| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
2024 07 26 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,
Шүүгдэгч: М.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М.Х холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Эрдэнэбаярын “... 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад би өөрийн жолооддог 9538 УАС дугаартай нүүрс тээврийн машиндаа терминал тээврийн контейнер буулгадаг хэсэгт оочирт зогсож байхад манай эхнэр мөн адил тухайн оочирт миний ард талд нүүрс тээврийн машинтайгаа зогсож байсан. Тэгсэн чинь манай эхнэрийн машины хажуугаар танихгүй жолооч нүүрс тээврийн машинтайгаа ирж зогсоод манай эхнэрийг хэл амаар доромжлоод оочир луу нь орно гээд тэр 2 хэрэлдсэн юм шиг байсан, манай эхнэр над дээр хажуу талаар ирж зогссон машины жолооч хэл амаар доромжлоод байна гэсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад тухайн жолооч дээр очоод чи яагаад хүн амьтан хэл амаар доромжлоод байгаа юм буугаад ир гэсэн чинь бууж ирэхгүй байсан. Тэгэхээр би жолооч талынхан хаалгаар дээшээ гараад гишгүүр дээр нь зогсож байхдаа нөгөө нөхрөөс татах гээд барьсан чинь миний гарыг хатгачих шиг болсон тэгээд буугаад харсан чинь миний гарын шууны дотор талын хэсгээс цус ихээр гарч байсан тэгээд нөгөө жолоочоор даруулж байгаад гарынхаа судасны дээд хэсгээр боож цусаа тогтоосон. Тэгээд компанийн эмчийн хамтаар Ханбогд сумын эмнэлэг рүү ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Одгэрэлийн “... 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хадны Гашуун сухайт боомтон дээр ачаандаа орох гээд бүх машинууд цуваад оочирт ороод зогсож байтал миний хажуу талд нэг машин ирээд надтай давхцаад зогссон. Намайг цонхны цаанаас даллахаар нь би буугаад яасан гэж асуутал “урдуур чинь орчихъё” гэсэн. Би тэр жолооч залууг бол тухайн үедээ таньдаггүй байсан, энэ асуудлаас болж нэрийг нь Хүчитбаатар гэж мэддэг болсон. Би түүнд хариуд нь үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу намайг хэл амаар доромжлоод байсан. Миний урд талд манай нөхөр машинтайгаа оочирлоод зогсож байсан болохоор би нөхөртөө энэ талаар хэлэхэд манай нөхөр Ш.Эрдэнэбаяр нөгөө Хүчитбаатартай очиж уулзахад Хүчитбаатар гэх залуу хайчаар манай нөхрийн баруун шууг зүсэж гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэн /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7938 дугаартай “1. Ш.ЭРДЭНЭБАЯР-н биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Хүчитбаатарын “…миний доор борц хайчилж байсан хайч ангайчихсан байж байсан тэгэхээр нь тухайн хайчийг баруун гараараа аваад толгой дээрээ барьж толгойгоо хамгаалсан тэгээд салахгүй дайраад байхаар нь гэдэс хэсэг рүү хөлөөрөө хойш нь жийсэн тэгсэн чинь нөгөө эрэгтэй машинаас доошоо унасан тэгээд буцаад над руу дайрсан чинь гарнаас цус гараад миний нүүр лүү үсэрсэн тэгэхээр тэр цус гарч байгаа хэсгээс нь атгаад авсан чинь нөгөө эрэгтэй цус гарч байгаагаа ч анзаарахгүй байгаа бололтой намайг 2-3 удаа цохиж авсан тэгээд цус гарч байгааг мэдээд намайг гар тавь гэсэн тэгэхээр нь би чи цус алдлаа шдээ гээд би гарыг нь атгаад байж байсан чинь нөгөө эрэгтэйн эхнэр машинаасаа эмнэлгийн хэрэгсэл авчирсан тэгээд энд тэндээс хүмүүс ирж тухайн эрэгтэй гарыг боосон…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч М.Хүчитбаатарын хохирогчийн гарыг хайчаар хатгасан үйлдэл болон хохирогч Ш.Эрдэнэбаярын биед баруун шуунд шарх гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Хүчитбаатар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7938 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Эрдэнэбаярын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.Хүчитбаатар нь хохирогч Ш.Эрдэнэбаярын эмчилгээний хохирол төлбөрт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
Шүүгдэгч М.Хүчитбаатар нь хохирогч Ш.Эрдэнэбаярт 2,500,000 төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл”-ийг тогтоож, танилцуулсныг хохирогч Ш.Эрдэнэбаяр нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, учирсан өвдөлт, шаналал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлээр “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660,000 x 5=3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоов.
Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт гаргуулан хохирогч Ш.Э олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт гаргуулан хохирогч Ш.Э олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай хар өнгийн резинэн бариултай хайч 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Х нь хохирогч Ш.Э эмчилгээний зардал төлбөрт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ