| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/00987/И |
| Дугаар | 102/шш2019/03029 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 102/шш2019/03029
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М....ийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...,
Нэхэмжлэгч: ... нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...д холбогдох,
Эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол, олох байсан орлогод бүгд 39,919,150 /гучин есөн сая есөн зуун арван есөн мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П...., О...., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П...., О.... нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд өмгөөлөгч С....ийн хамт гаргасан тайлбартаа:
Б.... нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний орой 17 цаг 20 минут орчимд Баянгол дүүргийн .. дугаар хороо, Энхтайваны гүүрний доод талын замд Тоёота приус маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон яваад П....ийн жолоодож явсан Тоёота приус маркийн ... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Б....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд, тээврийн прокурорын газраас 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 90 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Б.... замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдож зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Ослын улмаас Б....гийн биед хөнгөн зэргийн гэмтэл үүссэн бөгөөд, нэг сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд бидний амьдралын эх үүсвэр болсон машин бүрэн ажиллагаагүй болсноор ажилдаа явж чадахгүй, түрээсийн өрөнд орсон тул түрээслүүлэгч нь түрээсээ авч байж ажиллуулна гээд, одоог хүртэл ажилгүй байна.
Нэхэмжлэгч П.... нь машинаа барьцаанд тавьсан байсан бөгөөд, такси үйлчилгээнд явж олсон мөнгөнөөсөө сар, сардаа тодорхой хувийг төлж барагдуулан, үлдэгдэл мөнгөөрөө амьдралаа залгуулдаг байсан. Дээрх ослын улмаас машин дахиж хэрэглэгдэхээргүйгээр эвдэрсэн бөгөөд, нэхэмжлэгч нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг залуу гэр бүл юм. Ослын хохирол, хор уршгийн улмаас нэг гэр бүл ажил, амьдрал, эд хөрөнгөөрөө хохироод байна. Учирсан хохирол: журмын хашаа руу ачуулсан ачилтын мөнгө 130,000 төгрөг, журмын хашаанаас гэр лүү ачуулсан мөнгө 80,000 төгрөг, машины үнэ 11,000,000 төгрөг, Б....гийн оношлогооны хуудас 50,000 төгрөг, автомашинд үнэлгээ хийлгэсэн үнэлгээчний зардал 178,000 төгрөг, бензиний зардал 1,119,150 төгрөг, машины түрээс (өдрийн 20,000 төгрөг, 22 өдөр, үүнийг 3 сараар тооцсон)1,320,000 төгрөг, Б.... эмчилгээний зардал 1,142,300 төгрөг, П....ийн сарын дундаж орлого 3,300,000 төгрөг (22хоног*50,000төгрөг=1,100,000*3 сар), Б....гийн сарын дундаж орлого 6,000,000 төгрөг (2,000,000төгрөг*3 сар) Б.... гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Иймд Б....гаас нийт 24,319,150 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Б....гийн гэм буруутай нь тогтоогдсоор байтал гэм буруугаа хүлээлгүй явсаар нийт 11 сар өнгөрлөө. Бид уг машинаараа хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөхөөс гадна хувиараа такси үйлчилгээнд явж машиныхаа зээлийг, банкны зээлүүдээ төлж ямар нэгэн асуудал гаргалгүй амжиргаагаа залгуулдаг байсан. Одоогоор түүнээс хойш амжиргаагаа залгуулахын тулд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дахин 1 өдрийн 25,000 төгрөгийн түрээстэй Тоёота Приус .... улсын дугаартай автомашиныг түрээслэсээр явж байна. Бид уг хэргээс болж банкны зээлээ төлж чадахгүй байсаар банкинд гэр орноо алдахад хүрч байгаа тул бүхэл бүтэн 1 айлын гал голомтоор тоглож байгаад иргэн Б....д туйлын, асар их гомдолтой байна. Иймд нийт 11 сарын хугацаанд эхний 24,319,150 төгрөг дээрээ үлдсэн 8 сарын хугацааны машины түрээс буюу машинаараа такси үйлчилгээнд явж олдог байсан мөнгөө нэмж нэхэмжилж байна. Үүнд: таксинд явж олох байсан орлого 24 хоногийг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг. Үүнийг 8 сараар тооцон 9,600,000 төгрөг. Мөн машины түрээс 30 хоногийн 25,000 төгрөг 750,000 төгрөг болно. Үүнийг 8 сараар тооцон 6,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн болно.
Б....гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан боловч ослын улмаас хоёр хавирга нь хугарсан, тэрнээсээ болоод тодорхой хугацаанд ажил эрхэлж чадаагүй. Машинд явж байсан хүүхдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч 6-хан настай хүүхэд цочролд орсон. Осол болсноос хойш хэд хоног явж чадахгүй тэврээд л байсан. Үүнээс шалтгаалаад хичээлдээ ч хэд хоног яваагүй. Ослоос хойш одоо 1 жил болж байна. Хурдан шийдэж өгнө үү. Амьдрал үнэхээр хэцүү байна. Гэм буруутай гэдэг нь тогтоогдсон. Дахиад шинжээчийн дүгнэлт гаргуулчихлаа. Бид нар амьдарлын төлөө бор зүрхээрээ явж байгаа хүмүүс. Үнэхээр голомтоор минь самарч байна. Тэр үед миний машиныг бүтэн болгоод өгчихсөн бол ийм асуудал гарахгүй байсан. Тээврийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн албаны дүгнэлтэд маш тодорхой заасан байгаа. Б....г эсрэг хөдөлгөөнтэй сөрөг урсгалд орсон гэдгийг заасан. Үүнийг хариуцагч ямар баримтаар үгүйсгэж байгаагаа нотолж чадахгүй байна. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр энэ нөхцөл байдлыг тэр үедээ тодорхойлсон, дахиж тодорхойлох шаардлагагүй гэсэн. Гэм буруугүй тул төлбөр төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнээр тэнд авагдсан нотлох баримтыг үгүйсгэх гэж байгаа мэт ойлгогдоод байна. Процессын зарчмыг л хариуцагч тал ойлгохгүй байна. Б.... тэгсэн, дугуй өөр газар байрласан гээд байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэл алга. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тайлбар татгалзал нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон, хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
П...., Б.... нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зам тээврийн осол болсон, үүнтэй маргахгүй. Нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь үнэн. Гэвч уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн байгаа учир Б.... хөдөлмөрийн чадвараа алдаагүй. Харин Б....гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Осол болсны дараа хэргийн газарт хэмжилт хийхэд Б.... байгаагүй, гэмтэл рүү явчихсан байсан. Ослын шалтгаан нөхцлийг тогтооход ач холбогдолтой схем зураг, фото зургаас харахад 2 машин мөргөсөн А цэг гэдэг нь 2 машины ард байгаа. Б....гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хойд дугуй өөрийнхөө урсгалдаа байгаа учраас түүнийг эсрэг урсгалд орсон гэж харагдахгүй байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж техникийн шинжээчийн дүгнэлт гараад, Б....г замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж гарсан. Энэ дүгнэлтийг түүнд танилцуулаагүй. Гэнэт Зөрчлийн хуулиар захиргааны арга хэмжээ авлаа гээд арга хэмжээ авсан. Үүнийгээ ч танилцуулаагүй. Ингээд нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гарч, шүүхэд дуудагдан ирснээр мэдсэн. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлээд байгаа машины үнэлгээ тогтоохоор шийдвэрлэсэн ямар ч мөрдөн байцаагчийн тогтоол байхгүй. Замын цагдаагийн газрын хэрэг бүртгэлтийн албаны албан тушаалтны тогтоолгүй үнэлгээ гарсан. Б....гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд харин мөрдөгчийн тогтоолоор үнэлгээ гарсан.
Нэхэмжилж байгаа үнэ дээр эргэлзээтэй байдал байна. Б....г замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гээд арга хэмжээ авсан. Өөр газар, осол болсноос хойш арга хэмжээ авсан. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр хэрэгт авагдсан баримтаар А цэгийг тогтоох боломжгүй байна гэсэн. Энэ хүмүүсийн нэхэмжилж байгаа түрээсийн гэрээ гээд хэнтэй байгуулсан нь мэдэгдэхгүй юм нэхээд байдаг. Хэн ч гэсэн гараараа би баахан мөнгө олдог байсан гэж бичиж чадна. Шууд бус хохирол учирсныг нотлох нийгмийн даатгал, татвар төлсөн зүйл байхгүй. Б.... өөрийн гэмтсэн, эмчилгээ хийлгэсэн нь эмчилгээ хийлгэсэн баримтуудаар тогтоогдоно. Гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн зүйл байхгүй учир хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П...., Б.... нар нь хариуцагч Б....д холбогдуулан, авто ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол, олох байсан орлогод нийт 39,919,150 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б....г төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...маргаан бүхий авто осолд Б.... гэм буруугүй учир хохирол төлж барагдуулах шаардлагагүй, шаардаж буй хэмжээгээр орлого олдог байсан болохоо баримтаар нотлоогүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний доод талын замд нэхэмжлэгч П.... ... улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодон, Б.... болон хүүхдийн хамт зорчиж яваад, хариуцагч Б....гийн Тоёота Приус маркийн ... улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байна.
Дээрх авто ослыг хариуцагч Б.... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, эсрэг урсгал сөрснөөс шалтгаалсан хэмээн нэхэмжлэгч нар тайлбарласан бол, хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч П.... мөн шалтгаанаар эсрэг урсгал сөрсний улмаас осол гарсан ба, Б....гийн гэм буруутай болох нь тогтоогдоогүй хэмээн тайлбарлаж маргав.
Тээврийн прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор хариуцагч Б....г ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчсөний улмаас П....ийн жолоодож явсан ....улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг мөргөж, дээрх осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй... хэмээн дүгнэсэн байна.
Хариуцагч Б....гийн гэм буруугийн талаар Тээврийн прокурорын газраас тийнхүү тогтоосон боловч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндэвтэр хохирол учраагүй буюу Б....гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд, автомашинд 6,482,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан их хэмжээнд хүрэхгүй гэсэн үндэслэлээр уг ослыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хааж, Б....гийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар зөрчлийн арга хэмжээ авч, холбогдох баримтыг хавсаргахыг ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч....д даалгажээ. /1-р хх-14/
Хариуцагч тал маргаан бүхий авто осолд Б.... гэм буруугүй хэмээн маргаж, түүний гаргасан гэх зөрчилд торгох арга хэмжээ авсан Шийтгэлийн хуудсыг нотлох баримтаар гарган, осол болсноос өөр өдөр, өөр газарт гаргасан зөрчилд арга хэмжээ авсан байгааг онцлон тайлбарлаж гэм буруугийн талаар маргасан.
Уг шийтгэлийн хуудсаар Б....г 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг 14 минутын орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Барс захын зүүн урд уулзвар замд Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд, энэ баримтаар Тээврийн прокурорын газрын тогтоолд заасан маргаан бүхий ослын дагуу арга хэмжээ авсан болох нь тодорхойгүй байна. /2-р хх-13/
Гэвч, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 80 тоот Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон баримт, Тээврийн прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаар тогтоол, түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн тогтоолоор томилогдсон Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №329 тоот дүгнэлт зэрэг баримтуудаар хариуцагч Б.... нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хууль бус үйлдэл хийсэн гэм буруутай этгээд мөн болох нь тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нар тухайн ослоос шалтгаалан учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /1-р хх-18, 19, 20, 215, 2-р хх-54, 55/
Ослын улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч нар нэгтгэн, Б....гийн эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээний болон эм тарианы зардал 1,142,300 төгрөг, осол болох үед хувиараа салонд маникюр, гоо сайхны өрөө түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд, ...ослоос хойш биеийн байдлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас түрээсийн өрөнд орж, олох байсан орлогоо алдсан... гэж тайлбарлан, 1 сард олох байсан орлогоо 2,000,000 төгрөг хэмээн тодорхойлж, 3 сарын хугацаанд олох байсан 6,000,000 төгрөгийн хамт шаардан, нийт 7,142,300 төгрөгөөр хохирсон гэж тодорхойлсон бол,
нэхэмжлэгч П....ийн хувьд осолд орсон автомашиныг ашиглах боломжгүй болсны улмаас сэлбэгэнд худалдсан ба, анх худалдаж авсан үнэ 11,000,000 төгрөгөөр үнэлж хариуцагчаас шаардах бөгөөд, ослын улмаас өөрийн автомашиныг журмын хашаа руу ачуулж, журмын хашаанаас гэр хүртэл ачуулсны зардал 210,000 төгрөг, автомашиндаа оношлогоо хийлгэсний зардал 50,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 178,000 төгрөг, автомашин нь ашиглах боломжгүй болсны улмаас бусдаас автомашин хоногоор түрээсэлсний 11 сарын хугацааны төлбөр нийт 7,320,000 төгрөг, мөн хугацааны такси үйлчилгээнд явж олох байсан орлого 12,900,000 төгрөг, бензин түлшинд зарцуулсан зардал 1,119,150 төгрөг зэргийг нэгтгэн, нийт 39,919,150 төгрөгийг хариуцагч Б....гаас шаардсан.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б....гийн биед зам тээврийн ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирч, тэрээр өөрийн бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхэд 1,142,300 төгрөг зарцуулсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн рентген зураг, тархины эхоны баримт, эмчилгээний төлбөр төлсөн кассын орлогын ордер, мөнгөн шилжүүлгийн баримт, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт эмчлүүлсэн баримт, ... ХХК эмнэлгээр үйлчлүүлсэн төлбөрийн баримтууд болон, эмийн сангаар үйлчлүүлэн эм худалдан авсан төлбөрийн баримтууд зэргээр тогтоогдсон ба, эдгээр баримтуудыг Б....д холбогдох эрүүгийн 190300010 дугаартай хэргийн материалаас, Тээврийн прокурорын газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцсэн байх тул уг зардлыг хариуцагч Б....гаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. /1-р хх 242-250/
Түүнчлэн, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нар автомашинд учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч П....ийн жолоодож явсан 41-31 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин нь Н... ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байх бөгөөд, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал бүртгэлийн Тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолтод дурдагдсан байгаа боловч, хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2... тоот Нэткапитал авто ХХК болон П.... нарын хооронд байгуулагдсдан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-гээр тухайн автомашин нь нэхэмжлэгч П....ийн эзэмшлийнх мөн болох нь нотлогдож байх тул автомашинд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /1-р хх-20, 211/
Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас дээрх автомашинаа ослын улмаас ашиглах боломжгүй болсон учир анх худалдаж авсан гэх 11,000,000 төгрөгөөр үнэлэн, хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч, тийнхүү 11,000,000 төгрөгийн үнэтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар хангалттай нотлоогүй байх тул, уг шаардлагаас машинд бодит учирсан хохирол 6,482,000 төгрөг байхаар тогтоосон .... ХХК-ийн хохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн энэ хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
Харин ослын улмаас автомашинд учирсан хохиролд шаардсан машиныг журмын хашаа, ачилтын 210,000 төгрөг, оношилгоо хийлгэсэн 50,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 178,000 төгрөг, бензиний 1,119,150 төгрөг, машины хохирлын үнэлгээ 6,482,000 төгрөгийн зардал хэрэгт авагдсан ... ХХК-ийн авто оношилгооны хуудас, автомашин ачилтын ...ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер, бензин түлш худалдан авсан шатахуун түгээх станцуудын төлбөрийн баримтууд, ...ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул эдгээр хохирлын нийлбэр дүн, нийт 8,039,150 төгрөгийг хариуцагч Б....гаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна. /1-р хх 22-31, 219-241, 2-р хх-2/
Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох нэхэмжлэгч нарын олох байсан орлогын тухайд: Б.... нь маникюр, гоо сайхны өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж, нэг сард 2,000,000 төгрөгийн ашиг олдог байсан хэмээн тайлбарлаж, осол болсноос хойшхи 3 сарын хугацаанд олох байсан орлого 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардан, уг шаардлагын үндэслэлээ нотлохоор Түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргасан бол,
Нэхэмжлэгч П....ийн хувьд автомашинаараа такси үйлчилгээнд явж ашиг орлого олдог байсан нь ослын улмаас машиныг ашиглах боломжгүй болсноор орлогын эх үүсвэрээ алдаж, бусдаас өдрөөр автомашин түрээслэн ашиглаж нэг өдөрт 50,000 төгрөгийн ашиг олохоор тооцоолон, үүнийг нэг сард ажлын 22 өдрөөр бодож осол болсноос хойшхи 3 сарын хугацаанд 3,300,000 төгрөгийн орлого олох байсныг, улмаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 11 дүгээр сарыг хүртэлх 8 сарын хугацаанд 9,600,000 (нэг сард 1,200,000 төгрөг буюу ажлын 24 өдрөөр бодсон) төгрөгийн ашиг олохоор тооцоолон, нийтдээ 12,900,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөр чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэг хүлээнэ.
Тийнхүү хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлоход түүний эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас өмнө олж байсан орлогоос буурсан зөрүүг тогтоох шаардлагатай бөгөөд, маргаан бүхий ослын улмаас нэхэмжлэгч Б.... эрхэлж байсан ажлаа 3 сарын турш явуулаагүй гэж тайлбарлан, Ари салон түрээслэх гэрээ гэх баримт, мөн өдөр тутмын орлогын дэвтэр зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж шаардлагын үндэслэлээ тайлбарласан. Гэвч түрээсийн гэрээ бүрэн биш, хар хавтастай орлогын дэвтрээр болон банкны дансны хуулгаар Б.... сар бүр тогтмол 2,000,000 төгрөгийн орлого олж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч П....ийн хувьд осолд орсон өөрийн эзэмшлийн автомашиныг ослын улмаас ашиглагдах боломжгүй болсны улмаас бусдад сэлбэг болгон 2,000,000 төгрөгөөр худалдсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд, осол болсноос хойшхи 11 сарын хугацаанд олох байсан орлогыг гаргуулахаар шаардсан боловч, осол болохоос өмнө өдөрт 50,000 төгрөгийн орлого олдог байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. Тиймээс П....ийн олох байсан орлого 12,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч П.... нь иргэн Б....тай өдрөөр автомашин түрээслэх гэрээ байгуулж, .. улсын дугаартай Аванте маркийн автомашиныг түрээлэн, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэх, такси үйлчилгээнд явах зэргээр ашигласан бөгөөд, үүний зардал осол болсноос хойшхи 3 сард нэг өдрийн 20,000 төгрөг, нэг сарын 22 өдрөөр тооцож сард 440,000 төгрөг, үүнийг 3 сараар тооцон 1,320,000 төгрөгийг, улмаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс иргэн Б....тэй Түрээсийн гэрээ байгуулж, 45-66 УБЗ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг хоногийн 25,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэн, гэрээ байгуулснаас хойшхи 8 сарын хугацааны төлбөр 6,000,000 (нэг сарын 30 өдрөөр тооцож сард 750,000 төгрөг) төгрөг, нийт 7,320,000 төгрөгийн олох байсан орлогыг хариуцагч Б....гаас шаардсан.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор Б...., Б.... нартай байгуулсан түрээсийн гэрээнүүдийг нотлох баримтаар гаргасан боловч, тэдгээр гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч П....оос шаардаж буй хэмжээний бодит зардал гарсан болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....гаас 9,181,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П...., Б.... нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,738,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 9,181,450 төгрөгийн хэмжээнд шүүхийн зардлыг тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б....гаас 161,853 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....гаас 9,181,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П...., Б.... нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,738,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б....гаас 161,853 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Х.ЭНХЗАЯА