Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/00129

 

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/00129

Улаанбаатар хот

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах Х ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг 61 тоотод оршин суух Х овогт Д.Г /РД:00000000/,

Хариуцагч: С дүүрэг 92 тоотод оршин суух А.Б /РД:000000/,

Хариуцагч: Х дүүрэг 36 тоотод оршин суух Х овогт Д.Д  /РД:0000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 23 296 523 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 18 000 төгрөг, нийт 23 314 523 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Б.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн ахлах харилцааны менежер Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Г, А.Б, Д.Днар нь Х банкны Хан-Уул салбарын Нисэх тооцооны төвөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ201542301131 тоот зээлийн гэрээ байгуулан 16,000,000 сая төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, хашаа байшин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Д.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Б дүүргийн 31,6 м.кв талбайтай хувийн сууц, иргэн Д.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Б дүүргийн 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 139,500 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 418,527.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 732.70 төгрөг, нийт 558,760.30 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /830 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн, зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2015 оны 7 сарын 31-ний өдөр, 2015 оны 9 сарын 24-ний өдөр, 2015 оны 9 сарын 30-ний өдөр, 2017 оны 4 сарын 25-ны өдөр, нийт 4 удаа тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулахыг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 23 296 523 төгрөг, нотариатын зардал 18 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Хариуцагч Д.Г, А.Б, Д.Днар нь 2015 он 6 дугаар сарын 10-ны өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулж, хашаа байшин авах зорилгоор 16.000.000 төгрөгийн зээлсэн. Зээл олгох талаар хүсэлтийг хариуцагч нар нь өөрсдийн гараар бөглөж, гарын үсэг зурж өгсөн. Мөн зээлийн материалыг ирүүлсний дагуу бид судлаж үзээд Д.Г нь хувиараа үйл ажиллагаа явуулдаг гэсний дагуу олгосон. Зээлийн барьцаанд Б дүүргийн хувийн сууц, Г-2204 тоотод бүртгэлтэй 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Уг барьцаа хөрөнгүүд нь бүгд л зээлдэгч Д.Гийн өмчлөлд байгаа. Зээлийн гэрээний үүрэгт 558.760 төгрөгийг төлж барагдуулсан, өөр төлбөрийг төлөөгүй. Зээлийн гэрээний үүргийг төлбөл зохих хугацаанд төлөөгүй учраас зээлийн хугацаа хэтэрч 830 хоног болсон, зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн, хариуцагч Д.Гтэй уулзалт хийсэн. 2017-4-24-ний өдөр 2015 оны 9 сарын 24-ний өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөөгүй, зээлийг өөрөө авч ашиглаагүй талаар ямар нэгэн хүсэлт санал, гомдол гаргаж байгаагүй. Иймд бид гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт 23.296.523 төгрөг, нотариат үйлчилгээний төлбөр 18 000 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргасан, дэмжиж байна гэв.  

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие Д овогтой Г нь Х ХХК-ийн нэхэмжлэлийн хариу тайлбарыг гаргаж байна. Би 10 жилийн сургуулийн найз Г.Б-д үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлээр түүний нэр дээр байсан хашаа байшинг авах зориулалтаар зээл авч мөнгийг нь Г.Б-д өгсөн. Тухайн үед Болортуяа нь ээжээрээ хүнээс мөнгө зээлүүлсэн чинь аймаар хүмүүс ээжийг минь дарамтлаад тэрээс болоод бие нь өвдөөд бүр муудаад байна, найз нь ээжийгээ алдах гээд байна гээд маш их гуйсан.  Би хэдхэн жилийн өмнө ээжийгээ алдсан байсан тул ээжийг нь өрөвдөөд зөвшөөрсөн. Г.Б надад тэр үед найз нь хэдхэн хоноод л зээлийг нь төлөөд хашаа байшингаа буцаагаад авчихна гэж хэлсэн боловч одоо хүртэл төлөөгүй л байна. Би энэ хүнээс болоод ахиж банкнаас зээл авах боломжгүй  болж хохирогч болж үлдлээ. Би банкнаас зээлсэн мөнгөнөөс нэг ч  төгрөг аваагүй тул мөнгийг авч хэрэглэсэн Г.Б-г  жинхэнэ хариуцагчаар татан оролцуулах хүсэлтэй байна. Г.Б-г жинхэнэ хариуцагч гэдгийг нотлох баримт болох надтай хамтран зээлдэгчээр  орсон А.Б, Г.Бнарын хооронд  хийсэн нотариатын баталгаат баримтыг хавсаргалаа.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х банктай байгуулсан 2015 оны 6 сарын 10-ны өдрийн зээл гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан, гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг зээлийн гэрээний 16 000 000 төгрөгийг би ашиглаагүй, хэрэглээгүй тиймээс төлмөөргүй байна. Энэ зээлийг манай найз байсан Г.Бавсан юм. Мөн барьцааны гэрээний зүйл бол Б-ийн өмчлөлийн эд хөрөнгө байгаа юм. Х банк, тэдний ажилтнууд нь тухайн хүмүүстэй хуйвалдсан гэж ойлгож байна. Учир нь би зээл авах талаар хөөцөлдөөгүй, гэтэл гэнэт л ирээд гарын үсэг зур гэсэн. Тухайн нөхцөл байдалд банк тэр хүмүүстэй нийлж намайг хохирогч болгосон. Би нэг ч төгрөг авч хэрэглээгүй байж, зээл төлнө гэдэг бол хэцүү байна. Миний таньдаг байсан Г.Б гэдэг эмэгтэй тухайн үед аавыгаа алдсан, ээжийгээ алдах гээд байна гэж хэлээд гуйхаар нь би аргагүй байдлыг нь ойлгоод зөвшөөрсөн нь буруу болчихлоо. Эхлээд банкинд энэ тухайгаа хэлээгүй, төлчих байх гэж бодсон. Гэтэл авсан зээлээ төлөөгүйгээс болоод ийм их өрөнд орчихлоо, энд манай аав болох Д.Д ямар ч хамаагүй, хамтран зээлдэгч байх ёстой гээд л гарын үсгийг нь зуруулсан юм. Тиймээс нэг ч төгрөг аваагүй учраас төлмөөргүй байна, одоогийн нөхцөлд надад төлөх ямар ч чадвар алга гэв.

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А.Б миний бие нь Х  банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Д.Г, Д.Днарын хамт хариуцагчаар татагдсан байна. Миний бие тус зээлийн гэрээний асуудалд ямар нэг байдлаар оролцоогүй бөгөөд тухайн зээлийн мөнгөнөөс хэрэглэсэн зүйл байхгүй. Э.Т болон Г.Бнар нь 2015 оны 6-р сарын эхээр хэдхэн төгрөгний зээл авах гээд материал бүрдүүлж байгаа бичиг баримтаа өгчих хамтрангаар гарын үсэг зураад өгчих гэж байнга гуйж шалсаар байгаад 2015 оны 6-р сарын 10-нд намайг ажилтай байхад ирж аваад Нисэхийн Х банкинд очиж гарын үсэг зуруулж аваад үлдсэн. Тухайн үед Э.Т, Г.Бнар нь бага хэмжээний зээл байгаа эдийн засагчийг нь таньдаг хүн байгаа1 юмуу 2 сарын хугацаанд төлөөд дуусгана санаа зоволтгүй гэж хэлсэнд нь итгэж хэдэн төгрөгний, ямар хугацаатай, юуны зориулалтын зээл авч байгааг харалгүй Х банкны зээлийн эдийн засагчид итгэн миний зүгээс аливаа асуудал байхгүй юм байна гэж ойлгоод гарын үсэг зураад яарч байсан учраас ажил руугаа буцсан. Миний хувьд 2016 оны 8-р сард Х банкнаас утсаар ярихад нь 16,000,000 төгрөгний зээлийг Г.Б-ийн хашаа байшинг Д.Гт худалдсан болгож Д.Г гэдэг хүний хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсныг зээлийн эдийн засагчаас мэдсэн. Харин тэдгээр хүмүүс өөрсдийнхөө нэрийг зээлийн гэрээнд оруулаагүй байна. Иймд уг зээлийг шаардлага хангаагүй байхад ямар ч холбоо хамааралгүй хүмүүсийг эхнэр, нөхөр болгон Болортуяагийн хашаа байшинг Д.Гт зарсан болгож хуурамч бичиг баримт бүрдүүлэн энэ бүгдийг мэдсээр байж зээлийг олгосон зээлийн эдийн засагч, Э.Т, Г.Бнар нь тус зээл болох 16,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж ойлгох боломжтой юм. Миний хувьд зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглэсэн зүйл байхгүй. Харин тус асуудлаас болж орон сууцны зээлэнд хамрагдаж чадахгүй болоод байна. Цаашид тус нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эвлэрэх боломжгүй. Иймээс нэхэмжпэлийн шаардлагаас надад хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг зээлийг би аваагүй, ашиглаагүй. Харин Х банк нь зээлийн хүсэлт гаргаагүй байхад зээл олгосон нь Э.Т, Г.Б нартай хамтран залилсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.Г, А.Б, Д.Днарт холбогдуулан зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 23 296 523,66 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 18 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа тул зээлийн гэрээнээс татгалзаж, үндсэн зээлийн төлбөрт 15 860 500 төгрөг, хүү 6 983 784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452 293 төгрөг, нотариатын зардалд 18 000 төгрөг, нийт 23 314 523 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нар нь Х банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч мөнгийг хүлээн аваагүй, ашиглаагүй хэрэглээгүй, Э.Т, Г.Бнар нь өөрсдийн хөрөнгийг барьцаалж, банкны эдийн засагчтай харилцан тохиролцоод зээл авч залилсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Д.Г, А.Б, Д.Днартай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ201542301131 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 16 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хашаа худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №БГҮ201542301131 тоот “Барьцааны гэрээ”-гээр Б дүүргийн 31,5 м.кв талбайтай, Ү-2204 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Б дүүргийн 700 м.кв талбайтай, Ү-2204 Дугаарт бүртгэлтэй газрыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Х банкинд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 11-20-р хуудас/

Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, харин гэрээний зүйл болох мөнгийг аваагүй, хэрэглээгүй Э.Т, Г.Бнарыг банкинд зээлийн материал бүрдүүлж байсныг мэдээгүй, эдийн засагчтай хуйвалдсан гэж маргасан боловч хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Х банкны Нисэх-д хүсэлт гаргах нь гэсэн баримтаар зээл авах талаар хариуцагч Д.Г, А.Б нар нь хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэрээний зүйл болох 16 000 000 төгрөгийг хариуцагч Д.Гийн дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээг байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний зүйл болох 16 000 000 төгрөгийг Г.Болортуяа, Э.Т нар авч ашигласан болох нь түүний шүүхэд гаргасан тодорхойлолтоор нотлогдоно гэсэн боловч зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний нэг тал болох хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа нь 60 сар буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээнээс татгалзах шаардлагыг гаргажээ.      

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

             Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 6.1.1-д зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк өөрийн санаачлагаар гэрээг цуцлана гэж заасан байна.

             Иймд  хариуцагч нар нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг  урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс хугацаанаас нь өмнө татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.

             Нэхэмжлэгч Х банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 16 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн  үлдэгдэл 15 860 500 төгрөг, хүү 6 983 784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452 239 төгрөг, нийт 23 296 523 төгрөг байна. /хэргийн 19-р хуудас/

Хариуцагч нар нь зээлийн тооцооллын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 23 296 523 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. 

Мөн нэхэмжлэгч Х банк нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлэхдээ нотариатчаар гэрчлүүлсэн зардал гэж нотариатын зардалд 18 000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн боловч уг зардал нь нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан зардал байх тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй юм.   

 Иймд  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас 23 296 523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.Г, нэхэмжлэгч Х ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ201542301131 тоот барьцааны гэрээ байгуулж, Б дүүргийн 31,5 м.кв талбайтай, Ү-2204 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Б дүүргийн 700 м.кв талбайтай, Ү-2204 дугаарт бүртгэлтэй газрыг тус тус барьцаалжээ. /хэргийн 15-18-р хуудас/

Хариуцагч Д.Г нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Х банк болон Д.Г нарын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 5.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

            Иймд хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

            Хариуцагч Д.Г, А.Б нар нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

               1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №ЗГ201542301131 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Д.Г, А.Б, Д.Днараас 23 296 523 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344 716 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 274 432 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.  

 

              3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Г нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд тавьсан Б дүүргийн 31,5 м.кв талбайтай, Ү-2204 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Б дүүргийн 174 тоот 700 м.кв талбайтай, Ү-2204 дугаарт бүртгэлтэй газрыг тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН