Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00158

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Н.Хулан

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогч Д.Б-

Шүүгдэгч Н.М-а нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б- овгийн Н-гийн М-ад холбогдох 201714000232 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Б- овгийн Н-гийн М-а, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:хх***********/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.М-а нь 2017 оны 04 сарын 09-ний өдөр 19 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн 16 дугаар сургуулийн ард асфалтан зам дээр иргэн Б-тай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар прокурорын тогтоолыг баталж ирүүлжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Б-ын “2017 оны 04 сарын 09-ний өдөр би том охин Х-ыг найзынх нь хамт вакзал дээр хүргэж өгөөд Дарханы вагонд суулгаж өгчихөөд таксигаар зээлийн 16 дугаар сургуулийн ард явж байтал урд миний салсан эхнэр болох О- машинаа Гантулга гэх үл таних залуугаар бариулаад явж байхаар нь би такситай гүйцэж түрүүлж зогсоогоод О-ийг чи өөрийнхөө хүүхдийг ядаж вокзал хүргэж өгч чадахгүй байна уу гэхэд О- би хүүхдээ суулгаж өгчихөөд явж байна гээд миний урдаас хэрүүл хийгээд байхаар нь “чи яах гэж дандаа ингэж худлаа ярьдаг юм бэ? би өөрөө дөнгөж сая суулгаж өгчихөөд явж байна гэж бид хоёр хэрүүл маргаан хийхэд М-а цаанаас бид хоёр дөнгөж сая суулгаж өгчихөөд явж байна гэхээр нь миний уур хүрээд “чамд хамаагүй, хүний амьдрал сүйрүүлж хаячихаад орох оронгүй муу гуйлагчин минь, хүний бэлэн юман дээр амьдарна гэж санаа юу гэхэд, юу гээд хуцаад байгаа пизда вэ ална гэхээр нь би машины урдуур тойроод М-а дээр очих гэхэд М-а машинаас бууж ирээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход миний зүүж явсан харааны нүдний шилэн дээр таарч миний нүүр зүсэгдэж нилээн их цус гарсан. Тухайн үед миний сууж явсан таксины жолооч “хөөе болиоч хүн аллаа” гэж байсан. Тэр эмэгтэй надаас таксины мөнгө гэж 10 000 төгрөг аваад тэр чигтээ явсан. Би хэсэг нүүрээ дарж сууж байгаа цус тогтохгүй болохоор нь О-, М-а хоёртой хамт нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр очиж 5 оёдол тавиулсан. Эмнэлэг дээр очоод харахад миний хамарын зүүн талд зүсэгдэж язарсан байсан. Миний зүүн нүд хөхөрсөн мөн дух хавдсан байсан. Хамарын зүүн талд дээрээс доошоо чиглэсэн 3.5 см орчим газар зүсэгдэж оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. М-а бид хоёр урд өмнө нь хэрүүл маргаан зодоон цохион хийж бие биедээ өс хонзон санасан юм байхгүй. О- бид хоёр хүүхдээс болж бага зэрэг маргаан байсан. Тэр өдөр бас О-тэй хүүхдээ вагонд суулгаж өгсөнгүй гэж маргалдаж байхад М-а бид хоёрын голоор орж хэрүүл маргаан хийж намайг цохих болсон. М-а, О- хоёр 2000 онд уулзаж учирч байсан юм байна лээ. Би тэр үеэс хойш М-ыг мэднэ. Миний толгой их өвдөж байна. Би М-ад зодуулснаас болж 14 хоносон. Би түрээсийн байранд ажил хийдэг болохоор түрээсийн байрны мөнгө эмчилгээний зардал гээд бараг нийтдээ 2 500 000 төгрөг болж байна. Би энэ мөнгийг М-аас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

2. Гэрч Б.О-ийн “2017 оны 04 сарын 09-ний өдөр орой 18 цагийн үед би хамтран амьдрагч М-ын хамт машинтайгаа охин Х-ыг барилгачдын талбай дээр буулгаж өгсөн юм. Х- тэндээс вагоны билет авна гээд буусан. М-а бид хоёр тэндээс шууд машинтайгаа Даниста худалдааны төв орчихоод тэндээс шууд гэр рүүгээ харих гээд ** багийн 16 дугаар сургуулийн арын зам дээр 19 цагийн үед явж байтал хойноос нэг машин сигналдахаар нь эргээд харахад эмэгтэй жолоочтой жижиг цагаан өнгийн таксин дотор миний хуучин нөхөр болох Б-ыг юм хэлэх гэж байгаа юм байх гэж бодоод М-ыг машинаа зогсоо гээд замын хажууд машинаа зогсооход Б- миний сууж явсан талын хаалгыг онгойлгож өмхий хар янхнууд минь гэр орон руугаа яараа юу хүүхэд гаргаж өгөхгүй гэж уурлаж загнаж байсан. Тэгтэл М-а чи муу юу гээд байгаа юм бэ? гэж хэлэхэд  Б- чи одоо юу гээд байгаа юм бэ? гэж хэрүүл маргаан хийж жолооч талын хаалган дээр Б- очихоор нь энэ хоёр зодоон хийх гэж байна гэж бодоод машинаас буугаад тойроод Б- дээр очиход М-а Б-ын нүүр рүү цохиж Б-ын нүүрнээс цус гарсан байсан. Б-ын зүүж явсан харааны шил хагарч зүүн нүдний доор бага зэрэг зүсэгдсэн байсан. Б- нүүрээ дараад сууж байхаар нь М-а бид хоёр машиндаа суулгаж нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр очиж 5 оёдол тавиулсан. Б- надтай хэрүүл маргаан хийж байхад М-а тухайн үед уурлаж “чи одоо яах гээд байгаа гэхэд Б- уурлаж тэр хоёр хэрүүл маргаан хийж байгаад М-а Б-ын нүүр рүү цохисон. М-а машин бариад явж байсан тэр үед архи дарс уугаагүй эрүүл саруул байсан. Би Б-аас салаад одоо бараг 4 жил болж байна. Энэ хугацаанд Б- над руу утсаар залгаж хэрүүл маргаан хийж хэл амаар доромжилдог байсан. М-а Б- хоёр урд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

3. Гэрч П.Г-ийн “Би М-ыг танина, миний найз байгаа юм. М-а бид хоёр 2004 онд Монгол судар компанид хамт ажиллаж байсан. Бид хоёр 2004 оноос хойш одоог хүртэл барилгы засал чимэглэл хийдэг ойр дотны найзууд юм. М-а хүнд тусархаг, их ажилсаг, найз нөхөд дотроо өөрийн гэсэн нэр хүндтэй, цэрэгт байхдаа жагсаалын дарга хийж байсан гэж цэргийн онжавууд нь их хүндэлдэг. Сая М-ыг хүн цохиж биед нь гэмтэл учруулсан гэсэн хэргийг би сонсчихоод би М-ыг загнахад найз нь уураа барьж дийлэлгүй хүнд гар хүрчихлээ гэж байсан. Мөнхтулатай одоо хамт амьдарч байгаа О-ийн хуучин нөхөр болох Б- О-ээс салчихаад гэрт нь очиж гэрийнх нь цонхыг хагалж байсан. Б- ер нь архи уусан үедээ М-ыг хэл амаар доромжилдог. М-а бид хоёр хааяа нэг хамт архи дарс уухад хүнтэй хэрүүл маргаан хийгээд бусдыг өдөөд байдаггүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.Б-ын биед нүүрэнд зүсэгдсэн шарх, 4 тооны шалбархай, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Зүсэгдсэн шарх шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нүүрэнд зүсэгдсэн шарх зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, салстад цус харвалт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ болон Н.М-ын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, үнэлэх боломжтой гэж үзэв.

                                                                                                                                  

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Б- мэдүүлэхдээ “2017 оны 04 сарын 09-нд охиноо вагонд суулгаж өгөөд буцахдаа энэ хоёрыг явж байхыг хараад л уур хүрсэн.Гол нь охин маань билетээ авч амжсангүй гээд вокзал дээрээс билет авсан. Тэгээд л жаахан уур хүрсэн.Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.М-а нь 2017 оны 04 сарын 09-ний өдөр 19 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн 16 дугаар сургуулийн ард зам дээр иргэн Б-тай маргалдаж нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Б-ын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.М-а нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б- овгийн Н-гийн М-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Н.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС