Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А Т ХХК        

 

            Хариуцагч: Д.Ц

 

            Гэрээний үүрэг 152.076.000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 6.083.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15/02/18 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Ат ХХК өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ат ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Ц нь Ат ХХК-нд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  компаниас авах 20.000.000 төгрөгний авлагыг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцож Өргөө 69 төслийн байрнаас 79 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг авч, үлдэгдэл төлбөрийг санхүүгийн хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сард бүрэн төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлсэн. Ат ХХК нь Д.Цийн хүсэлтийг хүлээн авч түүнтэй 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 1.1-д зааснаар ...10 давхар 79 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 196.384.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээнд зааснаар орон  сууцыг захиалагчийн ашиглалтад шилжүүлэн байрны түлхүүр хүлээлгэн өгөх, хариуцагч орон сууцыг өөрийн эзэмшилд авч үлдэгдэл төлбөр 176.384.000 төгрөгийг гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Ц гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөг төлж орон сууцыг өөрийн эзэмшилд хүлээн авсан боловч орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Нэхэмжлэгчээс төлбөрийг удаа дараа төлж барагдуулахыг мэдэгдэж, уулзалтын протокол хөтөлсөн байдаг. Протоколоор хариуцагч Д.Ц 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 25.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг төлж барагдуулах 2014 онд нэхэмжлэгч Ат ХХК-нд хийсэн ажлын гүйцэтгэлээс 50.000.000 төгрөгийг орон сууцны төлбөрт суутгуулах, үлдэгдэл 76.384.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь хоёр талын байгуулсан гэрээг хуульд зааснаар нотариатаар батлуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг боловч нэхэмжлэгч тал гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагыг Д.Цэд удаа дараа тавьж түүний офисс дээр нотариатч дагуулж очиж байсан удаатай. Мөн энэ талаар шуудангаар шаардлага явуулж байсан. Үүнийг өөрөө үгүйсгэдэггүй.  Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасан шаардлагыг хангаагүй боловч хоёр талын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт захиалагч тал нь орон сууцны төлбөрийн 10.5 хувь болох 20.000.000 төгрөгийг төлснийг үндэслэн гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчийн ашиглалтад шилжүүлэн байрны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр захиалагч байранд нүүн орох, 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу хариуцагч Д.Цийн урьдчилгаа 20.000.000 төгрөгийг төлсөн өдөр тус гэрээний 1.1-т зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг гэрээнд заасны дагуу худалдан авагчын эзэмшилд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн юм. Гэрээ байгуулснаас хойш Д.Ц уг байранд амьдарч байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээний 5.6-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан үйлчилгээ авсаны хөлс 6.083.000 төгрөг төлсөн. Хариуцагч удаа дараа эвлэрэх хүсэлт гаргаж өмгөөлөгчийн зардал болон алданги 35.000.000 төгрөгийг төлнө 1 жилийн хугацаа өгөөч гэдэг. Нэхэмжлэгчийн хувьд цаг хугацаа их алдсан. Иймд хариуцагч Д.Цээс орон сууцны үлдэгдэл төлбөр 101.384.000 төгрөг, алданги 50.692.000 төгрөг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны зардал 6.000.000 төгрөг гаргуулж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15/02/18 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 

 

            Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ц нь 2015 оны  02 дугаар сарын 18-ны өдөр *нд хүсэлт гарган тус компаний барьсан * төслийн байрнаас 79 мкв талбайтай орон сууцыг хамтын ажиллагааны гэрээний дагуу тус байгууллагаас авбал зохих төлбөрийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг суутгуулан авахаар тохиролцож орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх байсан боловч улс орны эдийн засгийн хямрал бүх салбарт нөлөөлж, улмаар хамтран ажиллагч иргэд, аж ахуйн нэгжээс авахаар төлөвлөсөн ажил үйлчилгээний хөлс удааширч, уг байгууллагад төлбөл зохих төлбөрийн үүрэг зөрчигдсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны үндсэн төлбөр 101.384.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үздэг тул хугацаа хэтрүүлсний алданги болон хууль зүйн туслалцаа авсаны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэлцлийг байгуулах үед нотариатаар баталгаажуулах эсэх талаар ямар нэг санал гаргаагүй. Ат ХХК нь төлбөрийг яаралтай төл гэж шаардсанаас өөрөөр ямар нэг мэдэгдэл ирүүлээгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар гүйцэтгэгч тал төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд гэрээнээс дангаар татгалзаж болно гэж зааснаар гэрээнээс татгалзаж байна гэв.

 

          

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                             

 

                

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         

 

Нэхэмжлэгч Ат ХХК нь хариуцагч Д.Цэд холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөр 101.384.000 төгрөг, алданги 50.692.000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны зардал 6.083.000 төгрөг гаргуулж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15/02/18 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг  гаргаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны зардлыг 83.000 төгрөгөөр багасгаж нэхэмжилжээ.

 

Хариуцагч Д.Ц 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ат ХХК-нд өөрийн авах авлагын 20.000.000 төгрөгийг Өргөө 69 төслийн байрны 79 мкв 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцон, орон сууц худалдан авч үлдэгдэл төлбөрийг санхүүгийн хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сард бүрэн төлөх хүсэлт илэрхийлж нэхэмжлэгчтэй 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж ... 3 өрөө 79 мкв талбайтай орон сууцыг худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, Д.Цийн хүсэлт, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

             Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 1.2-д зааснаар захиалагч тал орон сууцны төлбөрийн 10.5 хувь болох 20.000.000 төгрөг төлснийг үндэслэн гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчийн ашиглалтад шилжүүлэн байрны түлхүүрийг хүлээлгэн өгч захиалагч орон сууцанд нүүн орсон боловч хариуцагч Д.Ц гэрээний 2.2-т зааснаар орон сууцны төлбөрийн үлдэх 176.384.000 төгрөгийг графикийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор саадгүй төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын хооронд Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч “гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нотариатаар гэрчлүүлэх гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн  хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул алданги, хууль зүйн туслалцаа авсан төлбөрийг зөвшөөрөхгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд гэрээнээс дангаар татгалзаж болно гэж зааснаар гэрээнээс татгалзаж байна” гэж тайлбарлан маргажээ.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичгийг өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасан боловч зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр Ат ХХК барилгыг барьж ашиглалтанд оруулан худалдах, худалдан авагч Д.Ц төлбөрийг төлж тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гүйцэтгэгч талын эрх бүхий этгээдийн нэр дээр гарсан даруйд захиалагч Д.Ц энэхүү гэрээг өөрчилсөн өмчлөгчтэй зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болгон шинээр байгуулахаар гэрээний 1.2-т зааснаар тохиролцсон, нэхэмжлэгчээс хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй харин өөрийн барьсан барилгын орон сууцнаас худалдсан тул гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй ба нотариатаар хэлцлийг гэрчлүүлэх нь нотолгооны ач холбогдолтой болохоос энэ үндэслэлээр гэрээг хүчингүйд тооцох үндэслэлийн нэг болохгүй юм.

 

Гэрээгээр гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй шинэ орон сууцыг захиалагчийн ашиглалтад шилжүүлэх, захиалагч нь орон сууцыг хүлээн авч зохих төлбөр тооцоог хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаар хийгдсэн, хэлцлийг гэрээний талууд хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан тул Ат ХХК, Д.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр хэлцэл, хариуцагч Д.Ц Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа Ат ХХК-нд мэдэгдээгүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь гэрээний 2.2-т заасан орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус биелүүлээгүй буруутай тул гэрээний 2.2-т заасан орон сууцны төлбөр, 5.1-т заасан алданги, 5.6-д заасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсаны зардлыг төлөх үндэслэлтэй тул хариуцагчаас тус тус гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч энэ нь шаардлага бус нэхэмжлэл гаргах үндэслэл нь болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Цээс 158.076.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

       

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     

 

                                                                                                                                                                   

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Цээс 158.076.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ат ХХК-д олгосугай.

 

 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.018.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс 948.330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ат ХХК-д олгосугай.

 

 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                    

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА