Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/03316

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03316

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,00 дүгээр хороо, “Р” хотхон, 308 дугаар байр,0 давхарт байрлах, “ЭХХК /РД:000йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, А, “Г” хотхон, 1 дугаар байр, 00 тоотод оршин су 0 /РД:000000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 7.080.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга С.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч Б 2020 оны 01-р сарын 27-ны өдөр СС013-70 дугаартай “Авто зогсоол захиалгын гэрээ” байгуулсан. Тус гэрээний 1.1-д гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь Баярт-Одод 25.900.000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т заасны дагуу хариуцагч нь 25.900.000 төгрөгийг нэхэмжлэгчид гэрээнд заасан 2020 оны 02 сарын 17-ны дотор төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг хариуцагч талд хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээсээ 5.900.000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д “...Захиалагч нь энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө" гэж заасан бөгөөд хариуцагч тал 5.900.000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй байсан бөгөөд 2020 оны 02 сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гарах өдөр буюу 2020 оны 08 сарын 24-ний өдөр хүртэл нийт 189 өдрийн хугацаа хэтэрсэн бөгөөд өдрийн 29.500 төгрөгөөр тооцоход нийт 5.575.500 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн бөгөөд гэрээний 7.4-т “алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй” гэж зааснаар 1.180.000 төгрөгийн алдангийг хариуцагч тал нь нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч нь үндсэн төлбөр 5.900.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн бөгөөд одоо алданги 1.180.000 төгрөгийг иргэн Баярт-Одоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үлдэгдэл төлбөр болох 5.900.000 төгрөгийг төлж барагдуулсан. Алданги 1.180.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсадтай холбогдоход үндсэн мөнгө төлчихвөл бид алдангиасаа татгалзана гэсэн тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Эх ногоон дэлхий” ХХК нь Л.Баярт-Одод холбогдуулан гэрээний үүрэгт 7.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Л.Баярт-Од үндсэн төлбөр 5.900.000 төгрөгийг төлсөн тул алданги 1.180.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “үндсэн төлбөрөө төлчивөл алдангиасаа татгалзана” гэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр GCG13-70 дугаартай авто зогсоол захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна.

 

Хариуцагч Л.Баярт-Од гэрээний үүргээс 20.000.000 төгрөгийг төлж, үлдэх 5.900.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үлдэгдэл төлбөр 5.900.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, шүүх хуралдааны явцад энэ төлбөрийг төлсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрчээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7.1, 7.4-д заасны дагуу алданги 1.180.000 төгрөгийг гаргуулна гэж маргаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаар тогтоол Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолуудаар Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлжээ.

 

Өөрөө хэлбэл хариуцагч нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн байх тул  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алданги 1.180.000 төгрөгийг 50 хувь багасгаж, 590.000 төгрөгийг Л.Баярт-Одоос гаргуулж, Эх ногоон дэлхий ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хуацаа хүртэл тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д зааснаар хариуцагч Л.Баярт-Одоос алданги 590.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эх ногоон дэлхий ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 6.490.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баярт-Одоос 18.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эх ногоон дэлхий ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/16518 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО