Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/889

 

      2024         10       08                                         2024/ШЦТ/889

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “З” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Н-д холбогдох эрүүгийн ...... дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны ... дүгээр сарын ...-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , .... хамт ....... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б.Н, регистрийн дугаар:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ....-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” автомашины зогсоол дээр хохирогч Н.Ц-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа, цээж хэсэг рүү гараараа 2-3 удаа тус тус цохиж хохирогч Н.Ц-н биед баруун 4,5- р хавирганы далд хугарал, уруулын салстад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ....-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” автомашины зогсоол дээр хохирогч Н.Ц-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа, цээж хэсэг рүү гараараа 2-3 удаа тус тус цохиж хохирогч Н.Ц-н биед баруун 4,5- р хавирганы далд хугарал, уруулын салстад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ц-ын өгсөн “...1. 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо .... хотхоны ....р байрны гадаа автомашины зогсоол дээр автомашинаа зогсоолоос гаргах гээд ухарч байх үед миний өмнөөс хоёр машин ирж байхаар нь ухарч зогсоод тэр хоёр машинтай зөрөх гэтэл тэр хоёр машин миний зогсож байсан зогсоол руу яваад орсон чинь ард зогсож байсан приус машины жолооч машинаасаа буугаад над руу гүйж ирээд “та яагаад урд талын машиныг оруулж байгаа юм бэ?, би орох ёстой байсан юм, яасан дүрэм мэддэггүй юм” гэхэд би “би яаж мэддэг юм, чи яасан их дүрэм мэддэг юм” гэж хэлээд тэр залуугийн подволкны энгэрээс бариад авахад тэр залуу хойшоо ухраад подволк нь урагдчихсан чинь тэр залуу гараараа миний уруул шүд рүү цохиход миний амнаас цус садраад гарч ирсэн, тэгээд би машинаасаа бууж ирээд “чи яасан их хүн зоддог юм бэ?” гэхэд тэр залуу миний цээж, элэг рүү гараараа 2,3 цохиод, хөлөөрөө 2,3 өшиглөсөн. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай дүгнэлтээр 1 .Н.Цын биед баруун 4,5-р хавирганы далд хугарал, уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н-ын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 06 сарын 22-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо ... хотхоны хажуугийн гадаа автомашины зогсоол дээр эгч А-н цагаан өнгийн приус 20 маркийн автомашиныг байрлуулах гээд зогсож байх үед нэг цагаан өнгийн портер маркийн машин ухарч байхаар нь би машинаа урагшлуулаад зогссон чинь тэр портер миний араас ухарч ирээд хөдөлгөөн хаагаад зогсоод байхаар нь би машинаасаа бууж очоод тэр портерын жолоочид “та урагшаа жоохон хөдөлчих” гэхэд тэр машин хөдлөхгүй байсаар байтал өмнөөс ирж байсан машин миний орох гэж байсан зогсоол руу яваад орчихсон. Тэгээд би тэр портерын жолооч ахад хандаад “та жоохон урагшилчихгүй яасан юм бэ дүрмээрээ яв" гэхэд тэр портерын жолооч ах “би яаж мэддэг юм, чи яасан их дүрэм мэддэг юм” гэж хэлээд миний энгэрээс заамдаад авахаар нь би тавиулах гээд гараараа тэр портерын жолооч руу цохиход түүний уруул амыг оночихсон чинь тэр ах намайг тавиад машинаасаа бууж ирээд манай эхнэр болон жирэмсэн эгч рүү орилоод хэрэлдээд болихгүй “чи яасан их хүн зоддог юм бэ” гээд байхаар нь түүнтэй зөрөөд хэрэлдсэн, жолооч ах миний араас өмдний тэлээнээс нэг гараараа барьж татаад нөгөө гараараа намайг тэврээд салахгүй байсан болохоор нь би тавиулах гээд хойшоо хоёр тохойгоороо олон удаа цохиод биеэ сэгсэрсэн, тэгээд тэр жолооч ах миний араас нэг түлхүүр шиг юмаар хатгаад байсан. Тэгээд хажууд байсан танихгүй хүн ирээд бид хоёрыг салгасан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах нь тухайн гэмтэл учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулдаг. Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоох бөгөөд үүнд гэмтлээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.

 Шүүгдэгч Б.Н-ын үйлдлийн улмаас хохирогч Н.Ц-ын биед баруун 4,5-р хавирганы далд хугарал, уруулын салстад цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Хохирогч Н.Ц нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч Н.Ц нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.Н-аас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналтай... гэх дүгнэлтийг гаргасан шүүгдэгч Б.Нын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлах ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Н-д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Д овогт Б.Н-г Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497,  505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДАРЬСҮРЭН