Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1436

 

      2020           12              1                                        2020/ДШМ/1436                              

 

 

     Э.Сд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Сансар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/3186 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Я.Сансарын бичсэн эсэргүүцлээр Э.Сд холбогдох эрүүгийн 1806041161779 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

         

          Яллагдагч Э.С нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болдтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан хэргийн материал танилцуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааг дууссан талаар, хэргийн материалтай танилцахыг яллагдагч, түүний өмгөөлөгч нарт мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүйн улмаас оролцогч нарын гомдол, хүсэлт гаргах эрх хангагдах боломж бүрдээгүй. Хэргийн материалыг танилцуулахдаа хэзээ, хаана, хэдэн хавтас материалыг хэрхэн танилцуулсан талаар, хэргийн оролцогч нарын гомдол гаргах эрх хангагдсан эсэх асуудлыг орхигдуулсан байна гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ажиллагааг зөвтгүүлэхээр болон мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Оролцогчдод хэргийн материалыг танилцуулахдаа хэзээ, хаана, хэнд, хэрхэн, ямар баримтыг хэрхэн танилцуулсан талаар болон тэднээс ямар хүсэлт, саналыг гаргасан, түүнийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглэл огт үйлдэхгүй байгааг мөн зөвтгөн хийж гүйцэтгэх нь зүйтэй. Нөгөө талаар прокурор энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан яллагдагч Э.Болдод холбогдох хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол үйлдсэн атлаа мөн өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт уг тогтоолыг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан зэргийг зөрчжээ. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Я.Сансар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... мөрдөгчийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааг хийж дуусаад 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч Э.Сыг хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, мөрдөгчийн хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэний дараа 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Э.С нь хэргийн материалтай танилцсан байх ба энэ талаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан байна. Мөн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Э.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр удаа дараа мэдэгдэхэд Э.С нь “би өмгөөлөгч авсан, манай өмгөөлөгч намайг прокурор дээр очиж болохгүй, ямар нэгэн баримтан дээр гарын үсэг зурж болохгүй, дээд шатны прокуроруудад гомдол гаргаж байгаа гэж хэлсэн учраас би очихгүй” гэж тайлбар тавьж байсныг тэмдэглэл болгож хэрэгт хавсаргасан. Мөн өмгөөлөгч Д.Батбаяр нь “... миний үйлчлүүлэгч Э.С нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хохирогч гэх Э.Болдыг цохиж зодсон гэдэг асуудал тогтоогдоогүй. ... прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож Э.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа дээд шатны прокурорын газарт гаргаж байсан зэргээс үзэхэд мөрдөгч болон прокурорын зүгээс яллагдагч Э.С болон түүний өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 856 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ариунзул нь гарын үсэг зураагүй орхигдуулсан болохыг тэмдэглэж байна гэжээ. 1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд шинжээч эмч Б.Ариунзул нь өөрийн нэрний дээд талд шинжээч эмч Ц.Ганболдын гарын үсэгтэй давхардуулан гарын үсэг зурсан, өөрийн хувийн тамгыг дарж баталгаажуулсан байна. Яллагдагч Э.Сд холбогдох хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3186 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар яллагдагч Э.Сд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Э.Сыг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болдтой таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3186 дугаартай захирамжаар “... яллагдагч, түүний өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй, үүний улмаас тэдгээрийн гомдол, хүсэлт гаргах эрх хангагдаагүй байна. Оролцогчид хэргийн материалыг танилцуулахдаа хэзээ, хаана, хэнд, хэрхэн, хэдий хэмжээний ямар баримтыг хэрхэн яаж танилцуулсан талаар болон тэднээс ямар хүсэлт, санал гаргасан, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглэл огт үйлдэхгүй байгааг зөвтгөн хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ариунзулыг гарын үсэг зураагүй орхигдуулсан” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь, хэргийн материалыг судлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйл болон 32.3 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан буюу оролцогчдод хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1хх 235-236/, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр /1хх 238-241/, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлтэд шинжээч эмч Б.Ариунзул нь гарын үсэг зурж, өөрийн хувийн тамгыг дарж баталгаажуулсан /1хх 102-104/ нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотлохыг хуульчилсан болно.

 

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой болохыг дурдаж байна

 

Анхан шатны шүүх хуралдаанд ороцогчдын хүсэлтээр уг хэргийн гэрчүүдийг оролцуулж, тэдгээрийн зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгох, шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, уг хэрэгт яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Я.Сансарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Э.Сд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг  шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/3186 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Сд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                     Б.БАТЗОРИГ