Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/03059

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:... д холбогдох,

23,916,800 /хорин гурван сая есөн зуун арван зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А...., хариуцагч Р...., хариуцагчийн өмгөөлөгч Д.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.... миний бие Р....ын цахим хаягт тавигдсан автомашин зарах тухай зар болон зарах гэж байгаа автомашины фото зураг, танилцуулгыг үзэж, түүнтэй холбогдож Япон улсаас оруулж ирсэн мөнгөлөг өнгөтэй, Лексус GS450Н маркийн 3450 сс хөдөлгүүртэй, GWL10-6008242 арлын дугаартай суудлын автомашиныг худалдан авахаар сонирхож байгаагаа хэлсэн. Тухайн үед уг автомашин нь Монгол улсын хилээр дөнгөж орж ирээд, гааль дээр байсан бөгөөд, худалдагч уг машиныг бичиг баримт бүрэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй, япон улсад унаж хэрэглэгдэж байсан учир шууд асаагаад унах боломжтой, авахдаа асааж шалгаж ачуулдаг, байнга машин оруулж ирж зардаг учир бүх машин ийм байдлаар ирж зарагддаг, энэ бүр сайн машин гэсэн тул итгэж худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед гааль дээр байгаа учир үзэж шалгахын тулд заавал гааль, татвар төлж байж контейнерээс авч үзэх хэрэгтэй гэсэн тул эхлээд 7,000,000 төгрөгийн гааль, тээврийн зардлыг би төлж, машиныг гаалиас авч асаах гэхэд хүйтний улиралд хол газар тээвэрлэгдсэн царцуу байгаа, дулаан газар оруулж хонуулаад асаа, харин гэрээгээ хийгээд машинаа аваад яв гэж худалдаг талын шаардсаны дагуу машиныг гаалиас ачиж яваад, дулаан гаражид хонуулаад, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулан үлдэгдэл 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь машинаа асаах гэхэд огт асахгүй байсан учир Р.... руу залгаж хэлэхэд мотор кропны тос маслыг нь солиод шууд асна гэсэн. Тос маслыг нь солиод дулаан гаражид байлгаж байгаад асаах гэхэд машин асахгүй, худалдагч талтай дахиад холбоо барихад том асуудал байхгүй, санаа зоволтгүй, баттерей нь суусан байх. Дуудлагын засвар дуудаад үзүүлээдэхээч гээд өөрөө ирээгүй. Бид наймаагаа буцаая гэхэд гэмтэл эвдрэл байхгүй, яаж ийгээд асаачих, зардлыг нь өгнө гээд, үүнээс хойш өвчтэй байна гэх зэргээр худлаа үнэн яриад алга болсон. Бид машиныг эхлээд хувь хүний засварын газарт арай гэж асаалгасан боловч огт явахгүй байсан. Тэндээс том засварын газарт үзүүл гэсний дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Дельта авто засварын газарт оношлуулахад мотор эвдэрхий, ашиглах боломжгүй гэсэн.

Энэ асуудлаар Р....тай холбоо барихад ямар ч байсан асаагаад жигдрүүлчих, зардал мөнгийг нь шийдье гэсэн. Ингээд Япон улс руу моторыг захиж авчруулан угсруулах үед засварын газрын хүмүүс уг машиныг осолд орж кузов нь мурийсан, радиатор эвдэрхий, явах эд анги эвдрэл, элэгдэл ихтэй, энэ байгаа байдлаараа ашиглах боломжгүй гэсэн онош тавьсан. Би энэ машины үнэд төлсөн 25,500,000 төгрөгөөс гадна машиныг гаалиас авсан цагаас өнөөдрийг хүртэл эвдрэл гэмтлийг оношлуулах, засварлуулах, мотор бусад шаардлагатай сэлбэг хэрэгсэл авах, кузов засвар хийлгэх зэрэгт нийт 15,280,800 төгрөг зарцуулаад байгаа ба, цаашид мэргэжлийн байгууллагын тавьсан оношлогооны дагуу явах эд анги бусад засварт 8,636,000 төгрөг шаардлагатай болоод байна. Р....д авсан цагаасаа энэ асуудлыг хэлж мэдэгдэж байсан боловч арга хэмжээ авалгүй, хэл сураггүй алга болсон.

Фэйсбүүк хуудаст зар тавихдаа машиныг 40,000,000 төгрөг гэсэн байсан. 1 дүгээр сарын 20, 21-нд машиныг үзэхээр ярилцсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн нөхөр Ц.... болон хариуцагчийн ах Р.... нар хоорондоо ярилцаж, амаар тохирсон байдаг. 1 дүгээр сарын 22-ны өдөр машин гэсгээхэд радиатор хагарсан, ус гоожоод эхэлсэн байсан. Наймаагаа буцаая гээд Ц....ийг хэлэхээр 1 дүгээр сарын 23-ны өглөө Р.... нь машиныг 25,500,000 төгрөг болгож багасгая гэсэн байдаг. Түүнийг нь автомашины гэмтлийн улмаас хямдруулж байна гэж үзсэн. Ингээд нэхэмжлэгчийн нөхөр Aqua машинаа 10,000,000 төгрөгт тооцож өгөхөөр болж худалдан авсан. Машиныг Б.... хүлээж аваагүй. Уг машин нь үнэлгээгүй, хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй. Худалдагч тал Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасан чанарын шаардлага хангасан машин хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд зааснаар акт үйлдэн хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Зориулалтаар нь ашиглах боломжгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн учраас гарсан хохирлоо шаардах эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Р.... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д....гийн хамт гаргасан тайлбартаа:

Б.... болон түүний нөхөр Ц.... нар тус автомашиныг худалдан авахдаа харилцан тохиролцож, машины засвар үйлчилгээний мөнгийг хасаж тооцон худалдаж авсан. Худалдан авахдаа хэд хэдэн засвар оношилгооны газраар оношлуулж авсан. Тус авто машины зах зээлийн үнэлгээ 55,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөг байдаг. Гэтэл уг автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд, анхнаасаа засвар үйлчилгээний хөлсийг хасч тооцон, шалгаж авсан. Иймд засварын мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч тал машиныг 1 дүгээр сарын 22-ны өдөр үзэж шалгаад авсан. Маргааш нь 1 дүгээр сарын 23-нд худалдах, худалдан авах гэрээг хийсэн. 7,000,000 гаруй төгрөгийг гаалийн татварт, 18,000,000 орчим төгрөгийг миний ах Р....ын дансанд, үлдсэн дүнд Тоёота Акуа оруулж төлсөн. Гаалиар машин орж ирэхдээ 1, 2, 3 гэсэн үнэлгээ өгдөг. 50,000,000 төгрөгийн машиныг 40,000,000 төгрөгт зарахаар тохирсон. Мөн Акуа машиныг нь нэмж тооцоод хоорондоо тохиролцож наймаалцсан. Нэхэмжлэгч тал нь машины доголдлын талаар мэдсээр байж худалдаж авсан. Гэрээг Б...., Р.... нар хийсэн ч, гэрээний дагуу төлбөр хариуцагч Р....д шилжиж ороогүй, бодитоор машиныг Р.... биш, харин түүний ах Р.... зарсан харагдаж байна. Гибрид оношлогоо 1 дүгээр сарын 22-ны өдөр 100,000 төгрөгөөр оношлуулаад авсан байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар доголдлын талаар худалдан авагч тал мэдэж байсан. Мэдээд буцаах санал тавьсан гэдэг. Тийм учраас хохирол шаардах эрхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Р....д холбогдуулан, худалдан авсан автомашиныг засварласан зардал 23,916,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б...., Р.... нарын хооронд Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч Р.... нь өөрийн нэр дээр Япон улсаас оруулж ирсэн, мөнгөлөг өнгөтэй Лексус GS450Н маркийн 3450 сс хөдөлгүүртэй, GWL10-6008242 арлын дугаартай суудлын автомашиныг худалдан авагч Б.Солонгын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 10,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлж дуусгахаар заан, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх 4/

Талууд гэрээнд: уг автомашин худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслэгдээгүй, өмчлөлийн ямар нэг маргаан байхгүй. Худалдагч автомашиныг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө хүлээлгэн өгөх акт үйлдэнэ. Тус актад худалдан авагч талын хүсэлтээр автомашины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргаж болно хэмээн заажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд, хариуцагч Р....ыг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээг бичгээр байгуулсан боловч, 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний зүйлийг худалдан авагчийн нөхөрт хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул худалдагч нь гэрээгээр хүлээсэн автомашиныг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Худалдан авагчийн хувьд талууд гэрээний үнийг 10,000,000 төгрөг байхаар гэрээнд заасан хэдий ч, бодитоор 25,500,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцон, уг төлбөрийг хувааж төлөхдөө нэхэмжлэгчийн нөхөр Ц.... болон түүний ээжийн харилцах данснаас хариуцагч Р....ын ах Р....д төлсөн болохыг зохигчид хэн аль нь хүлээн зөвшөөрч тайлбарласан бөгөөд, маргааны зүйл болох автомашин хариуцагч Р....ын нэр дээр Япон улсаас тээвэрлэгдэн ирсэн учраас гэрээг байгуулсан хэмээн тайлбарласан. /хх 34-45/

Харин гэрээний зүйл болсон автомашин нь худалдан авагчид шилжүүлэхэд биет байдлын доголдолтой байсныг худалдан авагч тал мэдсээр байж авсан эсэх талаар зохигчид өөр өөрийн үндэслэлийг гарган тайлбарлаж мэтгэлцсэн ба, нэхэмжлэгч тал ...автомашины доголдлын талаар мэдээгүй, гаалиас аваад асаах гэхэд худалдагч тал хүйтний улиралд хол газар тээвэрлэгдсэн учраас царцуу байгаа, дулаан газар хонуулаад асаа гэж хэлсний дагуу хонуулаад асаахаар оролдоход асаагүй, гэрээг байгуулснаас хойш авто засварын газар оношлуулснаар доголдол илэрсэн... гэж тайлбарлан, доголдлыг арилгахад зарцуулсан зардлын баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргасан байна.

Хариуцагч талын хувьд нэхэмжлэгчийг эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мэдсэн бөгөөд, хүлээн зөвшөөрч, зах зээлийн үнээс хямд үнээр худалдаж авахаар харилцан тохиролцсон учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж тайлбарлан, гэрч Ц...., Р.... нарын хоорондоо харилцсан чатад үзлэг хийлгэж, Япон улсаас орж ирсэн машины үнэлгээний тухай баримтыг нотлох баримтаар гаргасан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана.

Хэдийгээр тухайн автомашиныг худалдагч болон худалдан авагч тал аль аль нь Япон улсаас ирэхэд хүлээн авсан, уг автомашин хуучин эд хөрөнгө болохыг худалдан авагч тал мэдсэн боловч, тээвэрлэлтийн явцад хөлдсөн байх магадлалтай гэх худалдагч талын зөвлөснөөр дулаан гаражид хонуулан, асаахаар оролдсон, энэ талаараа худалдагчид мэдэгдэж, улмаар авто засварын газарт үзүүлэхэд радиатороос ус гоожсоныг засуулах шаардлагатай гэх үндэслэлээр гэрээний зүйлийн үнийг харилцан ярилцаж хямдруулахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

Гэвч, тийнхүү шилжүүлэн авснаас хойш уг автомашины мотор ажиллах боломжгүйн улмаас солих шаардлагатай талаар Дельта авто сервис засварын газар оношилсон байх ба, улмаар автомашины мотор ажиллагаагүйгээс гадна явах эд анги нь эвдрэлтэйн улмаас засварлах шаардлагатай бөгөөд, өмнө нь осолд орж мөргөлдсөн гэх онош 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тавигдсанаар худалдан авагч Япон улсаас шинэ мотор авч, засварлуулсан байх тул автомашиныг худалдан авагч Б....д шилжүүлсний дараа илэрсэн дээрх доголдлыг эд хөрөнгө шилжүүлэх үед мэдэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.

Талууд гэрээгээр автомашины чанарын талаар тусгайлан тохиролцоогүй бөгөөд, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ хэмээн заасны дагуу гэрээний зүйл болох автомашин нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байснаар биет байдлын доголдолгүй болох юм.

Автомашин бол өөрөө хөдөлгөгч тээврийн хэрэгсэл учраас мотор ажиллагаагүйн улмаас асахгүй байгаа тохиолдолд ашиглах боломжтой гэж үзэхгүй ба, дулаан газар хонуулахад асна гэх худалдагч талаас өгсөн мэдээллийн дагуу атомашиныг чирж авч явсан худалдан авагчийн үйлдлийг автомашины доголдлын талаар мэдсээр байж хүлээн авсан гэж үзэхгүй. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн худалдан авагч нь моторын болон явах эд ангийн доголдлын талаар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр мэдэж, 2 дугаар сарын 28-ны өдөр шинэ мотор 7,000,000 төгрөгөөр худалдан авч, 740,800 төгрөгөөр Япон улсаас тээвэрлүүлэн, уг оношлогооны зардал болон, мотор, явах эд анги засварлахад 2,240,000 төгрөг, радиатор засахад 450,000 төгрөг, мотор авч тавихад гарсан зардал 450,000 төгрөг, мотор сольсон 300,000 төгрөг, моторын тос, тосол 218,500 төгрөг, нийт 11,399,300 төгрөгийн бодит зардал гарсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Дельта авто сервис ХХК-ийн агрегат засварын инженерийн оношлогоо, бэлэн мөнгөний орлогын баримт, ажлын хуудас, зарлагын падаан, засварын ажлын хөлс шаардсан нэхэмжлэх, фото зургуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.... нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан нийт 11,399,300 төгрөгийн зардлаа төлүүлэхээр хариуцагч Р....аас шаардах эрхтэй байна. /хх 47-54, 57-70/

Харин цаашид гарах зардлыг ...ХХК-ийн гаргасан үнийн саналын дагуу 7,653,000 төгрөг, мөн кузов засвар хийлгэхэд зарцуулагдсан гэх 4,100,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч, эдгээр шаардлагын үндэслэл болгож буй баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн зэрэгцээ, цаашид гарах зардал гэх 7,653,000 төгрөгийг гэрээний улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 11,753,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /хх 55, 56/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р....аас 11,399,300 /арван нэгэн сая гурван зуун ерэн есөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б....д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 11,753,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 277,534 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 197,338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА