| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 273 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 273
Ц.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 373 дугаар магадлалтай, 1706009480409 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2001 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2000 оны хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 7 сар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа Хорчин овогт Ц.Н нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Н-д энэ тогтоолоор оногдуулсан 2 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 3 хоног хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 сар 3 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 373 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Н-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байхдаа буюу уг ялыг эдэлж дуусахын өмнө дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг зохицуулсан бол тус зүйлийн 2 дахь хэсэгт тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдлыг тусгайлан зохицуулсан гэж ойлгож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан. Гэтэл Ц.Н-ын хувьд өмнөх шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсноор ял эдэлж байгаа. Ц.Н-д холбогдох хэргүүдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь заасан заалтыг баримтлах хуулийн үндэслэлгүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Ц.Н-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд байхгүй хорих ял оногдуулсан нь буруу байна. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг тусад нь оногдуулах боломжтой байсан тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын рашааны орчимд иргэн Н.Дэлгэрмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолоор 7 сар хорих ял, сүүлчийн буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн ба Ц.Н-д оногдуулсан хорих болон торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх боломжтой байна.
Гэтэл анхан шатны шүүх Ц.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял байхгүй, мөн түүнд 7 сар хорих ял оногдуулсан өмнөх 714 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсныг үл харгалзан Ц.Н-д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 2 сар хорих ялтай дүйцүүлэн өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу Ц.Н-ын үйлдсэн хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцүүлж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иймд магадлалыг хүчингүй болгож, Ц.Н-д оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Н нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар хорих ялыг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эдэлж дууссан байх тул түүнийг нэн даруй суллаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу түүний илүү хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн түүнд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялаас 105.000 төгрөгийг хасч, торгуулийн хэмжээг 695.000 төгрөгөөр тогтоож, шийтгэх тогтоолын ял нэгтгэсэн болон хорих ялын дэглэм тогтоосон хэсгүүдийг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 373 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.
2.Ц.Н-ын 2018 оны 6 дугаар сарын 13-наас 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн түүнд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялаас 105.000 төгрөгийг хасч, төлөх торгуулийн хэмжээг 695.000 төгрөгөөр тогтоосугай.
3.Ц.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар хорих ялыг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эдэлж дууссан байх тул түүнийг нэн даруй суллаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН