Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 109/ШШ2022/0096

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хоорондын Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Ц ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Ц ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

 

2. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.2., 40 дүгээр зүйлийн 40.1.6. дахь заалтыг үндэслэн газар эзэмших иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтаар хүчингүй болгосны 1 дүгээрт Ц ХХК бичигджээ.

 

3. Улмаар нэхэмжлэгч Ц ХХК нь дээрх захирамжид холбогдуулан Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 03/603 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ. Ийнхүү дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймаг Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаар захирамжийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр цахимаар хүлээн авч улмаар манай компани 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Цэнхэр сумын газрын даамал Т.М-с хуулбар үнэн" гэсэн дардас даруулан авсан. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өргөдөл гаргасан. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 03/603 дугаар бүхий хариу бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол шуудангийн салбараар дамжуулан авсан.

Ц ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун усны газарт байршилтай Тамирчдын бэлтгэлийн төв барих зориулалттай газрыг Бад туслах нийгэмлэг төрийн бус байгууллага /БХТН ТББ/-аас БХТН-ийн удирдах зөвлөл /Тэргүүлэгчид/-ийн төв зөвлөлийн дагуу тус сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 63 дугаар захирамжаар шилжүүлэн авсан.

Харин Бад туслах нийгэмлэг төрийн бус байгууллага нь Цэнхэр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дүгээр захирамжаар уг газрыг эзэмшигчээр аваад зориулалтыг нь өөрчлөхгүйгээр хөрөнгө оруулалтыг хийлгэхээр тохиролцон манай компанид шилжүүлсэн.

Гэтэл Цэнхэр сумын Засаг дарга Д.Г 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаар бүхий Иргэн аж ахуй нэгжийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамж гаргаж манай компани эзэмшил газрыг хүчингүй болгосон байна. Уг захирамжийг гаргасан үндэслэлдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.2. дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Ц ХХК нь газрыг шилжүүлэн авахдаа Бад туслах нийгэмлэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /БХТН НҮТББ/ газрыг манай компанид шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.

Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Ц ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Халуун усанд байрлах тус газрыг хүчингүй болгосон сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр иргэн аж ахуйн нэгж газрыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжижбайна. Хүчингүй болгосон захирамжийг 2022 оны 3 дугаар сард цахимаар авсан. Ингээд 3 дугаар сарын 9-ний өдөр өөрийн Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.Мд өргөдөл өгөөд сумын Засаг даргад өгөх гэсэн боловч дээд шатны Засаг дарга болох Архангай аймгийн Засаг даргад бичиг хэргийн ажилтнаар нь дамжуулж өргөдөл өгсөн. Харин Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан албан бичгийг шуудангаар дамжуулан Ц ХХК-д 4 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн. Тус Засаг даргын өргөдлийн хариуг Тамгын газрын дарга Ц.Б өгсөн байсан. Тус хариунд газрыг хүчингүй болгосон 2 үндэслэлийг заасан. Үүнд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт хууль зөрчөөгүй гэсэн атлаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн тайлбар бичээгүй байсан учир өргөдлийн хариуг хангалтгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Ц ХХК нь анх Б туслах нийгэмлэг төрийн бус байгууллагаас анх 2013 онд Алтан-Овоо багийн Халуун усны газарт тамирчны бэлтгэлийн төв барих төсөл сонгон шалгаруулж эхлэхэд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан бичиг өгсөн байгаа. Б туслах нийгэмлэгийн спортын шигшээ багийн тамирчдын сэргээлтэд зориулж халуун усны орчим рашаан сувиллын дэргэд бэлтгэл хийлгэх төв байгуулах нь зүйтэй гэж үзэж Б туслах нийгэмлэг нь сумын Засаг даргад хүсэлт тавьж Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн. Энэ иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тухайн үед өөрийн биеэр ирээд танилцуулж дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 144 дугаартай захирамжаар Б туслах нийгэмлэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад тамирчдын бэлтгэлийн төв барих зориулалттай Халуун усанд байрлах 0.5 га газрыг 10 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон. Нэгэнт газар эзэмших эрх олгож гэрээ байгуулсан тул 2014 оноос эхэлж газрыг хашаатай болгох болон зөөврийн байшин авчирч тавих зэрэг ажилдаа орсон.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Б туслах нийгэмлэгийн төрийн бус байгууллага нь санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалт хийлгэх талаар Ц ХХК-тай тохиролцож 2016 онд хүсэлтээ сумын Засаг даргад тавьж Засаг дарга 2 талын хүсэлтийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 63 тоот захирамжаар Ц ХХК-д шилжүүлсэн. Газар шилжүүлэх явцад газартай холбоотой ямар нэг маргаан гараагүй. Гэтэл 8 жилийн дараа газрын гэрчилгээг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Засаг дарга газрыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байна. Тухайн үед сумын Засаг дарга болон газрын даамал бидэнд байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх талаар ямар нэгэн шаардлага тавиагүй, би ч мэдээгүй өнгөрсөн. Уг нь байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний дараа бидэнтэй гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох ёстой байсан байна лээ. Гэхдээ гэрчилгээ аваад газрын төлбөрөө төлөөд явж байсан, газрыг эвдэж сүйтгэж объект бариагүй. Ингээд 2020 онд Ц ХХК нь зураг төслөө гаргаж зураг төслийнхөө хүрээнд барилга байгууламж зөөврийн байшин баръя гээд Улаанбаатар хотод байршилтай усны төлөв хяналт баталгааны дүгнэлтийг 2020 оны 7 дугаар сард хийлгэсэн. Тэгэхээр бид байгаль орчны үнэлгээг хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, бид тодорхой хэмжээнд хийлгэсэн. Түүнээс өмнө газрыг хөндөөгүй. Харин бид гэрээний үүргээ биелүүлж газрын төлбөрөө 2022 он хүртэл бүрэн төлсөн. Сумын даамал надтай ярихдаа бүх газар цахим сүлжээнд шилжиж байгаа учраас газрын төлбөрөө төлчихөө гэсний дагуу төлсөн. Мөн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа бидэнд мэдэгдээгүй гэж үзэж байна. Засаг дарга өмнө 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 400 дугаартай албан бичгээр Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн. 2013 онд Б туслах нийгэмлэг газар олгохдоо Засгийн газрын 2013 оны 31 дугаартай тогтоолыг зөрчсөн байна. Төрийн бус байгууллага хэрнэ төрийн байгууллага мэтээр ойлгож төсөл сонгон шалгаруулалтаар өгсөн байна. Тийм учраас 38 дугаар тогтоолын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн мэдэгдэл ирсэн. Энэ мэдэгдлийн дагуу цахимаар хариу тайлбараа явуулсан. Гэнэт 2022 оны 02 дугаар сард хүчингүй болгосон захирамж цахимаар ирсэн. Тийм учраас үүнийг албан ёсоор газар хүчингүй болгох тухай мэдэгдлийг албан ёсоор өгөөгүй гэж бодож байгаа. Тухайн газрыг Ц ХХК эзэмшихэд Халуун усны газрын иргэдээс газарт ямар нэг үйл ажиллагаа явуулахад маш их хүндрэл учруулж дарамталдаг асуудалтай тулгарч ирсэн. Газрыг хүчингүй болгох тухай 1 бус удаа сумын Засаг дарга нар захирамж гаргасан. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Ганболд 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/36 дугаартай захирамж гаргаж Ц ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг мэдэгдэл өгч хүчингүй болгосон. Хүчингүй болгосон асуудлын талаар өөртэй нь уулзаж хариу тайлбар өгч таны гаргасан үндэслэл тохирохгүй байна. Яагаад ийм үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа юм. Энэ байдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэхэд харилцан ойлголцлоо гээд гаргасан захирамжаа Г буцаагаад сэргээж үйл ажиллагаа явуулж болох юм гэж бодсон. Тэгсэн он гараад Д.Г дарга дахин хүчингүй болгосон захирамж гаргасан. Газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байгааг ойлгохгүй байгаа юм. Сум орон нутгийн зүгээс ямар нэг бүтээн байгуулалт хийх гэж байгаа болон ард иргэдийг хохироосон зүйл байхгүй. Тухайн айлуудын өвөлжөө, хаваржааны газар биш. Бусад иргэн аж ахуйн газар болон нэгжийн газартай давхцаагүй. Сум үнэхээр орон нутаг болоод ард иргэдийнхээ хэрэгцээнд авч байгаа бол хамаа алга. Гэтэл ямар зориулалтаар эгүүлэн авч байгааг ойлгохгүй байна. Ц ХХК-ийн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах асуудал хүндрэл учруулж байгаа учраас энэ гарсан захирамжийн талаар Д.Г даргад тайлбар тавиагүй шууд шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Ц ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 34.2 дахь заалтуудыг зөрчөөгүй тул Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай иргэн аж ахуйн нэгжийн газрыг хүчингүй болгох тухай захирамжийн 1 дэх хэсэгт Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулж хэлье. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Удиртгал хэсэгт нь: Илтэд хууль бус болоход зөвшөөрүүлж өгнө үү. Үүнийг 2002 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 141 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах нь зүйтэй гэсэн үүднээс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн байна. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд илтэд хууль бус болохыг тогтоолгох гэснийг хасаж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай захирамжийн 1 дэх заалт буюу Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуулийн хүчин төгөлдөр хугацааг нь авч үзсэн. 2022 оны 02 дугаар сарын 10-ны Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын захирамж гарсан боловч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр захирамжийн хувийг хүлээж авсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдөр дээд шатны Засаг дарга буюу Архангай аймгийн Засаг даргад энэ талаар гомдол гаргасан боловч 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Засаг дарга хариу өгөөгүй. Харин Тамгын газрын дарга Бадрахаар албан бичиг хүргүүлж энэ албан бичгийг эцсийн шийдвэр байна гэж үзэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт энэ газар олгох асуудал хууль эрх зүйн хүрээнд явагдсан юм уу гэдгийг тал бүрээс нь харж үзэх ёстой. Өмгөөлөгч миний хувьд хавтаст хэргийн материалд цугларсан баримтаас үзэхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу газар олгогдох асуудал явагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 56 тоот албан бичгээр Б туслах нийгэмлэгийн төв зөвлөл нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад албаны хэрэгцээнд зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9 тоот тогтоолоор 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дэмжиж хавсралтаар аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмших газрын байршил хэмжээг зааж өгсөн тогтоол гарсан. Энэ тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Ямар нэг дээд шатны байгууллагын болоод эсхүл хурлаас тогтоолыг хүчингүй болгосон эрх зүйн акт хэргээс харагдахгүй байгаа. Тэгэхээр энэ тогтоолын 3 дахь хэсэгт Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун усны Жимбэгэрийн ам гэх газарт талбайн солбилцлийг зааж өгөөд 2 га газрыг Б туслах нийгэмлэг буудлагын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоол болон бусад хүсэлтийг үндэслэж 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 144 дугаартай газар эзэмших захирамж гаргасан байдаг. Ингэхдээ тодорхой газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх газрын зохион байгуулалт хийх, газрыг эзэмших, эзэмшилд нь хүлээлгэн өгөх, зааг тогтоох, тэмдэглэх, газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх зэргийг газрын даамалд үүрэг болгосон. Энэ захирамжийн дагуу эдгээр ажиллагаа явагдсан байдаг. Ийм ч учраас Б нийгэмлэг нь өөрийнхөө зориулалт бүхий газрыг авсан бөгөөд газрын гэрээ гэрчилгээ зэргээр тогтоогдож байгаа. Газрын төлбөрийг тухай бүрд нь төлсөн асуудал байдаг. Харин Ц болон Б туслах нийгэмлэгийн хооронд харилцан тохирч техник спортын тамирчдын бэлтгэлийн төвийг байгуулахын тулд хоорондоо тохирч Б туслах нийгэмлэг нь өөрийн газрыг Ц ХХК-ийн нэр дээр шилжүүлэх болж 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших, шилжүүлэх гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын А/63 дугаартай захирамжаар Ц ХХК-д уг газрыг эзэмшүүлэхээр болсон. Энэ дагуу гэрчилгээ гаргаж тухайн газрын байршил цэг талбайг хүлээлгэн өгсөн. Архангай аймгийн Хот байгуулалт газар зохион байгууллагын мэргэжилтнээс кадастрын зургийг хийж өгсөн асуудал байдаг. Засаг дарга 8 жилийн дараа яагаад газар эзэмших эрхийг хүчингүй болгов. Мөн энэ гаргасан захирамж нь хуульд хэрхэн нийцсэн, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан юм уу үгүй юу гэдэг талаас нь хууль зүйн үнэлгээ өгөхгүй бол болохгүй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай захирамждаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан. Энэ хуулийн зүйл заалтыг захирамждаа дурдсан нь үндэслэлтэй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг баримталсан. Үүнд энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. Тэгэхээр нэгэнт сонгон шалгаруулалт зарласан байхад энэ зүйл заалтыг баримталж байгаа нь хир үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл 2013 оны захирамжид яригдах ёстой асуудлыг тавиад байгаа юм уу гэсэн зүйл харагддаг. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг баримталсан байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Энэ нь газар эзэмших гэрээ түүнийг байгуулахтай холбогдсон заалт юм. Түүнээс сүүлд нь хөөцөлдөөд хүчингүй болгох заалт биш юм. Өөрөөр хэлбэл 2002 оны 02 дугаар сарын 10-ны А/14 тоот захирамжийг гаргахад байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байсан. Тэгэхээр хийлгэсэн байхад хийлгээгүй мэтээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг баримтлан захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй болсон. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн. Гэхдээ ашигласан байгаа учраас энэ заалт хамааралгүй гэж үзэж байна. Мөн Засаг дарга захирамждаа юуг хүчингүй болгосон талаар бид хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Захирамжийн 1 дэх хэсэгт газар эзэмших иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтаар хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тэрнээс биш Засаг даргын захирамж юм уу бусад заалтыг хүчингүй болгоогүй. Дээрх захирамжийг уншихад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна гэдгийг харсан, өөр зүйл харагдаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бол хавсралтаар ямар зүйл заалтыг хүчингүй болгосон юм бэ гэдгийг харах ёстой. Хавсралтаар Ц ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 144 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгосон энэ газар 2016 оны 05 дугаар сарын 03-ны А/63 дугаартай Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж гарсан. Энэ захирамж одоо хүчин төгөлдөр байгаа. Энэ захирамжаар бидний эрх нь зөрчигдөөд байгаа Ц ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй байдал харагддаг. 144 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа боловч 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаартай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгоогүй. Тэгэхээр Ц ХХК нь газар эзэмших эрхтэй гэж харж байна. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаартай захирамжаас Б нийгэмлэгийн Алтан-Овоо багт нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тэгэхээр өмгөөлөгч миний хувьд юу гэж үзэж байна вэ гэхээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэтэл хүчингүй болгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай захирамжаар дахин хүчингүй болгосон. Энэ Засаг даргын захирамжийг биелүүлэх боломжгүй. Хуульд нийцээгүй захирамж гаргасан. Хүчингүй болгосон байхад дахиад А/14 дугаартай захирамжаар хүчингүй болгоно гэж байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 удаа хүчингүй болгоод байна. Гэхдээ зөвхөн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дугаартай захирамжаар эзэмшсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 удаа хүчингүй болгосон. Тэгэхээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаартай захирамж хэвээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа. Засаг дарга хэрвээ 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай захирамж гаргахдаа талуудад мэдэгдэх үүрэг хүлээж байгаа субъект юм. Захиргааны ерөнхий хуульд маш тодорхой заасан байгаа. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. Өмгөөлөгч миний хувьд Засаг дарга энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж харж байна. Хэрэгжүүлсэн ганц зүйл нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/450 дугаартай албан бичигт 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар олгосон эзэмших эрхийг Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг зөрчсөн тул хүчингүй болгох шийдвэр гарах боллоо гэсэн. 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн захирамжид маргаж байгаа. Энэ захирамжаар гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Гэтэл 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаартай захирамжийг хүчингүй болгох мэдэгдэл өгсөн. Энэ захирамжийг хүчингүй болгоогүй одоо ч гэсэн хүчин төгөлдөр байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар урьдчилан мэдэгдэх оролцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүй ийм байдал харагдаж байгаа. Мөн 15 дугаар зүйлд тодорхой заасан. Юу гэж заасан бэ гэхээр оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эдэлнэ. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хуульд заасан журмын талаар мэдээлэл авах холбогдох бичиг баримтыг хуулбарлах авах энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Мэдэгдэл өгч мэдэгдлийнхээ дагуу захирамжийг хүчингүй болгосон асуудал харагддаг. Энэ бүхнийг харахад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох гэсэн захиргааны байгууллагын үүрэг байх ёстой. Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл нөхцөл байдлыг ерөөсөө тогтоож чадаагүй. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх энэ үүргээ хэрэгжүүлээгүй, өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй явсан зүйл харагддаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэж үзэж байна. Мөн захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох ажиллагаа байх ёстой. Захиргааны акт гарахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 тоот захирамжийн гэрчилгээг хүчингүй болгохдоо урьдчилан сонсох ажиллагаа хийгдээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Ийм учраас захиргааны акт гаргахдаа тодорхой эрхийн актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/430 дугаартай мэдэгдэх сонсох ажиллагаа хүргүүлж байгаа хуудас чинь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/63 дугаартай актын талаар дурдагдсан болохоос биш бидний хүчингүй болгосон Засаг даргын захирамжийн талаар яригдаагүй. Засгийн газрын 2013 оны 38 дугаартай 6 дугаар заалт нь өөр юм. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дугаартай захирамжийн гэрчилгээг хүчингүй болгосон болохоос биш 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/63 дугаартай захирамжийг хүчингүй болгосон асуудал байхгүй байгаа. Тийм учраас мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй байна гэсэн хууль зүйн дүгнэлт гарч байна. Нэгэнт хэрэгт авагдсан цагаан дээр хараар бичсэн нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай захирамж нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолд 2 удаа өөрчлөлт орсон. Иймд нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай захирамжийн хавсралтын 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын тайлбар нь зөв зүйтэй юм байна гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

1. Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дүгээр захирамжийг үндэслэн Архангай аймаг Цэнхэр сум, Алтан-Овоо баг Халуун усны орчимд төсөл сонгон шалгаруулах журмаар  нийгэмлэгт тамирчдын бэлтгэлийн төв байгуулах зориулалтаар 0.5 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гарч, улмаар газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинэчлэн 000309999 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /х.х-н 28, 122/

 

2. Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/63 дугаартай захирамжаар Б туслах нийгэмлэгийн Алтан-Овоо баг Халуун усанд тамирчдын бэлтгэлийн төв байгуулах зориулалтаар 0,5 га, 650800581 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ. /х.х-н 126, 123/

3. Нэхэмжлэгч Ц ХХК-ны зүгээс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

4. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.2., 34.6.3., 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх заалтыг үндэслэн газар эзэмших иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтаар хүчингүй болгосны 1 дүгээрт Ц ХХК бичигджээ. /х.х-н 141-142/

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд

5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.2.-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно., 34 дүгээр зүйлийн 34.2.-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ., 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж тус тус заажээ.

6. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хүчингүй болгох тухай А/14 дүгээр захирамжаар 1.Газар эзэмших иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтаар хүчингүй болгосугай гээд Хавсралтын 1. Ц БХТН, 0.5, Бэлтгэлийн төв, газар шийдвэр 2013.11.11-14 гэжээ. /х.х-н 141-142/

 

Маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэх тухайд

7. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх-ыг шаарддаг.

8. Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжаар газар эзэмших эрх хүчингүй болгох тухай гэсэн мөртлөө захирамжийн хавсралтаар анх Б туслах нийгэмлэгт газар эзэмших эрх олгосон Цэнхэр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/14 дүгээр захирамжийг (энэ захирамжаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/63 дугаар захирамжийн 1 дэх заалтаар хүчингүй болгосон) хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн эсэх тухайд

9. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:33.1.2.-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан.

10. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолоор 2013 онд батлагдсан тус сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулсан байна. /х.х-н 122/

11. Бад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай албан бичгээр: Бад туслах нийгэмлэгийн Техникийн болон морин спортын тамирчдын сэргээлтийн бэлтгэлийн төв байгуулахад Алтан овоо багийн харьяа халуун усны рашааны орчинд манай байгууллагын албан хэрэгцээнд зориулж 0,5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байжээ. /х.х-н 125/

12. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 тоот тогтоолоор Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар ....2 газрыг эзэмшүүлэхээр тусгагджээ. /х.х-н 136-140/

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон эсэх тухайд

13. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ., 58.4-д Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана гэж заажээ.

14. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил нь Газрын тухай хуулийн 58 дугаар зүйл, Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар-т заасны дагуу хийгддэг ажиллагаа хамаарахаар Газрын тухай хуулиар зохицуулсан байна.

15. Нэхэмжлэгчийн хувьд Хн Пирамид ХХК-аар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халууны голд орших Ц ХХК-ны тамирчдын бэлтгэлийн төвийн зориулалттай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан -аар тус маргаан бүхий газарт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг гүйцэтгүүлж дүгнэлт гаргуулсан байна. /х.х-н 37-75/

16. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6."байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг; 7 дугаар зүйлийн 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ., 7.3-т Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ. гэж заажээ.

 

17. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. .... 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заажээ.

18. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь эзэмших эрхтэй болсон газартаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй харин тухайн эзэмшил газартаа газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж дүгнэлтийг гаргуулсан байна. /х.х-н 37-75/

19. Нэхэмжлэгчийн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байх боловч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. ... 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараатэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байхад хариуцагч ньанхны эзэмшигч Б туслах нийгэмлэгт 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дүгээр захирамжаар 0,5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж 000309999 дугаартай гэрчилгээг олгохдоо эл нөхцөл байдлыг шаардаагүй байхын зэрэгцээ хожим газар эзэмших эрхийг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/63 дугаар захирамжаар шилжүүлэн 000319341 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 7 дугаар сарын 26-нд олгохдоо ч хуулийн дээрх нөхцөлийг шаардаагүй нь хариуцагч байгууллагын өөрийнх нь буруутай үйлдэл төдийгүй эл үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн агуулгатай нийцэхгүй байна.

20. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх бүхий иргэн тухайн газрын координатын цэг, кадастрын зураг, газрын хэмжээ, байршлыг гаргуулсны дараа тухайн газартаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх боломжтой бөгөөд ийнхүү байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна.

21. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх нөхцөлийг шаарддаг.

22.Гэтэл маргаан бүхий газарт газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон, анх Бад туслах нийгэмлэг НҮТББ-д Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/144 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тавиагүй, хожим нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/63 дугаар захирамжийг гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсныхаа дараа хуулийн дээрх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг буруутган газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

23. Түүнчлэн нэхэмжлэгчийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 03/603 дугаартай иргэн Л.Уяахүү танаа гэсэн албан бичигт ...өргөдөлтэй танилцаж хуулийн хүрээнд судлахад Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэснийг тэмдэглэх нь зүйтэй. /х.х-н 17/

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон эсэх тухайд

24. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц ХХК-тай хамгийн сүүлд хэзээ гэрээ байгуулсан, гэрээний биелэлтийг дүгнэсэн нь тодорхойгүй, хариуцагчид энэ талаарх баримт байхгүй, гэрээг сүүлд хэзээ байгуулсан нь тогтоогдохгүй байна.

25. Газрын тухай хуулийн 32, 33, 44 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасны дагуу тухайн шатны Засаг дарга газар ашиглуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших ... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж зааснаар гэрээг дүгнэх ажиллагааны явцад аливаа зөрчлийг илрүүлж, улмаар тухайн үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлд зааснаар холбогдох шатны Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулсан байна.

26. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойшхуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

27. Нэхэмжлэгч Ц ХХК-тай хамгийн сүүлд хэзээ гэрээ байгуулсан, гэрээний биелэлтийг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагчид энэ талаарх баримт байхгүй, гэрээг сүүлд хэзээ байгуулсан нь тогтоогдохгүй, хариуцагч маргаан бүхий актын энэ үндэслэлийг дэмжиж буй нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нөхцөлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй болжээ.

28. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох-оор зааснаас үзвэл, Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.

29. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргаан байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд

30. Хариуцагч захиргааны байгууллагаас анх 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/430 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ... Алтан-Овоо багийн халуун усны байршилтай 0.5 га газрын эзэмших эрхийг Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг зөрчсөн тул зөрчилтэй газрыг хүчингүй болгох шийдвэр гаргах болсон талаар 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагаас Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд хүрэлцэн очих буюу хариу тайлбарыг цахимаар хүлээн авах талаарх мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар илгээсэн байна./х.х-н 145-147/

31. Ц ХХК 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт өгсөн хариу тайлбартаа ... Манай компанийн хүргүүлж буй тайлбараас та нөхдийг БХТН ТББ нь төрийн болон төсвийн байгууллага биш гэдгийг ойлгож БХТН-ээс манай компанид газар шилжүүлэхдээ ямар нэгэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэн залруулга хийж, Ц ХХК газар эзэмших эрхийг цуцлах ямар нэгэн гаргахгүй гэдэгт итгэж байна. ... гэжээ. /х.х-н 112-117/

32. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/430 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ц ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл нь маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамж түүний үндэслэлтэй холбоотойгоор хүргүүлсэн мэдэгдэл, түүнд хамааралтай сонсох ажиллагаа биш байна.

33.Харин Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамж түүний үндэслэлтэй холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох нэхэмжлэгч Ц ХХК-д этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, энэ талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй байна.

33. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заажээ. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, захиргааны байгууллага нь Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэхээр байна.

34. Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь дээрх ажиллагааг хийж маргаан бүхий акт болох А/14 дүгээр захирамжтай холбоотойгоор мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

35. Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дугаартай захирамжаар Иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 24, 26, 27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, журмыг хангаагүй байна.

36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ., 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ гэж заасан.

37. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 01/330 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэж ирүүлсэн. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариу тайлбар, татгалзал, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлын үндэслэлээ гаргаж маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1., 106.3.12. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2., 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6., 61 дүгээр зүйлийн 61.1., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5., 24 дүгээр зүйлийн 24.2., 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/14 дүгээр захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА