Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­116   

 

 

 

 

        

 

 

 

 

     2024             07                   19                                             2024/ШЦТ/­­­­116                                               

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,   

Шүүгдэгч: Г.И,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Г.И холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Бумбан-Овоо, 8-805 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хд овгийн Г.И /Регистрийн дугаар: ************/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Г.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Г.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Сэржмядагийн “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Г.Ихбаярын хамт хүүхдүүдээ аваад аймгийн музей үзэхээр Өмнөговь аймаг руу Г.Ихбаярын найзын гэр бүлтэй хамт хоёр машинтай явсан юм. Тэгээд аймагт хүүхдүүдээ музей үзүүлж харуулаад үдээс хойш нь аймгаас гараад Цогтцэций сум руу гарсан юм. Тэгсэн замд явж байхад Г.Ихбаяр намайг чи хүнтэй явалдаад байх шиг байна гэж хэлсэн тэгэхээр нь би ямар ч хүнтэй уулзаж чат бичсэн асуудал байхгүй байхад чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хэрүүл хийгээд байхаар нь би уурандаа би тэгвэл хүнтэй явалдана за юу гэж хэлсэн чинь миний нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд би машинаа зогсоосон тухайн үед миний хамраас цус гарахаар нь би зогссон юм тэгсэн Г.Ихбаяр машинаас буугаад ирсэн тэгээд би буцаж машинд суугаад 3 хүүхдээ аваад машинаа бариад явсан, Г.Ихбаяр найзынхаа машинд суугаад явсан. Тухайн үед Г.Ихбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэр С.Ханхүүгийн “...би аав ээжийн дүү нарын хамт аймаг очиж музей үзээд буцаж явж байсан би машин дотроо унтаж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна нэг мэдсэн машин гэнэт зогсоод би урд талынхаа суудлын арыг мөргөөд сэрсэн чинь ээж Э.Сэржмядаг нүүрээ дараад машинаас буугаад уйлаад суусан чинь аав машинаас буугаад явах юм уу үгүй юм уу гэж асуугаад аав буцаж машинд суугаад хөдлөх гэж байсан чинь аавын найз Түвшин ах ирж зогсоод аав Г.Ихбаяр Түвшин ахын машинд суугаад ээж өөрийнхөө машиныг бариад Цогтцэций сум руу явсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 215 дугаартай “Эмнэлгийн бичиг баримтын хуулбар, гэрэл зурагттай танилцан дүгнэхэд: 1. Э.Сэржмядагийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Ихбаярын “…2024 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Өмнөговь аймаг Даланзадгад сум руу найзуудын гэр бүлийн хамт явсан. Өмнөговь аймагт байж байгаад орой 22 цагийн үед байх цагийн баримжаа сайн мэдэхгүй байна манай найз Түвшинбаяр, Энх-Отгон нарын хамт манай гэр бүл гээд 3 машинтай хамт яваад Өмнөговь аймгаас Цогтцэций сум руу буцаж явж байгаад эхнэр Э.Сэржмядагтай маргалдсаны улмаас эхнэр миний цээж хэсэг рүү цохиж авахаар нь би зөрүүлээд цохиод авсан. …” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Шүүгдэгч Г.И нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч Г.И хохирогчийг гараараа цохисон үйлдэл болон хохирогч Э.С биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Г.И өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

            Шүүгдэгч Г.И, хохирогч Э.С нар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34, 50 дахь тал/,

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч, хохирогч нар хамтран амьдрагч тул хуулийн үйлчлэлд хамаарч байна.

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.С бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

  Хохирогч Э.С нь прокурорын газарт “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хавтаст хэргийн 80 дахь тал/,

  Хохирогч Э.С гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Г.И эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Г.И нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 47 дахь тал/  

   Иймд, шүүгдэгч Г.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Х овогт Г.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ихбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ