| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2018/02043/И |
| Дугаар | 183/ШШ2018/02153 |
| Огноо | 2018-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2018/02153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Ч дүүрэг, өөрийн байранд байрлах “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Х дүүрэг, 1 тоотод оршин суух Х овогт С.Э /РД:0000/, Хариуцагч: Х дүүрэг, 1 тоотод оршин суух Б овогт Ж.Б /РД:0000000/ нарт холбогдох, Зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 746 011 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн харилцааны менежер Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаадлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.Э, Ж.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тны “Урт цагаан” тооцооны төвөөс №17/88 тоот Зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 25,000,000 төгрөгийг сарын 2,5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нар нь 13 сар /388 хоног/ зээл ашиглахдаа гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 12 удаа нийт 332 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байдаг. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 21,778,081 төгрөг, балансын гадуурх үндсэн хүүгийн төлбөр 4,787,359 төгрөг, балансын гадуурх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 155,121 төгрөг нийт 26,720,561 төгрөгийн зөрчилтэй зээлийн үлдэгдэлтэй байна. Банкны ажилтнууд зээлдэгч нартай удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлөх хугацаа, боломж олгосон боловч төлөлт зөрчилтэй байсаар Монгол банкны ангилал буурсан. Зээлдэгч С.Э, Ж.Б нар нь зээлийн гэрээний 2.2.1-д заасан зээлдэгч “Зээлиин эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцогдох ба Зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэх заалтыг зөрчсөн тул зээлдэгчид зээл хэвийн төлөгдөхгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. Мөн зээлийн гэрээний 6.2-д дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно. Үүнд 6.2.1-д “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, 6.2.3-д зээлийн хяналтын явцад зээлдэгчийн болон батлан даагч этгээдийн санхүү, төлбөрийн чадвар муудсан, 6.2.4-д зээлдэгч худал мэдээлэл өгсөн, 6.2.5-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, 6.2.6-д зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон, 6.2.7-д зээлийн үйл ажиллагаанд хяналт тавихад зээлдэгч санаатай саад учруулсан, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөөгүй гэх заалтуудыг үндэслэн банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах саналтай байна. Зээлийн гэрээний 7.1-д заасны дагуу “Зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох Барьцаа /Батлан даалт/ Фидуцийн 2017 оны 05-р сарын 22-ны өдөр байгуулсан №17/88 тоот гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно”. Иймд хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 21 778 081 төгрөг, балансын гадуурх үндсэн хүүгийн төлбөр 4,787,359 төгрөг, балансын гадуурх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 155,121 төгрөг нийт 26,720,561, нотариатын зардал 22,000 төгрөгийг зээлдэгч С.Э, Ж.Б нараас гаргуулж Тинд олгуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №17/88 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-д заасан /Хан-Уул дүүргийн 13-р хороо, 3-р хэсэг гудамж 36-1 тоот хаягт орших Ү-2206 дугаарт бүртгэгдсэн 168 м,кв талбайтай, хувийн сууц, Хан-Уул дүүргийн 13-р хороо, 3-р хэсэг гудамж 36-1 тоот хаягт орших Г-2206 дугаарт бүртгэгдсэн 700 м2 газрыг/ үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Бид хариуцагч нарт холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан, тус өдрөөс хойш нэг өдрийн 17,900 төгрөгийн балансын гадуурх үндсэн хүү, 1,572 төгрөгийн балансын гадуурх нэмэгдүүлсэн хүү бодогдож байгаа ба өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж 829,953 төгрөгийн балансын гадуурх үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 27,572,514 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Т нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, 769,691 төгрөгийн балансын гадуурх үндсэн хүү, 60,262 төгрөгийн балансын гадуурх нэмэгдүүлсэн хүү, нийт 27,572,514 төгрөгийг зээлдэгч С.Э, хамтран зээлдэгч Ж.Б нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нар нь гэрээний үүргийг зөрчиж, зээлийн гэрээний дагуу авсан зээл болон түүнийг ашигласны хүүг хугацаандаа төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 28 666 674 төгрөгийг, нотариатын зардалд 22 000 төгрөг, нийт 28 688 674 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Э, Ж.Б нь Т ХХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Энэ талаар маргахгүй. Уг нь хугацаандаа төлж барагдуулах байсан боловч боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Тиймээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг ч хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн буюу зээлийн гэрээний үлдэгдэл 21 778 081 төгрөг байгаа болон үндсэн хүү 4 787 359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 121 төгрөгийг зөвшөөрч байна. Харин зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр цуцласан байх тул түүнээс хойших хугацааны буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцааны гэрээ байгуулсан талаар маргахгүй, зээлийн үүргээ биелүүлэхгүй бол барьцаагаар хангагдана гэдгийг ойлгож байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Э, Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт 28 666 674 төгрөг, нотариатын зардалд 22 000 төгрөг, нийт 28 688 674 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Э, Ж.Б нартай 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №17/88 тоот зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж, 2017 оны 5 дүгээр сарын 22-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 1 тоот хаягт байрлалтай 168 м.кв тайлбайтай Ү-2206 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн Г-2206 дугаарт бүртгэлтэй газрыг тус тус барьцаалсан болох нь №17/88 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11-22, 28-30-р хуудас/ Зохигч талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг гэрээнүүд нь талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон тул “Т” ХХК, С.Э, Ж.Бнарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Э, Ж.Бнартай зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, хугацаандаа төлөлт хийгээгүй тул гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөр 21 778 081 төгрөг, хүү 6 577 338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311 255 төгрөг, нийт 28 666 674 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн. Хариуцагч С.Э, Ж.Бнар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул гэрээг цуцлахад татгалзахгүй, гэвч зээлийн гэрээ нь 2018 оны 6 дугаар сарын 14-нд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдсан тул түүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Э, Ж.Бнарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч нарт 17, 17/05, 18/19 тоот мэдэгдэл хүргүүлж, уулзалт ярилцлага хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй болно. /хэргийн 32, 35, 43-р хуудас/ Талууд зээлийн гэрээнд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба гэрээний 2.2.1-д зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хувийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно” гэж тус тус заасан байна. Иймд хариуцагч С.Э, Ж.Б нар нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэрээний хугацаа хэтрэлттэй, нэхэмжлэгчээс үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзах буюу цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч нар гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгөн хөрөнгө болох 25 000 000 төгрөгийг С.Э, Ж.Б нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн 21 778 081 төгрөг, гэрээг цуцлах хүртлэх хугацааны хүү 4 787 359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 121 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу гэрээ цуцласнаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй, гэрээг цуцлаж, шүүхэд хандсан байж хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах шаардлагыг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан боловч шүүх талуудын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг цуцлаж байгаа тул нэхэмжлэгч нь шүүхэд гэрээг цуцлах хүртлэх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч С.Э, Ж.Бнараас үндсэн зээл 21 778 081 төгрөг, зээлийн гэрээний хүүнд 6 577 338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311 255 төгрөг, нийт 28 666 674 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв. /21 778 081+6 577 338+311 255=28 666 674/ Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж нотариатын зардалд 22 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч С.Э, Ж.Бнартай 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Ү-2206 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн Г-2206 дугаарт бүртгэлтэй газрыг барьцаалжээ. /хэргийн 19-20-р хуудас/ Хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний 6.1, 6.2-д энэ талаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 19-20-р хуудас/ Иймд хариуцагч С.Э, Ж.Бнар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч С.Э, Ж.Бнарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч С.Э, Ж.Бнараас зээлийн гэрээний үүрэгт 28 666 674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Э, Ж.Бнар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн Ү-2206 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн Г-2206 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 419 574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 301 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
|