Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/890

 

 

   2024          10         08                                         2024/ШЦТ/890

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,

Улсын яллагч Д.Агар /Тээврийн прокурорын газар/,

Шүүгдэгч А.Ё нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-н Ё-д холбогдох эрүүгийн ...... дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны .... дүгээр сарын ....-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 найз охины хамт .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт А.Ё  /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Ё нь Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, ......... тоотод хашааны зүүн талын замд 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 08 цаг 55 минутын орчимд “R” маркийн ... улсын дугаартай мотоцикпийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ........... тоотод хашааг мөргөж зорчигч Б.Н-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ё шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарыг гомдолгүй болгосон...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ё нь Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... тоотод хашааны зүүн талын замд 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 08 цаг 55 минутын орчимд “R” маркийн ... улсын дугаартай мотоцикпийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ...... тоотод хашааг мөргөж зорчигч Б.Н-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4- 10/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н-ын өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үеэл ахтайгаа хамт ажилдаа явах гээд гэрээсээ өглөө гарсан Ахынхаа мотоциколын ард суугаад 33 төвийн автобусны буудлын ойролцоо зүүн талаас авто машин гэнэт эсрэг урсгалаас шахаж орж ирсэн тэгээд нэг мэдэхэд газар унчихсан хэвтэж байсан...Биеийн байдал сайн байгаа надад гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Э өгсөн “...Анх оршин суугаа байшингаа 2003 онд худалдан авсан. 21 жил амьдарч байна. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай хашааг хүн мөргөсөн энэ талаар цагдаа дээр ирж уулзаарай гэж манай эхнэр хэлсэн. Тухайн өдөр эмнэлэгт хэвтэж байсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №..... дугаартай: “Б.Нын баруун дунд чөмөг, баруун сарвууны 4, 5-р шивнүүр ясны далд хугарал, гуя, сарвуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, шууны гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо..,эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/-р тал,

 Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн .... дугаартай: “....Жолооч А.Ё нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хх-ийн 53/-р тал зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан ба шүүгдэгч А.Ё-н тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч А.Ё-г тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсад Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргээс дээш хэмжээний хохирол, цаашлаад бусдын амь насыг хохироосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулахаар эрүүгийн хуульд тусгалаа олсон ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аж төрөх суурь эрхийг баталгаажуулж байгаагийн нэг хэлбэр мөн.

Шүүгдэгч А.Ё нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Дарь-Эхийн зам, Бэлхийн 28 дугаар гудамж, 6006 тоотод хашааг мөргөж зорчигч Б.Нын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Ё-н үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Ё-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Хохирогч Б.Н-ын зүгээс “...А.Ё нь эмчилгээний зардал, цалин мөнгө, эм тарианы 1.500.000 төгрөгийг өгч хохирол барагдуулсан тул миний бие гомдол саналгүй...хохирлыг минь бүрэн барагдуулсан миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 88/ гэх,

иргэний нэхэмжлэгч С.Э зүгээс “...хашааг бүрэн янзалж өгсөн, мөнгө төгрөг аваагүй, банзны оронд нарийн хавтан өгсөн, иймд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч А.Ёийг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч А.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч А.Ё-н зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Ё-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч А.Ё-д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё-д оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох  ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ. 

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч А.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт А.Ё-г Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ёод оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/   төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.   Шүүгдэгч А.Ё нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,   бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ё-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ё-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДАРЬСҮРЭН