуудас/,
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 128-р хуудас/,
- Бакалаврийн дипломын хуулбар /хх-ийн 129-р хуудас/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125-р хуудас/,
- Цэргийн батлахын хуулбар /хх-ийн 130-р хуудас/
- Шагналын үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 132-133-р хуудас/,
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-р хуудас/,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 141-144/, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Батхангай нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн /хх-141-144/ байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Батхангайг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэр буюу нэг санаа зорилгын хүрээнд үргэлжилсэн цаг хугацаанд хохирогч Ч.Түвшинжаргалыг залилан мэхэлсэн байх тул “давтан” гэж үзэх үндэслэлгүй, харин үргэлжилсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Батхангай нь иргэн Ч.Түвшинжаргалыг “Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний дарга болгож өгнө, холбогдох хүмүүстэй ярьсан байгаа” гэж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар 25,715,000 төгрөгийг нь залилан мэхэлж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Тэгээд Түвшинжаргал надаас Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний даргын албан тушаалд томилуулж өгөөч гэсэн хүсэлтийг өөрөө гаргасан. Би хэд хэдэн хүнтэй тэр талаар ярьж байсан боловч төр, засаг өөрчлөгдөөд ажилд томилохоор ярьж байсан хүмүүс маань албан тушаалаа өөрчилсөн. Хэрвээ засаг, төр өөрчлөгдөөгүй бол энэ ажил шийдэгдээд явах байсан. ... Надад бусдыг Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний даргаар томилох эрх хэмжээ байхгүй. Тухайн үед таньдаг хүнтэйгээ яриад тус болъё гэж бодож байсан. ... Би хохирогчоос авсан мөнгөө тооцоолж үзсэн. Авсан мөнгөө өөртөө хэрэглээд явдаг байсан. Дансны хуулгаар нотлогдож байгаа. Хохирлоо төлж барагдуулсан. Өөрийн гэнэн байдлаас болоод энэ гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Түвшинжаргалын өгсөн “... 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Батхангайтай Баянзүрх дүүргийн ойролцоо уулзахад Батхангай нь ажил төрөлд оруулж өгөх талаар надад хэлээд удаагүй 3 хоногийн дараа Батхангай над руу яриад бичиг баримтаа 10.000.000 төгрөгийн хамт аваад ир, Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний салбарын даргын албан тушаалд ажилд оруулж өгнө, холбогдох хүмүүстэй ярьчихлаа, эрчим хүчний яам болон бусад хүмүүстэй уулзсан байгаа гэхээр нь би 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Баруун хүрээ салбарт ороод, өөрийнхөө Хаан банкны 5135113211 тоот данснаас 10.000.000 төгрөгийг аваад, уг банкнаас гараад, хажууд нь байсан “Скай” хоолны газарт бэлнээр Батхангайд өгсөн. Удаагүй Батхангай нь эрчим хүчний сайд Сономпилийн зөвлөхөд чиний бичиг баримт мөнгийг өгсөн гэж хэлсэн. Тун удахгүй болохоор хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгээд л 2-3 сар өнгөрсөн. ... 2014 онд Батхангай нь надад ажил хөөцөлдөөд яваад байна мөнгө төгрөгийн хэрэг байна гэж хэлээд надаас мөнгө авч эхэлсэн. Тухайн үедээ Батхангай нь хүнтэй уулзмаар байна яаж хоосон уулзахуу гэж хэлдэг. Мөн мөнгөгүй юм чинь яаж ажил бүтэх бэ гэж хэлдэг. ... би өөрийнхөө Хаан банкны 5135113211 тоот данснаас Батхангайгийн Хаан банкны 5041071738 тоот дансруу нийт 23 удаа 8.411.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн би өөрийнхөө Хаан банкны 5135342683 тоот данснаас Батхангайгийн Хаан банкны 5041071738 тоот данс руу нийт 28 удаа 3.110.000 төгрөгийг шилжүүлсэн ... мөн 2014 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 44 дүгээр байрны хоолны газарт Батхангайд бэлнээр 3.000.000 төгрөгийг өгсөн. Тэр үед Батхангай нь одоо ажлыг нь хурдан бүтээж өгнө гэж хэлээд л авсан. Ингээд нийтдээ Батхангай нь намайг ажилд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр 13.000.000 төгрөг, банкны дансаар 11.521.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн би Батхангайгийн 5041071738 тоот данс руу бэлнээр 2.290.000 төгрөгийг хийсэн байгаа ...” гэх,
гэрч М.Очирбатын өгсөн “... би Батхангайд манай нэг дүү Архангай аймаг руу нутаг руугаа ажилд орох гэсэн юм, чамд туслах боломж байна уу гэж асуухад ... тэр болох байх, дүүгээ надтай уулзуул гэж хэлсэн ... Батхангай нь Түвшинжаргалаас мөнгөний хэрэг байна гэж хэлээд эхлээд 10.000.000 төгрөгийг зээлүүл гэсэн юм байна лээ ... Тэгээд сүүлд нь Батхангай нь Түвшинжаргал руу залгаад чиний ажил яг бүтэх гэж байна өнөө маргаашгүй бүтнэ гэж хэлээд 2-3 удаа мөнгө авсан гэсэн. Мөн Батхангай нь өөрөө Эрдэнэт хотод очиж ажиллахаар болсон гишүүн намайг Эрдэнэт хотод ажиллуулах гэж байгаа өөрөө тэндээ очоод энэхүү Түвшинжаргалыг ажилд оруулах асуудлыг өөрөө шийдэж өгнө гэж хэлээд л 2-3 жил дамнуулаад мөнгө авсаар байгаад их мөнгө авсан гэсэн ...” гэх мэдүүлэг, Б.Батхангайгийн Хаан банкны 5041071738 тоот төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Ч.Түвшинжаргалын Хаан банкны 5135352683, 5135113211 тоот данс дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Батхангайг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Түвшинжаргал нь 2017 оны 5 дугаар 15-ны өдөр шүүгдэгч Б.Батхангай нь хохирол бүрэн төлж барагдуулсан талаар /2-р хх-н 7-р хуудас/ бичгийн баримт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирлыг бүрэн төлсөн гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Батхангайд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхангайн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох
2. Шүүгдэгч Далх гарьд овгийн Бадамдоржийн Батхангайг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залин мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхангайг 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батхангайд оногдуулсан 5 /тав/ жил 01 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, Б.Батхангай төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батхангайд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батхангайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ДАЙРИЙЖАВ
Г.ЕСӨН-ЭРДЭНЭ