Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч М.Энарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн 2419000000354 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: М

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын *** байрны гадаа Бтай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний цээжний баруун болон гол хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын *** байрны гадаа Бтай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний цээжний баруун болон гол хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь шүүгдэгч Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль, эрх зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгож байна. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Бгийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед найзуудаараа зааланд тоглож гарч ирээд “***”-д очиж манай найз Уламбаяр өөрийнхөө машиныг бариад У, М бид 4 манай гэрийн гадаа Сайншанд сумын *** байрны ард талд машинаа тавиад Уламбаяр эхнэр төрөх гэж байгаа гээд гэрлүүгээ орсон. Бид 3 сууж байгаад М бид хоёр хоорондоо маргалдаад М намайг цохихоор нь би доошоо суугаад хоёр хөлийг нь тэврээд зууралдаад унасан. Тэр үед У маань бид хоёрыг салгаад голоор ороход М цаашаа яваад өгсөн. Тэгэхэд У миний энгэр цус болчихож гэхэд би цамцаа сөхөөд хартал цус болчихсон байхаар нь Уламбаярыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд У бид 3 эмнэлэг хамт явсан. Эмнэлэгт очоод би цээжиндээ 6 оёдол тавиулсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 5, 45 /,

Гэрч Сын 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ээлжтэй хоносон. 3 цаг өнгөрч байхад яаралтай тусламжийн тасагт цээжиндээ хутгалуулсан өвчтөн ирлээ гэж надад мэдэгдсэн. 41 настай эрэгтэй Б гэх хүн байсан. Цээжний баруун дунд хэсэгт баруун эгэмний дунд шугамаар 7 дугаар хавирга дээр 1,5 см шартай байсан тул 1 оёдол тавьсан. Хэвлийн голын аюулхайд 2 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх 9/,

Гэрч Н.Уын “...тэр хоёр пабад маргалдаад байсан сагсан бөмбөгөө яриад маргалдаад эхэлсэн. Тэгээд хоорондоо заамдалцахаар нь би гайгүй учраа олчих байх гээд салгаагүй. Тэгтэл дээр, доороо ороод зууралдаад явчихсан. Би боль гээд тэр хоёрыг салгахад М шууд босоод би явлаа гээд баруун зүгт алхаж Алтанговийн хойгуур цааш явсан. Б руу утасны гэрэл тусгаад хартал цээж хэсэг нь нэл цус болчихсон байсан... Шилээр зүссэн болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 11/,

 Гэрч Мгийн “... Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагаас эхлэн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчөөр гарах ээлжийн үүрэг авч 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8 цаг хүртэл бүрэлдэхүүн ахалж ажилласан. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний 03 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс цээжиндээ шархтай хүн ирж эмчилгээ авлаа гэх дуудлага мэдээлэл манай 102 дугаарын утсанд ирсэн. Тэгээд би тухайн орой ээлжинд ажиллаж байсан цагдаагийн 2 алба хаагчийг Нэгдсэн эмнэлэг рүү явуулж биеийн байдлыг шалгуулахаар явуулсан. Удалгүй манай цагдаагийн алба хаагч ирээд цээжиндээ зүсүүлсэн шархтай хүн оёдол тавиулж байна, тухайн хүнийн Б гэдэг 41 настай эрэгтэй хүн байна, өөрөө тэгээд араас чинь өргөдлөө өгнө гэж хэлээд үлдлээ гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02/453 дугаартай “1.Бгийн биед цээжний баруун хэсэг болон гол хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 17-18/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 39/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М нь хохирогч Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

Хохирлын “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн хохирлын шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

                                                        

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02/453 дугаартай дүгнэлтээр Бгийн биед цээжний баруун хэсэг болон гол хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Мын үйлдэлд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М нь хохирогч Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирол, хор уршиг хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

                                                        

Иймд шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар:       

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М нь хохирогч Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Мт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

Иймд шүүгдэгч Мт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ОДБАЯР