Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

М.И-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Ц.И, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02741 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.И-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-д холбогдох

 

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг,  

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.И-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах хамгаалалтын зурвас газрыг холбогдох байгууллага болох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба зэрэг холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсны үндсэн дээр энэхүү газрыг эзэмших эрхтэй болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 2014 онд миний нэр дээр гарсан. Газар дээр цахилгааны дэд өртөө байрладаг бөгөөд би Цахилгаан түгээх сүлжээ компанид мэдэгдэж уг дэд өртөөг өөрийн зардлаар нүүлгэхээр харилцан ярилцсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойт 94 дүгээр гудамжны 2 тоот хаягт оршин суух Н.Б- нь өөрийн эзэмшлийн газраас хашаагаа тэлж бариад нэхэмжлэгч миний газар эзэмших эрхийг зөрчиж, газар руу нэвтэрч орох боломжгүй болгосон. Энэ талаар хариуцагчид хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хашаагаа буулгахгүй байгаа. Эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэхэд 291 м.кв газарт хууль бусаар хашаа татсан болох нь тогтоогдсон. Иймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс миний газрыг чөлөөлж өгнө үү. Мөн би өөрийн газартаа 2014 онд шинэ банз мод авч хашаа татсан боловч хариуцагч Н.Б- нь миний татсан хашааг эвдэлж нураасан. Тиймээс хашаа татахад гарсан зардал буюу хашааны үнэ 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1997 оноос энэ газарт амьдарч байгаа. Удаа дараа эрчим хүчинд энэ газрыг эзэмших хүсэлтээ өгсөн боловч боломжгүй гэх хариултыг надад өгдөг. Гэтэл 2014 онд М.И-ы нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байгааг ойлгохгүй байна. Энэ хүн яагаад 4 жил таг байсныг ойлгохгүй байна. Тухайн үед хөөцөлдөхгүй яасан юм бэ. Энэ хүн эрчим хүчинд ажилладаг. Би энэ газарт 21 жил амьдарч байна. Дээрэм хийж байгаагаас ялгаа байхгүй. Бас 700.000 төгрөгийн хашаа ярьдаг. Ямар хашаа байгаа юм бэ. Улайм цайм гүтгэж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд айлын хашаа нураах зав ч байхгүй. Тэнд миний хашаа л байгаа. Өнөөдөр надад тэр газарт эзэмших, өмчлөх эрх олгогдоогүй ч би хашаагаа сунгаж, тэр хэсэг газрыг хамруулан хашаа татсан нь үнэн. Гэтэл 4 жилийн өмнө өмчилсөн гээд өнөөдөр гарч ирснийг ойлгохгүй байна. Би Нийслэлийн засаг даргад хандсан. Өнөөдөр 14 цагт хариугаа аваарай гэсэн учраас авч амжаагүй. Би нэг бус удаа өргөдөл гарган очсон. Тухайн үед энэ газарт амьдрах боломжгүй гэсэн мөртлөө эрчим хүчинд ажилладаг хүн гэрчилгээ гаргуулсныг ойлгохгүй байна. Газрын албанаас хүн ирээгүй. Хашаа бол минийх. Миний өмч. Би хаалгаа л сунгасан төдий. Тэнд архичид ирж хонож өнждөг. Би ээлжийн ажилтай, охин хүүхэдтэй хүн учраас тэр хэсэг газрыг битүүлсэн. Би амгалан тайван амьдрах гэж тэр хашааг татсан. Надад энэ хашааг өгөөч гэж гуйсан. Аюултай бүс гээд өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.   

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, толгойт 94-р гудамж 1а тоот хаягт байршилтай, 18631311895821 нэгж талбарын дугаар бүхий газрыг хариуцагч Н.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.И-ы гаргасан хариуцагч Н.Б-ад холбогдох гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 91 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.И-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02741 дүгээр шийдвэрээр миний 2008 оноос хойш амьдарч байгаа газраас намайг нүүлгэхээр шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуй нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” шийдвэрлэхээр заасан.

Гэтэл нэхэмжлэгч М.И- дээд шатны Засаг даргад хандахгүйгээр шууд шүүхэд хандаж, шүүх уг маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн. Миний бие уг маргааныг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хандаж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд энэ тухайгаа шүүхэд мэдэгдсэн боловч хүлээж аваагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг шүүх хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж захирамж гаргах ёстой байсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.И-аас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.И- нь хариуцагч Н.Б-д холбогдуулж өөрийн эзэмшлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н.Б- давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч М.И- дээд шатны Засаг даргад хандахгүйгээр шууд шүүхэд хандаж, шүүх уг маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн гэжээ./хэргийн 73 дугаар тал/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.И-ы хариуцагч Н.Б-д холбогдуулан газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр М.И-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул хүсэлтээ шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэх хариуг зохигч нарт хүргүүлсэний дагуу нэхэмжлэгч М.И- нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна./хэргийн 1, 10, 67-71 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0005248693 дугаартай гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 94-р гудамж 1а тоот хаягт байршилтай, 18631311895821 нэгж талбарын дугаар бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч М.И- болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болохыг нотлох үүрэгтэй. Хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Мөн тухайн маргаж буй газар дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 700 000 төгрөгийн үнэтэй хашаа байсан. Түүнийг хариуцагч буулгасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 700 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.О

 

                                                  ШҮҮГЧИД                               Ц.И

                   

                                                                                                  С.Э