| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/02580/И |
| Дугаар | 102/шш2019/02852 |
| Огноо | 2019-10-28 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 102/шш2019/02852
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б...ХХК-д холбогдох,
Даатгалын хураамж 1,258,466 /нэг сая хоёр зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., хариуцагч байгууллагын захирал Д.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал П..... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... ХХК нь ...ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 43 дугаар бүлэг, Даатгалын тухай хуулийг үндэслэн Ачаа тээврийн даатгалын гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний дагуу нийт 76,164 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг тодорхой эрсдлүүдээс даатгасан ба, үүний хураамж нь 472.22 ам.доллар байхаар талууд харилцан тохиролцож гэрээнд тусгасан. Даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т энэхүү хураамжийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор буюу 2019 оны 5 сарын 23-ны өдөр гэхэд даатгуулагч төлөх үүрэг хүлээсэн. Гэвч энэхүү үүргээ даатгуулагч нь өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Бид хураамжаа төлж барагдуулахыг хүссэн албан тоотыг илгээсэн ч үр дүнд хүрсэнгүй. Иймд ...ХХК-иас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасны дагуу гэрээний хураамж 1,258,466 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Даатгалын хураамж шаардах нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэлд хамарахгүй буюу уг хуулийн 4.1.1-т заасан даатгалын үйл ажиллагаа биш тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардлагагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн.
Ачаа тээврийн даатгалын гэрээ бол холбогдох хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Гэрээ байгуулахаас өмнө гэрээний нөхцлийг зөвшөөрөөгүй учраас гэрээнээс татгалзсан гэж ярьж байна. Гэтэл хариуцагч тал гэрээнээс татгалзсан тухай ямар нэг баримт байхгүй. Энэхүү гэрээ нь тээвэрлэлтийн гэрээ биш учраас ачааг тээвэрлэх машин тэрэгний дугаарыг даатгалын гэрээнд бичих шаардлагагүй. Даатгуулсан ачаанд гэрээнд заасан хохирол буюу даатгалын тохиолдол бий болвол ... ХХК нөхөн төлөх, даатгуулагч ...ХХК даатгалын хураамж төлөх гэрээ байгаа. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд: Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Даатгалын үйл ажиллагаа гэж Даатгалын тухай хуулийн 4.1.1-т заасан үйл ажиллагааг хэлж байгаа. Гэрээнд ч гэсэн даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргааныг Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Даатгагчын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг л санхүүгийн зохицуулах хороонд хандана гэсэн байгаа. Харин гэрээний хураамж төлөх асуудлыг санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжгүй гэв.
Хариуцагч ...ХХК-ийн захирал Д.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... ХХК-тай хийсэн даатгалын гэрээ нь .../../ хэмээх даатгалын зуучаар дамжуулан хийгдсэн байдаг. Манай байгууллагын зүгээс даатгалтай холбоотой шаардлагатай мэдээллийг тухайн даатгалын зуучаар дамжуулан Ц.... гэдэг хүнээс авч байсан нь мэдээлэл хангалттай бус, зөрүүтэй ойлголтууд гарсан байдаг. Үүнд: манай байгууллагын импортлож байсан бараа нь хөргүүртэй чингэлэгээр зөөх бараа байсан ба, хөргүүрийн үйл ажиллагааг бүх эрсдлээс хамгаалах боломжийг асуухад эхлээд ...тээвэрлэлтийн явцад үүсэх бүх эрсдлийг хариуцна гэж байсан. Дараа нь гэрээ байгуулах үед гэрээг уншихад зөвхөн байгалийн гамшиг, гэнэтийн осол гэсэн заалттай байсан нь бидэнд тухайн даатгалаас татгалзаж, гэрээний төлбөрийг төлөхгүй байх үндсэн шалтгаан болсон. Даатгалын тухай хуулийн 82.1-д ...аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд, шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч нь манай байгууллагыг шууд шүүхэд өгөхгүй, эхний ээлжинд санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргах ёстой. Иргэний хуулийн 437.2-т даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэсэн заалтын хүрээнд манай байгууллага даатгалын төлбөрийг төлөхгүй байснаар эрсдлийг бүрэн өөрөө хариуцаж, нэхэмжлэгч нь тухайн даатгалын гэрээнээс үүдсэн ямар нэг хохирол үүсээгүй болно.
Бид хөргүүрийн нөхцлийг л даатгуулах гэрээ хийх гэж байсан боловч миний ашиг сонирхолыг хангаагүй тул гэрээнээс татгалзсан. Гэрээний хувьд 2 талын эрх ашгийг бүрэн хангаагүй. Гэрээн дээр даатгуулж байгаа бараа бүтээгдэхүүний мэдээллийг маш хангалтгүй тусгасан. Тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн дугаар байхгүй, ачигдсан бараа материалын нэхэмжлэхийн дугаар байхгүй, зөвхөн бараа материалын нэр л байсан. Хэзээ, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэх талаар тусгаагүй учраас стандарт шаардлага хангаагүй гэрээ гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийг мэргэжлийн бус ажилласан гэж үзэж байгаа. Шалгадаг газраас нь зөв гэрээ гэвэл би хүлээн зөвшөөрнө. Мэдээллээр намайг төөрөгдүүлж чадсан. Зуучлалын газрын эмэгтэй санаатай төөрөгдүүлсэн эсэхийг би нягтлах хэрэгтэй байна. Даатгалын мэргэжлийн хүн мөн үү, өөр мэргэжилтэй хүн намайг төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан уу гэдгийг бас тодруулмаар байна. ... гэж намайг мэдээллээр хангаж байсан хүн энэ чиглэлээр мэргэшиж, надад мэдээлэл өгөх чадвартай хүн мөн үү гэдгийг мэдмээр байна. Бүх эрсдлээс л хамгаална гэсэн. Гэтэл гэрээн дээрээ байгалийн осол, аваар гэж л оруулсан байсан. Ачаа тээвэрлэлтийн даатгалын гэрээ хийхдээ нэхэмжлэхийн дугаар, тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн дугаар бас байх хэрэгтэй. Хавсралт аль нь вэ гэдэг нь ойлгомжгүй, гэрээг уншаад үзэхээр маш бүрхэг байсан. Дараа нь нөхөн төлбөр авах боломжгүй гэрээ гэж үзэж байна. Гэрээг байгуулахгүй байх боломж надад байсан, сайн дураараа байгуулсан. Гэрээний дагуу төлбөр төлж байж гэрээ хүчин төгөлдөр болно гэж бодсон. Ачаа ирсэн, эрсдэл үүсээгүй... гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...ХХК-д холбогдуулан даатгалын хураамж 472.22 ам.доллар буюу 1,258,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хариуцагч ...ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...даатгалын зуучлагчаас өгсөн мэдээлэл гэрээ байгуулах үед зөрүүтэй байсан бөгөөд, уг асуудлыг Санхүүгийн зохицуулах хороонд хандалгүйгээр шүүхэд хандсан нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, гэрээний стандарт шаардлага хангаагүй буюу гэрээнд тээвэрлэлтийн мэдээлэл, ачааны нэхэмжлэх бичигдээгүй..., мөн Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт зааснаар даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ачаа тээврийн даатгал-ын .... тоот гэрээ байгуулагдан, уг гэрээгээр даатгуулагч ...ХХК-ийн 76,164 ам.долларын үнэ бүхий ачааг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 00:00 цагаас эхлэн ачаа хүргэгдэх сүүлийн цэг хүртэл хугацаанд буюу БНСУ-ын Инчоны боомтоос БНХАУ, ... боомт хүртэл усан онгоцоор хөргүүртэй чингэлэгээр, БНХАУ, Кинхаундао боомтоос Монгол улс, Улаанбаатар хот дахь гаалийн баталгаат агуулах хүртэл автомашинаар хөргүүртэй чингэлэгээр тээвэрлэхэд гарч болзошгүй тодорхой эрсдлүүдээс сэргийлэх, даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамжид 472.22 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр даатгалын гэрээ байх бөгөөд, гэрээнд заагдсан ачаа аюулгүй хүргэгдэн ирж, даатгалын тохиолдол бий болоогүй, даатгалын хураамж төлөгдөөгүй болох нь зохигчдоос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэгчийг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг болон, талуудын байгуулсан даатгалын гэрээний 4.7 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж, Санхүүгийн зохицуулах хороонд хандаж энэхүү асуудлыг шийдвэрлүүлэлгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж тайлбарласан.
Даатгалын гэрээний 4.7 дахь хэсэгт: Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад үүссэн аливаа маргаантай асуудлыг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх ба, хэрэв эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг аль нэг тал эс зөвшөөрвөл холбогдох хуулийн дагуу шүүхэд хандана гэж заажээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний дээрх заалтын агуулгыг тодорхойлвол, талууд хэдийгээр гэрээнд аливаа маргаантай асуудлыг Санхүүгийн зохицуулах хороонд хандан шийдвэрлүүлэхээр заасан байх боловч, агуулгын хувьд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасны дагуу даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргааныг хамааруулахаар тодорхойлсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар даатгалын үйл ажиллагаа гэдэг нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг даатгагч тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь даатгалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага болоод, түүний үйл ажиллагаанаас бусдад учирсан хохирол, нөхөн төлбөртэй холбогдолтой маргааныг анхан шатны Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх зохицуулалт юм.
Харин ... ХХК-ийн ...ХХК-д холбогдуулан гаргаж буй энэхүү нэхэмжлэл нь гэрээний үүрэг буюу даатгалын хураамжийг даатгуулагчаас гаргуулах тухай бөгөөд, даатгалын үйл ажиллагаатай хамааралгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Даатгуулагч ...ХХК даатгалын гэрээний дагуу хураамж төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас даатгагч ... ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/251/19 тоот мэдэгдэл хүргүүлж, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр мэдэгдэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоожээ. /хх 19 дүгээр тал/
Гэвч даатгуулагчийн зүгээс тогтоосон нэмэлт хугацаанд даатгалын хураамжийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд, уг гэрээг стандарт шаардлага хангаагүй, тээвэрлэлтийн мэдээлэл байхгүй, инвойс буюу нэхэмжлэх бичигдээгүйгээс даатгалын тохиолдол бий болох үед нөхөн олговор авах боломжгүй гэрээ байсан учраас гэрээнээс татгалзсан гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт зааснаар хураамж төлөх үүрэг хүлээхгүй хэмээн маргаж байна.
Талуудын хооронд хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагдсан ба, уг гэрээнд тусгагдвал зохих Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн тусгасан байхын зэрэгцээ, хариуцагч ...ХХК нь маргаан бүхий гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгч ... ХХК-д мэдэгдээгүй, хуульд заасан гэрээг цуцалж болох ноцтой нөхцөл байдал бий болоогүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалт даатгалын тохиолдол бий болсон үед хамаарах бөгөөд, энэхүү маргаан бүхий хэргийн хувьд даатгалын тохиолдол бий болоогүй, гэрээний зүйл болох ачаа аливаа эрсдэлд ороогүй талаар ...ХХК-ийн төлөөлөгч тайлбарлаж байх тул хариуцагч даатгалын хураамжаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Тодруулбал: Даатгалын тохиолдол нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэх ба, даатгал нь учирч болзошгүй эрсдлээс хамгаалах зорилготой, энэ зорилгоор даатгуулагч хураамж төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,258,446 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг мөн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан.
Дээрх арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...ХХК-иас 1,258,466 /нэг сая хоёр зуун тавин найман мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,753 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,753 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,258,446 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг мөн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/....дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт шүүхийн шийдвэр хүчинтэй болоход дуусгавар болох бөгөөд, шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА