| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00888/И |
| Дугаар | 102/ШШ2017/01671 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/01671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Б
Хариуцагч: Г ХХК
3.400.730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Днь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн .. тоот захирамжаар 44.380.000 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн юм. Дээрхи төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулсан. Ингэж төлүүлэхдээ “Г” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урамшуулалыг та төлөх ёстой гэж намайг хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж төлүүлсэн. Н.Дгийн ойлголтоор зөвхөн шүүхийн шийдвэрт л заагдсан төлбөрийг төлөх ёстой гэж ойлгосон. Гэтэл үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урамшуулал 2.897.030 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зардал 120.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад зардал 503.700 төгрөг бүгд 3.520.730 төгрөг илүү төлүүлсэн. Н.Дшүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зардал 120.000 төгрөгийг зөвшөөрч нэхэмжлэлээс хассан. Тооцоо нийлсэн актыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийж гарын үсэг зурсан боловч энэ талаар ямар нэг бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй. Нэхэмжлэгчийн өөриүнйнх нь барьцаанд тавьсан орон сууцыг өөрт нь худалдсан гэдэг боловч энэ орон сууц “Г” ХХК-ийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ огт байгаагүй. Өөрөө өөрийнхөө байрыг худалдаж авна гэж юу байхав. Шүүхэд хариуцагчийн гаргаж өгсөн шатахууны баримт дахь нягтлан бодогчийн гарын үсэг өөр өөр хүн зурсан байна. Хариуцагч нотлох баримтыг хуурамчаар нөхөж хийсэн. Иймд “Г” ХХК-иас 3.400.730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн .. шийдвэрээр Н.Дгаас 44.569.925 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6захирам, 517 тоот гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгч Н.Дгийн өмчлөлийн Б 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг анхан болон 3 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагчид санал болгох хурлын шийдвэрийн дагуу “Г” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж уг хөрөнгийг битүүмжлэн, өмчлөх эрх манай байгууллагад ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгч Н.Дгомдол гаргаагүй. Эндээс харахад * тоот албан бичгийн үндсэн дээр барьцааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлбөр авагчид үүсэхээр болсон. Гэтэл өмчлөх эрх нь дуусгавар болж байгаа өмнөх өмчлөгч Н.Днь “Г” ХХК-д хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийн агуулга нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гарсан бүх зардал болох зээлийн гэрээний үүрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал зэргийг өөрөө төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч улмаар орон сууцны өмчлөх эрхийг өөртөө үлдээх тухай байсан. “Г” ХХК нь Н.Дгийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн ба энэ үеэс эхлэн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд шинээр үүрэг үүссэн гэж үзэх юм. Хуульд зааснаар өмчлөх эрхийг олж авч улмаар улсын бүртгэлд бүртгүүлэхэд бэлэн болсон манай байгууллагын хувьд Н.Дгийн хүсэлтийг авч байгаа нь орон сууцны үнийг хэлэлцэн тодорхойлж байгаа хэлбэр болно. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д худалдах худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Бидний хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 2.2-т барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ зээлийн гэрээгээр тодорхойлогдох бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны хөрөнгийг худалдан борлуулахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал, уг эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар хураамж, төлбөр болон зээлдүүлэгчид учирсан хохиролын нийлбэрээр тодорхойлогдоно гэсэн байдаг. Өөрөө орон сууцаа худалдаж авъя, гарсан бүх зардлыг төлнө гээд манай ажилтантай тооцоо нийлсэн акт үйлдээд өмнөх шүүхийн шийдвэрээр төлөгдөх үүрэг 44.380.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 189.925 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн зардал, урамшуулал 3.883.730 төгрөгийг нэмж орон сууцыг нийт 47.453.655 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Днь хариуцагч “Г” ХХК-д холбогдох 3.400.730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн .. дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Дгаас 43.569.925 төгрөг гаргуулж “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн болох үйл баримт зохигчийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/3100 албан бичгээр нэхэмжлэгч Н.Дд түүний өмчлөлийн Бод байрлах улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар султган чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг дахин мэдэгдэх тухай албан бичиг хүргүүлжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж үнийн санал ирээгүй тул төлбөр авагчид санал болгож Г банк бус санхүүгийн байгууллага үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлэн авахыг зөвшөөрсөн тул нэр дээр нь шилжүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *албан бичгийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүргүүлж, зохигч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр төлөх үнийн дүн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэхэмжлэгчийн төлсөн урамшуулал, зардал, бусад зардлыг тооцон 55.700.280 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдэж, энэ төлбөрийг нэхэмжлэгч төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61 дүгээр байрны 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Н.Дд олгох хүсэлтийг хариуцагч нь Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
“Г” ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст төлбөр төлөгч Н.Д2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээл болон түүнтэй холбогдон гарсан зардлаа бүрэн төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгосон тул 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Н.Дд олгох хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн байна.
Н.Днь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гарах зардал, энэ зардлын үнэ багтсан нийт 55.700.280 төгрөгийг төлөхийг зөвшөөрч Г банк бус санхүүгийн байгууллагад 2015 оны 01 дүгээр сарын 20, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд тус тус хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх 43.569.925 төгрөгөнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал болох 3.883.730 төгрөгийг нэмж нийт 47.453.655 төгрөг төлөхөөр тохирч, хариуцагч зөрүү 8.246.625 төгрөгийг буцааж өгсөн болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдсон байна
Талууд харилцан тохиролцож орон сууцыг нэхэмжлэгч Н.Дгийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч Г банк бус санхүүгийн байгууллагад 47.453.655 төгрөг төлөхөөр тохиролцсон тул хариуцагчийг 3.400.730 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч “Г” ХХК-д холбогдох 3.400.730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.280 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА