| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0206/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/992 |
| Огноо | 2024-11-11 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, шүүгч Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,
Иргэдийн төлөөлөгч Д.Д ,
Улсын яллагч С.Энхзул,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ,
Шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б т холбогдох эрүүгийн 2309000002070 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө ... тоотод хохирогч З.Б той маргалдаж, улмаар түүнийг хутгалж, цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх гэмтэл учруулж, амь хохирогчид 23 буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө ... тоотод хохирогч З.Б той маргалдаж, улмаар түүнийг хутгалж, цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх гэмтэл учруулж, амь хохирогчид 23 буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2-9 дүгээр тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10-18 дугаар тал/,
2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-24 дүгээр тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-27 дугаар тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн өглөө ажилдаа яваад орой 17 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр З.Б нь согтуу, хоёр хүүхэдтэйгээ байж байсан. Намайг өглөө ажилдаа явахад манай хоёр хүүхэд үлдсэн байсан юм. ...Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө босоод хүүхдүүдээ аваад цэцэрлэгийн нээлтэд оролцоод 10 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байхад хадам дүү Б над руу залгаж болсон зүйлийн талаар хэлснээр би мэдсэн. ...Миний нөхөр З.Б нь хувиараа усны машин барьдаг, улирлын чанартай ажил хийдэг, ихэнхдээ хөдөөгүүр ажилладаг юм. Айлын том хүү, доороо хоёр дүүтэй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Болсон үйл явдлын талаар 9 дүгээр сарын 01-ний өдөр мэдсэн. Манай хүн их олон хоног дараалан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ер нь л агсам тавьдаг. Бид хоорондоо 8 дугаар сарын 31-ний өдөр маргалдсан байсан. Маргалдаад би хоёр хүүхдээ аваад явчихсан юм. Нөхөр уугаад согтуу маргалдсан үедээ ээж рүүгээ явчихдаг байсан. Өмнө нь хэд хэдэн удаа бас явчихдаг байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед би бас хэлсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Насанд хүрээгүй гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эмээ Б , эгч Э нарын хамт байдаг. Өчигдөр эмээ, эгч бид гурвыг унтах гээд шүд амаа угаагаад байж байхад Б ах гаднаас орж ирсэн. Эмээ Б ахыг “гэртээ байж байхгүй юу хийж яваа юм бэ” гэхэд Б ах “эхнэр хөөгөөд байна” гэж хэлсэн. Би өглөө эрт хичээлтэй байсан болохоор тэгээд л унтсан. Нэг сэрсэн цагдаа нар ирсэн байсан. ...Согтуу байсан, гэхдээ нээх их согтуу биш байсан. Б ах хойд өрөөнд ороод “ээжээ, ээжээ” гээд орилоод байсан. Энэ үед эмээ, эгч бид гурав орондоо орсон байсан. Тэгсэн эмээ босоод Б ах руу ороод чангаар “чи яагаад намайг зовоогоод байгаа юм бэ” гэж хашхираад алгадаж байгаа чимээ гарсан. Тэгсэн дараа нь Б ах сонин амьсгалаад эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад унтаад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар тал/,
Гэрч З.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим төрсөн эх Т.Б нь ... гэсэн дугаараас миний ... дугаарын гар утас руу залгаад уйлаад “ах чинь, ах чинь” гээд байсан. Тэгээд “хүрээд ирээч” гэхээр нь би очих гэсэн чинь машины түлхүүрээ олохгүй байсан. Тэгэхээр нь би Ub cab дуудаад өөрийн гэр болох ... тоотоос ээж Т.Б ийн гэр болох ... тоотын гадаа очоод чип байхгүй байсан учир ээж Б ийг утсаар дуудсан. Тэгсэн ээж гарч ирэхдээ уйлсан байдалтай байсан. Би “та даралтын эмээ уусан уу” гэж асуухад юм хэлээгүй. Гэр лүү ороход дүү Б.Э , Б.Э нар нь унтаж байсан. Ээж жижиг өрөөний хаалга нээгээд ах чинь өөрийгөө ингэсэн байна гээд надад харуулахад /би сайн харж чадаагүй/, орон дээр цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд би өрөөнөөс гараад шууд 103-т дуудлага. Удалгүй эмч ирж үзлэг хийж нас барсан байна гэж хэлээд бичиг хийж өгөөд энийг цагдаа нарт өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгсэн удаагүй цагдаагаас над руу залгаж хаягийг асуухаар нь би байр тоотоо хэлж өгсөн. Тэгээд цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Бид өчигдөр унтах гээд хэвтэж байхад хаалга тогшоод, онгойлгож өгөхөд Б ах орж ирээд гал тогооноос хоол аваад унтлагын өрөө рүү орсон. Гэрлээ унтраасны дараа Б ах хана нүдээд байгаа чимээ гарсан. Тухайн үед бид унтаагүй. Б ах ойролцоогоор 10 орчим минут хана нүдэх чимээ гаргаж байгаад чимээгүй болсон. Тэгээд би хэсэг байж байгаад унтсан. Нэг сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан. ...Б ах урьд өмнө нь согтуу орж ирдэг байсан. Ирэхээрээ унтаад л өгдөг. Эмээ түүнд “миний хүү битгий архи уу, хоёр хүүхэд дээрээ оч” гэж зөвлөдөг. Б ах эмээтэй ер нь бараг хэрэлддэггүй. ...Манайх 3 ширхэг хутгатай. Нэг нь аавын хутга, гадуураа гэртэй, тэр хутгыг ер нь хэрэглэдэггүй. Нөгөө нь жижиг заазуур байгаа, ногоон, цэнхэрдүү өнгөтэй, мөн хар өнгийн бариултай, урт хутга байгаа. Уг хар өнгийн хутгыг ихэвчлэн хэрэглэдэг. Уг хутга гал тогооны шургуулгад ил байж байдаг юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-52 дугаар тал/,
Шүүгдэгч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний хүү З.Б нь 2011 оноос хойш л архи уусан. Би хүүхдээ засрах байх гэсэндээ аль байдгаараа л тусалж, дэмжиж, гуйсан болгоныг биелүүлэн мөнгө төгрөг байна уу гэхэд байгаагаа л өгдөг байсан. Эцэг нь 2012 онд нас барсан бөгөөд тэр
хугацаанаас хойш бол эцэг, эхийн үүргийг давхар гүйцэтгэж явсан юм. Талийгаач нь архи уусан үедээ дандаа мөнгө нэхдэг. Тэгэхгүй бол ийш тийшээ явлаа, өвлийн хүйтэнд нүцгэн гараад хөлдөөд үхчихье гээд сүрдүүлдэг. Зарим үед нь би өөрөө гараад хүртэл архи авч өгдөг байсан юм. Өгөхгүй гэх юм бол битгий миний уурыг хүргээд байгаарай, алчихна шүү гээд заналхийлэн айлгадаг байсан. Нэг удаа би хаачих гээд байгаа юм бэ гээд дагаад гарахад хүртэл түлхээд унагаж байсан. 2022 оны 11 дүгээр сард гаднаас архи уучихсан орж ирээд хаалга тайлж өгсөнгүй гээд миний мөр лүү цохиод мөр эвгүй болсон. Бараг мөрний үе мултарсан юм шиг байсан. Энэ үед хоёр хүүхэд хичээлдээ явсан байсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлэн зургийг нь авхуулахад мөрний шөрмөс сунасан байна гээд цагаан сар өнгөртөл эмчилгээ хийлгэж байсан. Эмнэлгийн баримт бичиг нь гэрт байгаа. Тухайн үед эмч нар нь үзээд эмчилгээ хийлгээд гайгүй болно гээд эмчлэгдэж байгаад гайгүй болсон. Мөн дүүгийнхээ том охин Б.Э ийг бас янз бүрээр үг хэл болон үйлдлээрээ оролдоод байдаг байсан. Чи ямар хөөрхөн юм бэ гээд урдуур хойгуур нь явахаар хормой хотыг нь сөхөөд байдаг байсан. Би тухайн үед тоглоод байна гэж боддог байсан. 2023 оны хавар 3 сарын эхээр эмчилгээнд орохоосоо өмнө манайд хэд хоносон. Тэгтэл нэг шөнө унтаж байхад миний хөл дээгүүр даваад нэг хүнд юм хөдлөх шиг болохоор нь сэрээд цочоод харсан чинь Б шалдан, дотуур өмд ч байхгүй, хэвтэх гээд хөнжил рүү нь орох гээд явж байсан. Би тэр үед охиноо айлгачихгүй юм сан гээд Б ийн гараас татаад холдуулсан. Манай ач охин миний араар тусдаа хөнжил нөмрөөд хана талын орны захаар унтдаг юм. Энэ үед бол охин сэрээгүй, энэ талаар ч гэсэн мэдээгүй. Тэгээд ах нь мөнгөтэй ирсэн, гарч зайрмаг авч идэх үү, гоё юм авч өгье, хамт гарах уу гээд байдаг юм. Энэ мэтчилэн үйлдлийг зөндөө гаргаж байсан. Тэр болгонд би эмзэглэдэг байсан юм. Мөн хоёр хүүхдийг сургуульд явсны дараа талийгаач согтуу орж ирээд надаас мөнгө байна уу гэж асуусан. Ер нь бол би бэлэн мөнгө байлгаж байдаг. Уг нь талийгаач согтолт нь гайгүй юм шиг байхаар нь би мөнгө байхгүй, чи дандаа яахаараа надаас мөнгө нэхэж байдаг юм, авахаараа нэг боллоо гэж хэлсэн. Тэгтэл “та надаас мөнгө харамладаг” гээд өөрөө халааснаасаа хүрэн өнгийн жижиг эвхэгддэг хутга гаргаж ирээд миний хоолой руу тулгаад гал тогооны өрөөний тек хүртэл түлхээд дарж байсан. Одоо тэр хутга нь хаана байдаг юм, хаясан юм уу, машинд нь байдаг юм уу, бүү мэд. Надад хутга тулгаад хоолойг чинь хэрчинэ шүү гэхээр нь би айгаад байгаа, байгаа гээд мөнгө гаргаж өгөөд явуулж байсан. Яваад эргээд л согтуу ирээд унтаад өгдөг. Миний хувьд согтуу ирсэн үед нь айгаад хар дараад унтаж чаддаггүй юм. Яачих бол гэж санаа зовоод унтаж чаддаггүй. Талийгаач нь мөнгө байхгүй гэхэд дүүгийнхээ гар утсыг авч яваад ломбардад хүртэл тавьж байсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн эсрэг өөдөөс харсан залгаа цагаан өнгийн байшин байсан бөгөөд тэнд дандаа ломбард байдаг байсан бөгөөд тэнд 60,000 төгрөгөөр барьцаалсан байсан. Тэрийг би өөрөө мөнгөөрөө авч өгч байсан. Мөн Б ын ажлын цагаан өнгийн проекторыг бас ломбардад тавьсан байсан. Мөнгө өгөхгүй болгонд өнгөтэй өөдтэй юу байна тэр болгоныг тавьчихдаг байсан юм. Дунд хүү 3.Б ад “ах чинь охиныг чинь үнсье энэ тэр гээд байна” гэж бол хэлж байсан. Тэр болгон хийсэн үйлдлийн талаар нь хүн болгонд хэлээгүй. Учир нь хүүхдүүдийнхээ сэтгэл санааг зовоогоод яах вэ гэж боддог байсан. Ер нь бол би хүүгээ удахгүй ир л гэдэг байсан. Тэр үед Б “та яагаад байгаа юм бэ, хоёр ачаасаа залхаад байгаа юм уу, ядраад байгаа юм уу ээжээ, хүү нь удахгүй очно” гэдэг байсан. Энэ сэтгэл санааны байдлаас болоод даралт ихсээд, манарч унаад 2 дугаар эмнэлэгт хүртэл эмчилгээ хийлгэж байсан. ...23 цагийн орж ирээд хоол идье гэхээр нь би өдөр хийсэн бантан байгаа, тэрийг ид гэсэн чинь муухай хоол, нохойны хоол шиг юмаа ид гэлээ гээд л уурлаад байсан. Талийгаач нь орилоод бахираад байхаар нь эхлээд орох үед бол намайг араас өшиглөсөн. Тэгээд би гарч ирээд унтах гээд хэвтэж байх үед бас бархираад байхаар нь өрөө рүү нь орсон. Энэ үед сарны гэрэлд цагаан юмаа барьчихсан сууж байснаа “би өөрийгөө ална, эсвэл би таныг ална” гээд босоод ирсэн. Тэр үед би “ингээд үхдэг юм байна, хоёр хүүхдийг минь яачих юм билээ” гэж бодоод түлхсэн. Согтуу байсан учраас арагшаа орон дээр унаад хутгаа газар алдаж унагасан. Тэгээд эргээд хутгаа авах гээд байсан тул би хутгыг нь булааж авсан. Тэрнээс хойш бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан орон дээр хэвтэж байсан. Би унтчихлаа, одоо гайгүй боллоо гэж бодоод л гарсан. Тэгээд гараад хоёр хүүхдийнхээ хажуугаар ороод хэвтээд “сая юу болчихвоо, сая би яачихваа” гээд бодоод надад юу ч орж ирэхгүй байсан. Ингээд би нойлын өрөө ороод бие засаад унтсан байна уу гэж харахаар өрөө рүү нь ороод гэрлээ асаах үед орон дээр дээш харсан байдалтай, цус гоожсон, хутга нь газар байсан. Би газраас хутгыг нь авсан. Би юу хийчих вэ гэж бодоод, хутгыг нь барьчихлаа шүү дээ, тэрхэн үедээ би хөнөөчихлөө гэж өөртөө итгэхгүй байсан. Тэгээд би хутгыг нь барьсан юм чинь гээд газар байсан хөнжлийн нэг хэсгээр хутгаа 2, 3 удаа шувтраад арчсан. Тухайн үед хутга нээх их цус болоогүй байсан бөгөөд миний гар яагаад цус болоогүй юм бол, гэхдээ хутгыг би барьчихлаа гэж бодоод арчсан юм. ...Согтуу ирсэн үед нь бие салгалаад, айгаад амьсгалж чадахгүй, бачуураад, цээжин дээр нэг юм тээглэчхээд байгаа юм шиг их хэцүү, тайван байж чаддаггүй, толгой руу нэг юм босоод ирдэг бөгөөд даралт ихсээд даралтаа үзэнгүүт даралт 180, 190-тэй болсон байдаг. Хүүхдээ архинаас гаргах гээд лам, бөөгөөр явсан, их л юм хийлгэн аргалуулж байсан. Тэгтэл танай хүүхэд бузартсан байна, айлын бурхны архи уусан байна, засал ном хийлгэ гээд янз бүрийн юм хийлгэж байсан. Сүүлдээ өөрөө тайван байхын тулд христэд хүртэл итгэх болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 20-23 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед хангалттай мэдүүлсэн. Би 01 жил, 6 сарын хугацаанд цагдан хоригдож байна. Би өөрийгөө үнэхээр ойлгохгүй байна. Хүүгээ амьд байгаа гэж санаж, зүрх сэтгэл минь эмтэрч байна. Харанхуйд намайг ороход босож ирсэн, би өөдөөс нь түлхэж унагаасан. Тэгээд харанхуйд юу ч болчихов, мэдээгүй. Яллах дүгнэлтээс би өөрийгөө юу хийснээ мэдсэн. Тухайн үед би юу хийснээ санахгүй байна. Бид хоёр үхэл амьдралын зааг дээр хоёулаа хоёр тийшээ явах байсан, тэр үедээ л явсан байгаасай гэж би бодож байна. Би хүүдээ үнэхээр хайртай байсан. Урд нь архи ууж намайг зовоож байсан. Аав нь нас барснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхнэр, үр хүүхдээ их зовоодог байсан. Би арай ч ийм зүйл болно гэж санасангүй. Бурхны оронд байгаа аав, ээж, нөхрөөсөө би уучлалт гуйж байна. Би бэрээсээ бас уучлалт гуйж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй.Өдий хүртэл амьдрахдаа хүний хэдэн мянган хүүхэд эх барьж авчхаад сэтгэлд минь үнэхээр хэцүү санагдаж байна. Би хоригдож байх хугацаандаа өөрийн бурууг ойлгосон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2336 дугаартай: “... Талийгаач З.Б ийн цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх, баруун шуу, баруун сарвуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх болон зүүн бугалга, шууны хатгагдсан шарх нь 2.5 см доошгүй ажлын хэсгийн өргөнтэй, 10 см доошгүй ажлын хэсгийн урттай ир үзүүртэй зүйлийн хорин гурав /23/ удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Талийгаач нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, элэг, ходоодны урд хана, бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны шархнаас цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ. Баруун шуу, баруун сарвуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр нас барахаас 3-5 хоногийн өмнө үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, үхлийн шалтгаант хамааралгүй болно. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Нас барах үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байжээ. Талийгаач нь АВО системээр АВ /IV/ бүлгийн цустай байна. 2023.09.01-ний өдрийн 10.50 минутын цогцсын үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 94-102 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3150 дугаартай: “....Хутганы ажлын хэсгийн үзүүрт химийн, полиэстэр, хөвөн, лавсан, вискоз, амьтны гаралтай ширхэгт материалын үлдцүүд таслагдан үлдсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 108-113 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3156 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн хөнжлийн даавуу дээрээс гарын мөр илрүүлэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хөнжлийн даавууны 1 талд 71.5*23.5 мм хэмжээтэй, эсрэг талд 150*105 мм хэмжээтэй цус мэт зүйлээр гүн бохирлогдсон байх тул хутга арчигдсан ул мөрийг тогтоох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 167-169 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 4150 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн дотоож, хар өнгийн богино өмд дээр цус илэрсэн, эдгээрээс илэрсэн цус нь хүний цус байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 179-180 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4230 дугаартай: “...Саарал сорочкин цамц дээрээс холимог ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн тогтцоос хоёр хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн байна. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч З.Б , яллагдагч Т.Б ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 211-212 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4223 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн С гэж дугаарласан өөх мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Өөх мэт зүйлээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч З.Б ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 229 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4222 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр, шаргал өнгийн алагласан шоо хэлбэртэй дүрстэй хөнжлийн даавуун дээр хүний цус илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч З.Б ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 236 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4221 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн модны зурагтай орны бүтээлэг дээр хүний цус илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч З.Б ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 242 дугаар тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын: “...Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Б нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт үгүй байна. Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт хэргийн материалд үгүй байна. Т.Б т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Т. Б нь талийгаач хүүгээ архи уугаад ирэх үед нь айдаг, сандардаг, цээжин дотор нь зангидсан гар шиг зүйл байдаг гэж мэдүүлсэн нь сэтгэцийн хувьд эрүүл хүнд үүсэх боломжтой. Т.Б нь талийгаач хүү нь 13 настай ач охин Э ийг уруул дээр нь үнсье, гараас нь хөтөлье, хайраа гэж дуудаач, эмээтэй оронд хамт унтаж байхад нь хажуугаар нь нүцгэн хэвтэж байсан, бага насны хүүхдийн хажууд нүцгэн явах зэрэг үйлдлийг гаргадаг байсан талаар мэдүүлсэн нь өвчний түвшинд хүрсэн гэх шинж, баримт үгүй байна. Т.Б т сэтгэцийн өвчин, эмгэгийн байдалд хүрсэн гэх шинж, баримт үгүй байна. Т.Б т сэтгэцийн өвчин, сэтгэцийн эмгэг байдалд байсан гэх баримт үгүй байна. Т.Б т сэтгэцийн өвчний шинж, хам шинжийн илрэл үгүй байна. Т.Б т одоогоор сэтгэл засал эмчилгээ зайлшгүй авах шаардлагатай нөхцөл байдлын илрэл үгүй байна. Т.Б нь сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж авах боломжтой. Т.Б нь өөрийн үйлдэл, үйл ажиллагааг удирдах буюу хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2хх-ийн 126-127 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө ... тоотод хохирогч З.Б той маргалдаж, улмаар түүнийг хутгалж, цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх гэмтэл учруулж, амь хохирогчид 23 буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.
Өнөөдөр шүүгдэгч амь хохирогчийг газар унагасан гэдэг боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр амь хохирогч орон дээр унасан байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3156 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн хөнжил цусаар бохирлогдсон хэмжээ том байна. Энэ их хэмжээний цус алдсан хүн өөрөө газраас дээшээ ор луу гарах боломжгүй. Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч цус алдалтын шокийн улмаас нас барсан. Цус алдалтын шок тухайн үйлдлийг шууд үйлчлэхийн улмаас хохирогч нас барсан байна. Хатгагдсан шархны тухайд 23 удаа нэвтрэлттэй шарх байна. Энэ шарх нь хурц ирмэгтэй зүйлийн хүчний улмаас үүсгэгдсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээс харахад амь хохирогчийн биед олон тооны гүн шарх үүссэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан. Эмнэлгийн эх барих, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч хүн 23 удаагийн хутгалах үйлчлэлийн үр дүнд цус алдаж нас барах боломжтой гэдгийг мэдэж 23 удаагийн үйлдлээр гүн шарх үүсгэж, маш их хэмжээний өвдөлтийг үүсгэсэн байна. Шүүгдэгчээс амь хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болох талаар зүй бус үйлдлийн талаар ярьж байна. Хохирогч хана нүдсэн, орилсон ч бай амь хохирогчийг түлхэж унагаагаад, хутгыг нь авах зэрэг үр дагаварт хүргэсэн нь хууль бус байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэлсэнчлэн зүйлчлэлийн хувьд маргаантай байна. Өмнөх шүүх хуралдаанд сэтгэл санаа цочрон давчидсан гэж үздэг. Сэтгэл санаа цочрон давчдах нь хохирогчийн хууль бус үйлдэл нь тухайн үйл явдлыг үйлдэхэд хүргэж, үйл явдлын талаар тооцоолоогүй байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б өөрийн биеэр хүрэлцэн ирж, мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй гэж өгсөн мэдүүлэгтэй ижил байр суурьтай байна. Иймд шүүгдэгч нь хохирол төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржоос: “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг сонслоо. Бид хууль хэрэглээний талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн амь насыг шүүгдэгч хохироосон тухайд улсын яллагчийн санал болон шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Санал нийлэхгүй байгаа тухай шүүгдэгчийн мэдүүлэгт тодорхой байна. Улсын яллагч объектив талын андуурал гэж үзэж байна. Хүнийг алах гэмт хэрэг болон хүний сэтгэл санаа цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь үндсэн үйлдлийн аргууд нь ижилхэн. Гэхдээ объектив тал хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго байсан урьдаас төлөвлөсөн, алах санаа зорилго, тодорхой үйлдэл байсан эсэх нь нотлох баримтуудаар нотлогддог ялгаатай. Хохирогч хэдэн цагийн үед нас барсан тухай шинжээчийн дүгнэлтэд авагдсан. Цогцост 10 цаг 30 минутад үзлэг хийхэд үзлэг хийснээс хойш 6-8 цагийн өмнө нас барсан байх боломжтой гэсэн. Тэгэхээр шүүгдэгч Т.Б ийн энэ үйл явдал шөнийн 2 цагийн үед болсон гэдэг нь таарч байна. Гэтэл насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг нотлох баримтын нотлох чадварыг алдагдуулж байна. Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийн гол шалтгаан нөхцөл нь хохирогчийн удаа дараагийн зүй бус үйлдэл байна. Тодруулбал шүүгдэгч Т.Б ийн аюулгүй тайван амьдрах эрх хангагдсан эсэхийг анхаарч өгнө үү. Хүний Эрхийн Түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах эрхтэй, халдашгүй дархан эрх чөлөөтэй байх, мөн 12 дугаар зүйлд хэний ч орон гэрт дур мэдэн халдаж, нэр төр, алдар хүндэд халдах эрхгүй гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлд заасан хүн халдашгүй чөлөөтэй байх эрх бүрдсэн эсэхэд дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Тухайн нөхцөлд шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд өөрийн биеийг хамгаалсан үйлдэл байгаа юу гэдэг, аргагүй хамгаалалт гэж үзье гэхээр хуульч хүний хувьд эргэлзээтэй байдал байна. Бага насны хүүхдүүдийн жам ёсны эрх яригдах ёстой. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаална гэж заасан. Гэтэл ямар нэг байдлаар хүүхдийн бэлгийн эрх чөлөөтэй холбоотой эрсдэл үүссэн эсэхийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хоёр хүүхдийн эрх зөрчигдсөн байдал нь энэ гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл гэж үзэж байна. Улсын яллагчийн ярьсан 23 удаагийн нэвтрэлттэй үйлдэлд маргахгүй байна. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр элэг, цөсөнд нэвтэрсэн үйлдэл нь бараг минут хүрэхгүй хугацаанд цус алдаж, нас барах боломжтой гэсэн байна. Энэ талаар улсын яллагч шинжээчээс тодруулж, тодорхой ажиллагаа хийх ёстой байсан боловч хийгдээгүй байна. Хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэх болсон шалтгаан нь шүүгдэгч өөрийн сэтгэл зүйг хянах чадваргүй байсан учраас болсон үйл явдлыг санахгүй байна. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ойлгоогүй байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч өөрийн гэм бурууг ойлгосон нөхцөл байдал байна. Улсын яллагч энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Сэтгэл санааны аффектэд орсон гэдэг талаас харах асуудал байна. Анхан шатны шүүх сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж шийдсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Улсын дээд шүүх хүлээж аваагүй. Тодруулбал анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй тул хүлээн авах боломжгүй гэсэн. Давж заалдах шатны шүүхээс сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэх дүгнэлтийг шаардсан. Улсын дээд шүүхийн тогтоол байна. Энэ тогтоолд сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах нь сэтгэл зүйн аффектэд орсон нөхцөл байдал буюу энэ ойлголт нь эмнэлгийн тусгай мэдлэг шаардагдсан ойлголт биш, хууль зүйн шинжлэх ухааны ойлголт гэж тодорхойлсон. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид гаргасан сэтгэцийн дүгнэлтээр бол энэ хүн сэтгэцийн эмгэггүй байна гэж тогтоосон болохоос тухайн цаг үеийн шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг дүгнээгүй юм. Хэрэгт цугларсан нийт нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч маш урт удаан хугацаанд дарамтад байсан. Энэ байдал нь үргэлжилж сэтгэл зүйн цочролд орсон нөхцөл байдлыг харж болно. Иймд шударга ёсны үүднээс хууль хэрэглээг ашиглан шийдвэрлэж байхыг хүсэж байна. Шүүгдэгч Т.Б т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч нь энэ үйлдлийг урьдчилан төлөвлөж, санаатайгаар үйлдээгүй болно. Зөвхөн өөрийн хүүхдийг хамгаалах зорилготой. Тодруулбал амь хохирогчийн олон удаагийн зүй бус үйлдлийн улмаас цочролд орж, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинж байгаа эсэхэд шүүгч бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Мөн иргэдийн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Т.Б ийг гэм буруутай гэж үзэж байгаа боловч өөрийгөө хамгаалах зорилготой тухайн үйлдлийг хийсэн гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт гаргав.
Эрх зүйн дүгнэлт:
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Б нь амь хохирогчийг 23 удаа хутгалсан үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Т.Б нь амь хохирогчийг хутгалж “цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх” учруулсан нөхцөл байдал нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2336 дугаартай амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоогдож байна.
Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь “...цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, элэг, ходоодны урд хана, бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны шархнаас цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ...” гэж дүгнэснийг үндэслэн шүүгдэгч Т.Б нь олон тооны шарх, гэмтэл үүсгэн хүнийг алсан гэж үзэж, түүний хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь зөв байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Б ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч Т.Б нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт үгүй байна. ...сэтгэцийн хувьд хэрэг мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б т 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 01 жил, 29 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ учраас хэлэх тайлбар байхгүй...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржоос: “...Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж хэргийг шийдвэрлэх зохицуулалт хуульд байна. Энэ байдлыг өмгөөлөгч ойлгож байгаа боловч тухайн нөхцөл байдалд дүгнэлт өгч шийдвэрлэсэн байна. Дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч байж шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Иймд энэ талаас нь өмгөөлөгч миний хувьд харж, давуу байдлыг үүсгэсэн гэж үзэж байна. Нэгэнт гэм буруугийн хувьд маргаж байсан боловч шийдвэр гарсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулахаар өмгөөлөгчийн хувьд заавал санал хэлэх ёстой. Хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдана. Тодруулбал тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, бусдын албадлага эрхшээлд байсан тул гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө илчилсэн, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна. Амь хохирогчийн зүй бус үйлдэл, хүчирхийлэл дарамтад байлгасан тухайд дүгнэлт хийх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийн хувьд маргаантай байгаатай холбогдуулан тухайн зүйлчлэлийн ялын хамгийн доод хэмжээг оногдуулахыг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна. Иймд хорих ялын доод хэмжээг оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 118 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 117 дугаар тал/, хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 100-115 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 119 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 120-121 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч Т.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Т.Б т оногдуулах хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 08 жил, 01 сарын хугацаагаар хорих ялыг тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 437 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ажлын хэсгийн урт 15 см, нийт 26 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж;
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б ийг “Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б ийг 08 /найм/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 437 /дөрвөн зуун гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ажлын хэсгийн урт 15 см, нийт 26 см урттай хар өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.