Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­112

 

 

 

 

 

 

    

             2024             07                  17                                          2024/ШЦТ/­­­­112                                              

                                

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолт/,

Шүүгдэгч: Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Х.Ж холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 1/14 гудамжны 35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, Ш овогт Х.Ж /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч Х.Ж нь 2023 оны 10 дугаар сарын
20-ноос 21-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
Өмнөговь аймаг, Манлай сумын нутагт байрлах Үнэгтийн хөндий гэх газар үйл
ажиллагаа явуулах “Тэнэгэр Зам” ХХК-ийн кемпийн хашаанд Б.Хүрэлтогоотой үл
ялих зүйлээр маргалдаж нүүр хэсэгт цохисны улмаас баруун, зүүн дээд үүдэн 1-р
шүд, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж нь мэдүүлэхдээ: ‘’Болсон бүх явдалд үнэн сэтгэлээсээ харамсаж байгаа учраас аль болох хөнгөрөөр шийдэж өгөөч ээ гэж хүсэж байна. Би одоо мөнгө, төгрөг олж ажиллаа хэвээр үргэлжлүүлж байж хохирлоо барагдуулах учраас нийтэд тустай ажил хийх боломж хүрэхгүй юм болов уу гэж бодож байна арай өөр ял шийтгэл байдаг бол тэрүүгээр шийтгэж өгнө үү. Торгуулийн ялаар шийдвэрлэж өгөөч, энд нийтэд тустай ажил хийхээр хоёр хүүхэд харах хүн байхгүй өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор хөнгөнөөр шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Тө нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’ Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би  Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн, Х.Жавхлантөгсөд холбогдох 24290000333 дугаартай хэргийг шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Х.Жавхлантөгс нь 2023 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Хүрэлтогоогийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ийм саналтай байна. Хохирлын тухайд  хохирогч  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаараа 634,400 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн  байгаа. Эмчилгээтэй холбоотой зардал нь гэсэн үг. Цаашид  шүд шинээр хийлгэхтэй холбоотой  “Зооноз” шүдний эмнэлгийн  нэхэмжлэх баримт гаргаж өгсөн байна. 9 сая төгрөгийн шүд нөхөн сэргээх зардал ийм баримтыг  гаргаж өгсөн байна. Тийм учраас Д.Жавхлантөгсөөс хохирогчид учирсан 3 шүдийг хийлгэх  зардал  9 сая төгрөгийн зардлыг түүний хувьд ноогдох хөрөнгөөс гаргуулж хохирогчид олгуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаарх  дүгнэлтээ хэлье. Шүүгдэгч Д.Жавхлантөгсийн хувьд тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн учраас энэ нь өөрөө  гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон гэж  үзэж байна. Хохирлоо өнөөдрийг хүртэл нөхөн төлж барагдуулаагүй нөхцөл байгаа.  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна.  Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал  энэ хэрэгт  байхгүй  гэж үзлээ. Хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд  түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх ийм саналтай байна. Хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд 3 төрлийн ял эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульд заасан байж байгаа  торгох,  нийтэд тустай ажил хийлгэх,  зорчих эрх хязгаарлах  3 төрлийн ял оногдуулахаар хуульд заасан байгаа. Миний хувьд  ял шийтгэлийг шүүхэд санал оруулахдаа дараах нөхцөл байдлыг харж үзсэн. Шүүгдэгчид ажил хийж байгаа гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар хохирогчид хохирол, төлбөр төлсөн зүйл байхгүй, ажиллаж байгаа компаниасаа ажиллаж байгаа гэж байгаа боловч компаниасаа цалингаа аваагүй гэдэг ийм нөхцөл байдалтай байна. Өнөөдөр торгуулийн ял  маань биелэхэд боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүхээс сая 9,634,400 төгрөгийн торгуулийг хохирогчид хохирол төлүүлнэ, дээрээс нь торгуулийн ял  хэзээ ч биелэх боломжгүй ял болж хувирч байгаа  нөгөө талдаа зорчих эрх хязгаарлах ял, зорчих эрх хязгаарлах ялын яалаа гэж санал болдог хүн бэ гэхээр шүүгдэгч одоо ажил хийж  байх шиг байгаа юм. Улаанбаатар хотод хаягтай хүн,  Сэлэнгэ аймагт ажил хийж байгаа хүн. Тэгэхээр  зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг  баруун бүсийг  зорчих, хязгаарлах ялыг бүсчилж тогтоох боломжгүй шүү дээ. Боломжит ял нь биелэх боломжтой ял нь өөрөө нийтэд тустай ажил хийлгэх ял байна гэж  харж байгаа юм. 540 цагийн тухайд шүүгдэгчийг өнөөдрийг хүртэл хохирлоо нэг ч төлөөгүй, хохирогчтой уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Энийг нь ингээд харахаар үйлдсэн гэмт хэрэгт гэмшихгүй байна. Өөрөө өөртөө хийсэн дүгнэлт байхгүй байна. Хуулийн байгууллага дуудсан цагт хүрэлцэн ирээгүй 2 удаа дуудах хуудас явуулсан аваагүй, авахгүй  3 сард үйлдсэн яллах дүгнэлтийг 7 сард авч  эрэн сурвалжлах ажиллагаа зарлаж байж өнөөдөр  хуулийн байгууллагын ажлыг шүүх, прокурорыг дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй хүн үүргээ биелүүлэхгүй ийм нөхцөл байдал байж байна шүү дээ. Миний хувьд 540 цагийн нийтэд тустай ажил хөдөлмөр хийж, хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг үйлдсэн гэмт хэрэгтээ ухаарч, ухамсарлаж гэмших хэрэгтэй гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн зорилго ухааруулж ойлгуулж байдаг шүү дээ.’’ гэв.

  Хохирогч Б.Хүрэлтогоогийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4-6 дахь тал/, 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хүрэлтогоогийн “...би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цогтцэций сумаас зүүн тийш байрлах Үнэгтийн хөндий гэх газарт Тэнгэр зам ХХК жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед өдөр буюу 2023 оны 10 сарын 20-ны орой 21 цагийн Жавхлантөгс, Соёмбоо нартай хамт Соёмбоо Норд сонсмал маркийн тээврийн хэрэгсэл дотор 0,75 граммын архи хувааж ууж дуусгаад одоо гурвуулаа яах уу амрах уу гэж би Жавхлантөгс, Соёмбоо нарт хэлэхэд Жавхлантөгс би ганц хоёр пиво олж ирье байж байгаарай гэсэн. Тэгээд Жавхлантөгс, Соёмбоо бид гурав дэлгүүрээс 2,5 литрийн Сэрүүн нэртэй пивоноос 4 ширхгийг аваад Соёмбоо Норд сонсмал маркийн тээврийн хэрэгсэл дотор 3 ширхийг ууссан. Тэгээд Соёмбоо 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пивоо хэдүүлээ маргааш уу гэхэд Жавхлантөгс ах бид хоёр 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пивыг манай машин очоод ууя гэсэн тэгээд Жавхлантөгс бид хоёр Соёмбоо Норд сонсмал маркийн тээврийн хэрэгслээс бууж Жавхлантөгс Норд сонсмал маркийн 7894 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пивоо хувааж уусан тухайн үед би нэлээн согтсон байсан бөгөөд манай нэг найз архи ууж яваад шоронд орсон тухайн ярихад Жавхлантөгс өөр дээрээ тусгаад буруугаар ойлгоод байх шиг байсан тэгээд би Жавхлантөгс Норд сонсмал маркийн 7894 УАР улсын дугаартай
тээврийн хэрэгслээс буугаад бие засаад байж байхад Жавхлантөгс миний зүүн гар
талд ирээд бие зассан. Жавхлантөгс миний хажууд бие засаж байхдаа ах та яагаад намайг яагаад янз бүрээр хэлээд байгаа юм бэ гэж хэлээд зүүн гараар миний нүүрний уруул хэсэгт цохиход нүүрэнд гал бутрах шиг болсон тэгээд намайг газар унахад миний дээрээс гараад толгой хэсэгт хоёр талаас нь гараараа цохисон бөгөөд Жавхлантөгс намайг чи хаана ямар шоронд ял эдэлж байсан ялтан бэ чамайг алцан байхад хэн ч мэдэхгүй шүү гээд миний толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд би Жавхлантөгс одоо болио оо чи намайг нүүр нүдгүй цохиод байна гэж хэлэхэд огт тоогоогүй бөгөөд миний үүдэн гурван шүд унасан тул би босож ирээд Жавхлантөгсөөс зугтаад Соёмбоо Норд сонсмал маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод Соёмбоод цустай гурван шүдээ харуулахад та цустай юм аа цааш нь хамаг юм цус болголоо гээд миний гарын ар талын хэсэгт цохиход миний гарт байсан гурван шүд шороо руу унасан тэгээд Соёмбоо ан хоёрын асуудал надад хамаа байхгүй гээд миний цээж хэсэгт тийрч машинаасаа унагасан. Тухайн үед Жавхлантөгс, Соёмбоо бид гурав нэлээн согтсон байсан. Тэгээд би харуул дээр очоод Жавхлантөгс, Соёмбоо бид гурав нийлээд архи ууж байгаад Жавхлантөгс I намайг зодчихлоо гэхэд тухайн харуул та нарын асуудал надад хамаагүй би тухайн объөктыг хамгаалж байна өөрсдөө учраа ол гэж хэлээд намайг огт тоогоогүй тул би машиндаа очоод унтаж амарсан. Тэгээд маргааш өдөр 12 цагийн үед Жавхлантөгс над дээр ирээд та надад агсраад гэж хэлсэн бөгөөд ах би таны хэсэгт яаж цохисон байна гэсэн тэгээд би Жавхлантөгсөд амаа ангайж шүд унасан хэсгийг харуулсан тэгээд Жавхлантөгс миний шүдийг харсан аа өө гурван шүд унасан юм уу гэж хэлсэн бөгөөд надаас уучлалт ч гуйгаагүй шууд явсан. Тэр өдрөөс хойш би Жавхлантөгстэй холбоо аваагүй. Тухайн үед миний шүд унасан хэсгээрээ өвдөөд байсан тул би Манлай сумын эмнэлэг дээо очиж үзүүлсэн...Жавхлантөгс, Соёмбоо та гурав архи болон пивоноос их ууса1. бөгөөд би болж байгаа зүйлийг санаж байгаа хэр нь биеэ хянаж ходлөх чадвар:үй байсан. Жавхлантөгс, Соёмбоо хэр их согтсон талаар хэлж мэдэхгүй байна...Жавхлантөгс Норд сонсмал маркийн 7894УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво хувааж ууссан тухайн үед би нэлээн согтсон байсан бөгөөд манай нэг найз архи ууж яваад шоронд орсон тухайн ярихад Жавхлантөгс өөр дээрээ тусгаад буруугаар ойлгож намайг зодсон гэж бодож байна... тухайн үед Жавхлантөгс зүүн гараараа миний ам хэсэг рүү цохисон бөгөөд эхний цохилтоор миний гурван шүд унасан...хэрүүл маргаан Өмнөговь аймаг Манлай сумын нутагт байрлах Үнэгтийн хөндий гэх газар 2023 оны 10 дугаар сарын
20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө кемпийн хашаан дотор болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/

     2024.01.17-ны өдрийн дахин өгсөн “...миний биед Жавхлантөгс гэдэг залуу
гэмтэл учруулсан юм. Гараараа ам руу нэг удаа цохисон тэгээд газар унасан
дээрээс гараараа толгой руу цохисон...хүн байгаагүй Жавхлантөгс бид хоёр л
байсан...Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

      Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар
сарын 18-ны өдрийн 367 дугаартай “1. Б.Хүрэлтогоо-н биед баруун, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Гурван шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 10% алдагдуулна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Жавхлантөгсийн “... би уншиж бичиж чадна. Өмгөөлөгч авахгүй. ...надад танилцуулсан тогтоолтой холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/  зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

  Шүүгдэгч Х.Жавхлантөгсөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Х.Жавхлантөгс нь 2023 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө хохирогч Б.Хүрэлтогоотой үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч Х.Жавхлантөгс нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Шүүгдэгч Х.Жавхлантөгсийн хохирогчийн нүүр хэсэгт цохисны улмаас баруун, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

             Шүүгдэгч Х.Жавхлантөгсийн хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа цохисон үйлдэл болон хохирогч Б.Хүрэлтогоогийн биед баруун, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

               Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

   Шүүгдэгч Х.Жавхлантөгсийн хохирогч Б.Хүрэлтогоогийн толгой, нүүр хэсэгт цохисны улмаас баруун, зүүн дээд үүдэн 1-р шүд, зүүн дээд үүдэн 2-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 Иймд, шүүгдэгч Х.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 367 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Х бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Б.Х гаргасан эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж 9,634,400 /есөн сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Хүрэлтогоод олгохоор шийдвэрлэлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Х.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Х.Ж “...торгуулийн ялаар шийдвэрлэж өгөөч, энд нийтэд тустай ажил хийхээр хоёр хүүхэд харах хүн байхгүй өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор хөнгөнөөр шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Х.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзлээ.   

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

 Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Х.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж эмчилгээний төлбөрт 9,634,400 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Х олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ