Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01778

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01778

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Б овогт Д-ын Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Б овогт Б-чийн Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон машины сэлбэгийн төлбөрт нийт 2,690,000 төгрөг гаргуулах, мөн 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбарт: Миний бие 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эцэг Д-ын төрсөн дүү Б.Тт 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүйгээр амаар тохирон зээлдүүлсэн. Тэрээр зээлсэн мөнгөө төлөхгүй явсаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 27-75 УМЗ улсын дугаартай Хонда фит загварын авто машиныг зээлсэн мөнгөнийхөө оронд өгье гэж өгсөн атлаа 2017 оны 4 дүгээр сард өөрөө эхнэрийнхээ хамт ирж уурлаж байгаад аваад явсан.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадБ.Т нь 2016 оны 4 дүгээр сард 300,000 төгрөгийг Ви си ди тоглуулагч худалдаж авна гэж зээлсэн, мөн түүний машинд би өөрийг нь дагуулж яваад мотор 150,000 төгрөг, кроп 650,000 төгрөг, таван бул 95,000 төгрөг, радиатор 120,000 төгрөг, наклад 24,000 төгрөг, гэрлийн режак 20,000 төгрөг, шил арчигч сав 10,000 төгрөгөөр, нийт 1,390,000 төгрөгийн сэлбэг авсан. Иймд хариуцагч Б.Таас 2,690,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Тын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: 1,000,000 төгрөгийн тухайд авсан тал дээр маргах зүйлгүй. Нэхэмжлэгч Д.Д бид нар хамаатан садан улсууд бөгөөд нэг өдөр тэрээр ирээд ахад нь машин авах хэрэг байна, чи машинаа хэд гэж байгаа юм гэхэд нь би 3,500,000 төгрөгөөр зарна гэхэд тэрээр авахаар болж, эхлээд 1,000,000 төгрөгийг нь төлөөд улдсэн мөнгийг нь дараа төлөхөөр болоод унаад явсан. Ингээд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болохоор нь машинаа буцааж авсан. Миний машиныг Дэчинравжаа авах юмгүй болгосон байсан, би машиндаа арын болон их гэрийг 140,000 төгрөгөөр, хаалга 300,000 төгрөгөөр, толийг 60,000 төгрөгөөр шинээр авсан, будаг замаск 420,000 төгрөгөөр хийлгэсэн, замын торгууль 85,000 төгрөгийг төлсөн тул нийт 1,000,000 төгрөгийг Д.Дгаас нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Таас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд болон сэлбэгийн төлбөрт 2,690,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч сэлбэг, засварын зардал, торгуульд төлсөн 1,000,000 төгрөгөө нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Ттай 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн, хариуцагч Б.Т 1,000,000 төгрөг авсан талаараа маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэжээ. Мөн нэхэмжлэгч хүү нэхэмжлээгүй байна. Иймд хариуцагч Б.Таас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахаар шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч Б.Т нь 2016 оны 4 дүгээр сард 300,000 төгрөгийг Ви си ди тоглуулагч худалдаж авна гэж зээлсэн, мөн түүний машинд би 1,390,000 төгрөгийн сэлбэг авч тавьсан тул 1,690,000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн атлаа түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт ...-ийг хавсаргана., мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилжээ.

 

Хариуцагч Б.Т нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Дд холбогдуулж машины сэлбэгэнд болон засварт, торгуульд төлсөн 1,000,000 төгрөгөө нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргажээ. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Таас 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлээс 1,690,000 төгрөг холбогдох хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР