| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/110 |
| Огноо | 2024-07-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/110
2024 оны 07 сарын16 өдөр 2024/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,
Шүүгдэгч: Н.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Н.М холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Цэций уулын 431 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Н.М /Регистрийн дугаар: *************/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэр, тусгайлан хамгаалсан амбаарт нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-14 дэх тал/,
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийн фото зураг /хавтаст хэргийн 18-28 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Өнөрбаярын “... би 2024 оны 05 сарын 14-ний өдөр нутаг үзэх гээд Цогтцэций сум руу явсан байсан. Тухайн үед манай эхнэр хүүхдийн хонхны баяр гээд сум руу явчихсан гэр цоожлоод явсан. Тэгээд би маргааш буюу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед гэртээ ирээд хашаанд байсан ямаагаа харах гээд өвөлжөө рүүгээ орсон чинь өвөлжөөн дээр байсан амбаарын хаалга нь онгорхой байсан. Тэгээд үзсэн чинь цоожийг нь эвдлээд дотор нь байсан 25 кг шуудайтай байсан ямааны ноолуур 6 ширхэг байсан чинь алга болсон байсан тэгээд би гэр рүүгээ яваад очсон гэрийн хаалганы цоожийг бас эвдлээд дотор нь байсан мөнгөн эмээл, хулсан ташуур зэргийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би эхнэр ээждээ утсаар ярьж хэлсэн чинь цагдаад дуудлага өг гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч П.Алтанзаяагийн “...би 2024 оны 05 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод байсан. Уг хугацаанд би 81-55 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Цогтцэций сумын Цэций уулын 431 тоот хашаанд төрсөн охиндоо үлдээсэн юм. Тухайн өдөр манай охиноос Мөнхсайхан миний эзэмшлийн 81-55 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 дахь км руу явчхаад ирье гэж хэлээд гуйгаад аваад явсан гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Хадбаатарын “...би тухайн зүйлсийг өөрийн тээврийн хэрэгсэлд байсан талаар огт мэдээгүй. Би өглөө 06 цагийн үед ажилд гараад шөнө 00 цагийн үед гэртээ харьдаг. Өглөө автобусаа ажилд гаргаад орой Цэций уулын 11-11 тоотод байх хашаанд үлдээгээд гэр рүүгээ явдаг учир хэзээ тухайн эд зүйлийг миний автобус руу хийсэн талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1885 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дахь тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 18 дугаартай техникийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогддог.
Мөн дээрх гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэр, тусгайлан хамгаалсан амбаарт нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заажээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Мөнхсайханы гэмт үйлдлийн улмаас хохирогч И.Өнөрбаярын өмчлөх эрх буюу эд хөрөнгөнд хохирол учирсан ба уг гэмт үйлдэл болон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Өнөрбаяраас “...надаа ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн авсан....” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мөнхсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Мөнхсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Мөнхсайхан нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 88 дахь тал/
Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мөнхсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Н.М гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан амбаарт нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.М 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Н.Мөнхсайханаас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, хохирогч И.Ө нь ямар нэгэн гомдол саналгүй, хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ