Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Нямханд,

Шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Батбаярын Даваасүрэнд холбогдох эрүүгийн 201726020470 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  Их асрангуй  ХХК-ийн  UB call service -д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймаг, Мөрөн, 9-р баг, 34 дүгээр гудамж, 02 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дарь-Эх 1877-15 тоот нийтийн байранд түр оршин суух,

урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, ИО93020814 регистрийн дугаартай, Шарнууд овогт Батбаярын Даваасүрэн. 

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 45 тоотод оршин суух Н.Мөнхбаатарын гэр бүлийн гишүүдийг байхгүй хойгуур гэрийн түлхүүрийг нь авч үлдэн хаалга онгойлгон бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн 6 ширхэг мөнгөн аяга, делл маркийн хар хөх өнгийн нөүтбук зэрэг нийт 2,650,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваасүрэн мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчид бүх зүйлийг нь буцаан өгч иргэний нэхэмжлэгчид 1,200,000 төгрөг өгсөн. Тухайн үед ажилгүй байсан болохоор мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн зүйлдээ харамсаж, гэмшиж байна. Үүнээс хойш өөрөө хөдөлмөрлөж амьдрана гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өгсөн:

             ... 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... халаасанд байгаа Мөнхбаатар ахын гэрийн түлхүүрийг нь гэнэт Мөнхбаатар ахын гэр рүү очиж мөнгө хайхаар, өөр үнэд хүрчихээр зүйл авч мөнгөтэй болох санаатай яваад очсон юм. ... Мөнхбаатар ахын гэрийн түлхүүрээр хаалгыг онгойлгож, дотогш ороод гутлаа тайлалгүй том өрөөний шүүгээнд өрөөстэй байсан 6 ширхэг мөнгөн аягыг аваад, шүүгээний доор хажуу талд нь саарал өнгийн нөүтбукны цүнх байхаар нь онгойлготол нөүтбук байсан ба цүнхтэй нь цуг нөүтбукыг нь аваад цүнхэнд нь нөгөө 6 ширхэг мөнгөн аяга хийгээд Мөнхбаатар ахын гэрийн түлхүүрийг нь үүдний өлгүүрт байсан хар хөх өнгийн куртикных нь дотор талын энгэрийн халаасанд хийгээд гарсан. Тэдний гэрээс гараад ... Хүнсний 4 дэлгүүрийн автобусны буудлын ард байх Өрнийн салхи гэсэн хаягтай ломбардны газар ирээд ... нөүтбук, 5 ширхэг мөнгөн аягыг нийт 1,200,000 төгрөгөнд барьцаанд тавьсан ... Ээжийн бие муудаад байна гэхээр нь мөнгө олох хэрэгтэй юм байна гэж бодоод хулгай хийсэн ...  /хавтаст хэргийн 35-36, 89 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Мөнхбаатарын өгсөн:

 ... Хэрэг гардаг өдрийн ... 19 цагийн үед эхнэр бид хоёр гэртээ ирэхэд манай охин бид хоёроос түрүүлээд ирсэн байсан. ... би том өрөөнд ороод эд зүйлээ шалгатал 6 ширхэг мөнгөн аяга, саарал өнгийн делл брэндийн нөтбук алга болсон байсан. ... Гэрт том өрөөний хивсэн дээр арзгар ултай гутлын мөр гарсан байсан ба энэ Даваасүрэнгийн гутлын мөр байж магадгүй, арзгар ултай гуталтай яваад байсан гэж санаад гар утас руу нь залгаж ... дуудсан. ... Үзлэг хийж байсан шинжээч цагдаа нь Даваасүрэнгин гутлын улыг хараад хивсэн дээрх ултай харьцуулж хараад энэ гутлын мөр их адилхан байна гэсэн ... Хулгай орсон өдөр би өөрийнхөө түлхүүрийг мартсан гэдгээ санаад өмсөж явсан хувцасныхаа халаасанд үзэхэд байхгүй байсан. ... хар хөх өнгийн куртикны халаасыг нь шалгатал баруун талын дотор талдаа урагдсан халааснаас гарч ирсэн. ... Бид эд зүйлээ хүлээн авсан. гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  ...  гэх /хавтаст хэргийн 15-16-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн өгсөн:

 ... 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед ... Даваасүрэн гэх хүн өөрийн бичиг баримтаа үзүүлээд, байрныхаа лизинг төлөх гээд өөрийн эд зүйлээ тавих шаардлагатай болчихлоо гэж хэлэхээр нь бичиг баримтыг нь үзэхэд өөрийнх нь мөн байсан. Тэгээд Даваасүрэн нь делл маркийннөүтбук, 5 ширхэг мөнгөн аягийг нийт 1,200,000 төгрөгөнд тавиад явсан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

 

  - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-8-р хуудас/

  - Эд зүйлийн үнэлгээ /хх-н 12-р хуудас/

  - Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-н 57-59, 129-130-р хуудас/

  - Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 68-р хуудас/

  - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 69-74/  зэрэг баримууд болон,

 

шүүгдэгч Б.Даваасүрэнгийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Н.Баярмаагийн өгсөн:

 ... Би Б.Даваасүрэнгийн авга эгч нь юм. Даваасүрэн эхээс хоёулаа ба дээрээ нэг эгчтэй. Мөрөн хотод 10 жилээ төгсөж, ... Пүрэвсүрэн гэх охинтой танилцаж гэр бүл болж дундаасаа нэг хүүтэй. ... Б.Даваасүрэн нь төлөв даруу, элдэв янзын зан ааш байхгүй, эхнэр хүүхэддээ халамжтай, ажил хөдөлмөртөө сайн, хүнтэй эвсэг харилцаатай ... гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар  хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн:

 ... 2012 онд Даваасүрэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ батлуулаад 2014 онд хүүтэй болсон. ... Намайг сургуульд сурч байхад Даваасүрэн нь ажил эрхэлж ар гэрээ тэжээж, хүүхдээ асарч, гэр бүлдээ хайр халамжтай байдаг. Даваасүрэнг 16 настай байхад төрсөн аав нь өөд болсон. ... хүнтэй муудалцаад гадуур дотуур тэнээд байхгүй, гэр бүлдээ хайр халамжтай, дөлгөөн тайван зан ааштай, элдэв гаж зуршил байхгүй, сайн нөхөр юм. Даваасүрэнгийн ээж эгч хоёр нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байдаг ба ээж нь элэгний өвчтэй бие нь сайнгүй байдаг ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 37-42/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 95-115/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Даваасүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 45 тоотод оршин суух Н.Мөнхбаатарын орон байранд хууль бусаар нэвтрэн, 6 ширхэг мөнгөн аяга, делл маркийн хар хөх өнгийн нөүтбукыг хулгайлж, 2,650,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад  мэдүүлсэн шүүгдэгч Б.Даваасүрэнгийн  ...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... халаасанд байгаа Мөнхбаатар ахын гэрийн түлхүүрийг нь гэнэт Мөнхбаатар ахын гэр рүү очиж мөнгө хайхаар, өөр үнэд хүрчихээр зүйл авч мөнгөтэй болох санаатай яваад очсон юм. ... Мөнхбаатар ахын гэрийн түлхүүрээр хаалгыг онгойлгож, дотогш ороод гутлаа тайлалгүй том өрөөний шүүгээнд өрөөстэй байсан 6 ширхэг мөнгөн аягыг аваад, шүүгээний доор хажуу талд нь саарал өнгийн нөүтбукны цүнх байхаар нь онгойлготол нөүтбук байсан ба цүнхтэй нь цуг нөүтбукыг нь аваад цүнхэнд нь нөгөө 6 ширхэг мөнгөн аяга хийгээд Мөнхбаатар ахын гэрийн түлхүүрийг нь үүдний өлгүүрт байсан хар хөх өнгийн куртикных нь дотор талын энгэрийн халаасанд хийгээд гарсан. Тэдний гэрээс гараад ... Хүнсний 4 дэлгүүрийн автобусны буудлын ард байх Өрнийн салхи гэсэн хаягтай ломбардны газар ирээд ... нөүтбук, 5 ширхэг мөнгөн аягыг нийт 1,200,000 төгрөгөнд барьцаанд тавьсан ... Ээжийн бие муудаад байна гэхээр нь мөнгө олох хэрэгтэй юм байна гэж бодоод хулгай хийсэн... Хохирогчид бүх зүйлийг нь буцаан өгч иргэний нэхэмжлэгчид 1,200,000 төгрөг өгсөн. Тухайн үед ажилгүй байсан болохоор мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн зүйлдээ харамсаж, гэмшиж байна ...  гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч  Н.Мөнхбаатарын  ...би том өрөөнд ороод эд зүйлээ шалгатал 6 ширхэг мөнгөн аяга, саарал өнгийн делл брэндийн нөтбук алга болсон байсан. ... Гэрт том өрөөний хивсэн дээр арзгар ултай гутлын мөр гарсан байсан ба энэ Даваасүрэнгийн гутлын мөр байж магадгүй, арзгар ултай гуталтай яваад байсан гэж санаад гар утас руу нь залгаж ... дуудсан. ... Үзлэг хийж байсан шинжээч цагдаа нь Даваасүрэнгин гутлын улыг хараад хивсэн дээрх ултай харьцуулж хараад энэ гутлын мөр их адилхан байна гэсэн ... Хулгай орсон өдөр би өөрийнхөө түлхүүрийг мартсан гэдгээ санаад өмсөж явсан хувцасныхаа халаасанд үзэхэд байхгүй байсан. ... хар хөх өнгийн куртикны халаасыг нь шалгатал баруун талын дотор талдаа урагдсан халааснаас гарч ирсэн ...  гэх,

иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн  ... 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед ... Даваасүрэн гэх хүн өөрийн бичиг баримтаа үзүүлээд, байрныхаа лизинг төлөх гээд өөрийн эд зүйлээ тавих шаардлагатай болчихлоо гэж хэлэхээр нь бичиг баримтыг нь үзэхэд өөрийнх нь мөн байсан. Тэгээд Даваасүрэн нь делл маркийннөүтбук, 5 ширхэг мөнгөн аягийг нийт 1,200,000 төгрөгөнд тавиад явсан ...  гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Даваасүрэнг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 2,650,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Даваасүрэнд ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.     

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

  

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           

ТОГТООХ НЬ:

           

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнгийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Шарнууд овогт Батбаярын Даваасүрэнг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Даваасүрэн бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Даваасүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Даваасүрэнд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Даваасүрэнд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ