Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

           Иргэдийн төлөөлөгч С.Үржхорол,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Насанд хүрээгүй хохирогч Б.Жараахайгийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн,

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвдүүд овогт Гантөмөрийн Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201726020127 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Чойбалсангийн 1-11 тоотод оршин суух,

     урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоож,

     Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3407 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 жил 01 сар 05 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

     мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж,

     Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 9 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,

     Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 06 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, хянан харгалзсан,

      ЖЛ92080419 регистрийн дугаартай, Хөвдүүд овогт Гантөмөрийн Ган-Эрдэнэ.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялаас 2 жил өршөөн хасч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 06 хоногийн ялыг тэнсэж хянан харгалзах хугацаандаа шунахай сэдэлттэйгээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг 10 дугаар хорооллын хойд талын далангийн ойролцоо насанд хүрээгүй Б.Жараахайг хүч хэрэглэхээр заналхийлэн айлгаж зэвсгийн чанартай эд зүйл ашиглан LG Aka маркийн 150,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хохирогчийг айлгаж байгаад гар утсыг нь авсан. Гэхдээ би хутга юм уу, үзүүртэй зүйл тулгаагүй. Байцаагчид хэлэхэд хохирогч чинь тэгж мэдүүлсэн гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн болчимгүй үйлдлээс болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн мэдүүлэхдээ:

Хохиролд 90,000 төгрөг авсан. Гар утасны үнийг арай доогуур тогтоосон юм болов уу гэж үзэж байгаа. Үлдэгдэл хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Хохирогч үзүүртэй зүйл тулгасан, харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй, маш их айсан гэж хэлсэн гэв.

 

Мөн хавтаст хэргээс :

  

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Жараахайгийн өгсөн:

“... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын далан дагаад сургууль руугаа ганцаараа  явж байхад миний араас нэг эрэгтэй хүн дагаад байгааг мэдсэн. Ойр хавьд хүн байгаагүй ба гадаа харанхуй байсан. ... алхаагаа хурдасгасан чинь нөгөө хүн хойноос улам ойртоод байсан. Тэр хүн 165 см орчим надаас арай өндөр, гадна талаараа бараан өнгийн куртик, саравчтай малгайтай байсан. Өмд гутлыг нь анзаараагүй, царай зүсийг нь хараагүй. Энэ үед миний сургууль руугаа явдаг зам ойртсон ба нөгөө хүн амдаад минии урд гарчихаар нь явчих байх гээд зогс хийсэн чинь өөдөөс ирээд, миний гараас хагас тэвэрч аваад “орилбол ална шүү, дуугай дагаад яв” гэсэн. Ингээд дагаад явсан. Энэ үед би их айсан юм. Тэгсэн балкон нь илүү гарчихсан байшингийн доод талд очоод намайг доошоо суу гэсэн. Би доошоо суухад  миний зүүн нүдний орчим нэг зүйл тулгасан ба хатгаад байсныг бодоход үзүүртэй зүйл байсан юм. Тэгээд орилбол нүдийг чинь сохолно шүү гээд миний халаасыг тэмтэрсэн ба миний энгэрийн халаасанд LG Ака маркын ягаан өнгиин утсыг гаргаж ирээд авсан. Мөн утасны кодоо хэл гэхээр нь би кодоо хэлсэн. Гэтэл энэ кодоо арилга гэхээр нь би арилгасан. Ингээд мөнгө байна уу, тэгвэл мөнгө өгөөд утсаа ав гэхээр нь байхгүй гэсэн чинь /надад мөнгө угаасаа байгаагүй/ намайг доошоо хэвт гээд би өвдөглөсөн чинь тэр хүн зүүн тийшээ алхаад явсан ба босвол ална шүү би эргэж ирнэ гэсэн. ... Манай эгч 6 сарын өмнө 375,000 төгрөгөөр авч өгсөн шинэ утас байсан ба содон тэмдэг байхгүй. ... Миний хувьд 90,000 төгрөг авсан ...” мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн өгсөн:

            “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 7 цагийн орчим Жараахай хичээлдээ явсан ба орой нь ирэхдээ гар утсаа танихгүй хүнд дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Энэ утас нь шинээр авсан утас бөгөөд 375,000 төгрөгийн үнэтэй юм. Хэргийн холбогдогч нь 90,000 төгрөг өгснийг хүлээн авсан ...” мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Янжмаагийн өгсөн:

“... Нэг өглөө их  эрт гараад явсан ба орой нь надаас утасны сим картаа өгөөч гэхээр нь 89640751 гэсэн өөрийн дугаарыг өгсөн. Гэтэл үүний дараа манай гэрт цагдаагийн хүн ирээд миний 89640751 дугаарыг хэн ашигласныг асуухаар нь Ган-Эрдэнийг хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

  - Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/ 2

  - Хохирогч Б.Жараахайгийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 12-р хуудас/

  - Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 65-р хуудас/

  - Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй Г.Ган-Эрдэний хувийн хэргийн хуулбар /хавтаст хэргийн 72-79-р хуудас/

  - Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг болон,

 

шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Одончимэгийн  өгсөн:

            “... Ган-Эрдэнэтэй 2013 онд танилцаад гэр бүлийн харилцаатай болсон ба 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ананд төрсөн. ... Ган-Эрдэнэ 8 дугаар анги төгссөн, урьд 2 удаа хэрэгт холбогдсон. Багад нь Ган-Эрдэнийг аав нь төрсөн дүүдээ өргүүлсэн ... ах дүү байхгүй, ухаан санаа эрүүл ... архи уудаггүй, тамхи  татдаг. Ер нь дуугүй талдаа хүн ...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р хуудас/

          

           Мөрдөн байцаалтад гэрч Д.Баярмагнайгийн  өгсөн:

“... Гантөмөр манай эхнэр Янжмаагийн төрсөн ах нь. Ган-Эрдэнийг 3 сартай байхад нь өргөж авсан. Зан ааш нь даруу, засаад авбал зүгээр, одоо нэг хүүхэнтэй суугаад гайгүй болсон байх ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

          

           Мөрдөн байцаалтад гэрч Х.Уранчимэгийн өгсөн:

            “... Би Ган-Эрдэнийг 1992 онд төрүүлсэн. Ган-Эрдэнийг 1 нар 2 сартай байхад нь эцэг Гантөмөр бид 2 салаад манай хүү Ган-Эрдэнийг аавынх нь төрсөн дүү Янжин ... өсгөсөн. ... Ган-Эрдэнэ их хурц зантай, хуний үг авахдаа их муу, миний үгийг ямар ч байсан авдаггүй, огцом ууртай, ... нэг охинтой тэр нь хэдэн настай талаар мэдэхгүй баина ...” гэх мэлдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

             

              - Дорнод аймаг Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/,

- Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн “Асап” сангийн лавлагаа /хх-ийн 55-56-р хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 52-р хуудас/, 

  - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 34-39-р хуудас/,

- Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3407 дугаар тогтоолын хуулбар /хх-н 40-41-р хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 41-45-р хуудас/,

- Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар захирамжийн хуулбар /хх-н 46-47-р хуудас/,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар /хх-н 47-48-р хуудас/,

- Хорих 417-р ангийн даргаас тодорхойлсон Г.Ган-Эрдэний зан байдлын тодорхойлолт /хх-н 49-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

         

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа шунахай сэдэлттэйгээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг 10 дугаар хорооллын хойд талын далангийн ойролцоо насанд хүрээгүй Б.Жараахайг хүч хэрэглэхээр заналхийлэн айлгаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан LG Aka маркийн 150,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн “...Би хохирогчийг айлгаж байгаад гар утсыг нь авсан. Гэхдээ би хутга юм уу, үзүүртэй зүйл тулгаагүй. Байцаагчид хэлэхэд хохирогч чинь тэгж мэдүүлсэн гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн болчимгүй үйлдлээс болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна ...” гэх,

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Жараахайгийн “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын далан дагаад сургууль руугаа ганцаараа  явж байхад миний араас нэг эрэгтэй хүн дагаад байгааг мэдсэн. Ойр хавьд хүн байгаагүй ба гадаа харанхуй байсан. ... алхаагаа хурдасгасан чинь нөгөө хүн хойноос улам ойртоод байсан. Тэр хүн 165 см орчим надаас арай өндөр, гадна талаараа бараан өнгийн куртик, саравчтай малгайтай байсан. ... нөгөө хүн амдаад миний урд гарчихаар нь явчих байх гээд зогс хийсэн чинь өөдөөс ирээд, миний гараас хагас тэвэрч аваад “орилбол ална шүү, дуугай дагаад яв” гэсэн. Ингээд дагаад явсан. Энэ үед би их айсан юм. Тэгсэн балкон нь илүү гарчихсан байшингийн доод талд очоод намайг доошоо суу гэсэн. Би доошоо суухад  миний зүүн нүдний орчим нэг зүйл тулгасан ба хатгаад байсныг бодоход үзүүртэй зүйл байсан юм. Тэгээд орилох юм бол нүдийг чинь сохолно шүү гээд миний халаасыг тэмтэрсэн ба миний энгэрийн халааснаас LG Ака маркын ягаан өнгийн утсыг гаргаж ирээд авсан. Мөн утасны кодоо хэл гэхээр нь би кодоо хэлсэн. Гэтэл энэ кодоо арилга гэхээр нь би арилгасан. Ингээд мөнгө байна уу, тэгвэл мөнгөө өгөөд утсаа ав гэхээр нь байхгүй гэсэн чинь /надад мөнгө угаасаа байгаагүй/ намайг доошоо хэвт гээд би өвдөглөсөн чинь тэр хүн зүүн тийшээ алхаад явсан ба босвол ална шүү би эргэж ирнэ гэсэн ...” гэх,

            гэрч Ө.Янжмаагийн “...Нэг өглөө их  эрт гараад явсан ба орой нь надаас утасны сим картаа өгөөч гэхээр нь 89640751 гэсэн өөрийн дугаарыг өгсөн. Гэтэл үүний дараа манай гэрт цагдаагийн хүн ирээд миний 89640751 дугаарыг хэн ашигласныг асуухаар нь Ган-Эрдэнийг хэлсэн ...” гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх учир шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг давтан буюу урьд энэ гэмт хэрэгт ял шийтгүүлж 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 06 хоногийн ялыг тэнсэж хянан харгалзах хугацаандаа шунахай сэдэлттэйгээр Б.Жараахайн амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлан айлгаж зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн LG Aka маркийн 150,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Баянгол дүүргийн үнийн комиссын үнэлгээгээр насанд хүрээгүй хохирогч Б.Жараахайгийн LG Aka маркийн гар утсыг 150,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй байна.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь хохирогчид 90,000 төгрөгийг төлсөн болох нь хх-н 81-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 60,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнд олгож шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах санал гаргаж байгаа нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцов.

  

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хөвдүүд овогт Гантөмөрийн Ган-Эрдэнийг давтан үйлдлээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Г.Ган-Эрдэнэд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 06 хоногийн хорих ялын зарим болох 5 /тав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Ган-Эрдэний биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнэд оногдуулсан 7 /долоо/ жил 5 /тав/ сар хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Г.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, Г.Ган-Эрдэнэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 90,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Ган-Эрдэнээс 60,000 /жаран мянга/ төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11-286 тоотод оршин суух, ХЕ58080207 регистрийн дугаартай, Чонос овогт Дашцэрэнгийн Дуламсүрэнд олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ган-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ган-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

       ШҮҮГЧИД                                                          Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                                                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ