Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2022/0019/З |
Дугаар | 109/ШШ2022/0095 |
Огноо | 2022-08-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 109/ШШ2022/0095
109/ШШ2022/0095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.М нарын хоорондын Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.Мын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ий захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... "Б ХХК нь Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Мын 2022 оны 3 дугаар сарын 17 ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг "М" ХК-аар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гардан авсан. "Б ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах Харгуйт нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг.
Манай компанид холбогдуулан Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Мт 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д заасан зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан ба үүнийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан ба манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан ямар үүргээ биелүүлээгүй талаар шийтгэж байгаа нь ойлгомжгүй байна.
Эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь бодит нөхцөл байдалд нийцсэн, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагатай бөгөөд ямар нотлох баримтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй нь нотлогдож байгаа талаар шийтгэлийн хуудаст дурдагдаагүй байна.
Нөгөөтэйгөөр тухайн үед Б ХХК нь эзэмшиж буй ашиглалтын талбайдаа нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байсан ба энэ хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Мын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б ХХК нь Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Ц.Мын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ********* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах Харгуйт гэх газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан ******** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба үүнийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргасан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч Б ХХК-д Монгол шуудан компаниар явуулсан байсан. Ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуульд заасан үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэх асуудал дээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Зөрчлийн хэргээ нээж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу процессын ажиллагаа явагдаагүй байна гэж үзэж байгаа. Үүнээс болж маргаан үүсч байгаа. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх, хялбаршуулсан журмаар шийдсэн гэж хариу тайлбар ирүүлсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн этгээдийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан ба манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан ямар үүргээ биелүүлээгүй талаар шийтгэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрх бүхий албан тушаалтын шийдвэр нь бодит нөхцөл байдалд нийцсэн, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагатай бөгөөд ямар нотлох баримтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй нь нотлогдож байгаа талаар шийтгэлийн хуудаст дурдагдаагүй байна. Мөн тухайн үед Б ХХК нь эзэмшиж буй ашиглалтын талбайдаа нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байсан ба энэ хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас авсан гэрчүүдийн мэдүүлэг, танилцуулга, хяналт шалгалтын удирдамж зэрэг баримт нь зөрчлийн хэргийн материал дотор байхгүй баримтууд байгаа. Мөн зөрчлийг тогтоосон баримт бичиг биш гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймд Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Ц.Мын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-д холбогдох гомдол мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газар Цэнхэр сумын Орхон багт 2021 оны 11 дүгээр сард ажилласан. Тусгай зөвшөөрөлтэй газар алт угаах төхөөрөмж ажиллуулсан зөрчил гаргасан учраас дээрхийг зөрчил гэж үзэж цагдаагийн байгууллагад хандсан. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос албан бичгээр ирсэн Байгаль орчны улсын ахлах байцаагч 02 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын нэгдсэн программд бүртгэж, тухайн хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Б.Бы өөрийнх нь мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын газраас хийгдсэн ажиллагааны нотлох баримтуудаар нотлогдсон учраас 96 дугаартай зөрчлийн материалтай танилцуулах гэсэн боловч Улаанбаатар хотод ажилтай явж байна гэсэн. Б ХХК-ийн захиралтай утсаар холбогдоход би гаргасан зөрчлөө мэдэж байгаа хавтаст хэрэгт бүрдсэн учраас Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн нь нотлогдсон тул хялбаршуулсан журмаар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ********* дугаартай шийтгэлийн хуудас болох торгуулийн хуудас хүргүүлсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн Б ХХК-д холбогдох гомдол мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 01/10 дугаартай Ашигт малтмал хууль бусаар олборлох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх удирдамжийн хүрээнд Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Г.Л Цэнхэр сумын Орхон багт ажиллахад Б ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Харгуйт гэх газар уурхайд байх бичиг баримтын бүрдэлгүйгээр алт угаах 2 төхөөрөмж суурилуулан ажиллуулсан зөрчил гаргасныг илрүүлж алт угаах төхөөрөмжүүдийг авахуулан талбайг чөлөөлүүлэх арга хэмжээг авч ажилласан. Дээрх гаргасан зөрчлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн харьяаллын дагуу аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн бөгөөд Цагдаагийн газраас ************** дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байдаг. Тус аж ахуйн нэгжийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэргээс татгалзаж захиргааны хариуцлага тооцуулахаар Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 18 -ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 10 дугаар тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн Прокурорын газрын 01/269 дугаар Зөрчлийн шинжтэй гомдол, "мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр аймгийн Мэргэжилийн хяналтын газарт шилжин ирсэн болно. Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.М миний бие дээрх гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн 22 хуудастай материалыг 2022 оны 02 дугаар сарын 24 -ны өдөр хүлээн авч байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хянахад Б" ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Харгуйт гэх газар уурхайд байх бичиг баримтын бүрдэлгүйгээр ашигт малтмал олборлосон гэх үйлдэл нь гэрч Б ХХК-ий захирал Б.Б, бусад гэрч нарын өгсөн тайлбар мэдүүлэг хэрэгт авагдсан баримт материалаар бүрэн нотлогдсон болно. Б ХХК нь захирал Б.Бд хэрэг бүртгэлтийн материалтай танилцах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар 2022 оны 02 дугаар сарын 25-ний өдөр ******** дугаарт холбогдож мэдэгдэхэд Би Улаанбаатар хотод албан ажилтай явж байна. Прокурорын тогтоол надад танилцуулагдаагүй, би ямар нэгэн зөрчил гаргаагүй, би гомдолтой байна. Өөрийн өмгөөлөгчтэйгөө холбогдож байгаад буцаад холбогдоод хариу мэдэгдье гэж хэлсэн. Мөн 2022 оны 03 сарын 01 -ний өдөр, 03 сарын 04 -ний өдөр тус тус Б ХХК-ий захирал Б.Бтай ********* дугаарт нь залгаж холбогдоход дээрх хариултыг өгч өөрийн биеэр ирээгүй. Б ХХК-ийн захирал Б.Бы гаргасан зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргийг зөрчсөн. Иймд 2022 оны 03 дугаар сарын 17 -ны өдрийн ********* дугаартай эрх бүхий албан тушаалтны Б ХХК-д ногдуулсан захиргааны шийтгэл нь хууль эрх зүйн үндэслэлтэй болно гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Б ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах Харгуйт нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг байжээ. /х.х-ийн 4-10/
3. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/10 дугаартай Ашигт малтмалыг хууль бусаар олборлох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн байна. /х.х-ийн 168-181 /
4. 2021 оны 10 дугаар сарын 28, 29 өдрүүдэд хяналт шалгалт хийж Б ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайдбичил уурхайн чиглэлээр, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр угаах төхөөрөмжүүдийг лацдаж,холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1966 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нэр бүхий хүмүүс усан буугаар хууль бусаар алт олборлосон гэх гомдол, мэдээллийг Архангай аймгийн Цагдаагийн газарт хүлээн авчээ. /х.х-ийн 101/
5. Б ХХК-ийн гаргасан зөрчлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагаас ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. /х.х-ийн 98-104/
6. Улмаар Б ХХК-ийн талбай дээрээ бичиг баримтгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг Архангай аймгийн Цагдаагийн газраас гаргажээ. Ийнхүү Архангай аймгийн Прокурорын газраас эрүүгийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 149-152/
7. Архангай аймгийн Прокурорын газраас Б ХХК-ийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага буюу Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ. /х.х-ийн 153/
8. Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.М нь Б ХХК-ийн захирал Б.Бд оны 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №0050955 дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. /х.х-ийн 84/
9. Ийнхүү Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.Мын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ********* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдлын шаардлага гаргаж, маргажээ. /х.х-ийн 12-13/
10. Хэрэг авагдсан баримтууд болон хууль зүйн үндэслэлийн тухайд, Б ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тухай ******** дугаартай шийтгэлийн хуудсыг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гардан авч, шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 25-нд гомдол гаргажээ. Шүүх бүрдүүлбэр хангуулах хугацаа өгсний дагуу гомдол гаргагч бүрдүүлбэрээ хангаж ирүүлснээр 2022 оны 5 дугаар сарын 13-нд хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байна. /х.х-ийн 14-16, 21-22, 32 /
11. Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай тогтоолд эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ашигт малтмалын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр холбогдох материалыг тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэх үндэслэлтэй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 96-155/
12. Үүний дагуу хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д мэргэжлийн хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...7.11., ..-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ., 4.1 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, нотлох баримт цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шууд гомдол гаргагч Б ХХК-ий захирал Б.Бд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын дагуу шийтгэл оногдуулсан хууль бус болжээ.
13. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж, 1.2. дахь хэсэгт зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж заасан. Уг хэргийн тухайд, гомдол гаргагч Батдөлгөөн мөрөн ХХК-ий захирал Б.Б нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.
14. Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.М нь шүүх хуралдаанд хэргийн оролцогч болох Батдөлгөөн мөрөн ХХК-ийн захирал Б.Бд утсаар мэдэгдсэн гэж тайлбарласан бөгөөд тухайн зөрчил гаргагч этгээдэд зөвхөн утсаар ярьж, мэдэгдсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1.1., 3.4 дүгээр зүйлийн 3.4 дүгээр зүйлийн 1-д зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй юм.
15. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна. 2-д Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно., 6-т Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна., 9-т Мэдүүлэг өгч байгаа хүнд эд мөрийн баримтыг үзүүлэх, тухайн зөрчлийн талаар бусад хүнээс өгсөн мэдүүлгийг танилцуулж, энэ талаар мэдүүлэг авч болно., 12-т Мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
16. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн прокурорын газраас ирүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартайтогтоолоор тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн материалд үндэслэж маргаан бүхий 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* шийтгэлийн хуудсыг шууд гаргасан нь хууль бус захиргааны акт гаргажээ. /х.х-ийн 54-85/
17. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэл зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана, 6.9 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, .. зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана. гэж заасны дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч нь зөрчлийн хэрэг үүсгэж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаагүй, зөрчлийг нотолж тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг Б ХХК-ий захирал Б.Бд танилцуулаагүй ******* шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь хуульд нийцэхгүй, үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэхгүй.
18. Иймд шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2. 106.3., 106.3.1., 106.3.12. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 4.1 дүгээр зүйлийн 1., 4.8 дугаар зүйлийн1., 2., 9., 12., 6.6. дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан Б ХХК-ий гомдолтой Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.Мт холбогдох 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ********* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1., дэх хэсэгт заасныг баримтлан Батдөлгөөн мөрөн ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2.-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА