Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/02728

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/02728

Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.О ,

Хариуцагч: Ц.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 848 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ц.О, Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О, Ц.Г нар нь обьект барьж байгаа тул мөнгө шаардлагатай байна, төрсөн ээжийнхээ хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд тавья гэсэн санал тавьж зээл гуйсан. Би 2016 оны 5 сарын 06-нд Ц.О, Ц.Г нарт 1 000 000 төгрөг бэлнээр өгч сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл Ц.О, Ц.Г нар нь 2016 оны 9 сарын 06-нд хашаа байшингийн гэрчилгээгээ буцаагаад өгчих гэж гуйгаад үндсэн зээлийн зарим хэсгийн төлж, үндсэн зээлээс 620 000 төгрөг үлдсэн бөгөөд хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь би буцааж өгсөн. Мөн 2016 оны 8, 9 сард Ц.О, Ц.Г нар нь дахин мөнгө хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь  би  220 000 төгрөг нэмж өгсөн. Иймээс надад үндсэн зээл 840 000 төгрөг, хүү 1 008 000 төгрөг, нийт 1 848 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу Ц.О, Ц.Г нараас гаргуулан өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч нар нь мөнгө хэрэгтэй байна гэж зээлсэн, гэтэл одоо намайг шалгуулна, өгөөгүй мөнгөө өгсөн гэж байгааг гайхаж байна. Би авсан зүйлээ аваагүй гэж хэлэхгүй, нийт 1 000 000 төгрөгийг Ц.О нь зээлж, энэ талаараа бичгээр гэрээ байгуулсан, энэ мөнгөнөөс 500 000 төгрөгийг нь төлөөд үлдэгдэл 620 000 төгрөг үлдсэн. Харин дараа нь 220 000 төгрөгийг Ц.Г нь мөнгө хэрэгтэй байна гээд авсан, дансаар 100 000 төгрөгийг нь өгсөн, 120 000 төгрөгийг нь бэлнээр авсан, энэ мөнгийг төлөөгүй. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 620 000 төгрөг, дахин зээлж авсан 220 000 төгрөг, нийт 840 000 төгрөгийг хүү тооцож нийт 1 848 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.О миний бие нь 2016 оны 5 сарын 06-нд мөнгөний хэрэгцээ гарч Д.Б гэдэг хүн мөнгө зээлдэг гэж сонсоод уулзаж 1 000 000 төгрөг зээлж авсан. Ингээд би сар бүр хүүг нь эгч Ганцэцэгт өгч эгч минь дамжуулж өгч байсан, тухайн үед хүүг нь өгдөг байхдаа Д.Баас дансны дугаараа өгөөч гэж олон удаа хэлэхэд мөнгөө бэлнээр авна гэдэг  байсан. Нас тогтсон хүн гэж итгээд би мөнгөө дандаа бэлэн өгсөн. Ингээд би 2016 оны 9 сарын 06-ны өдөр Д.Б гэдэг хүний бүх мөнгийг болон 1 100 000 төгрөгийг эгчээрээ дамжуулан өгсөн. Би Д.Б гэдэг хүнийг анх зээл  авах үед л  харсан. Би энэ хүнийг танихгүй, мөнгөө бүгдийг нь бэлнээр өгсөн. Гэвч гэрчлэх баримтлах баримтгүй болохоор надаас мөнгө авна гэж ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Д.Б гэдэг хүн нь ингэж худлаа ярьж хүн гүтгэж мөнгө авч сурсан хүн байна. Та бүхэн энэ хүнийг сайтар шалгаж  өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 06-нд 1 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, 2016 оны 9 дүгээр сард 1 100 000 төгрөгийг эгч Ц.Гээр өгч явуулсан. Эгч мөнгийг бэлнээр нь өгчихлөө гэсэн боловч 500 000 төгрөгийг нь өгсөн, үлдсэн мөнгийг нь мөнгө хэрэгтэй болоод хэрэглэсэн гэсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 09-нд газрын эрх шилжүүлэх гэрээ хийгээд газраа 6 500 000 төгрөгөөр зарсан, тэгээд үлдэгдэл зээлээ төлчихлөө гэсэн, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 620 000 төгрөг өгсөн. Тиймээс зээлийн төлбөрөө төлсөн тул нэмж мөнгө төлөхгүй, 220 000 төгрөгийг Д.Баас миний бие аваагүй гэв.

 

Хариуцагч Ц.Г шүүх гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Г миний бие нь 2015 оны 5 сарын 06-нд дүү Ц.От мөнгөний хэрэгцээ гарч Д.Б гэдэг хүн үл хөдлөх хөрөнгө барьцаалж  тус өдөр 1 000 000  төгрөгийг дүү минь зээлж авсан. Зээл авснаас хойш дүү минь сар болгон хүүг нь надад өгч би Д.Бад өгсөн. Дансны дугаарыг нь асуухад бэлэн өгчих гээд авдаг байсан. Ингээд 2016 оны 9 сарын 06-ны өдөр дүү минь надад Д.Бад өгөөрэй гээд 1 100 000 төгрөг өгсөн. Би мөнгийг нь аваад хорооны хажууд Д.Бтай уулзаад тал мөнгө болох 500 000 төгрөгийг нь өгч хуучны эмээгийн нэр дээрх газрын гэрчилгээгээ авсан. Тухайн үед хичээл орж хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэх хэрэгцээ гарч би 600 000 төгрөгийг нь зээлж хашаагаа зараад буцааж өгөхөөр авсан. Эмээгийн  нэр дээрх газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авахад цаг хугацаа орсон. Энэ үед би өөрийн зээлсэн мөнгөний хүүг цаг тухай үед бэлнээр өгч байсан. Хүүний мөнгө өгөх үед Д.Б хашаагаа хямдхан өгчих гуйж байсан. 2016 оны 11 сарын 12-ны өдөр гэрчилгээ миний нэр дээр  гарч  ирсэн. 2016 оны 12 сарын 09-ний өдөр хашаагаа зарж 2016 оны 12 сарын 10-ны өдөр үлдэгдэл болох 620 000 төгрөгийг Д.Бад бэлнээр өгсөн. Миний дүү бид хоёр Д.Б гэдэг хүнд мөнгө өгсөн өр байхгүй. Миний хашааг барьцаалсан нэрээр ахдаа хямдхан өгчих гэж удаа дараа гуйгаад байсан, би зөвшөөрөөгүй. Хүний эд хөрөнгийг барьцаалсан нэрээр хямдхан авч ядарсан биднээс мөнгө завшиж хүүлж сурсан хүн байна. Өөрийн хашааг Д.Бад зах зээлийн үнээс 3 дахин хямд өгөөгүй учраас надад ийм худал нэхэмжлэл гаргаж байна. Та бүхэн хууль мэдэхгүй ядарсан эмэгтэйг хууль шүүхээр дарамтлаж авдаг уг Д.Б гэдэг хүнийг сайн шалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зээлж авсан мөнгөө бүгдийг нь төлөөд дуусчихсан. 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай дүү Ц.О нь Д.Баас 1 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн, 2016 оны 9 дүгээр сард Д.Бад төлөөрэй гээд надад 1 100 000 төгрөгийг өгсөн боловч би 500 000 төгрөгийг нь буцааж Д.Бад өгөөд 600 000 төгрөгийг нь хичээл сургууль эхлэх гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор хэрэглэчихсэн, энэ талаар дүүдээ болон Д.Бад хэлсэн. Дараа нь би өөрөө мөнгө хэрэгтэй болоод Д.Баас 100 000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ 220 000 төгрөгийг бол аваагүй. Энэ мөнгийг би буцаагаад биллярдны гадна 200 000 төгрөгийг өгсөн. Мөн өөрийн нэр дээр газрын гэрчилгээ гарахаар нь зээлийн үлдэгдэл болох 620 000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн болохоор одоо төлөх мөнгө байхгүй. Энэ хүн зальтай дансаар авахгүй, бэлнээр авна гэдэг байсан, тэгээд одоо баримт байхгүй болохоор дахин мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, мөнгө төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ц.О, Ц.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 848 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.От 1 000 000 төгрөгийг, хариуцагч Ц.Гт 220 000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн боловч тохирсон хугацаандаа буцаан өгөөгүй тул үндсэн зээлд 840 000 төгрөг, хүүнд 1 008 000 төгрөг, нийт 1 848 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Ц.О нь 1 000 000 төгрөгийг зээлж авсан талаараа маргаагүй хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж, хариуцагч Ц.Г нь 220 000 төгрөгийг шилжүүлж аваагүй, 100 000 төгрөгийг зээлж авсан, уг мөнгийг болон Ц.Оын зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг хариуцагч Ц.От шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан, хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан талаараа маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар мөнгө шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ц.О нар нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаатай тогтоохгүйгээр, алданги тооцохгүйгээр зээлэхээр харилцан тохиролцож, хариуцагч Ц.О нь нэхэмжлэгчид хүсэлт гаргасан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлт нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ц.Гт 2016 оны 8, 9 сард 220 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан боловч хариуцагч нь 100 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй, нэхэмжлэгч 120 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаараа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ц.Г нарын хооронд 100 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг Ц.От, 100 000 төгрөгийг Ц.Г нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулсан гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй тул зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээндээ мөнгийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй боловч хариуцагч Ц.О нь нэхэмжлэгчийн шаардсанаар зээлийн гэрээний үүрэгт 1 100 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Гээр хүргүүлсэн гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь уг 1 100 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар хариуцагч Ц.О нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэг үүссэн байна гэж үзэв.

Талуудын хооронд байгуулсан “хүсэлт гаргах нь” гэсэн хэлцэлд “...сарын 10 хувь хүүтэй зээлж байна”, мөн “зээлээ хугацаанд нь найдвартай төлнө” гэсэн байх боловч нэхэмжлэгч Д.Б нь 1 сарын хугацаатай байгуулаагүй, боломжоороо өгөөрэй гэсэн, одоо хүртэл гэрээ хүчин төгөлдөр байгаа гэж тайлбарласан, хариуцагч Ц.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний хүүг тухайн бүрт нь төлж байсан, зээлээ хугацаанд нь найдвартай төлнө гэдэг дээр хугацаа тохироогүй гэж тайлбарласан тул шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 238.1-д зааснаар гэрээг хугацаа тогтоогоогүйгээр байгуулсан гэж үзсэн болно. 

Хариуцагч Ц.О нь зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн, хүүг тухайн бүрт нь төлж байсан, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1 100 000 төгрөгийг Ц.Гээр хүргүүлж төлсөн, хариуцагч Ц.Г нь Ц.Оын 1 100 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, үлдэгдэл 620 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, зээлсэн 100 000 төгрөгийг хүүний хамт 200 000 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, мөнгийг бэлнээр өгч байсан гэсэн боловч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй тул зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 Иймд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ц.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу тооцоход үндсэн зээл 1 000 000 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны хүртлэх хугацааны хүүнд 400 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэнээс хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг буцаан өгсөн тул 900 000 төгрөгийг төлөхөөс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 620 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тул хариуцагч Ц.Оаас 620 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч Д.Б хариуцагч Ц.Г нарын хооронд 100 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 200 000 төгрөгийг буцаан өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй тул хариуцагч Ц.Гээс 100 000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 620 000 төгрөгийг бэлнээр 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших №000650578 дугаартай гэрчилгээгээр нотлогдоно гэсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Ц.Г нь Б.Эрдэнэбаттай байгуулсан, уг гэрээний төлбөрөөс нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн баримтгүй байх тул нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 620 000 төгрөгийг буцаан өгсөн гэж үзээгүй болно.

Иймд хариуцагч Ц.Оаас зээлийн гэрээний үүрэгт 620 000 төгрөг, хариуцагч Ц.Гээс зээлийн гэрээний үүрэгт 100 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Гт шилжүүлэн өгснийг гэдгийг нотлоогүй 120 000 төгрөг, 282.3-д зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах тул зээлийн гэрээний хүүнд тооцсон 1 008 000 төгрөг, нийт 1 128 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Ц.Оаас 620 000 төгрөг, хариуцагч Ц.Гээс 100 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Бад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 128 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 44 520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас 14 700 төгрөг, хариуцагч Ц.Гээс 4 550 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН