| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01350/И |
| Дугаар | 102/ШШ2017/02625 |
| Огноо | 2017-10-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/02625
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, дүгээр хороо, тойруу 00-р байрны 00 тоотод байрлах, “Т-Э ББСБ” ХХК /РД: 00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00-р хороолол, энхтайвны өргөн чөлөө гудамж, ҮТ 00-р байр, 00 тоотод байрлах, “М” ХХК /РД: 000000/,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, 00-р байр, 00 тоотод оршин суух, Х овогт Б-ын Г /РД: 000000000/,
Хариуцагч: С дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух, Б овогт Д У /РД:0000000/ нарт холбогдох,
Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч “М с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, хариуцагч Д.У, хариуцагч Д.У-ийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ Т Э ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М с” ХХК болон Б.Г нар нь “ Т Э ББСБ” ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00/0-0000 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00/0-0000 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, Д.У-ийн өмчлөлийн УБ хот, С дүүрэг, 0-р хороо, 0 дугаар хороолол, 00 дүгээр байрны 30 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 3 өрөө орон сууц болон УБ хот, Н дүүрэг, 0 дугаар хороо, 00 байрны 00 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай орон сууц зэрэг 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай компаниас шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 80,000,000 төгрөг төлөхийг “М с” ХХК хүлээн зөвшөөрсөн тул эвлэрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 000/ШШ0000/0000 дугаартай захирамж гарсан. Гэтэл “М с” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамжаар баталгаажуулсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон манай компанид төлөхгүй гэж хэлсэн тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М с” ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дугаар сарын 28-ны өдөр Б.Г нь “ Т ЭББСБ” ХХК-тай гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг зээлсэн. Б.Гийн зээлсэн 50,000,000 төгрөгийг “М с” ХХК шилжүүлж авсан нь үнэн. Уг мөнгийг манай компани төлөх үүргээ эвлэрлийн гэрээгээр хүлээсэн. Эвлэрлийн гэрээний дагуу төлөлт хийгээд явж байгаа баримт хавтаст хэрэгт авагдсан. Тийм учраас барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй. Эвлэрлийн гэрээний дагуу манай компани зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэнэ гэв.
Хариуцагч Д.У шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Т ЭББСБ” ХХК-ийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч байна. “ Т ЭББСБ” ХХК бол зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд хандаж шийдвэрлээд эвлэрсэн. Анх бол Б.Г “ Т ЭББСБ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн энэ тал дээр талууд маргахгүй байгаа. Хариуцагч Б.Гийн тухайд бол “ Т ЭББСБ” ХХК-аас авсан мөнгөө “М с” ХХК-д шилжүүлж өгсөн байдаг. Анх Б.Г бол “ Т ЭББСБ” ХХК-тай гэрээ байгуулаад Б.Гийн байгуулсан энэ гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ маань энэ агуулгаараа Б.Гийн байгуулсан зээлийн гэрээнд хамаатай. Б.Г нь авсан зээлээ хэнд дамжуулж өгөх нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Энэ дээр аль аль тал нь маргахгүй байгаа. Эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор “ Т ЭББСБ” ХХК нь Б.Гээс татгалзсан. Чухам энэ барьцааны маргаанд яагаад Б.Гийг хариуцагчаар татан оролцуулсанаа нэхэмжлэгч тайлбартаа тодорхойлж хэлсэнгүй. Чухам Б.Гээс юу шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. “М с” ХХК тухайн мөнгийг шилжүүлж авсан гэдэг агуулгыг өмнөх эвлэрлийн гэрээг баталсан захирамжаар илэрхийлсэн. Яг одоо нэхэмжлэгч Б.Гтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгөөр хангах гэсэн хөрөнгө нь Б.Гээс татгалзсанаар нэмэлт үүргийн гүйцэтгэл нь дуусгавар болсон. Ийм учраас хариуцагч Д.У-ийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г миний бие “М с” ХХК-д 2011 оны 01 дүгээр сараас эхлэн тооцооны нягтлан бодогчоор ажилласан. 2013 оны 2 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Гүйцэтгэх захирал Д.Болд, Д.У нар найзууд бөгөөд 2011 оны 11 дүгээр сард гүйцэтгэх захирал Д.Болд “М с” ХХК-ийн барилгын талбайд яаралтай мөнгө хэрэг болоод байна манай компани одоохондоо зээл авах боломжгүй, барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгө байхгүй юм байна. Би Д.У-т хэлсэн байгаа та хоёр нотариат ороод Д.У-ээс 2 байрыг нь түр барьцаанд тавих итгэмжлэл хийлгээд авчих гэсний дагуу Д.У-тэй Улаанбаатар хот, С дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 21-30 тоот Ү-0000000000 дугаартай 3 өрөө байр, Улаанбаатар хот Н дүүрэг, 0 дугаар хороо, 00-00тоот Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус 1 жилийн хугацаатай барьцаанд тавих нотариатийн итгэмжлэл хийлгэсэн. “М с” ХХК нь Б.Гийн “ Т ЭББСБ” ХХК-иас авах зээлийг бүрэн хариуцна гэсэн итгэмжлэлээр “ Т ЭББСБ” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн 25-1/2011, 25-2/2011 тоот зээлийн гэрээний дагуу мөнгийг 2 хувааж 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлсэн. “М с” ХХК-ийн кассанд ямар ч үлдэгдэлгүй тушаасан болно. Миний бие Д.У-ийн үл хөдлөх 2 орон сууцыг барьцаалан “ Т ЭББСБ” ХХК-иас зээлсэн 50,000,000 төгрөгийг огт хувийн хэрэгцээнд ашиглаагүй тул намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК нь хариуцагч “М с” ХХК болон Б.Г, Д.У нарт холбогдуулан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК нь хариуцагч “М с” ХХК-д 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00/0-0000 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00/0-0000 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлүүлж, зээлийн барьцаанд Д.У-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 21-30 тоот Ү-0000000000 дугаартай 3 өрөө байр, Улаанбаатар хот, Н дүүрэг, 0 дугаар хороо, 00-00тоот, Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ.
Хариуцагч Д.У нь өөрийн өмчлөлийн дээрх 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг “М с” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Гт олгосон “орон сууц захиран зарцуулах” итгэмжлэлийн дагуу Б.Г нь “М с” ХХК-ийн авсан зээлийн барьцаанд барьцаалснаар Б.Г болон “ Т ЭББСБ” ХХК-ийн хооронд 25-1/2011, 25-2/2011 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан. Хариуцагч Б.Г “М с” ХХК-ийг төлөөлөн уг зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгч “Түмэн эрхэс” ББСБ-тай байгуулсан болох нь зохигчийн тайлбар, шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаж, ямар нэгэн шаардлагыг гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25-1/2011, 25-2/2011 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК нь хариуцагч “М с” ХХК-ийг 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25-1/2011, 25-2/2011 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч “М с” ХХК болон иргэн Б.Г нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 89,840,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэжээ.
Уг захирамжаар нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 89,840,500 төгрөгний 9,840,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “М с” ХХК нь 80,000,000 төгрөгийг 6 сарын дотор буюу 2017 оны 02 дугаар 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор сар бүр 13,333,333 төлж барагдуулах, нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК нь хариуцагчаар Б.Гийг татсан шаардлагаасаа татгалзаж, мөн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авч зохигч эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар татан авсан нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж тайлбарлан тус шүүхийн 000/ШШ0000/0000 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “М с” ХХК-ийн төлөх 80,000,000 төгрөгийг барьцааны зүйл болох хариуцагч Д.У-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, С дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 21-30 тоот Ү-0000000000 дугаартай 3 өрөө байр, Улаанбаатар хот, Н дүүрэг, 0 дугаар хороо, 00-00тоот, Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээс гаргуулахаар шаардаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэснийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай адилтгаж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэжээ.
Хариуцагч Д.У-ийн өмчлөлийн 2 орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээний үүрэг нь “ Т ЭББСБ” болон “М с” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэх зорилгыг агуулсан нэмэгдэл үүрэг юм.
Иймээс нэхэмжлэгч “ Т ЭББСБ” нь зээлийн гэрээний үүрэг болон барьцааны гэрээний үүргийн аль нэгийг сонгон өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шаардах эрхтэй.
Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг сонгон өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шаардсанаар тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай захирамж гарч, уг захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсноор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй тул уг шийдвэрийн биелэлтийг хангуулах замаар өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах боломжтой байх тул барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК-ийн хариуцагч “М с” ХХК болон Б.Г, Д.У нарт холбогдуулан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М с” ХХК болон Б.Г, Д.У нарт холбогдуулан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 487,750 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “ Т ЭББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА