Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч Ш.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/02055 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.У-т холбогдох

           

          Зээлийн гэрээний үүрэгт 37 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

          Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.У-тэй харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн болно. Гэрээний хугацаанд хариуцагчаас үндсэн зээлийн хүү төлөөгүй, мөн зээл төлөх хугацаа 45 хоногийн өмнө дууссан. Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 3 хувь буюу нэг сарын 600 000 төгрөг, 12 сарын хүүнд 7 200 000 төгрөг, 45 хоногийн алданги 6 120 000 төгрөг нийт 33 320 000 төгрөг болсон. Иймд үндсэн зээл, зээлийн хүү, алдангид 33 320 000 төгрөг, зээлийн гэрээний 3.6 дахь заалтын дагуу өмгөөлөгчийн ажлын хөлс 500 000 төгрөг нийт 33 820 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.У- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-гаас 2011 онд /сар өдрийг сайн санахгүй байна/ 30 000 000 төгрөг, 2012 онд 35 000 000 төгрөг зээлж, сар бүрийн зээлийн эргэн төлөлт болох 35 000 000 төгрөгний 3 хувийн хүү 1 050 000 төгрөгийг сар бүрийн 03-ны өдөр, 30 000 000 төгрөгийн хүү 900 000 төгрөг сар бүрийн 18-наас 20-ны хооронд төлж ирсэн бөгөөд үндсэн зээлээс 45 000 000 орчим төгрөгийн зээлийг эргэн төлсөн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энэ зээлийн гэрээг нөхөн хийж, 20 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан мэтээр баримтыг гэрээ байгуулахдаа үйлдэн арга буюу зээлдүүлэгч Д.Б-гийн шаардсанаар гэрээг байгуулан, мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан бөгөөд миний гачигдсан, зээлдэгчийн хүчинд буюу эрхшээлийн дор үйлдсэн гэрээ баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зээл болон хүүгийн эргэн төлөлтийг тооцон гэрээг дүгнэж үзсэний эцэст үлдэгдэл зээл болон хүүг төлөх болно.

Зээл болон хүүг дээрх сарын өдрүүдэд тасралтгүй 2011 оноос 2015 оны 12 дугаар сарыг дуустал Д.Б-гийн ХААН банкны 5007518633 тоот дансанд н.Урнаа гэсэн нэрээр төлж ирсэн, мөн өөрийн ажилтан болох н.Л-, н.Н, н.Ш, н.Б гэсэн нэрээр хааяа тушаалгаж байсан ба 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулах үедээ надад 20 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгөөгүйг гэрээг байгуулах үед байлцсан н.Б, н.Ц нар гэрчлэх ба гэрээг баталсан нотариат ч гэрчилнэ. Би зээлийн хүү болон эргэн төлөлтөнд 2011 оны 12 дугаар сарын 03-наас 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ойролцоогоор 84 750 000 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд бидний хооронд үүссэн зээл болон хүүгийн маргааныг түүний ХААН банкны дансны хуулгыг 2011 оны 12 дугаар сарын 03-наас 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны хуулгыг шүүхийн журмаар гаргуулан тооцоо нийлсэний дараагаар төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У-ээс бүгд 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсэгт “нэхэмжпэгч нь Капитал банкнаас 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 931 625 төгрөг, Хаан банкнаас 3 500 000 төгрөг авч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид 20 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тоггоогдож байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-гийн 2 банкнаас авсан төгрөгийн нийлбэр 16 431 625 төгрөг болж, 20 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хариуцагч Д.У- түүний нөхөр Н.Б- нар 20 000 000 төгрөгийн гэрээг нөхөн хийж, хүчээр шахуу гарын үсэг зуруулсан, 20 000 000 төгрөг аваагүй нь гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон байна. / х.х-12, 30/ Гэрч.Ө.М шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Талууд өмнө нь зээлийн мөнгийг өгч авалцсан гэж хэлсэн учраас нэг нь хүлээж авсан үнэн, нөгөөх нь хүлээн авсан үнэн гэж гараар бичүүлээд гэрээний ард талын хуудсанд тэмдэглэсэн. Хэрэв миний дэргэд мөнгө тоолж өгсөн бол дэвсгэртийг тэмдэглэх ёстой. Нотариатын хажууд мөнгө өгч авалцаагүй гэж ойлгож болно. 2 хүн мөнгөө өгч, авалцсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлэгээр 20 000 000 төгрөгийг хариуцагч Д.У-т 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгөөгүй гэдгийг нотолж байна. /х.х-176/ Гэрч Г.Ц “Мөнгө өгч, авалцсан талаар хараагүй. Мөнгөтөй явахын харсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь: эхнэр Д.Б-гаа ямар зорилгоор яг хэдэн төгрөгтэй, ямар дэвсгэртээр авч явсныг гэрчилж чадахгүй байгаа нь хариуцагч Д.У-т 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг өгөөгүй” гэдгийг гэрчилж байна. /х.х-ийн 174 хуудас/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа “Д.Б- гуай Хадгаламж барьцаалсан зээл аваад нийт 20 000 000 төгрөгийг бүрдүүлж өгсөн гэж тайлбарладаг, нэг болохоор 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Б- Капитал банкнаас 16 000 000 төгрөгийг хадгаламжаасаа авсан, мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, Хаан банкнаас авсан 3 000 000 төгрөгөө бүрдүүлээд зээлүүлсэн” гэж олон янзаар тайлбарладаг. Мөнгөний асуудлаа андуурсан, өмнөх зээлийн баримтуудаа устгасан зэрэг нь хавтас хэрэгт илт байна.

Хариуцагч Д.У- өмнө нь нэхэмжлэгч Д.Б-гаас 2 удаа нийт 65 000 000 төгрөг зээлж аваад 123 254 700 төгрөг болгон төлсөн, нэхэмжлэгч Д.Б- 98 177 700 төгрөгийг төлж өгсөн гэж маргадаг боловч Д.Б- нь зээлийн баримт тооцоог устгасан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Д.У-т холбогдуулан үндсэн зээл 20 000 000 төгрөгийг, хүү 7 200 000 төгрөгийг, алданги 10 000 000 төгрөгийг, нийт 37 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 12 дугаар тал/

 

Хариуцагч Д.У- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энэ зээлийн гэрээг нөхөн хийж, 20 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан мэтээр баримтыг гэрээ байгуулахдаа үйлдэн арга буюу зээлдүүлэгч Д.Б-гийн шаардсанаар гэрээг байгуулан, мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан бөгөөд миний гачигдсан, зээлдэгчийн хүчинд буюу эрхшээлийн дор үйлдсэн гэрээ юм” гэж тайлбарлажээ./хэргийн 12 дугаар тал/

 

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж, төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 3 дугаар тал/

 

Зохигчид 2011 онд 30 000 000 төгрөг, 2012 онд 35 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн гэж тайлбарласан ба 132 145 700 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Д.У нь зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээний ар талд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг бэлнээр хүлээж авав гэж бичиж, зохигчид өөрсдөө гарын үсгээ зурсан болохыг үгүйсгээгүй байна. Уг гэрээг хүч хэрэглэж, бусдын эрхшээлд орж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна./хэргийн 3 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.У-т 20 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгчийн Капитал банкинд эзэмшиж байгаа төгрөгийн хадгаламжийн данснаасаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нийт 12 931 625 төгрөг, Хаан банкин дахь төгрөгийн хадгаламжийн данснаасаа 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3 500 000 төгрөг, Капитал банкниас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж шүүх зөв дүгнэжээ./хэргийн 61-64 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүнд 7 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагааг тогтмол хэлбэрээр эрхэлсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2.1, 15.3, 15.3.4-д заасан тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосонд тэрээр давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/02055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.И

 

                                                  ШҮҮГЧИД                             Ш.О

                   

                                                                                                С.Э