| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 181/2017/03100/И |
| Дугаар | 102/ШШ2019/02863 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2019/02863
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....,
Нэхэмжлэгч: .... нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...,
Хариуцагч: ...ХХК нарт холбогдох,
32,000,000 /гучин хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г...., хариуцагч, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б...., хариуцагч ... ХХК-ийн өмгөөлөгч Б.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.... өөрийн үүсгэн байгуулсан ... ХХК-ийн нэрээр ... ХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15/08-567 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд нэхэмжлэгч нартай уулзаж, тэдний эзэмшлийн тээврийн хэрэгслүүдээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг ... ХК-иас авсан байдаг. Нэхэмжлэгч нартай 2015 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч нартай уулзаж нэг сарын 8,000,000 төгрөгөөр ... ХК-ийн уурхайд нүүрс, хөрс тээвэрлэх ажилд нэхэмжлэгч нарын эзэмшлийн автосамосвалуудаар ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ... ХК-ийн уурхайд 2 сар нүүрс, хөрс тээвэрлүүлэх ажлыг П....ын эзэмшлийн ... улсын дугаартай Beiben маркийн автосамосвалаар гүйцэтгэсэн ажлын хөлс 16,000,000 төгрөг, нэхэмжлэгч Б....ын эзэмшлийн ... улсын дугаартай /хуучнаар .../ автосамосвалаар гүйцэтгэсэн ажлын хөлс 16,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирон, ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэтэл хариуцагч нь ... ХК-иас гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсан атлаа нэхэмжлэгч нарын эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан хийж гүйцэтгүүлсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл төлөлгүй тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, хариуцагчаас хөлсийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэсэн ганц хариулт өгсөөр өнөөдрийг хүрч байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний гол зарчим үр дүн байгаа. Үр дүнгийн хувьд хариуцагч маргадаггүй. Ажлаа хийгээгүй, хаяаад явсан гэж маргадаггүй. Гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөөгүй тул нэхэмжилж байна. Ажлын үр дүн нүүрс тээвэрлэсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нар втомашинаа ... ХХК-д ашиглуулсан. Нэхэмжлэгч нар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. ... ХК-ийн ... ХХК-тай байгуулсан тооцоо нийлсэн акт хэрэгт байгаа. Тэдний байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ... ХХК нь 15,235.6 тонн нүүрс тээвэрлэсэн. 1 тонныг 178,108 төгрөгөөр үржихээр нийт 2,725,469 төгрөг болж байна. Явсан замд нь үржихээр нэхэмжлэгч П....ын машин 2015 оны 12 сард 10,326,785 төгрөгийн ажил хийсэн. 97 дугаартай машин 7,793,395 төгөргийн ажил хийсэн. Энэ 2 машин 12 дугаар сард 18,177,724 төгрөгийн ажил хийсэн. 1 сард мөн энэ хэмжээний ажил хийсэн ба, 8,000,000 төгрөгийн хөлс төлөх ёстой байсан. ... ХХК нь гэрээний төлбөрийг ... ХК-иас авсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдсон Бусдын тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгүүлээд, түүнийхээ мөнгийг ... ХК-иас авчихаад, автомашинуудыг нь ашигласан хэрнээ төлбөрийг нь өгдөггүй. Талууд 1 өдрийн хөлс хэд байх талаар нарийвчлан тохиролцоо хийгээгүй. Нэг сарын 8,000,000 төгрөг гэж л тохирсон. Нэхэмжлэгч нартай адилхан н.... гэх өөр нэг автомашинаа ашиглуулсан хүний нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэсэн бөгөөд, шүүх Замын хуудсыг үндэслээд нэг өдрийн хөлсийг 266,666 төгрөг болно гэж шийдсэн учраас замын хуудсыг шүүх үнэлж тооцоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч П....ын дансны хуулгыг хариуцагчийн хүсэлтээр гаргуулахад 2,100,000 төгрөг өгсөн баримт байсан учир энэ хэмжээгээр нэхэмжлэлээс хасч, ... ХХК-иас П.... 14,950,000 төгрөг, Б.... 14,950,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б....ийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ... ХХК нь ... ХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15/08-567 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Энэ гэрээг байгуулах үед П.... нь хамт байсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээнд нь тохирсон хөлс авах санаачилгыг тэрээр гаргасан. Улмаар П.... нь ХАБ-ын инженерт цалин өгч ажиллуулах, ажилчдын буюу операторч нарын өдрийн хоолны зардлыг хамтран хариуцах, мөн хувцаслалтыг жигдрүүлэх гэх мэтээр зайлшгүй гарах зардлыг дундаасаа хамтран гаргахаар тохиролцсон. Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр тохиролцсон тохиролцоо бол ажилд авсан өдөр, цагаар тооцоог хийхээр тохиролцсон, энэ нь ч манай ... ХХК-ийн ... ХК-тай байгуулсан гэрээнд тусгагдсан байгаа. Уг гэрээний 3.8, 4.2.8-д заасны дагуу 97, 98 гаражийн дугаартай автомашин нийт рейс, авсан түлш, зарцуулсан болон үлдэгдэл түлш, ажилласан цаг зэргийг ... ХК-ийн деспитчерийн гаргасан тооцоо болон норядыг үндэслэн: 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сард 97 дугаартай машин 60 хоногийн хугацаанд 39 өдөр ажилласан, 98 дугаартай машин нь 12,5 өдөр ажилласан, 9,314,087 төгрөгийн ажил гүйцэтгэж, энэ хөлсөө авсан. Задаргаа нь: П....т өөрт нь бэлнээр 3,550,000 төгрөг, сэлбэгийн үнэнд 2,633,300 төгрөг, жолооч нартаа хувцас авсан 210,000 төгрөг, хоолны мөнгө 70,800х2 жолооч, буудалд 209,500 төгрөг, ХАБ-ын цалинд 100,000х2 машин төгрөг, тогоочийн зардалд 66,667х2 машин төгрөг, дансаар өгсөн 2,100,000 төгрөг, нийт 9,182,734 төгрөг болж байгаа. Харин 97, 98 дугаартай 2 машины хийсэн ажлын нийт хөлс 9,031,487 төгрөг болсон. Мөн П....т Б....ийн дансаар 900,000 төгрөг, 60,000 төгрөгийн тосол авсан. Илүү 1,111,247 төгрөг өгсөн байна.
Өнөөдөр 96, 97 дугаартай машин дээр маргаж байгаа. 97, 98 дугаартай машин н...., н.... нарын машин. 12 сарын 08-ны өдрөөс ажил гүйцэтгэсэн гэж ... ХК баталсан. ТАМАХ-н дарга, инженерүүд баталсан байгаа. Манай компани ТАМАХ-тэй хамтарч нүүрс зөөсөн. 12 сарын 08-ны өдөр нэг машин гаргасан. Нэг машин нь 2 өдөр рейс хийгээд цаашаа мотор нь цохиод ажиллаагүй. н.... бид нар тохирохдоо ажилласан өдрөөрөө тооцно. Ажиллаагүй өдрөө хасна гэж тохирсон. 98 дугаартай машин нь 18 өдөр ээлжинд гарсан бөгөөд нэг өдөр 35 рейс хийх ёстой боловч нэг ч удаа түүндээ хүрээгүй. Нийтдээ энэ 2 машин 120 хоног ажил гүйцэтгэх ёстой байсан. Нэг машин 18 хоног гүйцэтгэчихээд надаас мөнгө гаргуулах нь шударга бус. 96 дугаартай машиныг манай машин гэж маргаад байдаг. 96 дугаартай машин нь 12 сарын 01-ний өдрөөс 01 сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан машин байдаг. Тэгээд манай ажил зогссон. Гэтэл энэ хүмүүс 2 дугаар сарын хэдэн хүртэл ажилласан гэж мөнгө нэхдэг. Миний мэдэхгүй ажлыг ... ХК-д хийж өгсөн бол ... ХК-иас нэхэх хэрэгтэй. 96, 97 дугаартай машиныг н.... өөрийн биеэр ирж машинаа гаргуулж авсан. Дулаан гаражийг чинь ашиглаад машиндаа засвар хийнэ гэж хэлээд надаас мөнгө авч машинаа зассан. Н...., н.... нар тус компанитай байгуулсан гэрээ байдаггүй. Амаар тохирсон. 8,000,000 төгрөг нь 1 сарын ажлын хөлс, 12 сараас 01 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. 16,000,000 төгрөгийг авна гээд байна. Энэ 8,000,000 төгрөгийг 1 өдөр хэдэн рейс хийж, хэдэн цаг ажиллаж байж хэдэн төгрөг авах нь тодорхой бус. Хэд хоног ажилласан нь хамаагүй 8,000,000 төгрөг өгнө гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Ажилласан хоногийн тооцооллыг н...., н.... нар гаргаж өгсөнийг шүүхэд өгсөн. Хэргийн 148 дугаар талд байгаа. Энэ тооцооллоор 8,000,000 төгрөгийг 30 хоногт хуваахад 1 өдөрт 266,666 төгрөгийн ажил хийх байсан. ... ХК-ийн тооцооллоор 97 дугаартай машинаар нийт 39 хоног ажилласан. 98 нь 5 өдөр ажилласан байгаа. Үүнд дүйцэхүйц ажлын хөлсийг нэхэмжлэгч нарт бүрэн төлж барагдуулсан.
Нэхэмжлэгч нартай гарсан рейсээр тооцоо хийхээр тохирсон байсан. П.... нар ажил хийхээр тохиролцож байгаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зааснаар ... ХХК-ийн ... ХК-тай байгуулсан гэрээний 6-д тооцоо хийх журмыг заасан. Үүнийг үндэслэн ...тай тооцоо хийх талаар тохирсон. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж зааснаар ...т хийсэн ажилд нь тохирсон хөлсийг ... ХХК төлсөн. ...ын дансаар 2,100,000 төгрөг, 800,000 төгрөг, 50,000 төгрөгийг төлсөн. ... ХХК ажлын хөлсийг төлөхдөө ... ХК-тай байгуулсан гэрээний 3.8-д заасны дагуу 60х60 хэмжээтэй дугаарыг 2 талдаа болон нүүрэн талдаа байрлуулна гэж зааснаар ...ын машин 97 дугаартай, ...ын машин 98 дугаараар гарсан. Операторууд нийт рейс, зарцуулсан түлшний тооцоог гаргаж ТАМАХ-ийн инженерт өгдөг. Зарцуулсан түлш, үлдэгдэл түлш, ажилласан цаг зэргийг тооцож ..., Сайжаргал нарын цалинг өгч байсан. 30 хоног авах байсан цалинг хувааж үзэхэд 1 өдөрт 266,666 төгрөгийн ажил хийх байсан. 97 машин 39 хоног буюу 10,399,974 төгрөгийн ажил хийсэн. 98 дугаартай машин 12 хоног ажилласан нь 3,199,992 төгрөгийн ажил хийсэн. Нийт 13,599,966 төгрөгийн ажил хийсэн. ... ХХК нийт бэлнээр 2,950,000 төгрөгийг ...ын дансаар өгсөн. ХАБ, цалин, хоол, хувцас зэрэг зардлыг хасахаар ... ХХК нь .. ... нарт өгөх цалин байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Хариуцагч Б.... шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нийт 32,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ажил гүйцэтгэх гэрээг П...., Б.... нартай байгуулаагүй, үндэслэлгүйгээр иргэн Б.... надаас 32,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П...., Б.... нар нь Б....д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... ХХК-ийг хамтран хариуцагчаар татан, хариуцагч нараас дээрх төлбөрийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.... нэхэмжлэгч нартай аливаа гэрээний харилцаанд ороогүй учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж, ... ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарын автомашинууд бүрэн ажиллаагүй бөгөөд, ажилласан хугацааны зардлыг болон, нэмэлтээр1,111,247 төгрөгийн илүү зардал өгсөн учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б....д холбогдох шаардлагаасаа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Б....д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч ... ХХК-иас 2,100,000 төгрөг төлөгдсөн болох нь баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 2,100,000 төгрөгөөр багасгаж, П.... 14,950,000 төгрөг, Б.... 14,950,000 төгрөгийг тус тус хариуцагч ... ХХК-иас гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч ... ХХК нь ... ХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15/08-567 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд FAW маркийн автосамосвалуудаар уул уурхайн зориулалтаар нүүрс хөрс тээвэрлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд 53,335,891 төгрөгийг захиалагч ... ХК-иас хүлээн авчээ. /1-р хх 95-99, 114, 115 дугаар тал/
Дээрх гэрээний дагуу хариуцагч ... ХХК нь нүүрс, хөрс тээвэрлэх ажилд ашиглахаар нэхэмжлэгч П....ын эзэмшлийн ... улсын дугаартай Beiben ND3250 маркийн автомашин, нэхэмжлэгч Б....ын эзэмшлийн ... /хуучнаар ../ улсын дугаартай Beiben ND3250маркийн автомашиныг тус тус авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд, тэдний тохиролцоо аман хэлбэрээ хийгдсэн талаар зохигчид маргаагүй болно. /1 дүгээр хх 7-9/
Харин талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид өөр өөрийн үндэслэлийг зааж, тодруулбал: нэхэмжлэгч талаас тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч нар автомашинуудаараа (Гаражийн 96, 97 дугаартайгаар) ажлыг хийж гүйцэтгэсэн учраас тохирсон төлбөрийг гаргуулахыг хүссэн бол, хариуцагч талаас зохигчид хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан бөгөөд, маргаан бүхий 2 автомашинд эвдрэл гэмтэл гарснаар анх тохиролцсон хэмжээнд ашиглагдаагүй, Гаражийн 96,97 бус, харин 97,98 дугаартайгаар ажилласан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авснаар хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд, энэхүү гэрээний онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.
Зохигчид ажлын үр дүн ямар шинж чанартай байх талаар гэрээгээр тухайлан тохиролцсон гэх байдал тогтоогдохгүйн зэрэгцээ, ... ХК-ийн уурхайд нүүрс, хөрс тээвэрлэх ажлыг хариуцагч ... ХХК нь хийж гүйцэтгэх үүргийг ... ХК-ийн өмнө хүлээсэн бол, П...., Б.... нар өөрсдийн автомашинуудыг жолоодон, нүүрс хөрс тээвэрлэх ажил гүйцэтгээгүй, харин ... ХХК нь ажил ... ХК-тай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэхдээ нэхэмжлэгч нарын эзэмшлийн автомашинуудыг ашигласан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байна.
Хариуцагч талын зүгээс зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан бөгөөд, нэхэмжлэгч П....тай ... ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6 дахь хэсэгт заасан журмыг үндэслэн тооцоо хийхээр тохиролцон, Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлж барагдуулсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба, хуулийн 361 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагч гэрээнд заасан ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэх, уг үүргээ бусдад шилжүүлж болохгүй байхаар хуульчилжээ.
Гэтэл нэхэмжлэгч нар өөрсдийн автомашинуудыг жолоодон нүүрс, хөрс тээвэрлэх ажил гүйцэтгээгүй, тийнхүү үүрэг хүлээх талаар талууд тохиролцоогүй байх тул П...., Б.... болон ... ХХК-ийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй байна.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбар зэргийг үндэслэн, хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч П...., Б.... нарын өмчлөлийн автомашинуудыг тус компанийн ... ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нүүрс, хөрс тээвэрлэх ажилд ашиглах зорилгоор 2 сарын хугацаатай /2015 оны 12, 2016 оны 1 дүгээр саруудад/ хөлслөн авч, тийнхүү ашигласны хөлсөнд нэг сарын 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Талууд автомашин ашигласны хөлсийг тухайн автомашин явсан рейсээр тооцохоор тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч тал гаргасан боловч уг тайлбарыг нотлох баримтгүй, нэг сарын 8,000,000 төгрөгөөр тохирсон гэх нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцаагаагүй боловч, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий автомашинуудыг ... ХК-ийн уурхайд нүүрс, хөрс тээвэрлэхээр явсан Замын хуудсыг үндэслэн хөлс төлбөрийг нэг сар буюу 30 хоногт 8,000,000 төгрөг байхаар бодвол нэг өдрийн 266,666 төгрөгөөр тооцож, гарсан рейсээр нь тооцож гаргахад татгалзах зүйлгүй гэсний дагуу автомашинуудыг ашигласан хөлсийг тооцоолох боломжтой байна.
Зохигчдын хооронд үүссэн дараагийн маргаан бол П...., Б.... нарын ... ХХК-д хөлслүүлсэн автомашинууд ... ХК-ийн уурхайд Гаражийн 96, 97 дугаартай, эсхүл 97, 98 дугаартайгаар нүүрс, хөрс тээвэрлэсэн эсэх байлаа.
Нэхэмжлэгч талаас П....ын эзэмшлийн ... улсын дугаартай автомашин нь Гаражийн GT-96, Б....ын эзэмшлийн ... /хуучнаар .../ улсын дугаартай автомашин нь Гаражийн GT-97дугаартайгаар тус тус талбайд гарсан, үүнийг ... ХК-ийн ... ХХК-тай гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулан тодорхойлсон хэмээн тайлбарласан бол,
Хариуцагч талаас .... улсын дугаартай автомашин Гаражийн GT-97, . /хуучнаар ....../ улсын дугаартай автомашин Гаражийн GT-98 дугаартайгаар талбайд гарсан ба, ... ХК-ийг талбайд гарч буй автомашинуудын улсын дугаарыг мэдэх боломжгүй, мөн тус компаниас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтууд хоорондоо зөрүүтэйн зэрэгцээ, ... ХК болон ... ХХК-ийн GT-97. GT-98 гаражийн дугаартай машинуудын гүйцэтгэсэн ажлын хоногийн тооцоолол зэргээр нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэнэ гэж тайлбарлаж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ... ХК-ийн тодорхойлолтуудыг дүгнэвэл: ... ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал П.... ...... улсын дугаартай автосамосваль GT-97дугаартайгаар, ...39-01 ДГА улсын дугаартай автосамосваль 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хөрс болон нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн... гэж тодорхойлсон ба, ... ХК-ийн Үйлдвэр, технологи хариуцсан дэд захирал Н....гийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/961 тоот Тайлбар гаргах тухай албан бичгээр ..... улсын дугаартай автомашин нь гаражийн GT-96 дугаартайгаар,... /хуучнаар ..../ улсын дугаартай автосамосвал нь гаражийнGT-97 дугаартайгаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хөрс болон нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн болно... гэж, мөн Н....гийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 02/50 тоот албан бичгээр дээрх тодорхойлолтыг дахин шүүхэд ... ХК-иас ирүүлсэн байна. /1 дүгээр хх-94, 161, 214/
Харин хариуцагч талаас тайлбар татгалзлаа нотлохоор үндэслэл болгосон ... ХК-ийн ТАМАХ-ийн ашиглалтын инженер Б....ын гаргасан GT-97. GT-98 гаражийн дугаартай машинуудын ажил гүйцэтгэсэн хоногийн тоо гэх тооцооллоор тухайн автомашинуудын улсын дугаар авагдаагүй, мөн GT-96 гаражийн дугаартай автомашин нь шүүхэд гэрчээр оролцсон Ж....ын эзэмшлийн бөгөөд, түүний машины тооцоо хийсэн хүснэгтийг баримтаар гаргасан боловч тухайн тооцоололд автомашины улсын дугаар бичигдээгүй, гэрч Ж.... өөрийн эзэмшлийн автомашиныг гаражийн GT-96 дугаартай байсан эсэх талаар мэдэхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан зэрэг үйл баримтыг дүгнэн маргаан бүхий гэрээний зүйл болох нэхэмжлэгч нарын эзэмшлийн автомашинууд нь гаражийн GT-96, GT-97 дугаартайгаар ... ХК-ийн талбайд ашиглагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1 дүгээр хх-148, 200/
Түүнчлэн, автомашинаа ашиглуулсан хөлслүүлэгч өөрийн автомашиныг ямар гаражийн дугаараар ажиллуулах талаар мэдэх боломжгүй, өөрийн эзэмшлийн автомашиныг ашиглуулахаар шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хөлслөгчөөс тохирсон хөлсийг шаардах эрхтэй.
Хөлслөгчийн зүгээс тухайн автомашинуудад доголдол гарч, засварласан гэж тайлбарласан бөгөөд, энэ талаар хөлслүүлэгчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, мөн ашиглах үеийн ажилчин /жолооч/-ны цалин, НӨАТ, түлшний зардлыг суутгах, ажилласан хоног, рейсээр тооцоо хийхээр тохирсон зэрэг тайлбар гаргасан боловч уг тайлбар татгалзлаа нотлоогүй байна.
Гэвч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүхийн журмаар үзлэг хийсэн замын хуудсыг үндэслэн хөлс шаардахад татгалзах зүйлгүй гэж тайлбарласан учир шүүх энэ үндэслэлээр буюу Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт Хөлслөн өгсөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулна гэж зааснаар нэхэмжлэгч нарын эзэмшлийн автомашинууд ашиглагдсан өдрүүдийн хөлсийг нэг сард төлөхөөр тохирсон 8,000,000 төгрөгийг 30 хоногт хуваан, өдрийн 266,666 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч тал GT-96 гаражийн дугаартай .... улсын дугаар бүхий П....ын эзэмшлийн автомашиныг 2015 оны 12 дугаар сард 21 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг өдрийн 266,666 төгрөгийн хөлс байхаар тооцож 5,599,986 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 25 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг мөн өдрийн 266,666 төгрөгийн хөлс байхаар тооцож 6,666,650 төгрөг, нийт 46 хоногийн хөлс 12,266,636 төгрөг;
GT-97 гаражийн дугаартай... улсын дугаар бүхий Б....ын эзэмшлийн автомашиныг 2015 оны 12 дугаар сард 19 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг 266,666 төгрөгөөр тооцож 6,066,654 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 21 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг 266,666 төгрөгөөр тооцож 5,599,986 төгрөг, нийт 40 хоногийн хөлс 10,666,640 төгрөгийн тооцооллыг тус тус гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК-иас нотлох баримтаар гаргуулсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15/08-567 дугаартай гэрээний дагуу тус компанийн ... ХК-ийн уурхайд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэсэн машинуудын замын хуудас /Наряд/-т шүүхээс үзлэг хийх ажиллагаа явуулж бэхжүүлсэн ба, замын хуудсаар GT-96 гаражийн дугаартай автомашин 2015 оны 12 дугаар сард нийт 41 замын хуудас бичигдсэн буюу 20,5 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг нэг өдрийн 266,666 төгрөгөөр тооцвол 5,466,653 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 49 замын хуудас бичигдсэн буюу 24,5 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг нэг өдрийн 266,666 төгрөгөөр тооцвол 6,533,317 төгрөг, нийт 11,999,970 төгрөг тээвэрлэлтийн ажилд ашиглагдсаны хөлсийг уг автомашины эзэмшигч, нэхэмжлэгч П.... нь хариуцагч ... ХХК-иас шаардах эрхтэй.
Харин GT-97 гаражийн дугаартай автомашин 2015 оны 12 дугаар сард 37 замын хуудас бичигдсэн буюу 18,5 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг нэг өдрийн 266,666 төгрөгөөр тооцвол 4,933,321 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард сард 42 замын хуудас бичигдсэн буюу 21 хоног тээвэрлэлтийн ажилд гарсныг нэг өдрийн 266,666 төгрөгөөр тооцвол 5,599,986 төгрөг, нийт 10,533,307 төгрөг тээвэрлэлтийн ажилд ашиглагдсаны хөлсийг нэхэмжлэгч Б.... хариуцагч ... ХХК-иас шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 290 дүгээр зүйлийн 290.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 11,999,970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П....т, 10,533,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б....д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,366,723 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б....д холбогдох шаардлагаас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270,616 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар Б....д холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталгаажуулсан хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА