Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/02584

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морин 13 дугаар гудамж, 616 тоотод оршин суух, Б овогт Н ... ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, өөрийн байранд оршин байх, ...т холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн ...ийн эрхлэгч М.О хөдөлмөрийн гэрээ байгуулж, манаачийн ажилд орсон. Ажилд орсон цагаасаа ямар нэг хөдөлмөрийн сахилга батын зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ биелүүлж ирсэн. Би өвчний улмаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр, мөн 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, магадлагаа байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, эмчилгээ хийлгэж дуусаад 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа очтол цэцэрлэгийн эрхлэгч М.... нь “...ажилдаа ирээд хэрэггүй хүлээж бай, би дуудна” гэхээр нь дуудахыг нь хүлээсэн. Гэтэл эрхлэгч М.... нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б/17 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчид 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тушаалын хувийг өгч, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг баримталсан байсан. Гэтэл би сайн дураараа хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Яагаад намайг миний хүсэлтээр ажлаас чөлөөлөх болсныг ойлгоогүй. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр надтай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагч талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх хийсэн хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн байна. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгчийн болон, миний зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, би ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өвдөж эмчилгээ хийлгэсэн. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7-д Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно” гэснээс үзэхэд намайг анх ажилд ороход хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан байгаа юм. ...чийн эрхлэгч М.... нь үндэслэлгүй тушаал гаргаж намайг ажлаас халж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч Н....ийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн мэтээр тушаал гаргасан. Гэтэл бодит байдал дээр Н.... ерөөсөө өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Н.... нь...ийн удирдлагад хандаж “...Миний бие Н.... нь ...бие өвдөж эмнэлгээр явах болсон тул ...ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна” гэж өөрийн гараар бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ тэрээр уг бичгийг сайн дураараа бичиж өгөөгүй. Цэцэрлэгийн эрхлэгч нь “...ингэж бичиг хийж өгөхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй шүү” гэж хэлж дарамталж, нөлөөлж, төөрөгдүүлсэн учраас л ийм бичгийг нэхэмжлэгч хийж өгсөн. Нэгэнт нэхэмжлэгч нь сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй, ажлаас өөрөө гараагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн төлөөлөгч М.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.... нь анх ажилд орохдоо “архи хэрэглэдэггүй, нийтэч, эвсэг” хэмээн 2018 оны 3 дугаар сарын 12-нд бичиж байсан. Гэвч тэрээр зан харьцааны доголдолтойгоос гадна согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг болох нь илэрхий болсон. Согтууруулах ундаа хэрэглэж, улмаар ажлын байраа орхиж явсан нь илэрсэн тул энэ талаар түүнд 2019 оны 3 дугаар сарын 11-нд сануулахад “ажил дээр архи уусан бол өөрийн хүсэлтээр ажлаас гарна” хэмээн бичиж “ажлын байранд архи ууж, цэцэрлэг эзэнгүй орхисон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэснийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ тус тус зурсан. Н.... нь 2019 оны 3 дугаар сарын 29-нд “ажилдаа ирээгүй” буюу ажлаа тасалсан болохоо хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Цэцэрлэгийн ёс зүйн хороо 2019 оны 4 дүгээр сарын 23-нд хуралдсан ба Н.... нь “гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна, ажлаасаа гаръя” хэмээн хэлж, хуралдааны тэмдэглэлд гарын үсгээ зурсан. Мөн өдөр тэрээр “урт хугацаагаар эмчлүүлэх болсон тул ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна” хэмээн бичгээр өргөдлөө өгсөн. Н.... нь нэхэмжлэлдээ “хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдөх тухай ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй, яагаад намайг миний хүсэлтээр ажлаас чөлөөлөх болсныг ойлгоогүй” хэмээн бичсэн байна. Гэвч 2019 оны 4 дүгээр сарын 23-нд гаргасан өргөлийг нь үндэслэн Н....ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул түүний уг тайлбар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь эхлээд архи уугаад байсан учир сануулсан бөгөөд дахин архи уусан учир өөрөө ажлаас халах хэрэггүй гээд өөрөө хүсэлтээ бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Н.... нь өөрийн сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Н....ийг ажил олгогчийн зүгээс ямар нэг байдлаар дарамтлаагүй, төөрөгдүүлээгүй. Тэрээр өөрийн гараараа “би ажлаас гарах хүсэлтэй” гэж бичсэн, түүнийг нь үндэслээд тушаал гарсан. Энэ талаарх баримтуудаа хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.... нь ...ийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 тоот “Н.... манаачаар ажиллуулах тухай” тушаал болон 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу тус цэцэрлэгийн манаачаар ажиллаж байжээ. 

 

Улмаар ...ийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/17 тоот “Н....ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтуудыг баримтлан тус цэцэрлэгт манаачаар ажиллаж байсан Н....ийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. 

 

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Н.... нь хариуцагч ...т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...өөрөө хүсэлтээрээ гармаар байна гэсэн тайлбар бичиж өгөхгүй бол ажлаас халагдсаны тэтгэлгийг чинь өгөхгүй” гэж хариуцагч байгууллагын зүгээс дарамталж, хуурч мэхэлсэн учир “...би өвдсөн, эмчилгээ хийлгэх болсон учир ажлаас гармаар байна” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ажил олгогчид бичиж өгсөн. Тэрнээс биш өөрийн хүслээр ажлаас гарах хүсэл, зориг байгаагүй гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч ажлаас гарах хүсэлтээ өөрөө бичиж өгсөн. Уг хүсэлтийг нь үндэслээд түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэсэн агуулгаар тайлбарлав. 

 

 Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогч эсхүл ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь хэсгүүдэд заасан. Өөрөөр хэлбэл гэрээний үйлчилгээг зогсоох санаачилгыг гэрээний талуудын аль нэг нь гаргаснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах нөхцөл үүснэ.

 

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Н.... нь ажил олгогчид буюу ...ийн удирдлагад хандаж “...Миний бие Н.... нь ...бие өвдөж эмнэлгээр явах болсон тул ...ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна” гэж өөрийн гараар бичиж өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө ажил олгогчид өгснөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасан.

 

Дээрх хуулийн заалтын “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэг нь ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлдэг.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрсдийн шаардлага хийгээд татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрсдөө цуглуулж шүүхэд өгөх үүрэгтэйгээр оролцдог. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, хэрэгт ач холбогдолтой боловч өөрсдөө олж авах боломжгүй баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх, үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлнэ. 

 

Хэдийгээр нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогчид хандаж бичсэн өргөдлийг бусдад дарамтлуулсан, төөрөгдөж бичсэн гэх боловч түүний тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрийн шаардлагын үндэслэлийг нотлуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй.

 

Нэгэнт Н.... хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн учир гаргасанхүсэлтийн дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдалд ажил олгогчийг буруутгах боломжгүй. Иймд дээрх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Н....ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Н....ийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Н.ХАНГАЛ