Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02283 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н с”ХХК-д холбогдох

 

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний дундажтай тэнцэх олговорт 600 000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг,  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 6 дугаар сараас туршилтын ажилтнаар ажилд орж, 2017 оны 9 дүгээр сард үндсэн ажилтан болсон. 2018 оны 01 дүгээр сард үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажилд томилсон. Хариуцагчаас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажилдаа ор гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Шүүхийн шийдвэр бичгээр гарсныг шүүх хурал болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа аваад 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр очиход ажилд авах боломжгүй гэсэн дахиад 4 хоногийн дараа очиход 2 хоногийн дараа ир гэсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа орсон. Би энэ хугацаанд 1 сар цалингүй байсан тул 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа. Ажилдаа эргэн ороход намайг элдвээр хавчиж дарамталж хог шүүрд гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан. Энэ ажлыг хийхгүй байсан учир надад 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. 2 удаа зөрчлийн хуудас өгсөн бол сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт байхгүй. Тэгэхээр үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Би зөрчлийн хуудаст заасан алдаа дутагдал гаргаснаа үгүйсгээгүй 3 000 төгрөгийг төлсөн. Гэхдээ журамд заасан шийтгэл ногдуулах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан болсны дараа л нэхэмжлэгчийг ажилдаа буцаад орох мэдэгдэл өгсөн. Гэтэл ажилдаа орохгүй байсан тул уг мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөн адил ажилдаа орохыг мэдэгдсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд нь батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа ор гэсний дагуу орсон байдаг. Нэхэмжлэгч нь бэлэн мөнгө хүссэн өргөдөлд нярвын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан зөрчил гаргасан байдаг. Мөнгө олгох баримт хуурамчаар бүрдүүлсэн тул зөрчлийн хуудас өгсөн байдаг. Мөн 1 зөрчлийн хуудас нь цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан хийлгэх ажил үүргээ хийгээгүй учир олгогдсон. Эдгээрийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Н с”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04Б/60 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, “Н с”ХХК-аас 303 870 төгрөг гаргуулж Б.Ц-д олгож, Б.Ц-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Н с” ХХК-д даалгаж, Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 296 130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02283 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн...танилцуулан сонсгосноор хүчинтэй болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч тэр дуруй хүлээн зөвшөөрч шийдвэрийг биелүүлэх ажиллагааг мөн өдрөөс хийсэн байх боловч нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг бичгээр гарч, түүнийг гардан авах хүртэл ажилдаа эргэж ороогүй, хүлээсэн нь үйл баримтаар тогтоогдож байна гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг хэзээ гардан авсан тухай баримтыг гаргаж ирүүлээгүй, ийм баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэгч зөвхөн сайн санахгүй байна гэж хариулсан, шийдвэр гарснаас хойш 10 хэд хоногийн дараа л гардаж авсан байх, би өөрөө байгаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулсан гэж хэлсэн байхад шүүхээс шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан гэж буруу дүгнэсэн.

Мөн шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс удаа дараа ажилдаа ор гэж мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч Б.Ц- ажилдаа ороогүй. Гэтэл шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилд орох нөхцөл бүрдсэн гэж буруу дүгнэсэн.

Мөн Б.Ц-д ногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шүүхээс дүгнэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн ажлын байранд 4 зохион байгуулагч ажилладаг болох нь тогтоогдсон ба зохион байгуулагч нь “Үйлчилгээний танхимын заалыг эрүүл ахуй ариун цэврийн дүрэм журмын дагуу бэлдүүлэх, кино театрын доторх, гаднах талбайн цэвэрлэгээ үйл ажиллагааг бүрэн хянаж, хариуцаж ажиллах үүрэг”-ийг ажлын байрны тодорхойлолтоороо хүлээдэг бөгөөд Б.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зөрчлийн хуудсанд энэ үүргээ зөрчсөн гэж үзсэн байна. Дөрвөн зохион байгуулагч ажилладаг ажлын байранд нэг зохион байгуулагч дангаар хариуцах эсэх нь тодорхойгүй байна гэж буруу үнэлж дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж би зохион байгуулагч нар батлагдсан хуваарийн дагуу ээлжээр ажилладаг гэж тайлбарласныг үнэлээгүй, энэ тухай нэхэмжлэгчээс тодруулж асуугаагүй, тус зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрч зөрчлийн хуудсанд нэхэмжлэгч Б.Ц- өөрөө гарын үсэг зурсан байхад тус сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч “Н с”ХХК-д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний дундажтай тэнцэх олговорт 600 000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-2, 23 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан болсны дараа л нэхэмжлэгчийг ажилдаа буцаад орох мэдэгдэл өгсөн. Гэтэл ажилдаа орохгүй байсан тул уг мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөн адил ажилдаа орохыг мэдэгдсэн. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд нь батлагдсан хуваарийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилдаа ор гэсний дагуу орсон” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Ц-ыг Эрдэнэт өргөө 4 салбарын зохион байгуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00878 дугаар шийдвэр гарсан өдөр хариуцагч байгууллагын даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б/68 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Н с ХХК-ийн зохион байгуулагчийн албан тушаалд томилж, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилдаа орохыг мэдэгдсэн мэдэгдлийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид биечлэн, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шуудангаар тус тус хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна./хэргийн 7-16, 24 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, улмаар шийдвэр бичгээр гарч, талууд давж заалдах гомдол гаргаагүй тул 14 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж үзэж 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т зохицуулсныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр үйлдэгдэж гардан аваагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүйд түүнийг буруутгах боломжгүй юм. Уг хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй нь хариуцагч түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй холбоотой байна.

 

Иймээс Б.Ц- нь “Н с”ХХК-ийн зохион байгуулагчийн албан тушаалд өдрийн 30 387 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “Н с”ХХК-аас 303 870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 296 130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Б.Ц-ын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хуульд нийцжээ.

 

Мөн “Н с” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04б/60 тоот Б.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1, 16.3.4-т заасныг баримтлан үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20%-аар бууруулах сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулсан нь үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ./хэргийн 29 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.Ц-д хариуцагч “Н с”ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдөр гадна талбайг бүрэн цэвэрлээгүй байхад хяналт тавьж ажиллаагүй, цэвэрлэгээг дутуу хийлгэсэн, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, оройн ээлжийн унааны зардлын бүртгэл дээр няравын гарын үсгийг хуурамчаар зурсан, ажилчдын гарын үсэгтэй баримтыг санхүүгийн баримтаас дур мэдэн авч явсан зөрчил гаргасан гэж үзэж зөрчлийн хуудас бичиж сахилгын шийтгэлийг ногдуулсан байна./хэргийн 26, 27, 70 дугаар тал/

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилогдсон өдөр нь зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь ажил үүргээ гүйцэтгээгүй гэсэн зөрчил нь бодитой эсэх, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн оройн ээлжийн зардлын бүртгэл дээр няравын гарын үсгийг хуурамчаар зурсан, ажилчдын гарын үсэгтэй баримтыг санхүүгийн баримтаас дур мэдэн авч явсан гэх зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.4-т өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах, цаг тухайд нь биелүүлэхгүй байх зөрчилд шууд хамаарах эсэх асуудал тодорхойгүй, ойлгомжгүй гэж анхан шатны шүүх дүгнэн “Н с”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04б/60 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 060 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.И

 

                                                  ШҮҮГЧИД                             А.О

                   

                                                                                                С.Э