| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0902/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/898 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/898
2024 10 09 2024/ШЦТ/898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Н.Булганчимэг,
хохирогч Г.С.,
иргэний хариуцагч, гэрч Д.Д., тэдгээрийн өмгөөлөгч Б.Мэргэн,
шүүгдэгч Б.З., түүний өмгөөлөгч Ц.БатЗ.,
шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Ч.Г., түүний өмгөөлөгч Д.Баттулга,
гэрч Г.Д. нар оролцсон эрүүгийн 2309001021023 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1/ Б. овогт Б.ийн З. /.../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “А.” ХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.
2/ Х. овогт Ч.ы Г. /.../,
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкир мэргэжилтэй, “А.” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.З. нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх үедээ Г.Ж.тай маргалдаж, улмаар тухайн маргааныг болиулахыг оролдсон Г.С.гийн ам руу гартаа барьж байсан “Хужирт” усны шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ч.Г. нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шөнийн цэнгээний газраас үйлчлүүлэх үедээ хамт явсан Б.З.г бусдад зодуулж байна хэмээн ойлгож, болиулах зорилгоор Д.Д.той маргалдаж, улмаар түүнтэй ноцолдох үед салгахаар оролдсон Г.С.гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.З. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие О.З. 2022 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө эхнэр Г.Д., хүргэн ах Ч.Г., түүний хүү Г.Х. нартай “...” шөнийн цэнгээний газарт орсон. Цагийг нь одоо тодорхой санахгүй байна. Ороод удаагүй байтал миний танил Н.Б. гэдэг хүн 00-ны ойролцоо хүнтэй муудалцаж, ноцолдож, зодолдож байсан. Би тэр үед яг текний урдуур эхнэртэйгээ явж байсан. Танилыгаа хүнтэй муудалцаж байгааг хараад би явж очоод тэр хоёрын ноцолдооныг хамгаалагчтай хамт болиулсан. Болиулж байх явцад хохирогч Г.С. гарч ирсэн. Хохирогч Г.С.г би өөрөөсөө холдуулах үедээ санамсаргүйгээр хохирол учруулсан байгаа. Энэ дээр гэм буруутайдаа маргахгүй. Миний хувьд тэр дундаа эмэгтэй хүнийг санаатайгаар хохирооё, цохьё, зодъё гэсэн хүсэлгүй. Өөрөөсөө холдуулах үедээ, эргэж байх явцдаа санамсаргүй байдлаар хүрсэн байгаа. Би тэр үед текний урдуур эхнэртэйгээ явж байхдаа баруун гартаа “Хужирт”-ын шилтэй усыг барьсан явж байсан. Тухайн усыг “...” клубээс авсан байсан. Тэгэхээр миний хувьд танилыгаа зодоон, ноцолдооноос салгах зорилготойгоор очоод, салгаж байх явцад санамсаргүй үйл явдал болсонд гүнээ харамсаж байгаа. Дахиад хэлэхэд гэм буруутай дээр миний хувьд маргахгүй байгаа.” гэв.
Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Ч.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай хүү нэг арга хэмжээ зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд би оччихоод, арга хэмжээ тараад хүү Г.Х., манай дүү нар буюу Б.З., Г.Д., тэгээд манай бас дүү-найз Н.Б. буюу Б. бид хэд Г.Х.т баяр хүргэе гээд машинтай гараад тэр “...”-д орсон. Очоод шууд нэг шил шампанск захиалсан. Тэр хооронд Б.З., Д. хоёр “одоохон хүрээд ирье” гээд гараад явсан. Тэгээд бид нар 5-10 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор нь би хойноос нь гарч яваад 00-ын гадаа очиход манай Б.З. багалзуурдуулчихсан зогсч байсан. Д.г бол анзаараагүй, хаана байсан юм мэдэхгүй. Тэгээд би багалзуурдаад, заамдаад зогсч байсан нөхрийг барьж авч татаад, хойшоо 00-ын догол руу дараад унасан. Тэр явцад тэр залуутай ноцолдсон, над руу залуучууд дайрсан. Би хувцас хунараа уруулсан, зодуулсан, маажуулсан. Цагдаа нар эхэндээ ирээгүй. Нэг цаг шахуу үймээн самуунтай байдалтай байсан. Хамгаалагч нар салгасан. Одоо эргээд бодохоор энэ эмэгтэйн амнаас цус гарсан байсан, залуучууд бол уур хилэн нь хүрээд нэлээн ширүүн үзэлцэж байсан. Цагдаа нар бол 1-2 цагийн дараа ирсэн болов уу гэж үзэж байгаа. Зогсоож чадахгүй байсан. Бид нар бол тэнд зогсоод байж байсан. Бид 1-2 цаг болсны дараа цагдаа руу гарч очсон. Тэнд хохирогчийн хамт төрсөн өдөр тэмдэглээд явж байсан тэр найз нар нь 5-6 машинаар очсон байсан. Ийм л явдал болсон. Болсон явдалд бол харамсч байгаа. Гэхдээ Б.З.гийн хувьд ч тэр зодоон цохион салгах, миний хувьд ч тэр зодоон цохион салгах байдлаар анхлан оролцсон. Прокурорын дүгнээд байгаачлан санаатайгаар очоод, энэ охиныг бүлэглээд зодсон зүйл бол байхгүй. Согтуурсан байдалтай байсан гэдэгтэй нь бас санал нийлэхгүй. Бид нар тэнд ороод сууж ч амжаагүй, суух төлөвлөгөө ч байгаагүй, бааран дээр зогсч байгаад 1 шил шампанск аваад тэрийгээ ч задалж чадаагүй. Бид нар доор байж байхад гарахаасаа өмнө тооцоог нь хийгээд гарсан. Иргэний нэхэмжлэгчийн үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнг Д.Д.оос нэхэмжилж байна.” гэв.
Хохирогч Г.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө нөхрийн төрсөн өдөр байсан. Манай нөхөр бид хоёртой нийлээд 8-9 найз нарын хамт “...” гээд бааранд орсон. Тэгээд ороод хэсэг хугацааны дараа хамт явж байсан нэг охин маань “гэр лүүгээ харилаа” гэхээр нь би доошоо өлгүүрээс хувцсыг нь авч өгөөд гаргах зорилготойгоор хамт явж байсан хүмүүсээсээ салаад, ганцаараа 1 давхар руу явсан. Тэгээд буцаж орж ирээд нөхөр рүүгээ бүжгийн талбай руу явах гээд орж ирж байсан чинь текний хажуугийн ширээн дээр манай хэдэн найз нар сууж байсан. Найз нартайгаа хамт сууж байгаад нөхөр рүүгээ явсан. “...” гэдэг баар маань бүжгийн талбай, текний заал хоёр нь голоороо жижигхэн коридороор холбогддог. Тэгээд тэр коридороор нь утсаа оролдчихсон явж байсан чинь хүнд шахуулсан. Тэгээд дээшээ харсан чинь хоёр залуу зодолдож байсан. Тэрний нэг нь манай найз байсан. Тэгээд салгах гэж оролдоод дийлээгүй учраас буцаж ширээн дээр очоод хоёр эрэгтэй найзыгаа дуудаад буцаад очсон чинь тухайн зодоон хийж байсан Г.Ж. гээд найз маань газар уначихсан зодуулж байсан. Тэгээд манай хоёр эрэгтэй найз дээр 2-3 хамгаалагч нар нь нийлж ороод, тухайн зодооныг салгаад, манай Г.Ж. гээд найз шалан дээр үлдсэн. Тэгээд босч чадахгүй байхаар нь би очоод түшиж босгоод, “за хоёулаа юу ч гэсэн гарчихаад ирье” гээд буцаад заал руу гараад явж байсан чинь харанхуй байсан учраас хаанаас ирснийг нь мэдэхгүй Б.З. гээд энэ залуу гарч ирээд тухайн нарийхан коридорт намайг шахаад “Чи муу одоо юу юм? Чи хэн юм? Хэний хэн юм?” гээд өөдөөс шахаад байсан. Хэнийг шахаад байсныг яг сайн санахгүй байна. Тэгээд би болиулах гээд Б.З. гээд залууг цээжин тус газар нь цаашаа түлхсэн. Тэгсэн чинь ямар ч үгийн зөрүү байхгүй, яг шатан дээр зэрэгцэж зогсч байгаад доороос ингээд (үйлдлээр үзүүлэв) шилээр саваад энэ хэсэг рүү цохичихсон (үйлдлээр үзүүлэв). Тэгээд би нэг хэсэг шоконд ороод юу ч санахгүй байсан. Тэгээд ухаан ороод, нойтон оргиод байхаар нь амаа дарсан чинь ам нуль цус болчихсон байсан. Доод талын уруул 2-3 газраа яз яваад ангайчихсан, хэлээрээ оролдоод үзсэн чинь үүдэн 3 шүд хугарчихсан байсан. Тэгээд хамгийн түрүүнд миний нөхөр санаанд ороод, би эргэж хараад бүжгийн талбай руу нөхөр лүүгээ яваад, нөхрийгөө олоод “хайр аа” гээд дуудсан чинь эргээд харахад нь би угаасаа цустайгаа холилдчихсон зогсч байсан. Тэгээд нөхөр бүр орилоод “Чи яачихав аа?” гэсэн. Тэгээд эргээд хартал Б.З. гэдэг залуу яг намайг цохисон шатныхаа хажууд над руу харчихсан зогсч байсан. Тэгээд би нөхөртөө “тэр залуу намайг цохичихлоо” гэж хэлсэн. Манай нөхөр гүйгээд явсан. Тэгээд нөхөр яг тэр Б.З.гийн зогсч байсан газар очиход манай нөхрийг хажуугаас нэг хүн түлхээд, манай нөхөр буйдан дээр хамт унасан. Манай нөхөр тэр буйдангийн гол руу уначихсан байсан чинь дээрээс нь 3-4 залуучууд манай нөхрийг зодсон. Тэгээд яг харсан чинь зөвхөн нэг хүн бүр зөвхөн толгой руу нь онилоод удаа дараа, аягүй олон удаа цохисон. Би хажуунаас нь нэг гараараа амаа дарчихсан, нөгөө гараараа “хүний нөхөр аллаа шүү дээ, болиоч ээ” гээд нэлээн зууралдсан боловч би дийлээгүй. Тэгээд хоёр хамгаалагч ирээд, манай нөхрийг толгой руу нь цохиж байсан хүнийг хоёр талаас нь суганаас нь дээшээ өргөөд босгосон. Тэгээд босгоод иртэл “чи муу” гээд шууд гараа атгаад, нүдэн дундуур ийшээ цохисон (үйлдлээр үзүүлэв). Тэгээд юу ч харагдахаа болиод, нэг хэсэг нэлээн удаан нүүрээ дараад суусан. Тэгээд босч ирээд харахад манай нөхөр рүү дайрсаар л байсан. Манай нөхрийг хамгаалагч нар боогоод, доошоо дарчихсан байхад манай нөхрийг “яасан яасан шалдан банди, чамайг насаар чинь шоронд хатаана, шоронгийн хадаас болгоно” гэх мэтчилэн орилоод, үгээр доромжлоод дайраад байсан. Тэгээд тэр “...”-гийн хамгаалагч нар бид нарыг бүгдийг нь хөөгөөд, шахсаар байгаад буулгаад, бид нар 1 давхарт өлгүүрний тэнд очсон. Тэгээд өлгүүрний тэнд очоод би өвлийн курткагаа аваад, куртканыхаа малгайг өмсөөд, нүүрээ дараад, үүдний буланд очоод суучихсан байсан. Уг нь зөвхөн бид нарыг хөөж гаргасан. Гэтэл Ч.Г. гэдэг хүн дээрээс бууж ирээд манай нөхрийг бас л хэл амаар доромжлоод байсан. “Яасан овоо шалдан банди вэ, би чамайг шоронгийн хадаас болгоно, насаар чинь шоронд хатаана, чи харж байгаарай” гээд орилоод байсан. Над руу ч орилсон. “Чи тэгсэн үү тэ, чамайг шоронд чинь хатаана аа” гэх мэтээр орилсон. Тэгээд хоёр цагдаа гаднаас орж ирсэн. Тэгээд надаас “Гэмтсэн хүн нь чи юм уу?” гэхээр нь “Тийм” гэсэн. “Чамайг хэн ингэсэн юм?” гээд дотогшоо ороход тухайн Б.З. гэх залуу дээрээс, 2 давхраас гадуур хувцсаа өмсчихсөн буугаад ирж байсан. Тэгээд “Энэ залуу намайг цохисон” гэж хэлээд цагдаагийн хэлтэс рүү явсан. Ер нь тэгж цохиход нь нийтдээ 8 шүд цохигдсон. Яг тухайн үедээ бол 3 шүд хугарахдаа 2 шүд нь паалангаараа хугараад, 1 шүд нь цөгцөөрөө хугарсан. Цөгцөөрөө хугарсан шүд нь дотор талдаа ёзоор нь арынхаа тагнай хэсэгтэйгээ хамт хугарчихсан байсан. Тэгээд хамгийн бага цохигдсон шүд нь цохигдохдоо дотогшоо чихэгдэж ороод, дээд талын түүшин яс гэдэг зүйл хугарсан. Тэр нь ямар ч эмчилгээ авах боломжгүй гэсэн дүгнэлт гараад нэг шүдээ бүтэн авахуулчихсан байгаа. Бүтэн авахуулчихсан шүдэндээ түүшин яс хугарчихсан учраас имплант ч хийх боломжгүй болсон. Имплантны суурь тогтохгүй гэдэг байдлаар дээд талын урд талын 4 шүд нийлмэл бүрмэл шүдтэй байгаа. Хоёр шүд нь мэдрэлтэй учраас ямарваа нэг хатуу юм тасдах, зулгаах чадамж байхгүй болчихсон байгаа. Зөвхөн шүд рүүгээ, ам руугаа цохиулсантай холбоотой тэр зардлыг л нэхэмжилж байгаа. Би бол 2022 оноос хойш 2 жилийн хугацаанд 3-4 яс нөхүүлэх зэрэг маш олон эмчилгээ хийлгэсэн. 2023 оны 10 дугаар сард яс нөхүүлэх хагалгаанд хүртэл орсон. Хамгийн сүүлчийн эмчилгээг сая 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хийлгэсэн. Нийлээд 51.904.250 төгрөг болж байгаа. Энэ мөнгө надаас гарсан. 2024 оны 09 дүгээр сарын хэдэнд билээ дээ Б.З. гээд залуугаас 30.000.000 төгрөг орж ирсэн. Өөр юм бол байхгүй байгаа. Хоёуланд нь гомдолтой байгаа. Манай найз Г.Ж.тай зодолдож байсан залуугийн зодооныг салгаж байсан гэж яриад байгаа юм. Огт тийм юм болоогүй. Тэр зодооныг Н.Б., Н.У. гэдэг хоёр залуу “...” баарны 3 хамгаалагч нартай нийлж салгаад, Б.З.гийн найз гээд байгаа залууг нь бид нарын байсан зүгт биш, цаашаа бүжгийн талбай руу авч яваад, тэгээд манай Г.Ж. гээд найз шалан дээр ганцаараа зодуулаад үлдчихсэн байхад нь би очиж босгож авсан байхгүй юу. Ч.Г.ийн цохисноос үүссэн гэмтэлд холбогдуулан хэлэхэд анх Шүүх шинжилгээнд үзүүлэхэд намайг толгойн MRI авахуул гэсэн. Нүдний аяганы яадаг яс гэлээ тэр нь нэлээн нимгэн яс байдаг, нэлээн хүнд цохиулчихсан байна, тэр нь цуурчихсан байх магадлалтай учраас тэрийгээ үзүүл гэсэн. Тэрэнтэй холбоотойгоор толгойн MRI хийлгэсэн. Тэгээд 14 хоног ягаараад, ногоороод явсан. Ер нь бол цохиулаад хөмсөгний арын яс товойж гарч ирээд, зовхины яг гол хэсэгт арьс язарчихсан байсан. Яг нүүрний будгаа арилгаад харвал зовхины гол дээр одоо сорви нь байгаа. Ч.Г. гэдэг хүнээс хохирол нэхэмжлэхгүй.” гэв.
Гэрч Г.Д. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүстэйгээ холбоотойгоор мэдүүлэг өгмөөргүй байна.” гэв.
Иргэний хариуцагч, гэрч Д.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан. Тэгээд шөнийн 24:00 цагийн үед “...” бааранд орсон. Бүжгийн талбай дээр зогсч байх үед манай хоёр найз явлаа гээд манай эхнэр эмэгтэй найзыгаа гаргаж өгөх гээд ганцаараа доошоо буусан. Тэгээд хэсэг хугацааны дараа над дээр бүжгийн талбай дээр ирэхдээ амнаас нь цус гарсан, амаа дарсан, энгэр нь нуль цус болсон байдалтай ирсэн. Тэгээд би гүйж очоод “яачихав аа, хэн ингэчихэв ээ?” гээд өөрөөс нь лавлаж асуухад “миний шүд хугарчих шиг боллоо” гээд эргэж хараад надад энэ залууг зааж өгсөн (үйлдлээр үзүүлэв). Намайг тийшээ очих явцад энэ залуу бараг халаасандаа гараа хийсэн, инээсэн байдалтай зогсч байсан. Тэгээд би дөнгөж яг гүйж очихын даваан дээр цаанаас нь нэг хамгаалагч намайг шууд хоолойноос тэвэрч аваад, шууд доош нь сугандаа хавчуулсан байдалтайгаар дарсан. Тэгээд миний ар дагзнаас хүмүүс цохиж эхэлсэн. Миний өөдөөс ч хүмүүс өшиглөж эхэлсэн. Тэгээд би өөрийгөө хамгаалах зорилготой нүүрээ хамгаалаад, доошоогоо даруулсан байдалтай зодоод дуусах хүртэл нь тэнд байсан. Ерөнхийдөө ойр хавьд байсан хүмүүсийг би ажигласан. Цохиулж байгаад дээшээ өндийж харахад энэ хоёр шүүгдэгч байсан. Араас цохиж байсан хүн нь Ч.Г. гэх хүн байсан. Урд байсан хүн нь Б.З. гэх хүн байсан. Уг нь тухайн үед миний нүүр ам, толгой хавдаж, цээжин дээр ч гэсэн зулгарсан зүйлүүд байсан. Гэхдээ миний эхнэр илүү их гэмтсэн, аймар болсон байсан учраас тухайн үед гэмтлийн зэрэг тогтоолгохоос үнэндээ ичиж, санаа зовсон. Тэгээд сүүлд нь шүүх эмнэлэгт үзүүлэх шийдвэрийг гаргаад очсон боловч гэмлийн зэрэг тогтоогдоогүй. Би Ч.Г.ийг цохиж зодсон, цагдаагийн байгууллага дээр мөргөсөн зүйл байхгүй. Бид 6 эрэгтэй, 3 эмэгтэй байсан. Тухайн зодуулж байх үед ойролцоогоор 1-2 найз л харагдаж байсан. Би хэнийг ч хананд шахаад, хоолойг нь боосон зүйл хийгээгүй. Хувцас хунараас нь татсан, зууралдсан зүйл байхгүй. Иргэний хариуцагчийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хариуцагчаар татагдсанаа мэдээгүй, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй. Зөвхөн өмгөөлөгчөөсөө сонсож мэдсэн. Хэрэгт авагдсан “иргэний хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй” гэсэн бичиглэл нь миний бичиг, гарын үсэг мөн байна.” гэв.
Эрүүгийн 2309001021023 дугаартай хэргээс:
Хохирогч Г.С.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 26-28, 31/,
Гэрч Г.А.ын мэдүүлэг /1-р хх-ийн 55/,
Гэрч Г.Ж.ы мэдүүлэг /1-р хх-ийн 59/,
Гэрч А.Т.ын мэдүүлэг /2-р хх-ийн 60/,
Гэрч Н.У.ын мэдүүлэг /1-р хх-ийн 53/,
Гэрч Г.Д.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 57/,
Гэрч Э.З.ийн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/,
Гэрч Э.Д.ий мэдүүлэг /2-р хх-ийн 63/,
Гэрч Б.Б.гийн мэдүүлэг /2-р хх-ийн 65/,
Шинжээч эмч Э.Б.ын мэдүүлэг /1-р хх-ийн 67/,
Шинжээмч эмч Э.Б.ын мэдүүлэг /1-р хх-ийн 113/,
Ч.Г.ийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 192-193/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16433 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 64-65/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 74-76/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 366 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 131-135/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2167 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 116-117/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 122-123/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-16/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 128-140/,
Хохирогч Г.С.гээр түүний биед халдсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-22/,
Прокурорын иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /2-р хх-ийн 35/,
Прокурорын иргэний нэхэмжлэгчээр татах тухай тогтоол /2-р хх-ийн 36/,
Яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 54-56/,
Яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 106-108/,
Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 115-116/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 9/,
Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 36-37/,
Ч.Г.ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 32/,
Б.З.д хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 234/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 38/,
Прокурорын хариу мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 53/,
Хохирогч Г.С.гийн хохирлын баримтууд /1-р хх-ийн 163-179/,
Хохирогч Г.С.гийн хохирлын баримт /шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн /шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн/,
Өмгөөлөгч Б.Ариунтуяагийн хүсэлт /1-р хх-ийн 161-162/,
Өмгөөлөгч С.БолорЧ.ы хүсэлт /1-р хх-ийн 224-225/,
Өмгөөлөгч Б.Ариунтуяагийн хүсэлт /2-р хх-ийн 18/,
Ч.Г.ийн урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /1-р хх-ийн 196/,
“А.” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.З.гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.З. нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх үедээ Г.Ж.тай маргалдаж, улмаар тухайн маргааныг зогсоохыг оролдсон Г.С.гийн аман тус газарт нь гартаа барьж байсан “Хужирт” усны шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ч.Г. нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-нд шилжих шөнийн 02:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шөнийн цэнгээний газраас үйлчлүүлэх үедээ хамт явсан Б.З.г бусдад зодуулж байна хэмээн ойлгож, болиулах зорилгоор Д.Д.той маргалдаж, улмаар түүнтэй ноцолдох үед салгахаар оролдсон Г.С.гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Г.С.гийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Д.Д.ын төрсөн өдөр байсан. Тэгээд тухайн өдрийн 00 цаг 30-40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй бааранд найз Г.Ж., Н.У., нөхөр Д.Д., Н.М., Н.Б., Н.Э., Ч., Г., М. нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад найз Н.Э. нь “явлаа” гэсэн. Тэгэхээр нь би гаргаж өгөөд, буцаад дээшээ гарсан. Тэгээд бүжгийн талбай руу явах замд манай найз Н.У., Г.Ж., Н.Б., Н.М. нар ширээн дээр сууж байсан. Тэгээд би хамт ширээн дээр сууж байгаад нөхөр Д.Д. дээр очихоор бүжгийн талбай руу ганцаараа босоод гар утсаа оролдоод явж байхад хажуу талаас нэг хүн түлхэгдсэн. Тэгэхээр нь хартал хоёр залуу бие биенээ заамдаад зогсч байсан. Тэгсэн нэг нь манай найз Г.Ж. байсан. Тэгээд би салгах гэж үзсэн. Тэгээд болохгүй болохоор нь буцаж ширээ рүү явж, найз Н.У., Н.Б. хоёрыг дуудсан. Тэгээд буцаад иртэл Г.Ж. газар унасан байдалтай байж байсан. Тэгээд Н.У., Н.Б. хоёр салгасан ба тухайн үед хоёр хамгаалагч ирсэн салгаж байсан. Тэгээд Г.Ж.ыг босгоод, “хоёулаа гарч агаар амьсгалъя” гээд хойноос нь түрээд явж байтал текний тэр хавиас нүдний шилтэй, улаан эрээн пиджактай, хар өнгийн хоолойтой свитер цамцтай залуу гарч ирээд “чи хэн юм бэ, чи хэний хэн юм, юу юм” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр залуд хандаж “за одоо боль оо, би аваад гарах гэж байна” гэсэн. Тэгсэн тэр залуу миний нүд рүү харж зогсч байгаад шууд ам руу барьж байсан усны шилээр цохисон. Тэгээд л би амаа дарсан чинь шингэн юм гарахаар нь цус гарч байсан. Тэгээд хэлээрээ шүдээ мэдэрсэн чинь 3 шүд хугарсан байсан. Тэгээд би эргэж хараад шууд нөхөр лүүгээ явсан. Тэгээд нөхөр Д.Д. дээр очоод “хайр аа” гээд дуудсан чинь нөхөр эргэж хараад “хэн ингэчихэв ээ?” гээд орилоод, буцаад хамт явсан. Тэгээд буцаад очтол намайг цохисон залуу намайг цохисон газраас жаахан цаана зогсч байсан. Тэгээд би тэр залуу байна гээд нөхөртөө зааж өгсөн. Тэгсэн нөхөр Д.Д. гүйгээд тэр залуу руу явсан. Тэгээд араас нь очтол манай нөхөр буйдан даваад унасан байсан ба тэр үед 3-4 залуус манай нөхрийг цохиж байсан. Тэгээд хартал нэг нь бүр толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би очоод “болиоч ээ, хүний нөхөр аллаа шүү дээ” гээд хартал Ч.Г. гэх хүн байсан. Тэгээд тэр Ч.Г.ийг хамгаалагч нар нь салгаад, босгоод иртэл Ч.Г. нь гараа зангидаж байгаад миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би нүдээ дараад доошоогоо суусан. Тэгээд босож ирээд хамгаалагч нар нь манай найзуудын хамт түлхсээр байгаад бид нарыг гаргасан. Тэгээд бид нар өлгүүрээс курткагаа аваад, малгайгаа өмсөөд сууж байтал цагдаа нар ирсэн. Б.З. гэх хүн шилэн савтай “Хужирт” усны шилээр миний уруул хэсэг рүү санаатайгаар цохисон. Мөн Б.З. гэх хүн нь цохихынхоо өмнө над руу ойртоод, цээжээрээ шахаад, духаараа над руу ойртоод “чи хэн юм бэ, чи юу юм бэ?” гээд давших, дайрах маягтай байсан. Зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлийг бол “А.”-ийн захирал гэх Ч.Г. гэх хүн “чи яах гээд байгаа юм бэ?” гээд намайг гараа атгаж байгаад зүүн нүд хэсэг рүү цохисон ба тухайн үед дээрх гэмтлийг авсан. Өөр ямар нэгэн хүнд цохиулсан зүйл байхгүй. Ч.Г. нь цагаан өнгийн сорочкан цамц, жинсэн өмдтэй, дээгүүрээ бараан пиджак өмссөн байсан. Харин Б.З. нь нүдний шилтэй, улаан эрээн өнгийн пиджактай, дотуураа хар өнгийн хүзүүтэй свитрэн цамцтай байсан. Би тухайн хүмүүсийн царайг харвал маш сайн танина. Учир нь тухайн хүмүүс нь надад учруулсан гэх гэмтлийг миний өөдөөс харж байгаад учруулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28, 31/,
Гэрч Г.А.ын өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23:00 цаг өнгөрөөгөөд найз Н.Т., Н.М., Н.З. нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бүжгийн талбай орохоор явж байхад яг шатаар дээшээ гарах гээд байж байхад хоёр танихгүй залуус зодолдож байсан. Тэгээд тэр хоёрыг хамгаалагч нар нь салгасан ба урд нь байсан залууг хамгаалагч нь аваад шатаар буугаад явж байсан. Уг залуутай хохирогч гэх эмэгтэй хамт явж байсан. Тэгээд бордуу өнгөтэй, шоотой хээтэй пиджактай, 180 см орчим өндөртэй залуу ирэнгүүтээ гаргах гэж байсан залууг өдөөд юм ярих гээд байсан. Тэгээд ард талд нь хохирогч гэх эмэгтэй “одоо болиоч ээ” гэсэн. Тэгсэн чинь тэр эрэгтэй барьж байсан “Хужирт” усны шилээр уг эмэгтэйн нүүр хэсгийн ам хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн уг эмэгтэй тэр залууд хандаж юм хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд тэр охин цаашаа бүжгийн талбай руу яваад нэг залуугийн хамт буцаж ирсэн. Тэгээд тэр залуу нь шоотой хээтэй пиджактай залуутай маргалдаж цохилцоод, бие биенээ цохиод эхэлсэн. Тэгсэн чинь Ч.Г. гэх хүн хараад, гүйж ирээд шоотой пиджактай залууг өмөөрч нөгөө залууг цохиод зодолдсон. Тэгээд хамгаалагч нар нь салгаад, эхлээд хохирогч эмэгтэйг найзуудын хамт гаргаад, дараа нь А.хныг гаргасан. Би одоо хараад танина. Би Ч.Г. гэх хүнийг сайн бол танихгүй. Харин олны танил гэдэг утгаар л таньж, нэрийг нь хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/,
Гэрч Г.Ж.ы өгсөн “...Тэгсэн найз Г.С. нь “чи болиоч” гээд тэр залууг түлхэж холдуулахад тэр залуу барьж байсан зүйлээр нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай барьцалдаад авахад найзууд ирсэн ба хамгаалагч нар нь салгаад холдуулсан. Би уг бэртэл гэмтлүүдийг уг залууг түлхээд барьцалдаж аваад унахдаа өөрөө өөртөө учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59/,
Гэрч А.Т.ын өгсөн “...Миний бие “...” шөнийн клубт ажил дээрээ байсан. Миний бие 2018 оноос хойш “...” клубын хамгаалалтын албанд ажиллаж байна. Тухайн өдөр хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүсийг ёстой санахгүй байна. Тухайн өдөр хагассайн өдөр байсан учраас шөнийн клубын хамгаалалтад 12 хүн ажиллаж байсан санаж байна. Өмнө жил 3 дахь өдөр 10 хүн, 5 дахь өдөр 15 хүн, хагассайн өдөр 12 хүн хамгаалалтад гардаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж байсан хүмүүсээс одоо би болон такс хариуцдаг Б.Б. ахлах ажиллаж байгаа. Б.Б. ахлах бол маргаан дээр очоогүй, ер нь очдоггүй, зөвхөн такс хариуцдаг. Манай байгууллага ихэнхдээ Дотоод хэргийн их сургуулийн төгсөн курсийн 21 нас хүрсэн сонсогч нарыг ажиллуулдаг. Тухайн үед ажиллаж байсан залуучууд одоо сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилладаг болсон. Тухайн өдөр болсон маргааны үед бол би байгаагүй болохоор юунаас болж маргалдсаныг нь бол мэдэхгүй байна. Би маргаан болсны дараа очсон бөгөөд намайг очиход нэг хүүхэн “намайг цохичихлоо” гээд байсан. Тэр хүүхэн Ч.Г. гэх хүнтэй маргалдсан байсан. Манайх шөнийн клуб болохоор хэрүүл маргаан тасардаггүй, өдөр болгон л хүмүүс хоорондоо маргалдаж, муудалцдаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60/,
Шинжээч Э.Б.ын өгсөн “...Зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай “...Дүгнэлт: 1. Г.С.гийн биед хоншоор ясны баруун дээд 2-р шүдний түүшин хэсгийн сэлтэрсэн хугарал, баруун дээд 2-р шүдний 2-р зэргийн сулрал, эмтрэл, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Нэмэлтээр тогтоогдсон хоншоор ясны баруун дээд 2-р шүдний түүшин хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун дээд 2-р шүдний 2-р зэргийн сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-76/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 366 дугаартай “...Дүгнэлт: 1. Г.С.гийн биед зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэсэг газарт мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтлийг ам руу цохих үед үүсэх боломжтой. 3. Зүүн зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16433, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 131-135/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шөнийн цэнгээний газар байх ба 2 давхарт шатаар дээш гарахад улаан өнгийн /неон/ гэрэлтэй тус баарны үүд хэсэг байна. Үүдний хэсгээр зүүн болон баруун гар тал руу салсан бүжгийн заал байх ба ертөнцийн зүгээр зүүн гар талд байх том заал руу ороход улаан өнгийн босоо неон гэрэлтүүлэг бүхий ертөнцийн зүгээр урд талд тооцоо хийх хэсэг, бармены тек байх ба текний дээд хэсэгт ертөнцийн зүгээр хойш харсан чиглэлтэй цагаан өнгийн 3600 эргэдэг хяналтын камер байх ба эрүүгийн мөрдөгч Л.БатЗ. хяналтын камерын бичлэгийг үзэж хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд текний хойд хэсэг, гэрч Г.С. зодуулсан гэх хар өнгийн буйдан байх ба буйдан дээр болон ширээн дээр биологийн гаралтай мөр, бодис илрээгүй бөгөөд криминалистикийн шинжээч, дэслэгч Б.Байгалмаа орчныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш текний баруун хойно байх шат хэсэгт явуулахад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үзлэгийн явцад Canon 4000 маркийн гэрэл зургийн аппаратаар 5 кадр гэрэл зураг авч, үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтон үзлэгийн тэмдэглэлийг оролцогч нарт уншиж танилцуулахад гаргах санал, хүсэлт байхгүй гэснээр үзлэгийг 05 цаг 20 минутад дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-16/,
Хохирогч Г.С.гээр түүний биед халдсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Г.С. нь 1-9 хүртэл дугаарласан 9 ширхэг гэрэл зургаас №1 дугаартай РД: ..., Ч.ы Г.ийн зургийг “энэ хүн нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд миний зүүн нүд хэсэг рүү баруун гараараа цохисон хүн мөн байна”, мөн №3 дугаартай РД: ..., Б.ийн З.гийн зургийг “энэ хүн миний уруул, шүд хэсэг рүү шилэн савтай “Хужирт”-ын усаар намайг цохисон хүн мөн байна” гэв. Таньж олуулах ажиллагааг хийсний дараа зурагнуудын байрлалыг солиход хохирогч Г.С. нь №6 дугаартай РД: ..., Ч.ы Г., №7 дугаартай РД: ..., Б.ийн З. нарын зургийг намайг зодсон хүмүүс мөн байна гэж зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тухайн хүмүүс нь миний өөдөөс харж байсан учраас маш сайн царайг нь санаж байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-22/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хохирогч Г.С. нь босч бүжгийн талбай руу явж байв. Гэрч Б.З. нь зүүн талаас эмэгтэй хүний хамт гартаа шилтэй зүйл барьсан байдалтай алхаж ирж байв. Хохирогч буцаж ирж зодоон болж буйг хэлж байв. ...Уг камерын бичлэгт эрэгтэй, эмэгтэй 2 орж ирж байхыг гэрэл зургаар харуулав. Уг камерын бичлэгт баарны хамгаалагч шоотой алаг цамцтай эрэгтэйг барьж байхыг гэрэл зургаар харуулав. Уг бичлэгт текний урд талд хүмүүс бужигналдаж зодоон болж байх ба хамгаалагч нар салгаж байв. Бараан өнгийн хослол, дотуураа цагаан өнгийн цамцтай эрэгтэй /Ч.Г. шар өнгийн сумаар тэмдэглэв/ маргаан зодоонд оролцож байх ба хамгаалагч хойш нь түлхэх үед баруун гараараа цохиж байх ба хүмүүсийн дунд зогсож байсан хохирогч Г.С.г онож, хохирогч Г.С. нь нүүрээ дараад доошоо сууж байв. Уг бичлэгт саарал цамцтай эмэгтэй унаж байх ба цагаан өмд, цагаан цамцтай, нүдний шилтэй эмэгтэй босгож байхыг гэрэл зургаар харуулав. Уг бичлэгт текний урд 2 эрэгтэй зодолдож байх ба 2 эмэгтэй дундуур нь орж, саарал цамцтай эмэгтэй цүнхээрээ цохиж байхыг гэрэл зургаар харуулав. Уг камерын бичлэгт цагаан цамц, хар хөх хүрэмтэй эрэгтэй байх ба цагаан өмд, цагаан цамцтай нүдний шилтэй эмэгтэйг түлхэж байхыг гэрэл зургаар харуулав. Уг камерын бичлэгт 2 эрэгтэйг хүмүүс салгаж байхыг гэрэл зургаар харуулав. ...Уг камерын бичлэгт шатны доор зогсож байгаа эрэгтэй байх ба сахалтай, судалтай цамцтай эрэгтэй хажууд байгаа цагаан өмдтэй, цагаан футболктой, цайвар өнгийн малгайтай эрэгтэйг түлхэж байгааг гэрэл зургаар харуулав. Уг камерын бичлэгт 2 эрэгтэй зодолдож байх ба цагаан цамцтай эмэгтэй дундуур нь орж байгааг гэрэл зургаар харуулав. ...Уг камерын бичлэгт хар өмд, цагаан футболк ба малгайтай цагаан цамц уясан эрэгтэйг хар өмд, хар цамцтай эрэгтэй барьж байх ба нүдний шилтэй, цайвар өнгийн хувцастай эрэгтэй цээжин хэсэгт нь өшиглөж байхыг гэрэл зургаар харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 128-140/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.З. нь өөрийн нь танилтай маргаж, зодолдлоо гэх шалтгаанаар Г.Ж.тай маргалдсаныг болиулах гэсэн хохирогч Г.С.гийн ам хэсэг рүү гартаа барьж явсан усны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ч.Г. нь дүү Б.З.г бусдад зодуулж байна гэж ойлгон эхнэрээ өмөөрч Б.З. дээр гүйж очсон хохирогчийн нөхөр Д.Д.той ноцолдож, улмаар Ч.Г.ийг нөхрөөсөө холдуулах гэсэн Г.С.гийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.З.гоос “...өөрөөсөө холдуулах явцад болгоомжгүйгээр хохирогчид хохирол учруулсан...” гэж, шүүгдэгч Ч.Г.аас “...хохирогчийг цохисон гэж буруутгасан нь үндэслэлгүй...” гэж, түүний өмгөөлөгч Д.Баттулгаас “...тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуугаагүй, хохирогч Г.С.гийн мэдүүлэгт үндэслэн ялласан, камерын бичлэгээр Ч.Г. нь цохиж байгаа үйлдэл харагддаггүй, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг үнэлэх тохиолдолд “Ч.Г.ийн гар цохиж байгаа үйлдэл байна, цохиж байгаа үйлдэлд нь Г.С. оногдож байна” гэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг үгүйсгэж байгаа буюу холимог хэлбэртэй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
1/ Б.З.гийн гэм буруутай эсэх талаар:
Хохирогч Г.С. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Баарны хамгаалагч ирж, манай нөхрийн найз болон танихгүй залуу хоёрыг салгасан бөгөөд салаад хоёр тийшээ явж байтал нүдний шилтэй, улаан эрээн пиджактай, махлагдуу залуу ирснээ манай нөхрийн найзтай хэрүүл маргаан өдөөсөн ба би тухайн залууг “больчихооч дээ” гээд түлхтэл миний нүүрэн тус газар буюу шүд, уруул хэсэг рүү нэг удаа цохисон.” гэж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би Г.Ж.г босгоод хойноос нь түрээд явж байтал текний тэр хавиас нүдний шилтэй, улаан эрээн пиджактай, хар өнгийн хоолойтой цамцтай залуу гарч ирээд “чи хэн юм бэ” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж “за одоо боль оо, би аваад гарах гэж байна” гэж хэлтэл тэр залуу миний нүд рүү харж зогсч байгаад шууд ам руу барьж байсан усны шилээр цохисон. ...Намайг цагдаа руу явсны дараа бааранд үлдсэн найзуудад маань нэг эмэгтэй “тэр залуу шилээр цохисныг харсан, хэрэгтэй бол яриарай гээд ... гэсэн дугаар үлдээсэн байсан.” гэж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...Б.З. гэх хүн нь цохихынхоо өмнө над руу ойртоод, цээжээрээ шахаад, духаараа над руу ойртоод, “чи хэн юм бэ, юу юм бэ” гээд дайрах, давших маягтай байсан. ...Тухайн хүмүүс нь надад учруулсан гэх гэмтлийг миний өөдөөс харж байгаад учруулсан.” гэж, гэрч Г.А. өгсөн мэдүүлэгтээ (... дугаартай) “...Шатаар дээшээ гарах гээд байж байхад танихгүй залуус зодолдож байсан. Тэгээд тэр хоёрыг хамгаалагч нар нь салгасан ба урд нь байсан залууг хамгаалагч нь аваад шатаар буугаад явж байсан, уг залуутай хохирогч гэх эмэгтэй хамт явж байсан. Тэгээд бордуу өнгөтэй, шоотой хээтэй пиджактай, 180 см орчим өндөртэй залуу ирэнгүүтээ гаргах гэж байсан залууг өдөөд юм ярих гээд байсан. Тэгээд ар талд нь хохирогч гэх эмэгтэй “одоо болиоч ээ” гэсэн чинь тэр эрэгтэй барьж байсан “Хужирт” усны шилээр уг эмэгтэйн нүүр хэсгийн ам хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн уг эмэгтэй тэр залууд хандаж юм хэлэхэд тоохгүй байсан.” гэж, гэрч Г.Ж. өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд манай найз Г.С. ирээд, намайг салгаж аваад, холдоод зогсч байсан чинь хажуу талаас нэг залуу орилоод зогсоод байсан. Тэгсэн найз Г.С. нь “чи болиоч” гээд тэр залууг түлхэж холдуулахад тэр залуу барьж байсан зүйлээр нэг удаа цохисон.” гэжээ.
Гэм буруугийн санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэрүүд нь юуны өмнө ухамсар болон хүсэл З.ийн шинжээрээ өөр хоорондоо ялгагддаг эрүүгийн эрх зүйн ойлголт болно.
Ухамсрын шинж бол өөрийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас үүсэх гэмт хор уршгийг ямар байх талаар урьдчилан оюун санааны хувьд ойлгосон байх явдлыг илэрхийлдэг бол хүсэл З.ийн шинж нь үйлдэл, эс үйлдэхүй болон түүнийхээ эцэст ямар гэмт хор уршиг бий болгоход чиглэсэн гэмт санаа бодол, хүсэл эрмэлзэлтэй байсан гэдгийг нээн харуулдаг.
Хэргийн үйл баримт, хохирогч болон болсон үйл явдлыг нүдээр харсан, тухайн цаг хугацаанд байсан хэд хэдэн гэрч нарын мэдүүлгээс үзвэл Б.З. нь нэгэнт таслан зогсоогдсон маргааныг өдөөх, танилыгаа өмөөрөх нэрийдлээр бие даасан идэвхтэй үйлдэл гаргаж, бусадтай маргаан үүсгэсэн ба чухамхүү тэрхүү маргааныг нь үг, өөдөөс нь түлхэх үйлдлээр болиулахыг оролдсон хохирогч Г.С.г урдаа байгааг харж, өөрийн нь гарт шилтэй ус байгааг мэдсээр атлаа тухайн зүйлээр цохисон нь шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бий болж болох хохирол, хор уршгийг ухамсарласан, ухамсарлах боломжтой байсан буюу тэрхүү гэмт санаа зорилгоо хүсэж үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.З.гийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт дурдсанчлан “...Би гартаа шилтэй ус барьсан байсан ба тухайн эмэгтэйтэй ярьж байгаад “буцаж эргэхдээ” гартаа барьж байсан шилтэй усаараа ам хэсэгт нь санамсаргүй, болгоомжгүй хүрчихсэн.” гэсэн нь ойлгомжгүйн дээр тийм үйл баримт тогтоогдохгүй, хэд хэдэн нотолгооны эх сурвалжаар үгүйсгэгдэж байгаа, цаашлаад тухайн үйлдэлд нь “тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн боловч хохирол, хор уршгийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн боловч хохирол, хор уршигт мэдэлгүй хүргэсэн” гэх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжүүд хангагдахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.З.гийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.С.д шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэв.
2/ Ч.Г.ийн гэм буруутай эсэх талаар:
Хохирогч Г.С. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Ч.Г. гэх хүн манай нөхөр лүү очиж, нүүрэн тус газар нь цохиж зодсон. Тэгэхээр нь би Ч.Г. гэх хүний цагаан өнгийн сорочканаас зуурч татсан бөгөөд Ч.Г. нь миний нүүр, нүд хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон.” гэж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд тэр Ч.Г.ийг хамгаалагч нар нь салгаад босгоод иртэл Ч.Г. нь гараа зангидаж байгаад миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон.” гэж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...Ч.Г. нь манай нөхрийн ард нь зогссон байдалтай цохиод байсан ба би салгах зорилгоор Ч.Г. гэх хүнийг татсан боловч Ч.Г. нь эргэж хараад “чи яах гээд байгаа юм бэ” гээд намайг гараа атгаж байгаад зүүн нүд хэсэг рүү цохисон. ...Тухайн хүмүүс нь надад учруулсан гэх гэмтлийг миний өөдөөс харж байгаад учруулсан.” гэж, Д.Д. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Миний харсан нэг хүн бол Ч.Г. араас цохиж байсан.” гэж, гэрч Г.А. өгсөн мэдүүлэгтээ “...Тэгсэн чинь Ч.Г. гэх хүн хараад, гүйж ирээд шоотой пиджактай залууг өмөөрч нөгөө залууг (Д.Д.ыг) цохиод зодолдсон.” гэж, гэрч А.Т.ын өгсөн “...Би маргаан болсны дараа очсон бөгөөд намайг очиход нэг хүүхэн “энэ намайг цохичихлоо” гээд байсан. Тэр хүүхэн Ч.Г. гэх хүнтэй маргалдсан байсан.” гэж, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Бараан өнгийн хослол, дотуураа цагаан өнгийн цамцтай Ч.Г. нь маргаан, зодоонд оролцож байх ба хамгаалагч хойш нь түлхэх үед баруун гараараа цохиж байх ба хүмүүсийн дунд зогсч байсан хохирогч Г.С.г онож, хохирогч Г.С. нүүрээ дараад доошоо сууж байв.” гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16443 дугаартай дүгнэлтэд “...Ч.Г.ийн баруун сарвууны 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэж, шинжээч эмч Э.Б.ын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Баруун сарвууны 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь цохих болон цохигдох үйлдлийн аль алинаас нь үүсэх боломжтой.” гэжээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Г. нь Д.Д.той араас нь ноцолдож, зууралдсан ба хамгаалагч хойш нь түлхэж, хохирогч Г.С. хойш нь татахад тэрээр эргэж харсан, улмаар баруун гараараа хохирогчийн зүүн нүдэнд (хохирогчийн өөдөөс харсан байрлалд буй тохиолдолд зүүн нүдэнд цохих боломжтой гэж үзэх үндэслэлтэй ба шинжээчийн дүгнэлтээр Ч.Г.ийн баруун сарвуунд цохих, цохигдох үйлчлэлийн нөлөөгөөр гэмтэл үүссэн) цохисон үйлдлийг шүүгдэгч тухайн цаг хугацаанд өөрийн үйлдэлдээ ухамсартай хандсан, тухайн атгасан гарын цохилтоор хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрахыг, эсхүл учирч болохыг мэдэх боломжтой байхад тийнхүү үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу оюун санааны элементийн хувьд хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.
Хэдийгээр үймээн самуун богино хугацаанд болж өнгөрсөн, тодорхой хүмүүсийн бөөгнөрөл бий болж, өөр бусад хүмүүс хэсэг газруудад тусдаа хэд хэдээрээ ноцолдох, зууралдах (зарим нь салгах зорилгоор) нөхцөл байдал камерын бичлэгт дүрслэгдэж байх авч тэрхүү цаг хугацаанд шүүгдэгч Ч.Г.ийн буй орон зайнд орон зайн баримжаа алдагдах, орчин харагдахгүй байх, рефлексээр биеэ хамгаалахын тулд зайлшгүй бусад руу чиглэсэн цохих үйлдэл хийх гарцаагүй байдал байсан гэж үзэх нөхцөл байдал тодорхойлогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр, хохирогч өөрт нь халдсан гэм буруутай этгээдийг шууд заасан, болж буй үйл явдлыг бүрэн ухамсарлаж байсан гэж үзэхээр байх ба Д.Д., Г.А. нарын Ч.Г.ийн үйлдэл, оролцоог тодорхойлсон мэдүүлэг харилцан зөрүүгүй, хохирогчийг цохисон үйлдэл камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжигдэж, Ч.Г., Г.С. нарын хэн алинд учирсан гэмтлийн шинж байдал харилцан уялдаатай байгаа (Ч.Г.ийн баруун сарвуунд учирсан гэмтэл нэмж өөр бусад үйлчлэлээр давхар үүссэн байж болох), цаашлаад хохирогчийн зүүн нүд хэсэгт өөр бусад этгээд цохисон байж болох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.
Түүнчлэн, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ч.Г. баруун гараараа цохиж байх ба хохирогч Г.С.г онож...” гэж тэмдэглэсэн нь мөрдөгч гагцхүү бичлэгт дүрслэгдэж буй хүмүүсийн үйл хөдлөлийг дүрсэлснээс бус тухайн үйлдлийн субъектив талын шинжийг тогтоохгүйг дурдах нь зүйтэй.
Гэм буруугийн холимог хэлбэр гэж нэг гэмт хэргийн үед гэм буруугийн санаатай ба болгоомжгүй хэлбэр хосолсон шинжтэй байхыг хамаатуулан авч үздэг. Өөрөөр хэлбэл, энэ нь санаатай хэлбэрээр үйлдэгдэж эхэлсэн гэмт хэргийн хувьд үүсэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, харин түүний улмаас үүсэх хор уршигт болгоомжгүй хандсан байхыг ойлгоно.
Гэтэл шүүгдэгч Ч.Г.ийн тухайд гарцаагүй, зайлшгүй нөхцөл байдал байхгүй байхад хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаачлан хохирогчийн өөдөөс харж, түүн рүү чиглэн довтолсон эсэхээс үл хамааран дангаар атгасан гараар цохих үйлдэл хийсэн нь тухайн үйлдлийн улмаас хэн нэгэнд ямар нэг хохирол, тэр дундаа гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл учирна гэж төсөөлөөгүй, тооцоолоогүй гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана.” гэж заасан ба үүнийг хууль зүйн хувьд тухайн зүйлд “уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгийн тухайд” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх нөхцөл байдлын гол шинж болгож хуульчлахыг ойлгох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамааралгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн цаг хугацаанд байсан, харсан, оролцсон хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан байх тул тухайн үед ажиллаж байсан буюу маргаан, зодооныг салгасан гэх хамгаалагч нараас мэдүүлэг аваагүй нь шүүгдэгч Ч.Г.ийн гэм буруугийн нотлогдсон байдалд нөлөөлөхөөргүй байх ба дан ганц хохирогчийн мэдүүлэг, өөр бусад хүмүүсийн дамжмал мэдүүлгээр хэргийн үйл баримтыг тогтоож байгаа гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.
Ч.Г. нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Иймд шүүгдэгч Ч.Г. нь гэм буруугийн санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 11.4 дүгээр зүйлүүдэд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч нар нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Г.С.гийн биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Тийнхүү шүүх шүүгдэгч Б.З.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Г.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.З.гийн өмгөөлөгч Ц.БатЗ.оос “...хохирогчоос “Д.” шүдний эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13.644.000 төгрөг төлсөн гэх боловч дансаар гэх 5.644.000 төгрөгийн гүйлгээний баримт байхгүйн дээр энэ нь гэмт хэрэг гарахаас өмнө хийгдсэн эмчилгээ, Солонгос улсад эмчилгээ хийлгэсний зардал 2.500.000 вонн буюу 7.000.000 төгрөг гэсэн ба тухайн эмчилгээний баримт нь орчуулгагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул тухайн эмчилгээ болон үүнд дагалдах онгоцны тийз, нислэг урагшлуулсны зардлыг үнэлэх боломжгүй, мөн Солонгос улсад цаашид эмчилгээ хийлгэх 16.146.000 төгрөгийн эмчилгээний төлөвлөгөө нь ирээдүйд гарах зардал байх тул бодит гарсан зардал гэж үзэхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн “Д.” шүдний эмнэлгийн баримт нь тамга тэмдэг, гарын үсэггүй байх тул үнэлэх боломжгүй. Хохирлын нийт баримтуудаас 1.308.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгч Б.З.гоос хохирогчид 30.000.000 төгрөг төлсөн тул баримтаар үнэлэгдэж байгаа зардлыг хасч, цаашид гарах зардлыг уг төлсөн мөнгөнөөс хасч тооцох байдлаар хохирлыг хариуцах үндэслэлтэй.” гэж, хохирогч Г.С.гээс “...5.644.000 төгрөгийн гүйлгээ нь миний данснаас биш аав, ээжийн данснаас шилжигдсэн, тэрийг хэрэгт дутуу байна гэж анзаараагүй юм байна. 4.200.000 төгрөгийн гүйлгээг сая “Хаан” банкны аппликэйшнээр орж үзэхэд байна. Солонгос хэл дээрх баримтыг баталгаат орчуулгаар орчуулуулаад, англи хэл дээр цагдаад хамт өгсөн.” гэж, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэнээс “...өөрийнхөө дансаар шилжүүлсэн эсэхтэй холбоотой баримтууд нь дутуу байхыг үгүйсгэхгүй, ирээдүйд хийлгэх эмчилгээний зардлын тооцоог эмнэлэг нь тооцоолчихсон байхад заавал иргэний шүүхээр нэхэмжил гэж байгаа нь ойлгомжгүй”, улсын яллагчаас “...хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсны зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг прокурорын байгууллагад нээлттэй үлдээж өгнө үү.” гэж тус тус тайлбарлан маргасан.
1-р хх-ийн 163-169 дүгээр талд “Д.” шүдний эмнэлгээс хохирогч Г.С.тэй 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Эмчилгээ хийлгэх зөвшөөрлийн гэрээ (гажиг заслын эмчилгээ) авагдаж, үүнд холбогдуулан тус эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Кассын орлогын ордерт бүтэн аппаратны төлбөр гээд “8.000.000 төгрөгийг картаар (“Богд” банкны гүйлгээгээр 5.000.000, 3.000.000 төгрөгөөр хоёр удаа уншуулсан), 5.644.000 төгрөгийг дансаар” гэсэн баримт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. Харин гэмт хэргийн “хохирол” гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт гэмт хэргийн шинж болгож заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон үр дагаврыг ойлгодог (хохирогчийн тухайд шинжээчийн дүгнэлтэд заасан хохирол учирсан).
Хэдийгээр хохирогч нь хэрэг учрал болох цаг хугацаанаас өмнө шүдний эмнэлэгтэй гажиг заслын эмчилгээ үйлчилгээ авах гэрээ байгуулж, үүнд холбогдуулан холбогдох төлбөрийг төлсөн байх боловч үүнээс хойш чухамхүү шүүгдэгч Б.З.гийн учруулсан “хоншоор ясны баруун дээд 2-р шүдний түүшин хэсгийн сэлтэрсэн хугарал, баруун дээд 2-р шүдний 2-р зэргийн сулрал, эмтрэл, баруун дээд 1-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл” гэсэн гэмтлийн улмаас тухайн гажиг заслын эмчилгээ цаашид үр дүнгүй болсон нь “Д.” шүдний эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эмчийн тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.З.гийн хохирогчид шууд учруулсан гэмтлийн улмаас хохирогчийн өмнө хийлгэж эхэлсэн буюу тодорхой урт цаг хугацаанд үргэлжлэн хийгдэх шүдний гажиг заслын эмчилгээ нь цаашид үргэлжлэн хийгдэх боломжгүй болж, үүнд төлсөн зардлыг шүдний эмнэлгээс буцаан гаргуулах боломжгүй зэрэг нь уг гэмт хэргийн хор уршигт тооцох үндэслэлтэй.
Мөн нэгэнт “Д.” шүдний эмнэлгийн Кассын орлогын ордероор “Г.С.гээс” гээд нийт 13.644.000 төгрөгийг хүлээн авсан нь холбогдох гарын үсэг, байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан байх тул 5.644.000 төгрөгийн гүйлгээний баримт хэрэгт авагдаагүй тул үнэлэхгүй гэх өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн, 1-р хх-ийн 168-169 дүгээр талд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Интернэйшнл Медикал Сентер” (“Интермэд” эмнэлгийг хэлж буй)-т эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны 330.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05, 06, 20, 27-ны өдрүүдэд “Д.” шүдний эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ авсны нийт 978.000 төгрөг, хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн “Д.” шүдний эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 25, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээ авсны нийт 7.133.350 төгрөг буюу нийлбэр дүнгээр 22.085.350 төгрөгийн хохирлын баримтууд нь үнэлж болохуйц, хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ.
Хэдийгээр Г.С.гийн “Д.” шүдний эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 25, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээ авсанд холбогдох баримтууд нь холбогдох гарын үсэг, тамга тэмдэг байхгүй гэж маргах боловч тодорхой серийн дугаар бүхий, эмчилгээ үйлчилгээний код бичигдсэн, тухайн баримтуудад төлбөр төлөгч гарын үсэг зурахаас бус үйлчилгээ үзүүлсэн байгууллагын тамга тэмдэг, гарын үсэг зурахаар тусгагдаагүй байх тул үүнийг шүүх бодитой гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Хавтаст хэргийн 81-82 дугаар талд Сөүл хот, “Жэа” шүдний эмнэлэгт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч шүдээ оношлуулсанд холбогдох эмчийн дүгнэлт солонгос хэл дээр орчуулгын хамт авагдсан байх боловч 1-р хх-ийн 70-р талд авагдсан (өмгөөлөгчийн хүсэлтэд Солонгос улсад хийлгэсэн эмчилгээний зардлын баримт гэж тусгасан) баримт нь албан ёсны орчуулгагүй, агуулга тодорхойгүй байх тул тухайн баримтыг шүүх үнэлэх боломжгүй, 1-р хх-ийн 172, 174, 176, 2-р хх-ийн 19-20-р талуудад авагдсан “Хаан” банкны Шилжүүлгийн мэдээлэл, Г.С.гийн ... тоот дансны хуулга, “Хаан” банкны Шилжүүлгийн мэдээлэл (нислэг урагшлуулсны гэх), “Аэрмаркет” ХХК-ийн Төлбөрийн нэхэмжлэх, “Аэрмаркет” ХХК-ийн тийз захиалгын мэдээлэл (хэрхэн төлбөр хийсэн нь тодорхойгүй) гэсэн баримтууд нь хуулбар хувь буюу хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.”, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.
Хэдийгээр хохирогч хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс тогтоогдсон хэмжээнд урьдчилан нэхэмжлэх эрхтэй боловч 1-р хх-ийн 178-р талд авагдсан баримтад цаашдын эмчилгээний төлбөрийн төлөвлөгөө 4.600.000 вонн болно гэх бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтэд (1-р хх-ийн 177) 4.600.000 вонн буюу 16.146.000 төгрөг гэсэн нь хэдэн сарын хэдний өдрийн, ямар ханшийн мэдээллээр тийнхүү тогтоогдсонд холбогдох баримт авагдаагүй байх тул шүүх дээрх хуульд зааснаар “нэхэмжлэлийн хэмжээ нотлогдсон” гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Иймд тус зардлыг шүүх мөн хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон хохирол, хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогчоос нийт 51.904.250 (1-р хх-ийн 161-162, 177, 2-р хх-ийн 18, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн 7.133.350 төгрөгийн баримт) төгрөгийг шүүгдэгч Б.З.гоос нэхэмжилсэн, шүүгдэгч Б.З.гоос хохирогчид 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 30.000.000 төгрөгийг “хохирлын төлбөр” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх тул үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 22.085.350 төгрөгийн хохирлыг хасч тооцон, шүүгдэгч Б.З. нь үлдэх 7.914.650 төгрөгийг оролцуулан хохирогчийн цаашид гарах хохирол, хор уршгийн зардлыг хариуцахыг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хохирогч нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ авсанд холбогдох үйл баримт тодорхойлогдоогүй, тийм баримт хэрэгт авагдаагүй, холбогдох төрийн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, цаашлаад тийм зардал гарсан байх тохиолдолд прокурорын байгууллагад нэхэмжлэх эрх олгох нь үндэслэлгүй тул уг асуудалд холбогдох нөхцөл байдлыг шүүх хэлэлцэхгүй орхисныг тэмдэглэв.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны 03 дугаар тогтоолоор Ч.Г.ийг иргэний нэхэмжлэгчээр, мөн өдрийн мөн дугаартай тогтоолоор Б.З.г иргэний хариуцагчаар тус тус тогтоосон байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2167 дугаар дүгнэлтээр Ч.Г.ийн хэрэг учрал болох үед өмсөж явсан хөх саарал өнгийн хүрэм, цагаан цамц зэрэгт учирсан гэм хорын шинжийг тодорхойлж, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх эд зүйлс нь нийт 2.238.530 төгрөгөөр үнэлэгдэж байгааг тогтоожээ.
Улсын яллагчаас “...Ч.Г. нь яг ямар хүнтэй маргалдсан, хэнд гар хүрснээ мэдэхгүй, хамгаалагч нарын ч юм уу татаж чангаах хүчний үйчлэлээр урагдсан байж болох тул Д.Д. иргэний хариуцагчаар татагдаж буй нь үндэслэлгүй тул Ч.Г.ийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж, шүүгдэгч Ч.Г.ийн өмгөөлөгч Д.Баттулгаас “...Ч.Г. нь Д.Д.той зууралдсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог тул иргэний нэхэмжлэгчээр татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж, иргэний хариуцагч, гэрч Д.Д.ын өмгөөлөгч Б.Мэргэнээс “...Д.Д. энэ хувцсыг урсныг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй.” гэж тус тус тайлбарлан маргадаг.
Хэрэгт Ч.Г. нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “...Тэр үед тэнд байсан согтуу эрэгтэй болон эмэгтэй хүмүүс над руу бүлэглэн дайрч эхлэн, миний өмсөж явсан цагаан цамц, гадуур нь өмсөж байсан хар хөх өнгийн пиджак зэргийг урсан. ...Миний бие тухайн залуучуудыг төрсөн өдөр тэмдэглээд явж байсан гэсэн учраас өөрт учирсан гэмтэл болон өмсөж явсан хувцасны мөнгийг нэхэмжлэлгүйгээр явж ирсэн. ” гээд гэм хорыг хариуцвал зохих этгээдийг зааж чадаагүй, энэ талаар цагдаагийн байгууллагаас зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон прокурорын тогтоолд “...Д.Д.ын үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан...” гээд үүнийгээ “...”Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Иймд нэгэнт Ч.Г.ийн өмсөж явсан эд зүйлд хариуцвал зохих этгээдийг тодорхойлсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Д.Д.ыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, Ч.Г.ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.З., Ч.Г. нарыг гэм буруутайд тооцсон тул Б.З.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.З.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” гэж, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэнээс “шүүгдэгч Б.З.д 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Ч.Г.ийн тухайд прокурорын саналыг дэмжиж байна” гэж, шүүгдэгч Б.З.гийн өмгөөлөгчөөс “Б.З.д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэж, шүүгдэгч Ч.Г.ийн өмгөөлөгч Д.Баттулгаас “Ч.Г.т уг зүйл, хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээгээр буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Б.З.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад зааснаар баримтаар учруулсан хохирлыг төлсөн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Г.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.З. нь дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.Г. нь дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлуудыг тогтоов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Б.З.гийн тухайд цаашид гарах хохирол, хор уршгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.З.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний (1 нэгж=1000 төгрөг) буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар, Ч.Г.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи хавсаргагдсан, мөн хохирогчоос гарган өгсөн гэмтэлд холбогдох 3 ширхэг (рентген, компьютер томографи зэрэг) хавсаргагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Б.ийн З.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Х. овогт Ч.ы Г.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З.г 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г.ийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З.д оногдуулсан 4.000.000 төгрөгөөр торгох ял, Ч.Г.т оногдуулсан 1.350.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Хохирогч Г.С. нь шүүхийн хэлэлцэхгүй орхисон хохирол, хор уршгийн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.З.гоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Ч.Г.ийн нэхэмжилсэн гэм хорын зардлыг хэлэлцэхгүй орхисугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хохирогчоос гарган өгсөн эмчилгээнд холбогдох 3 ширхэг СиДи-г хохирогч Г.С.д буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Г. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Иргэний хариуцагчаар тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З., Ч.Г. нар нь шүүхээс тус бүр оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН